Гепатит В-гийн эсрэг монгол эрдэмтдийн хийсэн вакцин гарлаа PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2008-02-14, Пүрэв

 Image

Халдварт шар өвчний тар­халт их байгаа талаар бид байнга мэдээлж байгаа. Харин Нийгмийн эрүүл мэн­дийн хүрээлэнгийнхэн энэхүү өвчний эсрэг вакцин гаргаж аваад байна. Энэ нь урьд­чилан сэргийлэхээс гадна эмчилгээний өндөр ач хол­богдолтой аж.

Уг ажлыг гар­дан хийсэн академич Ж.Оюун­билэгтэй ярилцлаа. Тэрээр өдгөө Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ерөн­хий захирлын үүрэг гүйцэт­гэгч бөгөөд 24 дэх жилдээ уг хүрээлэнд ажиллаж байгаа нэгэн.

 

-Шар өвчний дэгдэлт өнөө жил их байна. Зарим сургууль, цэцэрлэг үүдээ барих дөхөж байна. Ма­най эрдэмтэд энэ өвчний эсрэг вакцин гаргасан гэ­сэн. Та энэ ажлыг гардан хийсэн хүний хувьд то­дорхой мэдээлэл өгөөч?
-Шар өвчин үүсгэдэг вирус олон төрөл байдаг. Одоо гадуур их гараад байгаа нь гепатит А буюу бохир гар, усаар дамждаг өвчин. Бидний хийсэн вакцин бол В вирусийн эсрэг. Шар өвчнийг үүсгэдэг вирусүүд бүгд эрсдэл да­гуулдаг. Гэхдээ А вирусийн хувьд цочмог өвчлөл үүсгэдэг ч хор уршиг нь бага.

-Бүрэн эмчлэгддэг гэ­сэн үг үү?
-Бүрэн эдгэрнэ. Хүний биед бугшаад байдаггүй, га­раад явчихдаг. Гепатит В бол илүү аюултай. Архаг өвч­лөлтэй холбоотой, элэгний хатуурал, церёз үүсгэдэг. Хорт хавдар ч үүс­гэнэ. Бид өнөө жилээс хийсэн вакцинаа үйлдвэрлэлд шил­жүү­лэх, практикт хэрэглэх төсөл дуусч байгаа. Тиймээс энэ жилээс В вирус тээгчдийг эмчлэх чиглэлээр хэрэглэж эхэлнэ.

-Практикт хэрэглэх зөв­шөөрөл, патентаа авчихсан гэсэн үг үү?
-Авсан. Үүнийг хоёр чиг­лэ­лээр хэрэглэж болох юм. Нэгд, урьдчилан сэргийлэх зорил­гоор. Хоёрт, нэгэнт В вирус авсан хүнийг эмчлэх зорил­гоор. Ингэхдээ зориу­лалтын бусад эмтэй хавсарч хэрэг­лэнэ. Ер нь бид эм­чилгээний зориулалтаар хэ­рэглэх талаас нь илүү то­дотгож байгаа.

-Өмнө нь В вирусийг эмчлэх вакцин байсан уу?
-Эмчилгээний вакцины талаархи судалгаа гадаад ор­нуудад бий. Гэхдээ Монголын эрдэмтдийн хийсэн судалгаа бол цаг хугацааны хувьд ба­раг түрүүлж шахуу гарсан. Эм­чилгээний вакциныг бай­галийн эх үүсвэр буюу өвчин үүсгэж байгаа вирусээр нь хийсэн учраас хүнд дархлаа үүсгэн, бие махбодид байгаа вирусийг зайлуулах үйлчилгээ үзүүлдэг. Гадаадад хийсэн генийн ин­женер зүйн вакцин бол эмчил­гээтэй холбоогүй, урьдчилан сэргийлэх зорил­готой.

