Төсөв гэдэг эзэнгүй айл уу, эрдэнэсийн сан уу? PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн: Ed   
2007-11-16, Баасан

 

 

Цалингаа буухаар долоо хоног зад найрлачихаад үлдсэн хугацаанд нь айлаас мөнгө сураад явж байдаг анхиа муутай айлууд байдаг даа. Монгол Улсын ирэх оны төсөв нэг тиймэрхүү л бүтэл муутай юм болсон бололтой. Энэ төсвийг үйлдсэн Сангийн сайдтан өөрөө "Их сайн төсөв, эдийн засгийн тэлэлтийн бодлого барьж хийсэн юм" гэх мэтчилэн гөрдөж байгаа. Төрийн үйлчилгээ аль болох хямд бөгөөд чанартай байх ёстой. Тийм болохоор төсвийг батлахдаа аль болох зарлага бага гаргахыг боддог болохоос элэнцгийнх нь "эдийн засгийн тэлэлт". 

Цаагуураа өөрийнх нь ажлыг авч байгаа өөр нэг хүнийг хорлох гээд байгаач юм уу. Лав сайн санааных биш дэг ээ. Учир нь уг төсвийг УИХ-д оруулж ирэхээс нь өмнө Үндэсний аудитын газраас хянаж үзээд "Онц муу" гэдэг дүнг хэдийн тавьчихсан аж. Бүр сарын өмнө шүү. Гэтэл Засгийн газар түүнийг нь нохой хуцсан чинээ ч тоолгүй "Бид чамайг ажилд томилсон байхад олон юм бүү донгос" гээд эргэж харсалгүй тэр чигээр нь мөнөөх мундаг төсвөө УИХ-д оруулаад ирсэн байна. Төсвийн орлого нэмэгдэж 2,4 тэрбум төгрөгт хүрсэн нь яах вэ, үүнд Сангийн сайд болоод Засгийн газрын бусад гишүүдийн гавьяа гэж байхгүй. Энэ бол нийт хээлтэгч малын 82,5 хувь нь хээл авсанд нөхөр М.Энхболдын ямар ч оролцоо байхгүйтэй яг адил зүйл.

Харин зарлага жилээс жилд нэмэгдэж байгаа нь Монгол Улсыг нөгөө олсон жаахнаа хэдхэн хоногт идэж дуусчихаад үлдсэн хугацаанд нь айлаас гуйгаад гүйж явдаг баларсан айл болоход л түлхээд байгаа юм даа. Ирэх оны төсөв өнгөрсөн долдугаар сард УИХ-аар баталсан төсвийн хүрээний мэдэгдлээс даруй 650 тэрбум төгрөгөөр хэтрээд байгаагийн 80 хувь буюу 540 тэрбум нь урсгал зардал гээд бод доо. Өөрөөр хэлбэл цалин, тэтгэврийн нэмэгдэл, нийгмийн хамгаалал, хүүхэд гэр бүлийг дэмжих арга хэмжээнүүдэд энэ мөнгө явж байна гэсэн үг. Үндэсний аудитын газраас өмнө нь яам, агентлагийн бүтцэд аудит хийгээд "ажлын чиг үүрэг, албан тушаалын давхардлыг арилгах, орон тоог цөөрүүлэх, удирдлагын шат дамжлагыг багасгах" талаар олонтоо зөвлөмж өгч байсан гэдэг. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн ирэх оны төсөвт юун хэмнэлт энэ тэр, нөгөө "тэмээ гэхээр ямаа гэлээ" гэдэг шиг төрийн албан хаагчдын тоог 13 мянгаар нэмэгдүүлжээ. Тэдний 10325 нь удирдах албан тушаалтан байна гэж байгаа. Тиймээс энэ 13 мянган ажлын байр ирэх сонгуульд МАХН-ын гишүүдэд л хамаатай гээд хэлчихвэл нэг их эндүүрэл болохгүй. Энэ 13 мянган хүний дундаж цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нь ирэх оны төсвөөс танахад л 57 тэрбум төгрөг хэмнэх боломжтой аж. Уг нь ажлын байр нэмэгдүүлэх гэдэг нь үйлдвэрлэлийг дэмжиж, төсөвт орлого оруулахыг хэлдэг болохоос биш зарлагаа нэмэгдүүлж төсөвт дарамт учруулахыг ч хэлдэггүй байх аа, зүгээр.

