АМЕРИКИЙН ТЭМДЭГЛЭЛ – 2 PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2008-05-09, Баасан

Image 

Хуурамч намтар бүр Америкаас эхтэй

Бага насандаа уншиж явсан нам төрийн том зүтгэлтнүүдийн намтар бүгд багадаа сэргэлэн цовоо, шударга хүүхэд байснаар эхэлдэг сэн. Гэтэл социализмын үеийн энэ суртал бүр ардчилсан Америкаас эхтэй гэвэл та үнэмших үү? Америкийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны багадаа Потомак голын эрэг дээр жимсний мод тайрчхаад худал хэлж огт чаддаггүй тул аавдаа үнэнээ хэлсэн түүх бага сургуулийн сурагчдын дунд их

 

алдартай. Сурагчдын хүмүүжилд зориулан олон жил заагдсан энэ түүхийг намтар судлаач Мэйсон Локе Вимс 1800 онд номоо борлуулахын тулд зохиосон байна. Сүүлд, ЗХУ-ын үед гарсан Лениний Володя байхдаа жимс хулгайлж, ястай нь идчихээд хэргээ хүлээдэг түүх, Сүхбаатарын өдөржин мах зөөгөөд олсон мөнгөө ядуу хуурчид өгчихдөг домог бүгд л үүнтэй агаар нэгэн буй.

Үл ойлголцол
Америк Монголын хоорондох соёл, ахуйн ялгааг мэдэхгүйгээс хоёр улст амьдарч буй найзуудын дунд үл ойлголцол гарах тохиолдол бий. Зах зухаас нь жишээлэхэд: Дөнгөж шинээр машин авсан Болд Увст суугаа найзтайгаа утсаар ярингаа тэрэгтэй болсноо дуулгахад нөгөөх нь “өө ашгүй ашгүй, өглөө оройдоо тэгээд халтууранд яваад бензинийхээ мөнгийг олоод байгаа биз дээ” гэсэн гэдэг. Бас анхлан ногоон кард хожиж ирсэн тул “ногоон” Сүхээ гэгдэх болсон ах маань Монголд найзуудтайгаа буу халж суугаад яриа Пентагоны тухай болон өргөжихөд “Тэр Пентагоны чинь хажуугаар талхандаа явдаг юм” гэж хэлтэл нөгөөдүүл нь “Энэ муу, ногоон кардтай кардтай гэхэд Пентагоны дэргэдүүр талхаа зөөгөөд байхдаа яахав дээ, залдаг гар юм даа” хэмээн дооглосон гэдэг. Уг нь хөөрхий, Монголчуудын гол хүнсээ цуглуулдаг “Костко” хэмээх дэлгүүр хүрэх зам яах аргагүй яг Пентагоны дэргэдүүр өнгөрдөг билээ. Ди Си хотноо айхтар халуун болж, Фаренгейтээр 110 хэм хүрэх үед нэг хүүхэн Монгол руу залгаад найз залуудаа “Манай энд 110 градус хүрээд аймаар юм болж байна” гэж сонирхуултал нөгөөх нь “100 градуст ус буцалдаг юм. Чи тэгээд шалзарч үхэхгүй байна уу? Чамайг нэг л худлаа яриад байгааг би мэдээд байсан юм аа” гэж уурласан гэдэг.   

Бор халзан хонь ч сонгогдож мэдэх тогтолцоо
Сонгуульд оролцохдоо манайхан хэн бэ гэдгийг нь харахаасаа илүү аль намаас дэвшиж байна вэ гэдгийг сонирхдог. Үүнээс улбаалан “бор халзан хонь” гээд бичсэн ч гараад ирэх магадтай гэсэн үг гарсан билээ. Ардчилал өндөр хөгжсөн Америк гүрэнд хүртэл тиймэрхүү зүйл тохиолддог аж. 1998 онд Оклахома мужаас сенатад нэр дэвшигч сонгуулиас бүтэн сарын өмнө өөд болсон хэдий ч 56,000 санал авсан байна. Зарим нь аягүй л бол, амьд улс төрчөөс үхсэн нэг нь балаг багатай гэж үзсэн ч байж мэдэх юм. Андуурч сонгох гэж бас байна аа. 1962 онд сенатад нэр дэвшигч Эдвард Кэннедигийн төлөө Коннектикут мужийн 46,000 сонгогч саналаа өгчээ. Эдвард Кэннеди ч уг нь сайн залуу, гэвч гол нь тэрбээр Коннектикутаас бус Массачуссетс мужаас өрсөлдсөн билээ.