-Эмчилгээнд гаргахын тулд өмнө нь олон удаа­гийн туршилт судалгаа хий­дэг. Тэр үр дүнг сонирхъё?
-Үр дүн гарсан. Энэ чиг­лэлээр Хүрэлбаатар гээд за­луу эрдэмтэн судалгаа хий­сэн. Судалгаагаар, бидний гаргасан вакцинаар В ви­рустэй хүнийг эмчлэхэд 23.6 хувийнх нь вирус устаж, дархлаа үүс­сэн байсан. Да­хин халдвар авахгүй болсон гэсэн үг. 46 хувьд нь вирусийн тоо хэмжээ эрс ба­гассан. 80 хувьд нь вирус багассан. 20 хувьд нь өөрчлөлт өгөөгүй гэж гарсан. Тэгэхээр 80 хувийн эмчилгээний үр дүнтэй байна гэдэг өндөр үзүүлэлт. Ер нь үр дүн 60-аас дээш хувьтай бол сайн эм бэлдмэл, сайн арга гэж үзээд зөвшөөрдөг.

-Вирусийн тоо хэмжээ багасна гэж яг яана гэсэн үг вэ?
-Вирус бие махбодид оро­хоороо дархлалыг дарангуйл­даг. Тийм учраас тухайн хүн амархан ханиад хүрнэ, ядар­на. Вирус нь багасангуут бие нь сэргээд сайжраад ирнэ. Энэ бол эмчилгээний чухал үзүү­лэлт. ДОХ-ын вирус ч яг адил­хан. Олон улсын түв­шинд юуг хүлээн зөвшөөрсөн гэхээр, ДОХ-ын вирустэй хүн нийгэмд бусадтай адил ажил­лаж, хө­дөлмөрлөх тэгш эрх­тэй. Гэх­дээ нэг зарчим нь тэр хүнийг уурлуулахгүй, сэт­гэл санаа­гаар унагахгүй байх хэрэгтэй. Тэр болгон нь дарх­лаатай холбоотой. Тэгэхээр В виру­сийн хэмжээ багасна гэдэг нь дархлаа сэргэнэ гэсэн үг.

-Вакциныг эмчилгээнд болон урьдчилан сэргий­лэх зорилгоор хэрэглэнэ гэлээ. Манайд В вирустэй хүн хэр олон
байдаг юм бэ?

-В вирусийг бид монгол хүний ДОХ гэж тоглоомоор нэрлэдэг юм. Учир нь вирус бол өөрөө генетикийн түв­шинд шимэгчилдэг болохоор хүний удамшлаас хамаардаг зүйл. Зарим хүн шарын халд­вар авчихаад зүгээр эдгэ­чихдэг. Тэгэхээр В вирус бол эрэгтэй хүнд илүү халгаатай. Илүү их эмгэг, өвчлөл үүс­гэдэг гэсэн үг. Мөн ази буюу монгол төрхийн хүмүүст илүү хал­гаатай. Вирус хүртэл хүнийг удамшлаар нь ялга­варлаж байна шүү дээ.

-Яагаад?
-Бид бас судалгаа хийж үзсэн. В вирус яагаад эрэгтэй хүнд илүү эмгэг үүсгээд бай­на вэ гэж. В вирусийн халдвар авсан эрчүүд эмэгтэй хүнээс илүү их халдвар тээгч болдог. Эмэгтэйчүүдээс илүү хурдан хугацаанд элэгний хорт хав­дар болж байна. Илүүтэй архаг өвчин болж байна. Үүнийг судлаачид архи уудаг, тамхи татдагтай холбон тайл­бар­ладаг. Үнэндээ тийм биш. Эмэгтэй, эрэгтэй хүн гене­тикийн хувьд өөр өөр шүү дээ. Тэгэхээр В вирус бол хүнийг арьсны өнгө, хүйсээр нь ял­гаварладаг. Гуравдугаарт, гепатитийн В вирус 10 сая жилийн өмнө ДОХ-ын виру­сээс салж хөгжсөн. Нэг үүс­вэртэй гэдэг нь судалгаагаар тог­тоогдсон. Одоо энэ хоёр виру­сийг ажиглаж байхад за­рим ген нь адилхан байдаг. Уг сурвалж нь адилхан болохоор тэр. Зарим эрдэмтэд энэ хоёр өвчний вирусийг нэг багт ха­мааруулж үздэг ч тал бий.