Төрийн албан хаагчдын цалинд энэ жил 285 тэрбум 826 сая төгрөг төсөвлөж байсан бол ирэх онд 519 тэрбум 849 сая төгрөг төлөвлөжээ. Засгийн газраас оруулж ирсэн саналын дагуу ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмлээ ч гэсэн цаана нь 100 тэрбум илүү төгрөг тусгачихаад байгаа юм. Энэ мөнгө хаашаа хэний гарын салаагаар урсах юм бүү мэд. Ингэж сул мөнгө суулгаж өгчихсөн мөртлөө орлогын төлөвлөгөөгөө давуулж, зардлын хэмнэлт гаргасан байгууллагуудын урамшуулалд зориулж 10 тэрбум төгрөг Сангийн сайдын нэр дээр суулгасан байгаа. Уг нь төсвийн зардлын хэмнэлт, нэмэлт орлогыг дараа онд нь тооцож гаргадаг биз дээ. Гэтэл 10 тэрбум төгрөг урьдчилаад авчихсан улсууд хэмнэлт гаргана гэж үү дээ. Дээр нь төсөв хэмнэгдсэн, орлого нэмэгдсэн бол тэрхүү хэмнэгдэж нэмэгдсэн хөрөнгөнөөс нь урамшуулал олгодог /гэхдээ бүгдийг нь биш шүү/ хуультай бөгөөд урамшуулалд зориулан төсвөөс мөнгө хуваарилж байсан ийм тохиолдол өмнө нь ч байсангүй.

Төсвийн ачааг өдөр өдрөөр нэмж байгаа бас нэг зүйл нь яамдын газрын дарга нар, агентлагийн дэд дарга, газар хэлтсийн дарга гэж нэг хэсэг дураараа нөхөд хуулиар олгогдоогүй эрх мэдэл эдэлж, гар утас, албаны авто машин хэрэглэж тансаглаж, гарсан төлбөрийг нь төсвөөс төлдөг болсон явдал. Зөвхөн эдний энэ илүү зардлыг л танахад 7,3 тэрбум төгрөг ирэх жилийн төсвөөс хэмнэгдэх нь гэсэн тооцоог аудиторууд хийсэн байна лээ. Тэр байтугай төрийн албан тушаалтнуудын унадаг унааны зардлыг багасгах үүднээс хот дотор унадаг машиных нь хүчин чадлыг багасгая гэж УИХ-ын гишүүн хууль санаачлаад гүйж явахад ч Засгийн газрын гишүүд огтоос цочирч байгаа юм алга. Ёстой нөгөө "Жингэр нохой хуцаж л байна, жингийн цуваа явж л байна" гэсэн маягтай.

