МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг: Шоронд цав цагаан хувцастай ороод тэр аймаар орчинд нь хав хар болоо PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2008-11-23, Ням

Image 

Эрдэнэтунгалаг нөхөртөө хаягдаж өрх толгойлсон эх боллоо. “Шинэ монгол” сургулийн захирлын аллагад холбогдов, дотны найзаасаа их эмжээний мөнгө зээлээд Ганцхудагт хоригдлоо гэсэн таагүй ярианууд ар араасаа хөвөрч чадалтай хоолойтой цөөхөн дуучдын нэг гэгддэг энэ бүсгүйн амьдрал нэг л бүтэлгүй тийшээ хазайгаад ирсэн. Түүнтэй холбоотой хэрүүл тэмцэл, элдэв хов живийн үнэн худал эсэхийг өөрөөс нь тодруулж, дуучин бүсгүйн тэр бүр дэлгээд байдаггүй эмзэг далд амьдралын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

 

-Чадалтай, цайлган дуучны талаар нэгэнт л таагүй яриа тархчихсан учраас хоёулаа ээж болсон үеэс чинь эхлээд ярья. Чамайг төрөх үеэр охины чинь эцэг, улсын начин Сэр-Од дэргэд чинь байгаагүй гэдэг үнэн үү? Тэр үед та хоёр бараг суучихсан байсан биз дээ?
-Надад ер нь амьдралынхаа талаар нууж хаагаад байх юм алга. Нэртэй төртэй хүмүүс уруудаж гундаж явсан үе, өмнө хойдох амьдралаа байдгаараа дарж нуугаад сайн сайхан яваагаа дахин дахин яриад явдаг нь таалагддаггүй. Нэгэнт л хүн болж төрсөн бол сайн муу бүх юмыг үзнэ шүү дээ. Би Сэр-Одын охиныг гаргахаар эмнэлэгт хэвтэж байхад ээж ааваас минь өөр хүн хажууд байгаагүй. Эх хүн болох гээд ёолж, уйлж байхад зүлэг ногоон дэвжээн дээр дэвж шаваад гардагтэр сүрхий бөх залууд миний хажууд байх ноён нуруу, өрөвч сэтгэл дутсан. Тийм ч учраас би дотор сэтгэлдээ түүнд үхтлээ гомдсон. Шинэ амьдрал, шинэ үр минь надад нулимс, зовлон, уйтгар гуниг дагуулж ирсэн болохоор үнэхээр хэцүү байсан. Охиноо төрүүлчихээд эмнэлгээс гарах болоход ээж маань надад “Чи ээж аав дээрээ гараад хэрэггүй. Улс амьтан чамайг элдвээр муу хэлнэ. Нөгөө сүрхий дуучин чинь төрчихөөд Гаваасүрэн, Цэцэрлэг хоёр дээр л хүүхдээ дагуулаад ирсэн байна хөөрхий, эр нөхөр нь хаячихаж” гээд шуугивал чиний нэр хүндэд л гай болно гээд хөлсөлж байсан байранд маань хүргээд өгчихсөн. Охиноо тэврээд хөлсний байранд ганцаардаж суухдаа тайзан дээр гялалзаж, найран дунд гайхуулж явдаг дуучны амьдрал ямар хэврэг, хатуу болохыг ухаарсан. Би хүүхдээ уйлаад л хөхүүлдэг байлаа. Яагаад ч юм дуучин хэрнээ хүүхдээ бүүвэйлээд дуу аялах гэхээр цээж хүндэрч, хоолой гацаад дуу гардаггүй юм билээ. Тэр үед ээжийн дүү манайд ирж хүүхдийг маань харалцаж өгдөг байсан. “Чи хүүхэд нулимсаар норгоод яасан бузартай юм. Ийм хөөрхөн охинтой болчихоод үхсэндээ уйлаад байдаг юм” гээд загнахаар нь овоо сэргэж, урам ордог байлаа. Гэхдээ л тэр үед хүүхдийн сүү, живх, хоол унд, байрны мөнгө олно гэдэг маш том асуудал байсан болохоор төрөөд арван наймхан хонож байхдаа битүү хавантай, нялх биетэй Улаанбаатар паласын тайзан дээр гарч дуулаад 100 мянган төгрөг авчирч мөнгө залгуулж байсан. Хүүхдээ хараад гэртээ сууж байхад зурагтаар янз бүрийн тоглолт гарахаар дотор бачуурч, байж суух аргагүй болно. Нэг мөсөн мартагдаж, хаягдаж байгаа мэт мэдрэмж төрж хуруун чинээ охинтой болсондоо харамсах үе ч гарч байсан. Есхөн настай байхаасаа тайзан дээр дуулсан болохоор дуучны амьдрал, урлаг, үзэгчдийн анхааралд дэндүү нялхаараа орчихсон, тиймдээ ч их эмзэг, гэгэлзүүр болчихсон гэх үү дээ.