Таны найз хэдэн долларын үнэтэй вэ?
Биеэ үнэлэгч хүүхнүүдийг л мөнгөөр үнэлдэг гэж сонссоноос найз нөхдөө төгрөг мөнгөөр хэмжиж болдог тухай та дуулсан уу? Америкт бол тийм тохиолдол байдаг гэнэ ээ. Мөнгө зээлж, зээлүүлнэ гэдэг эдний соёлд харш ойлголт. Найз чинь мөнгө зээлүүлээч гэвэл танд хоёр сонголт бий гэнэ. Зээлэхгүй бол магадгүй та найзаа алдана. Зээлүүлчихвэл харин найзаа ч, мөнгөө ч давхар алдана. Хоёуланг нь алдсанаас нэгийг нь л тавиад туучих нь дээр ч гэлээ хүн л болсон хойно Америкчууд ч бас андыгаа мөнгөтэйгөө хамт алдчих тохиолдол мэр сэр байдаг аж. Ийм үед мөнөөх найзыгаа аваад алга болсон мөнгөнийх нь хэмжээгээр үнэлэн, “тэр бид хоёрын нөхөрлөл тэдэн долларын үнэтэй байж дээ” хэмээн хошигнон дурсдаг гэнэ. Эхнэр бид хоёр ч бас хамгийн хямд нь 100 долларын, хамгийн үнэтэй нь 2000 ногооны хэд хэдэн найзтай л юм байна. Үүнийг уншигч эрхэм танд “мөнгөөр үнэлэлэгдэх” сайн найз байдаг уу? Аль эсвэл та өөрөө нөхөрлөлөө хэдэн бор төгрөгөөр сольчихсон яваа юм биш биз?

Цаг цагаараа байдаггүй…
АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган 2004 оны 6 сарын 5 –ны өдөр таалал болж, дараа долоо хоногт нь Конгрессийн ордонд ард нийт салах ёс гүйцэтгэсэн билээ. Хүйтэн дайныг эцэс болгоход асар их гавьяа байгуулсан энэ хүний шарилын дэргэдүүр гунигтайхан өнгөрч явахдаа багадаа түүнийг л үхчихвэл бүх юм сайхан болох мэт бодож явснаа нэгэнтээ санагалзав. Цаг цагаараа байдаггүй гэж энэ болой. Гэртээ иртэл хоёр хүү маань “Батман” кино үзэн сууна. Бас нэгэн түүх санаанд оров. 1966 онд “Батман”-ыг анх ТВ-ийн цуврал болон ид алдаршиж байхад “Правда” сонин “капиталист алуурчин” гэж шүүмжилж байжээ. Ингэхэд 100 жилийн дараа энэ дэлхий ер нь ямар байх сан бол?

Үнэн шүү, шүүгч ээ, үнэн
Шүүх хурал дээр ер нь Миний буруу гэж мэдүүлэг өгдөг хүн Монголд ч Америкт ч үгүй бололтой. өөрийгөө өмгөөлөхийн тулд сонирхолтой түүх бодож олцгооно. Саяхан манайд гарсан авилгын хамгийн том хэрэгт орооцолдсон нэгэн эрхэм гишүүний үгийг үзье.
Танай дүү гаальд ажилладаг юм аа.
Үгүй ээ, манай эхнэрийн дүү юм.
Дүүгээ дэмжээрэй гэж та хэлсэн юм аа
Би ер нь залуучуудыг дэмждэг. Салбарынхаа сайхан залуусыг дэмжээрэй гэсэн. Гай болоод манай тэр дүү салбарынх нь нэг сайхан залуу байж таарахгүй юу.
Дүү чинь даргадаа мөнгө өгсөн юм биш үү?
Зээлдүүлсэн юм аа. Одоо буцаагаад авна…
Тэгвэл одоо Америкийн шүүх дээрх үнэн өчилөөс сонсъё. Нэгэн ахмад цэрэг эхнэрээ салах өргөдөл өгснийх нь улмаас олон дахин хутгалан хороочихжээ. Шүүх дээр мэдүүлсэн нь:
Үнэндээ би хутгалаад алчихсан юм биш, намайг хутгалахаас өмнө эхнэр маань үхчихсэн байсан юм.

Яагаад үхсэн хүн хутгалсан юм бэ?
Хүү маань ээжийнхээ зүгээр үхсэнийг хараад амиа хорлочхож гэж бодох вий гэж санаа зовоод…
Техас мужийн нэг сайхан гар хадам эхээ хөнөөчхөөд, “Би хадмаа гэж ёстой таниагүй. Нэг том элбэнх л байна гэж харсан” гэж мэдүүлсэн гэдэг. Үлгэр маягийн мэдүүлэг Америк Монголгүй байдаг ч гэлээ манай прокурор үнэмшиж орхисонд л гол ялгаа нь байгаа юм даа.

 

М.Саруул-Эрдэнэ ( \n Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it )

Даяар Монгол Сонин

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
 
< өмнөх   дараах >