Эргэж очно оо би эх орондоо… PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2009-01-05, Даваа

Image 

Монголын шинэ үеийн утга зохиол үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ сарын 9-нд тохионо. Энэхүү ойд зориулж манай сонины сэтгүүлч, өдгөө Швед Улсын Стокхольм хотноо амьдарч буй яруу найрагч Банзрагчийн Энхтуяа “Эх орондоо илгээх шүлгүүд”-ээ өргөн барилаа. “Хурдны морьд шиг довтлон өнгөрөх он жилүүдийн цахилаан дунд хүмүүн гэгч амжуулахаа амжуулж бас хийж амжаагүйгээ хийх гэж яаран он цагтай уралдсаар…Харьд гараад нэг л мэдэхэд найман намрын навчис тасарч, найман хаврын усны шувууд ирж буцжээ. Энэ хооронд би юу амжуулав аа…

 

Их бага хэмжээгээр зорьсон зүйлээ амжуулсан боловч цохилох зүрхний минь амин судлаар урсах энэрэл хайрын шүлгүүдээ эрхэм уншигч та нартаа хүргэж амжаагүй өдий хүрсэн минь юугаар ч нөхөшгүй том алдаа мэт санагдана. Гэсэн ч зүрхнээс минь ундрах шүлгүүдээсээ өчүүхэн ч холдоогүй билээ. Уйтгарлан ганцаардахын үед, урам хугаран цөхрөхийн цагт шүлгүүд минь л надад хань болж эх орон, элгэн садан, найргийн нөхдөө санан гансрах сэтгэлийг минь эрч хүчээр сэлбэж ирэх өдрүүдийн хаалгыг нээх тэнхэл болж байлаа.

Yнэн шүү…, эх орноо үгүйлэн санах сэтгэл хийгээд гомдол гунигаа шүлгээр тайлж яваагүй бол хүний газар тэснэ гэдэг амаргүй…Найман жилийн тэртээгээс бичсэн шүлгүүд минь “Одоо болсоон би чамайг илүүгээр хүлээж чадахгүй, явлаа…” гэсээр нэг л өдөр зарим нь боловсорч амжаагүй хэрнээ гараас минь алдуурч, эх орныхоо зүг давхиж одлоо. Ийнхүү уран бүтээлч нөхдийн минь сэтгэлийн дуудлагаар “Эх орондоо илгээх шүлгүүд” минь нутгийн зүг нисэж одов… хэмээн яруу найрагч маань шинэхэн номынхоо өмнө сэтгэлээ нээжээ. Харин найрагч бүсгүйн багш Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Санан гансрах эх орон, биенээсээ унагаж хүн болгосон эх хоёр орчлонд ганцхан хувь байдаг. Хүний газар гүний хошуунд эх орон, элгэн төрөл, эрхэм нөхдөө санан мөрөөдөж суух цагт сэтгэл тайлах нэг л юм байдаг. Тэр бол Энхтуяагийн хувьд түүний шүлгүүд юм. Тиймээс “Эх орондоо илгээх шүлгүүд” номоо илгээжээ. Хүн эх оронгүй бол мөчрөөс салсан өнчин навч, үнсэнд хаясан шалз адил юм гэдгийг Б.Энхтуяагийн шүлгүүдээс мэдэрч болно. Түүний амь нас, алдар нэр, авъяас билэг аль бүхэн номонд нь шингэжээ” гэж сэтгэлийн дуудлагаа илэрхийлэв. 

 

ЯРУУ НАЙРАГТАА ИТГЭЭРЭЙ

Зөөлөн зөөлөн дүр исгэсэн
Зусар бялдууч байдаг юм байна
Зөрчилдөөнтэй хэцүү үед нь бол
Зөвхөн өөртөө л итгээрэй
Ховор ховорхон дүр исгэсэн
Хоёр нүүртэн байдаг юм байна
Хорвоо хэцүү санагдах үед
Хонгор үрдээ л итгээрэй
Ялдам ялдам дүр исгэсэн
Янагийн дайсан гэж байдаг юм байна
Яана даа гэмээр хэцүү үед
Яруу найрагтаа л итгээрэй
Уяхан уяхан дүр исгэсэн
Урвагч нөхөр гэж байдаг юм байна
Уй дарсан хүндхэн үед
Уянгат шүлгүүдээ уншиж цэлмээрэй.
2007.09.19 Стокхольм

 

Эх хэл
Ээжээ гэж дуудан анх хэлд ороход минь
Эд эс бүхэнд минь шингэсэн
- Эх хэл минь
Ээрэм талын янзага шиг алсад цахилан одоход
Эмтэрч туйлдсан сэтгэлийг эдгээж анагаасан
- Эх хэл минь
Насан хутгийн ерөөлөөр таныхаа утганд багтаж
Найрагч гэдэг алдрыг таныхаа эгшгээр амьдруулж
Эх орноо би таныхаа ертөнцөөр таньж
Энэ хорвоог хайрлах ухаарлыг таниасаа олсон би
Төрийнхөө сүлдэнд залбирдаг түмэн олны
- Эх хэл минь
Төөрч явахад ухаан зааж түшиг болдог
- Эх хэл минь
Булиглах зүрхний минь амин судал буман язгуурт
- Эх хэл минь
Булааж хэн ч авч чадахгүй аугаа
-Их баялаг минь