-Гэхдээ Эрдэнэтунгалаг нэг их удалгүй л дуулж эхэлсэн биз дээ?

-Миний охин Есүй арван сард гарсан. Төрөөд удаагүй байсан ч аз болж шинэ жилийн баяр ойртсон болохоор овоо захиалга ирж мөнгө өгсөн газар бүрт очиж дуулсан. Хоолойноос өөр чадалгүй надад дуулж мөнгө олохоос өөр шанс байгаагүй, цаашид ч байхгүй болов уу. Бүтэн улирал шахуу охинтойгоо зууралдаж гэртээ суучихаад “Алтай халиун групп”-ийн арван жилийн ойн концертон дээр цав цагаан хослол өмсөөд бүх цэргийн хоор дуучдын өмнө гарч Катюшаг дуулахад зритель маш удаан бас их чанга алга ташиж намайг зөндөө их саначихсан байсан. Тоглолт тараад гарч явахад хүмүүс “Эрдэнэтунгалаг үнэхээр мундаг хоолойтой юмаа. Хүүхэд гаргаад хоолой нь бүр гоё болчихож” гэж ярихыг сонсоод сая нэг тайтгарсан шүү.


-Улсын начин Сэр-Од, дуучин Эрдэнэтунгалаг хоёр маш сайхан хосууд болох байсныг Цэцэрлэг гуай салгачихсан гэж ярих хүмүүс их байдаг?

-Миний ээж байгаа идээгээ гаргаж тавиад зочноо дайлдаг баруун нутгийн эмэгтэй болохоор Сэр-Одыг аль байдгаараа л хүндэлж, хүргэн болоогүй байхад л хүргэн мэт үзэж ирсэн үү гэхээс муухай аашлаагүй. Тэр бөх бид хоёрын амьдралыг цаашид яриад сонирхоод байх юм юу ч байхгүй. Сэр-Од намайг төрөхөд охин дээрээ ирээгүй нь анхнаасаа л амьдрал зохиох сонирхолгүй байснаас тэр байх. Бид хоёрын амьдрал Сэр-Од, Эрдэнэтунгалаг хоёроос болоод л салсан. Ердөө л тэр.


-Гэхдээ та хоёрын дунд нэг хөөрхөн охин өдөр өдрөөр томорч байхад насан турш л холбоотой байна биз дээ?
-Сэр-Од зүгээртээ над руу огт ярьдаггүй хэрнээ халамцсан үедээ залгаад Есүйгээ асуудаг. Би өөдөөс нь уурлаад чи над руу биш гэр лүү залгаад охиноо асуу. Би өглөө гараад хариагүй байхад хүүхэд чинь ямар байгааг яаж мэддэг юм гээд утсаа шидчихдэг. Харин саяхан гэнэт “Ер нь энэ нөхөр охиноо ч өсгөлцөхгүй, ачаанаас ч үүрэлцэхгүй амар юм болох нь шив” гэж бодоод түүн рүү утасдаж “Есүйг хүнээр харуулахгүй бол ажил амжихгүй байна. Нэг бол чи охиноо түр өөр дээрээ авч бай, эсвэл хүүхэд харуулах мөнгө өг” гэж шахсан чинь ашгүй хоёр сая төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь хамаатны эгчээ цалинжуулан хүүхдээ харуулж сая нэг уран бүтээл хийхтэй болж байна. Амьдрал л юм болохоор хэцүү шүү дээ.


-Чи одоо хүртэл байр хөлсөлсөөр байна уу?
-Яг өнөөдөр нөгөө муу ээж, аавтайгаа л амьдарч байна. Ганц бие, тэгээд нялх охинтой болохоор байр хөлслөөд явах хэцүү шүү дээ. Хаа очиж охиныг маань ээжийн хамаатны маш сайн эгч хардаг. Энэ эгч намайг гуравтай байхад бас хардаг байсан. Одоо охиныг маань асарч байгаа болохоор үнэхээр баярладаг. Би жаахан байхдаа эгчийг хог цэвэрлээд дуусахад дээрээс нь шавартай гуталнууд чирээд дор нь хог тарьчихдаг байсан гэсэн. Гэтэл охин маань бас яг над шиг тэнд цэвэрлэж байхад энд бутрааж байдаг гээд л эгч ярьдаг.


