АМЕРИКИЙН ТЭМДЭГЛЭЛ- 4 PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2008-05-09, Баасан

 Image

Оны шилдэг “мулгуу толгой”

Улс орон тэр чигээрээ даяаршиж, оны шилдгээ “Оскар” маягаар шалгаруулж эхэлж байсан цаг. Нэг салбарын шинэ оны үдэшлэг дээр нэгэн ахмад ажилчин дугтуй задлан, оны шилдгийг дуудахаар болжээ. Гэтэл дугтуйнаас “Шилдэг MANAGER” гэсэн монгол, англи холилдсон бичиг     

гараад ирэв. Ахмад ажилчин дотроо хичээнгүйлэн үсэглэж уншаад дуудсан нь: “ Оны шилдэг МААНАГ ЭР гарч ирж шагналаа аваарай”.

Орос сургууль төгсөгчидтэй үгээ бодож ярь.
Ди Си орчимд орос сургууль төгссөн, нийгмийн ажилд идэвхтэй нэгэн эгч байх. Америк хүнтэй гэрлэсэн юм. Тэднийх ном их сайтай айл. Нэг өдөр “Даяар Монгол” сонины эрхлэгч Номинчимэд бид хоёр тэднийд ном үзэж сууж байлаа. Олон өөр чиглэлийн сонин ном байсан учраас санаандгүй “Ингэхэд танай хөгшин ямар мэргэжилтэй юм бэ?” хэмээн асуутал эгчийн царай барайн “Тийм ч хөгшин хүн биш шүү дээ?” гэдэг байгаа. Өөрөөс нь нэлээн ах юм байна л даа. “Хөгшин” гэж залуу ч бай хамаагүй, хань ижлийг хэлдэг үг гэж тайлбарлалтай биш, эвгүйрхэн чимээгүй сууж байтал Номинчимэд нөгөө өрөөнөөс нэг ном барьчихсан орж ирээд “Танай өвгөн чинь энэ номыг хаанаас аваа вэ?” хэмээн “даарин дээр давс нэмэв”. Өнөөх чинь “Одоо бүр өвгөн болголоо л доо” гээд гунигтайгаар санаа алдаж билээ. Үүнээс хойш орос сургууль төгссөн хүмүүстэй ихэвчлэн үгийг шууд утгаар нь хэрэглэн ярих минь. Ухаан нь, Африкийн америк эртэй гэрлэсэн орос сургууль төгсөгч эмэгтэйгээс “Танай хар хүн сайн уу?” гэж асуувал бүр арьс өнгөний томоохон хэрэгт ч орооцолдож мэдэх нь гээч.


Сайн дууг хэрхэн хадгалж үлдэх вэ?
Соц нийгмийн үед зохиогдсон олон сайхан дуу үгийнхээ хамт хуучирч байна. “Хоймор залахад хийморь болсон Ленин багш минь” гээд хорин нэгдүгээр зуунд дуулж байлтай биш. Гэтэл тэр дууны ая үнэхээр сайхан шүү дээ. Олон дууг хамтлагууд ахин дуулж амилуулж байгаа. Харин зураач Монхорын Эрдэнэбаяр АНУ-д айлчилж байхдаа тэдгээр дууг авч үлдэх талаар бодууштай санал хэлж билээ. Яг тэр аянд нь өөр үг хийгээд дуулахад болохгүй юмгүй гэнэ. Нээрээ ч адил аятай өөр үгтэй дуу Монголд олон байсан тул хамтлагууд хуучин дууг сэргээн дуулахдаа жаахан бүтээлчээр хандан, шинэ үг хийлгүүлэн дуулж байвал зүгээр мэт.

     
Монгол соёлын асуулт.
Вашингтон хот орчмын Монгол сургуульд хичээл заав. 7-9 насны хүүхдүүдэд Монгол соёлын хичээл зааж дуусаад “За одоо асуух, лавлах зүйл байна уу?” гэлээ. Цэцэнгоо гэж бяцхан гараа өндөр өргөөд “Багш аа, асуулт алга. Харин нэг юм хэлчих үү?” хэмээн ихэд нухацтай асуув. Ямар нэг юм хэлэх гээд хэлж чадахгүй удаан явсан байдалтай, санаа нь зовсон, юунд ч юм эвгүйцсэн шинж илэрхий.
 “За хэл, хэл”.
“Багш аа, миний хоолой өвдсөн чинь эмээ намайг шээсээрээ зайл гэсийшд”.
Ангийнхан нь англи аялгаар бүгд зэрэг: “Ииүүү”


