Төрийн буцалтгүй тусламж олгох журам PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2008-12-02, Мягмар
Image 
 
МОНГОЛ УЛСЫН БОЛОН ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДАД ТӨРИЙН
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэнэ)-ын бакалавр, магистр, докторын өдрийн сургалтад зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа Монгол Улсын иргэнд сургалтын төлбөрийн төрийн буцалтгүй тусламж олгох, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламж олгох болон хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламж олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Сургалтын төрийн сан, сургууль, суралцагч хоорондын харилцааг холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмаар зохицуулна.

1.3. Энэхүү журмын дагуу төрийн буцалтгүй тусламж авах суралцагч Сургалтын төрийн сантай гэрээ байгуулна. Уг гэрээг үндэслэн суралцагчийн сургалтын төлбөрийг тухайн сургуульд Сургалтын төрийн сангаас тусгай хуваарийн дагуу шилжүүлнэ.

1.4. Тухайн жилд төрийн буцалтгүй тусламжид хамрагдах суралцагчдын хяналтын тоог сургууль тус бүрээр боловсролын болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор тогтоож, холбогдох сургууль, Сургалтын төрийн санд мэдэгдэнэ. Тухайн хичээлийн жилд элсэгч, суралцагчдад хяналтын тоонд багтаан шинээр болон үргэлжлүүлэн олгох хуваарийг мэргэжлээр нь тодорхойлсон байна. Энэ хуваарийг нийтэд мэдээлэх ажлыг тухайн сургууль, Сургалтын төрийн сан зохион байгуулна.

 
 
Хоёр. Төрийн буцалтгүй тусламж олгох нөхцөл

2.1. Элсэгчдэд дараахь нөхцөлд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас хяналтын тоонд багтаан буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгоно:

2.1.1. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу зохион байгуулсан улсын хэмжээний олимпиадад эхний гурван байр эзэлсэн суралцагчийн сургалтын төлбөр;

2.1.2. олон улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан, тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцсон суралцагчийн сургалтын төлбөр;

2.1.3. хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол Улсын иргэний амьжиргааны тэтгэлэг;

2.1.4. бүтэн өнчин суралцагчийн сургалтын төлбөр;

2.1.5. хөгжлийн бэрхшээлтэй суралцагч буюу эцэг,    эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын төлбөр;

2.1.6. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөр;

2.1.7. өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингийн 50 хувиас доогуур орлоготой өрхийн суралцагчийн сургалтын төлбөр;

2.1.8. бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд     50 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөр;

2.1.9. хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэний сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг.

2.2. Хяналтын тоонд багтаан дараахь нөхцөл хангасан суралцагчдыг шалгаруулан, сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламжийг шинээр буюу үргэлжлүүлэн олгоно:

2.2.1. сургуулиа төгссөний дараа орон нутагт 3-аас дээш жил ажиллахаар гэрээ байгуулсан суралцагчийн сүүлийн 2 жилийн сургалтын төлбөр;

2.2.2. журмын 2.1.4, 2.1.5-д заасны дагуу буцалтгүй тусламж авч суралцсан суралцагчийн сурлагын голч дүн    2.0 болон түүнээс дээш байх тохиолдолд, бусад нөхцөлөөр буцалтгүй тусламж авч суралцсан суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд гэрээг сунган буцалтгүй тусламжийг үргэлжлүүлж олгоно. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчийн оронд нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг Сургалтын төрийн сангаас шалгаруулан буцалтгүй тусламжид хамруулж болно.