-”Шинэ монгол” сургуулийн захирал чамайг байрныхаа түрээсийг төлөөд гарсны дараа бусдын гарт хэрцгийгээр алагдсан. Нэг хэсэг чамайг сэжигтнээр байцааж, талийгчийн ар гэрийнхэн ч чам руу баахан дайрсан. Энэ хэрэг ер нь юу болсон бэ?
-Тэр аймшигт өдрөөс хойш би амар тайван амьдрахаа больсон. Хамгийн аймшигтай нь алуурчин одоо хүртэл баригдаагүй болохоор би үхтэлээ айдаг, шөнө орой байнга хүн дагуулж явдаг хэвээрээ л байна. Намайг мөнгө өгөхөөр сургууль руу орох үед цаанаа л нүдэнд хүйтэн өндөр залуу тэрүүгээр эргүүлдээд байсныг цагдаад мэдүүлж миний ярьсан ам зургаар алуурчныг орон даяар хайсан ч одоо хүртэл олдоогүй. Би өнөөдрийг хүртэл нэг зүйлд залбирч явдаг. Яагаад ч юм талийгаачид мөнгө өгдөг тэр өдөр би өөрийнхөө машиныг уналгүй өдөржин дуудлагын такси хөлсөлж гадуурх ажлаа амжуулсан юм. Тэр өдрөөс хоёр гурав хоногийн өмнө талийгаач руу утасдаж “байрны түрээсээ аваачиж өгье” гэтэл шинэ жил энэ тэр давхцаад байна, хэд хоногоос болъё гээд хүлээлгээд байсан. Тэгээд нэг сарын 2-ны орой мөнгөө өгөөд гарсны дараахан энэ аймшигт хэрэг бблсон. Намайг тэнд очиж мөнгөө өгчихөөд дараа нь хаашаа явсан, өмнө нь ямар ямар газраар орсныг дуудлагын таксины жолооч гэрчилж би нэг юм хэргээс мултарсан даа. Хэрэв тэр үед өөрийнхөө машинаар явж байсан бол намайг гэрчлэх хүнгүй учраас би хүнд байдалд орох байсан. Юутай ч тэр хэргийг эртнээс төлөвлөсөн санаатай аллага гэж боддог. Хэзээ нэгэн цагт алуурчин баригдаж талийгчийн ар гэр миний гэм буруугүйг бүрэн ухаарч, сэтгэл маань ч амрах байх гэж найддаг.