“Амттай юм” хэмээх ойлголтод амт ямар ч хамаагүй
Намайг багад жимс бараг байдаггүй байлаа. Алим жимс бол хамгийн амттай юм мөнөөс мөн. Саяхан хоёр хүүтэйгээ кино үзэнгээ амттай юм идэхээр хүнсний дэлгүүр оров. Гэтэл бид “амттай юм” гэсэн ойлголтон дээрээ санал нэгдэж чадсангүй. Миний хувьд үнэхээр амттай мөнөөх жимс тэдний хувьд хүчээр иддэг учраас “амтгүй юм” аж. Харин муу хатаасан төмс л хамгийн амттай нь болж таарлаа. Идүүлдэггүй болохоор шүү дээ. Бодоод байхад “амттай юм” гэсэн ойлголтод “амт” өөрөө огт хамаагүй байдаг байна шүү.


Аналог
Энх тайвны Корпусын мэргэжилтнүүдэд монгол хэлний хичээл зааж байлаа. Биед хамаатуулах нөхцөл болох минь, тань, чинь, нь дөрвийг таниулж байсан юм. Самбар дээр “Миний аав” гэж бичээд “Аав минь” үүнтэй адил хэмээн тэнцүүгийн тэмдгээр холбов. Түүнчлэн Таны аав = Аав тань, Чиний аав =Аав чинь хэмээн зааж, бичүүлснийхээ дараа Түүний аав гээд үргэлжлүүлэх гэтэл Жэймс Бернхам гэж шавь маань “Багш аа, би хэлье, би мэднэ” гээд гараа өргөж байна. За хэл! гэвэл “Аав түнь” гэж билээ.

 
Гар утас ба дуучны хоолой
Солонгосын хөгжим судлаач эмэгтэй Сун Мин уртын дууны талаар илтгэж байв. Тэрбээр “Жаахан шарга” дууг янз бүрийн дуучны дуулснаар бичлэг сонсгож байлаа. Тэдний нэг нь Сун Миний багш, дуучин монгол бүсгүй байв. Тод сайхан бичлэг хийжээ. “Жааааааханнн шаргаааааааааа...” хэмээн ид өндөр аваад барьж байтал гэнэт гар утас нь дуугарч байна. “ааааааа...” гэж явсан хүн гэнэт “Байна уу? ... За... дараа залга даа” гэж жирийн хоолойгоор түвшин сайхан хэлчхээд “...ааааааа” хэмээн үргэлжлүүлдэг байгаа. Эндээс хоёр зүйл харагдах. Нэгд манайхан гар утсанд маш их анхаарал тавьж, хаа газар заавал хариу өгдөг. Судалгааны ажлын бичлэг хийлгэж байхдаа хүртэл. Нөгөөтэйгүүр тэр их өндөр авсан байсан хоолойг гэнэт таслан  жирийн хоолойгоор “Байна уу?” гэх, тэгсэн атлаа үргэлжлүүлээд яг түрүүн явж байсан өнгөнөөсөө эхлэн алдахгүй явах нь монгол дуучны хоолойн царааг харуулах мэт.


Латин хэл, усны үхэр хоёрыг шоолон инээлдэв
Конгрессийн Номын Сангийн Монгол, Төвд номын эрхлэгч Сюзан Майнхайт гэж төвд судлаач бүсгүй бий. Нэг удаа түүнтэй ярьж байгаад яагаад ч юм амьтны нэрний тухай сэдэв халив. Хиппо-г монголоор юу гэдэг юм бэ? хэмээн асууж байна. “Усны үхэр” буюу water cow гэлээ. “Их сонин юм. Төвдөөр бол “Усны гахай” гэдэг юм” гэж байна. Би нэмээд “хиппопотамус гэдэг чинь латинаар “усны (голын) морь” гэсэн үг шүү дээ” гэв. Тэгээд хоёул “Морь ч арай хэтэрнэ ээ. Үхэр, гахай хоёр болж л байна. Хиппо харин яагаад ч морь байж таарахгүй” хэмээн хиппо, латин хэлийг шоолон инээлдэж билээ. Үнэн хэрэгтээ хиппог нэрлэх жинхэнэ монгол үг нь армана юм. Энэ тухай яривал харин их урт түүх болой.      

 

М.Саруул-Эрдэнэ ( \n Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it )

Даяар Монгол Сонин

 

 

 

 

Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн hm, 2011-12-24
odoo tsagiin alim amtgui bolson bolhoor ter
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
 
< өмнөх   дараах >