Цээжнээс минь ургаж намайг тулсан
Цэнхэр аялгуут эх хэл минь
Дотоод ертөнцөд минь уусан шингэсэн
Дорнын яруу монгол хэл минь

2002.03.13 Карлского

 

ЯАРЧ БАЙНА БИ ЭХ ОРОНДОО
Эрхэс тэнгэрийн чинь доор дуугаа анх хадааж
Эгшиг төгөлдөр нарны чинь туяанд торнисон болохоор
Монголоо санасан сэтгэл минь эмтэрч эгшээд байна аа
Молор эрдэнээ гээсэн мэт бодол будангуй явна аа
Хайртай дотно бүхэн минь санаагүй ч байг яахав
Харийн газар байхад минь мартсан ч байг яахав
Хатуу цагийнх нь жаварт хайрагдвал ч би хайрагдаг
Халуун элгэн Монголдоо харихгүй байж чадахгүй нь ээ
Аяс аясхан цагийн урсгалд алдарсан ч байг яахав
Амь шигээ хайрласан бүхэн минь мартсан ч байг яахав
Яруу найрагчийн заяанд жигүүр ургуулж өгсөн
Яруухан гэгээхэн Монголдоо
яарахгүй байж чадахгүй нь ээ
Эгшиглэнт нөхөд минь цөөрч
энэрэлт хань минь угтахгүй ч
Элгэн цаанаа хөндүүрлэж
эзгүйрчихсэн юм шиг санагдавч
Эргэн эргэн бодогдох миний хайрын диваажин
Эх орон монголдоо эргэхгүй байж чадахгүй нь ээ!
Чарлаж анх дуугаа хадааж ирэхэд минь
Час халуун хэвлийдээ намайг тосож угтсан
Цохилох зүрхний минь амин судал бүрээр
Цалгилж эрчлэх Монголдоо очихгүй байж чадсангүй нь ээ!
2007 Стокхольм

 

БОЛОХГYЙ
Тарж л болохгүй монгол минь
Талцаж болохгүй төр түмэн минь
Уйлж л болохгүй заяа минь
Унаж л болохгүй улс гэр минь
Эвхэрч болохгүй элэг минь
Эвдэрч л болохгүй Монгол минь
Цөхөрч л болохгүй тавилан минь
Цөмөрч л болохгүй улс гэр минь
Буцааж л болохгүй андгай минь
Будилж л болохгүй Монгол минь
Нулимж л болохгүй заяа минь
Нурааж л болохгүй улс гэр минь
Гандаж л болохгүй газар шороо минь
Ганхаж л болохгүй төр түмэн минь
Басч л болохгүй тавилан минь
Бадарч л асдаг Монгол минь ээ!
2000-2001 Улаанбаатар

 

АМЬДАРЧ БАЙГАА YЕ ЦАГАА ХАЙРЛАНАМ
Яг одоогийн амьдарч байгаа үе цагаа хайрланам
Ялдам дотно нөхдөөсөө хагацахыг үл хүснэм
Чанд холын хүн хэдий ч би
Чамайг төрүүлсэн эх оронд чинь бас хайртай
Зөн мөрөөдөл шиг өдөн цасан дундуур
Зөрж өнгөрөөгүй учралыг би санаж байна
Эхний болоод эцсийн цэг хатгаж
Эргэж яваагүй сэтгэлийг чинь би хайрлаж байна
Төгсөшгүй дуусашгүй амьдралыг бүтээсэн
Төгөлдөр гоо оюун санааг чинь хүндэлнэм
Түг түмэн хүмүүсийн урсгал дунд
Төөрүүлээгүй надтай учруулсан
хувь заяанд баярланам
Амьдрал хэдий цаг хугацаатай байдаг ч
Алмайрч суугаагүй он цагийг чинь биширнэм
Цаглашгүй их оюуны чинь
Цалгих гэгээнд онгод минь ордогсон
Яг одоогийн амьдарч байгаа үе цагаа хайрланам
Ялдам дотно нөхдөөсөө хагацахыг үл хүснэм
Чанд холын хүн хэдий ч би
Чамайг төрүүлсэн эх оронд чинь бас хайртай
2008.03.05 Стокхольм

 

ЭРГЭЖ ОЧНО ОО БИ ЭХ ОРОНДОО
Энхэр сэвлэгийг минь талын салхи нь илбэн таалсан
Эхний мөрөө газар шороонд нь тамгалж үлдээсэн
Ээжий минь сүүний цацал бүхэн уул усанд нь шингэсэн
Эх орон монголоо санан санасаар эргэж би очно оо
Зүдэрч жаргасан цагийн ямар ч үед
Зүгээр суулгүй өөрийн гэсэн мөрөө үлдээсэн
Зүрхний хайртай эх орон монголоо
Зүүдлэн зүүдэлсээр би эргэж очно оо
Аньсганд торсон нулимсаа цээжин цаанаа нууж
Алс холын газраас баяр гунигаа тээсээр
Алтан алтан аялгуугаар шүлгийг минь хуурдаж хөглөсөн
Амин хайрын монголдоо яаран яарсаар эргэж би очно оо

2008.05.19 Стокхольм

 

Үнэн сонин 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2009-01-19, Даваа )
 
< өмнөх   дараах >