Эндээс гараад эр хүн шиг амьдарна PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн: Ed   
2007-11-19, Даваа

 

 

НҮБ-ийн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 18 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан Хүүхдийн төлөөх үндэсний газар УИХ-ын гишүүд, Хүүхдийн төлөөх бусад байгууллагуудтай хамтран Зайсангийн аманд байрлах “Хүүхдийн 401-р хорих анги”-д очиж тус ангийн үйл ажиллагаа, хүмүүжигч хүүхдүүдийн аж амьдралтай танилцлаа. Мөн тэд хүмүүжигч хүүхдүүд болон хорих ангийн ажилчидтай “Хууль зөрчсөн хүүхдийн эрхийн асуудал”-аар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд хууль зөрчихөд сургууль завсардалт, мөн гэр бүлийн салалт их нөлөөлдөг. Манай хүүхдүүдийн 50 гаруй хувь нь ийм амьдралтай гэж тус ангийн Нийгэм сургалтын албаны дарга П.Эрдэнэцэцэг хэлж байсан юм. Харин УИХ-ын гишүүн С.Оюун, Авдай нар тэдний боловсрол эзэмшиж буй байдлыг үнэлээд хоол, хувцас, халуун усны байдалд анхаарлаа хандуулав.

Энэ хорих ангид 14-18 насны 60-аад хүүхэд хүмүүжиж байна. Тэднээс дөрвөн хүүхэд л чанга дэглэмд бусад нь жирийн ангид хүмүүжиж байна. Эдгээр хүүхдүүд арваад метр өндөр торон хашаан дотор амьдардгаараа л биднээс ялгагдаж байна. Учир нь энэ хорих ангид сурах, боловсрох, мэргэжил эзэмших, хөдөлмөрлөх боломжтой байдаг аж. “Хүүхдийн 401-р хорих ангийнхан Ерөнхий боловсролын 110-р дунд сургуульд сурдаг. Гэхдээ онцлог нь мөнөөхөн торон хашаан дотроо.

Энд монгол хэл, компьютер, математик, гадаад хэл зэрэг хичээл заадаг аж. Хүмүүжигч хүүхдүүд чөлөөт цагаа номын сан, спортын зааланд өнгөрүүлж, спортын болон шатрын секцид хичээллэдэг. Энд ирээд бичиг үсгэнд тайлагдсан нэгэн ч байх юм. Энэ жилээс эхлээд тус хорих анги хүүхдүүддээ мэргэшсэн боловсрол олгож байгаа гэнэ. Нарийн боовчин, цахилгаанчин, слесарьчин, хивс нэхэгч гээд дөрвөн төрлийн сургалтад нэг ээлжинд таваас долоон хүүхэд сургадаг. Хивс нэхэгчийн ангид биднийг ороход “Гар хивсний технологи” гэдэг хичээл үзэж байлаа. Хивс нэхэгчийн ангийн сурагч Г.Анхбаяртай ярилцлаа.

-Энд ирээд удаж байна уу?
-Нэг жил, гурван сар болж байна. Долоон сарын дараа гарна.

-Энэ хугацаанд олон юм сурч, мэдэв үү?
-Тиймээ. Энд ирэхдээ би муухан уншиж, бичдэг байсан юм. Одоо сайн уншиж бичиж сурснаас гадна ойр зуур англиар ярьж, ярьсныг ойлгодог болоод байгаа. Мөн би 30 хоногийн дараа хивс нэхэгч гэдэг мэргэжлийг эзэмшинэ.

-Хийсэн бүтээлээ яадаг вэ?
-Багш нараараа дамжуулан зарж, эргээд орлогоороо хивсний материал, хивс нэхэх техник авдаг юм.

-Эндээс гараад юу хийх вэ?
-Жилийн өмнө бичиг үсэг сайн мэдэхгүй юм чинь ямар нэгэн хар ажил хийнэ гэж боддог байлаа. Харин одоо арван жилийнхээ боловсролыг эзэмшчихсэн юм чинь хуульч болно гэдэг байсан мөрөөдлөө биелүүлнэ.

-Танайх бас номын сантай юм билээ. Энд ирснээс хойш хичнээн ном уншсан бэ?
-Өдөрт хоёр цаг номын санд сууж, номоо захиалан уншдаг. “Дөлгөөн Дон”,”Монте Кристо гүн”, “Манан будан”, “Алтайд” зэрэг дэлхийн болон Монголын сонгодог олон зохиол уншсан. Бас манай багш нар биднийг нийгэмшүүлэх, хүнийг хайрлаж, энэрэх сэтгэлтэй болгох зорилгоор “Шри шри” төвийн багш Сарангэрэлийг авчран бясалгал хийлгэн, лекцэнд суулгадаг юм.

-Чи авъяастай юу. Энд хүүхдийн авъяасыг хэр дэмждэг вэ?
-Би өөрийгөө гарын эв дүйтэй гэж боддог энэ хүсэлтээ багшдаа хэлсэн чинь япон багштай мужааны сургалтад явуулсан.

-Ухаараагүй байсан зүйлээ ухамсарлах ч хугацаа өнгөрсөн байна шүү?
- Энд байх хугацаанд энэ газраас надад ямар л сайн зүйл наалдмаар байна тэр бүгдийг нь өөрийн л болгож авъя гэж бодсон Алдаа гэж хүнийг эргэж харахын хооронд л болдог зүйл юм билээ. Намайг өдий зэрэгт хүмүүжүүлж, боловсруулсан ангийнхаа багш, ахлагч нартай баярласнаа илэрхийлж, эндээс гараад эр хүн шиг амьдарна гэдгээ ээж аавдаа хэлмээр байна.

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-01-14, Даваа )
 
< өмнөх   дараах >