Тэдний хувьд улсын төсөв гэдэг эзэнгүй айлын амбаар ухсан юм уу, эрдэнэсийн авдар олсонтой адил зоргоороо тоглодог эд бололтой. Тийм ч учраас төсвийн байгууллагуудын өр авлага гэж эх адаггүй зүйл байна. Хоноцын сэтгэлгээтэй хэдэн улс төрчид жил, дөрвөн жилээр ээлжлэн ирж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж аваад буцдаг болсноос биш нэгэнт төсвөөс гараад явчихсан мөнгөний хойноос хөөцөлддөг, өр авлагыг нь нэхдэг хүн ч гэж байхгүй болохоор арга ч үгүй биз дээ. Сургалтын төрийн сангаар дамжуулан өндөр хөгжилтэй орнууд болон дотоодод суралцагчдад олгосон зээлийн өр авлага гэж 38 тэрбум төгрөгт, үүнээс хугацаа хэтэрсэн нь найман тэр бум төгрөгт хүрчхээд байгаа аж. Төсвийн байгууллагуудын нийт авлага гэвэл бүр ч учир тоймгүй их тоо гарна. 683 тэрбум төгрөг гэдэг өнгөрсөн долдугаар сард хийсэн төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад ирэх жилийн төсвийн зардлын талаас илүү хувийг эзлэх мөнгө гээд бод доо. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ өр авлагыг л цуглуулахад монголчууд хагас жил гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрах нь. Хэрвээ энэ мөнгө эдгээр төсөв батлах гэж будилуулж байгаа нөхдийн өөрсдийнх нь гэрийн төсвөөс гарсан бол аль хэдийн амиа хорлочихсон байгаа даа. Ийм л учраас тэднийг "Төрийн ажилд хоноцын сэтгэлээр хандаж байна" гэж зүхээд байгаа хэрэг. Зарлагаа нэмээд байдаг мөртлөө орлогоо хасаад байдаг нь тэдний бас нэг онцлог гэх үү дээ. Хуульд өөрчлөлт ороогүй атал эрүүл мэндийн даатгалын шимтгэл, бууны татвар, улсын тэмдэгтийн хураамж, ашигт малтмалын хайгулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, ойгоос мод, түлш бэлтгэж ашигласны төлбөр гэх мэтийн цөөн хэдэн татвар хураамжаас л гэхэд 22 тэрбум төгрөгийг төсвийн хүрээний мэдэгдлээсээ бууруулж төлөвлөсөн байгаа. Сүүлдээ бүр "дүлийдээ найдад унгараг" гэгчээр зарим нэг байгууллагаас татвар авахаа ч больсон юм байна. Монгол банк д гэхэд 2003 онд 8,4 тэрбум, 2004 онд таван тэрбум, 2005 онд 8,6 тэрбум төгрөг улсын төсөвт оруулж байж. Гэтэл 2006 оноос эхлэн алдагдалтай ажиллаж эхлэв. САяхан тэднийажлыг шалгасан УИХ-ын гишүүд "Монгол банкныхан 400 тэрбум төгрөг алдчихжээ" хэмээн зарлаж, банкныхан өөрсдөө "Гуравхан сая долларын л алдагдалтай яваа шүү дээ. Энэ чинь олж л байдаг, алдаж л байдаг мөнгө" хэмээн томорсон. Дээр нь Засгийн газарт "Ирэх жил бид бас тэр хэрийн мөнгө алдах учраас улсын төсөвт мөнгө оруулахгүй шүү" гэсэн захиалга өгсөн юм уу даа. Харин аудитын газрынхан ирэх онд олборлох алтны хэмжээг нягталж үзээд зөвхөн алтны арилжаанаас гэхэд зургаан тэрбум төгрөг улсын төсөвт оруулах бололцоотой гэж тооцоолжээ. Бодвол өмнөх жилүүдийнхтэй нь жишсэн хэрэг биз. Энэ мэтчилэн төсвийн орлогыг 127 тэрбумаар нэмэгдүүлж, зарлагыг 81 тэрбум төгрөгөөр бууруулахад ирэх оны төсвийн алдагдлыг 2008 тэрбум төгрөгөөр бууруулах боломж байна гэж аудитын байгууллага нь үнэлжээ. Харин сонгуулийн жил "сонгуульд зориулсан" төсөв батлаад сурчихсан манай улс төрчид л энэ боломжийг олж харахгүй байгаа нь эмгэнэлтэй. Гэхдээ төсвийн хүрээний мэдэгдлээс 650 тэрбум төгрөгөөр давчихаад байгаа төслөөс 200 тэрбумыг нь л залруулах боломжтой гэж гаргасныг бодоход Үндэсний аудиторууд ч гэсэн хуулийнхаа талд байна уу, Засгийн газрын талд байна уу гэдэг нь эргэлзээтэй байгаа биз дээ.

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-01-14, Даваа )
 
< өмнөх   дараах >