 
 
Гурав. Бүрдүүлэх материал

          3.1. Төрийн буцалтгүй тусламжид хамрагдах    суралцагч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлэн жил бүрийн  9 дүгээр сарын 1-ний дотор сургуульдаа өгнө:

3.1.1. өргөдөл (тусгай маягтын дагуу);

3.1.2. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3.1.3. бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (магистрант, докторантын хувьд бакалавр, магистрын дипломын хуулбар);

3.1.4. энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.4-2.1.8-д заасан суралцагчийн хувьд сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох эрхийн бичиг;

3.1.5. энэ журмын 2.1.1-2.1.3, 2.1.9-т заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;

3.1.6. энэ журмын 2.1.4-т заасан суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсны гэрчилгээний хуулбар;

-энэ журмын 2.1.5-д заасан суралцагчийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт;

-энэ журмын 2.1.6-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт;

-энэ журмын 2.1.7-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

-энэ журмын 2.1.8-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох толгой малын тоо, малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

-энэ журмын 2.2.1-д заасан суралцагчийн хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ;

-энэ журмын 2.2.2-т заасан суралцагчийн хувьд сургуулийн болон дүнгийн тодорхойлолт.

 
Дөрөв. Төрийн буцалтгүй тусламжийн санхүүжилт

4.1. Сургалтын төрийн сангийн шугамаар төрийн буцалтгүй тусламж авахыг хүссэн суралцагчдаас батлагдсан хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн сургуулийн сургалтын болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг оруулна. Комисс нь энэ журмын 3-т заасан материалыг үндэслэн төрийн буцалтгүй тусламжид хамрагдах элсэгч, суралцагчийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор сонгон шалгаруулж, дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ.

4.2. Сургалтын төрийн сан нь төрийн буцалтгүй тусламжид хамруулахаар сургуулиас гаргасан дүгнэлтийг үндэслэн суралцагчтай гэрээ байгуулж, төлбөрийг   сургуульд нь шилжүүлнэ. Санхүүжилтийн хэмжээ болон суралцагчтай байгуулах гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

4.3. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Сургалтын төрийн сантай гэрээ байгуулсан Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлгийн төрийн буцалтгүй тусламж олгоно. Суралцагчид олгох амьжиргааны тэтгэлгийн хэмжээг холбогдох гэрээ, хэлэлцээрт тодорхой заагаагүй бол тэтгэлгийн хэмжээ болон Сургалтын төрийн сан, суралцагч хооронд байгуулах гэрээний загварыг боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Санхүүжилтийг Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яамаар дамжуулан олгоно. Элчин сайдын яам нь жил бүр өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэдийн сурлагын талаархи судалгааг гаргаж, жил бүрийн 10 дугаар сард гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Сургалтын төрийн санд ирүүлж байна.

4.4. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд гэрээ, хэлэлцээрт заасан санхүүгийн нөхцөлийн дагуу сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн төрийн буцалтгүй тусламжийг олгоно. Суралцагчдад олгох амьжиргааны тэтгэлгийн хэмжээг холбогдох гэрээ, хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан шийдвэрээр тогтооно. Санхүүжилтийг Сургалтын төрийн сангаас тухайн суралцагчийн суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно. Сургууль нь тухайн суралцагч хичээлдээ бүрэн сууж, сургуулиас тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж байгаа талаархи мэдээллийг гарган Сургалтын төрийн санд албан ёсоор хичээлийн улирал бүрийн төгсгөлд ирүүлж байна.

4.5. Энэхүү журмын 4.3, 4.4-т заасан төрийн буцалтгүй тусламжид хамрагдаж байгаа суралцагчийн гэрээг сунгах, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгох асуудлыг холбогдох сургууль, Элчин сайдын яамны тодорхойлолтыг үндэслэн Сургалтын төрийн сан шийдвэрлэнэ.

4.6. Суралцагч нь чөлөө авсан болон журамд заасан голч дүнгийн босгын шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд сургуулийн албан ёсны шийдвэр, саналыг үндэслэн гэрээг нь түдгэлзүүлж, санхүүжилтийг түр зогсооно.

 
Тав. Бусад

5.1. Хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид энэхүү журам хамаарахгүй.

5.2. Гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, гэрээ, дүрэм, журмаар зохицуулна.

 

 

Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-12-13, Бямба )
 
< өмнөх   дараах >