-Сонирхолтой юм. Ге­па­тит В-г манайхан шп­рицний шар гээд байдаг, тийм үү?
-Тийм ээ. Сурах бичигт бичэснээр шприцний шар гээд байгаа. Цусаар халддаг. Гэх­дээ В вирус нь ДОХ-ын виру­сээс хэдэн мянга дахин илүү халдвартай, маш тэсвэртэй. ДОХ-ын вирус тийм ч амар халдаад байдаггүй. В вирус болохоор 100 гра­дуст таван минут буцалгасны дараа байж л байна.

Монголын ахмад судлаач Та.Гомбосүрэн гуай В виру­сийн халдварын талаар су­далгаа хийсэн байдаг. Судал­гаандаа үндэслэн энэ вирус агаар дуслын замаар халддаг гэсэн дүгнэлт хийсэн. Моле­кулын түвшинд хийсэн бид­ний су­далгаагаар ахуйн за­маар халд­даг үндэслэл бай­гаа. Гэр бү­лийн аль нэг хүнээ­сээ, сахлын хутга зэрэг ахуйн хэрэглээний зүйлээс болон бэлгийн замаар халдана.

-В-гийн халдваргүй хүн та нарын хийсэн вакциныг хийлгэж болох уу?
-Болно. Халдваргүй хүн хийлгэчихвэл урьдчилан сэр­гийлж байна гэсэн үг. Энэ нь 5-8 жил дархлаа тогтооно.

-Үнэ нь…
-Гадаадын вакциныг бод­вол харьцангуй хямд. Бидний тооцоогоор 1000-2000 төгрөгт багтах байх. Дотооддоо хан­галттай хэмжээгээр үйлдвэр­лэх боломж ч бий. Энэ жилдээ багтаад үйлдвэрлээд эхэлнэ. Бидний гол зорилго бол эм­чилгээний зориулалтаар түл­хүү хэрэглэе гэсэн чиглэлтэй байгаа. Урьдчилан сэргийлэх чиглэлээр бол нэг их шам­дахгүй байна. Учир нь тенде­рээр гадаадаас ийм вакцин оруулж ирдэг шүү дээ. Мон­гол Улс 1991 оноос эхлээд шинээр төрсөн бүх хүүх­дүүдээ В гепатитийн эсрэг вакцинд хам­руулж байгаа. Вирус тээгчийн хувийг харь­цуулаад үзвэл 1991 оноос хойш төрөгсдөд халдвар хоёр хувь л бий. Вакцин хийсэн учраас бага байна. 1991 оноос өмнө төрсөн хүмүүсийн 11-13 хувь халдвартай.

-В вирустэй хүн эмч­лүүлье гээд ирлээ. Ямар эмчилгээ хийх вэ?
-Манай эмч нар эмчилдэг аргаараа л эмчилнэ. Бид зарч­мын өөр санал тавьж байгаа юм. Бидний арга бол дархлаан дээр нь суурилж, вирусийн эсрэг бэлдмэл хэ­рэг­лэх. Дээ­рээс нь В гепа­титийн эсрэг гаргасан өвөрмөц имму­ног­лобулин хэрэглэнэ.

-Элэгний өвчлөл бо­лоод хүндэрсэн үед хэрэг­лэж болох уу?

-Ийм төрлийн судалгааг зайлшгүй хийх хэрэгтэй. Одоо бол вирус тээгчдийг эмчлэх боломжтой. Өвчин нь хүн­дэрсэн хүмүүст ямар нөлөө үзүүлж байна гэсэн судалгааг цаашид хийж болох тал­тай. Монголчуудын дунд тар­сан В вирус өөрийн онц­логтой. Яг түүнд нь таа­руул­сан эм, эм­чилгээ илүү үр дүн өгнө. Бид цаг хугацаа алдал­гүй энэ оны эхний хагаст эмчилгээгээ оруулах бодол­той байгаа.

-С вирус гэж бас бий?