-Чи дотны найзаасаа 15 сая төгрөг ззэлж аваад өгвлгүй алга болсон. Найз чинь чамаас мөнгөө салгаж авахын тулд бүх дүүргийн цагдаад өргөдөл өгч Эрдэнэтунгалагийг монголын хилээр орж ирэхэд нь барьж хорьсон гэдэг үнэн үү?
-Энэ талаар ярихын өмнө би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Би бол дуучин хүн. Таны өмнө гараад дуртай дууг чинь дуулдаг эмэгтэй царай муутай, хувцас муутай, арчаагүй бол хичнээн сайхан дуулсан ч бүрэн дүүрэн хүлээж авах уу. Тэр дундаа одоо үед хүмүүс нэртэй, төртэй одуудын үс гэзэг, өмсч зүүдэг зүйлийг ёстой нэг барьж имэрч, нааш цааш алхуулах нь халаг сонжиж, шүүмжилдэг болсон. Тиймээс ч шальтай дуулдаггүй хэрнээ нүцгэн шахуу хувцастай, эрээн мяраан зүүсгэл, үс гэзэгтэй охидуудад орон зай олдоод, солгой буруу дуулсан ч болоод байгаа биз дээ. Энэ утгаараа би хэдэн жилийн өмнө найз нартайгаа зөвлөлдөж байгаад нүдэндээ давхраа хийлгэж, хамраа өндөрсгөх хагалгаанд орсон. Өнөөдөр хөмсөг уруул шивүүлээгүй эмэгтэй, силикон хөх хийлгээгүй дуучин загвар өмсөгч цөөн шүү дээ. Тас нууцгаагаад л байдаг болохоос. Тэд өөрийг нь хэн ч мэдэхгүй гэж боддог ч дотночилж шивнэсэн найз нь цааш хэн нэгэнд атаархаж шивнээд бүх зүйл нь сонин дээр гараад ирдэг болсон цаг. Тиймээс л би үнэнээ ярьж байгаа юм. Гоо сайхны хагалгаанд ороход надад нэлээд мөнгө хэрэгтэй байсан болохоор Их засагт сурч байх үеийн дотно найзаасаа таны дээр асуусан үнийн дүнтэй мөнгийг зээлж “Орбита” эмнэлгийн Хуан Зон Су гэдэг Солонгос эмч дээр хагалгаанд орсон. Тэр эмч шинэ технологи гээд миний нүдийг даралтат буугаар мэдээ алдуулсан. Хагалгаанд ороод арван минут болоогүй байхад гэнэт баруун нүдэнд маань хар нүх шиг зүйл мэдрэгдсэн. Ингэдэг л юм байх гэж бодоод гүрийгээд хэвтээд байлаа. Хагалгаа дуусч хоёр гурван цаг болоод харьсан л даа. Тэр үед онцын зүйл мэдрэгдээгүй. Хоёр хоногийн дараа оёдлоо үзүүлж шинэ төрхөө харахад их л гоё болсон байсан. Гэтэл хэд хоногийн дараа баруун нүд маань юу ч харахаа больж, тархины уг руу аймшигтай хатгаж эхэлсэн. Өчүүхэн гэрэл харахаар толгойгоор хатгаж өвдөөд байсан учир хар шил зүүж, малгай өмсөөд хоөр гурван хөнжил давхарлаад хэвтчихдэг байв. Гэрийнхэн маань цай өгөх гэж хөнжил жаахан сөхөхөд л нүд аймшигтай өвдөнө. Тэгээд нөгөө Солонгос эмч дээр очиж эмчилгээ хийлгэсэн ч тус болоогүй. Эцэст нь Хуан Зон Су эмчтэй хамт Солонгос явж долоо хоног эмчлүүлсэн ч олигтой засраагүй. Нүдэнд маань цус хурчихсан, өвчин намдаах тариа шахуулаад хацар энд тэндээ хөхөрчихсөн аймаар ядруу амьтан монголдоо ирсэн. Мэдээжээж аав, ахан дүүс маань намайг загнаж, халаглаж бөөн юм болсон доо. Хэрэв өнөөгийн хүмүүс жар дал наяад оныхон шиг дуучин хүний гаднах царай төрх биш гайхамшигт дуу хоолойг нь биширч хүндэлж чаддаг байсан бол би үзэгч сонсогч нартаа сайхан харагдах гэж ийм эрсдэлтэй алхам хийхгүй л байсан болов уу. Миний чихэнд “Эрдэнэтунгалаг уг нь чадалтай хоолойтой, үнэхээр гоё дуулдаг. Гэхдээ царай нь нэг л онц биш” гэсэн үг олон сонсогддог байсан. Шүтэн бишрэгчид дуучны мөн чанар, авъяас чадварыг хоёрдугаарт тавьж бие хаа, царай зүсийг тэргүүнд хараад байх ямар хэцүүг та мэдэхгүй л дээ. Гоо сайхны хагалгаа эрүүл мэндэд нөлөөлсөнд ээж маань хамгийн их шаналсан. Тэгээд намайг дагуулж Энэтхэг яваад Дели хотын нүдний сайн эмч дээр лазерийн хагалгаанд оруулж байж нүдийг маань гайгүй болгосон. Гэхдээ л одоо миний баруун нүдний холын хараа муудсан. Тайзан дээр удаан дуулахаар нулимс гоожоод байдаг, зурагт харахаар хааяа өвддөг болохоор дууг нь сонсоод дэлгэцнээс өөр тийш харах үе зөндөө.

 

sonin.mn

Сэтгэгдэл (3)Add Comment
...
бичсэн бичсэн Ганчимэг, 2012-02-13
[url][b]Чи үнэхээр гайхалтай эмэгтэй Бусад дуучдаас илүү чадалтай хоолойтой чиний дуунууд их таалагддаг шүү. Бас хувь хүнийхээ хувьд их шудрага байгаагаараа байдаг зан чинь их таалагддаг шүү чамайг урлагын янжинлхам бурхан ивээг Танд амжилт хүсье.
report abuse
vote down
vote up
Санал: +0
...
бичсэн алтаа, 2012-01-19
эрдэнэтунгалаг аа.та бол гоё шүү.би таны бүх дуунуудад их дуртай.бүгд надад таалагддаг.энэ тэнд явж бхад таны дуу сонсогдож тааралдах үед би их баярлдагаа.дахин дахин,бүр дахин дахин сонсоод л сонсоод л баймаар үнэхээр сайхан хоолойтой.ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
report abuse
vote down
vote up
Санал: +0
...
бичсэн алтаа, 2012-01-19
эрдэнэтунгалаг аа.та бол гоё шүү.би таны бүх дуунуудад их дуртай.бүгд надад таалагддаг.энэ тэнд явж бхад таны дуу сонсогдож тааралдах үед би их баярлдагаа.дахин дахин,бүр дахин дахин сонсоод л сонсоод л баймаар үнэхээр сайхан хоолойтой.ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
report abuse
vote down
vote up
Санал: +1

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-11-26, Лхагва )
 
< өмнөх   дараах >