-Энэ бол илүү түвэгтэй. Архагших, элэгний өмөн үү үүсгэх талаараа В вирусээс дутахгүй өндөр хортой. Мон­голчуудын дунд бас л тархсан вирус. Үүнийг эмчилдэг олон улсад хүлээн зөвшөөрсөн арга бий. Манай эмч нар ч хэрэглэж байгаа. Бид ч гэсэн яг монгол­чуудад таарах ийм арга оло­хоор туршилт, судал­гаа хийж байна. С вирусийн эсрэг хэрэг­лэдэг менофагин гээд Японоос оруулж ирдэг эм бий. Чихэр өвснөөс гаргаж авсан эм. Монголын чихэр өвсийг Япон руу гаргаад энэ нь эргэж эм болж орж ирээд байх шиг байна л даа. Бид бас чихэр өвсөн дээр судалгаа хийж үзсэн. Чихэр өвснөөс глицержиний хүчлийг ялгаад С вирус дээр яаж үйлч­лэх вэ гэж туршилт хийхэд вирусийн удамшлын мэдээл­лийг хад­галдаг хэсэгт нь нө­лөөлж байсан.

-Эсрэг үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг үү?
-Тийм.Энэ судалгаа МУИС-ийн биологийн фа­культетын оюутнуудын ма­гистрын ажлын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Өөрөөр хэлбэл, С вирусийн эсрэг эм хийх боломж байна гэсэн үг. Тэр талын судалгааг хийж эхэлсэн.

-Шарын Д вирус гэж бас байдаг. Хэр халдвартай, хор нөлөөтэй бол…
-Вирусийг нээсэн дараал­лаар нь үсгээр нэрлэчихсэн хэрэг л дээ. Д бол маш сонин вирус. Ургамалд байдаг. Хү­ний биед халдахдаа В виру­сээс хамааралтай байдаг. В ви­русийг шимэгчилдэг буюу ашигладаг гээд ойлгочихож болно. Учир нь Д вирусийг хүнээр зүйрлэх юм бол дээл­гүй нүцгэн байдаг. Тиймээс В вирусийнхээ гадар­гын уургийг аваад нөмөрчихдөг гэсэн үг. Өөрөө дээлгүй уч­раас өрөө­лийн дээлийг аваад өмс­чихөж байна. В-гийн вакцин бол Д вирусээс ч хамгаалж болно.

-Д вирус яаж халддаг юм бэ?
-В-тэйгээ хамт халдаж болно. Эсвэл В вирустэй хүнд халдаж болно. В-гүй хүнд дангаараа халдахгүй. Энэ хоёр вирус хамт байх юм бол тухайн хүндээ нэлээн хүнд л дээ. В вирус манайд элбэг тохиолд­дог болохоор Д ч адилхан их тархсан. Бидний судалгаа­гаар элэгний хорт хавдартай хү­мүүсээс Д ви­рус өндөр тунтай илэрч бай­сан. Тиймээс Д ви­рус элэгний өмөн үү үүсгэдэг байж ма­гадгүй гэсэн таамаг байгаа. Гэхдээ дангаараа ийм өвлөл үүсгэж байна уу, хав­сарч байна уу гэдгийг судлах тог­тоох хэрэгтэй. Элэгний өмөн үү, хавдар үүсгээд байгаа гол дөрвөн вирус бол энэ дөрвөн вирус юм.

-Эцэст нь нэг зүйл то­дотгомоор санагдлаа. Нийг­мийн эрүүл мэндийн хүрээлэн гэж ямар үүрэгтэй газар вэ?
-Шинжлэх ухааны судал­гаа шинжилгээний ажил ганц хоёр жилийн дотор үр дүн нь мэдэгддэггүй ч арав, хорин жилийн дараа жинхэнэ үр өгөөжөө өгч эхэлдэг. Үүний нэг жишээ бол бидний гаргаж авсан гепатит В вирусийн эсрэг вакцин. Ер нь манай хүрээлэн бол эмч, химич, биологич, генетикч гээд маш олон мэргэжлийн хүмүүс хамтарч ажиллаж байж ам­жилт, үр дүнд хүрдэг газар. Хүрээлэнгийн төвийн захир­лууд олон жил судалгаа, шин­жилгээ хийсэн, түүгээрээ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс байгаа. Тэрхүү олон жил хийсэн ажлын үр дүн нь одоо л гарч ирэх шатандаа явж байна. Чадварлаг, мэр­гэшсэн баг бүрэлдэж чадсан гэж би хэлнэ. Тиймээс энэ бүрэлдэхүүнээр нь цаашид ажиллуулж, үр дүнг нь харах хэрэгтэй гэж боддог.

 

Д.Оюунтуяа
Gogo.mn

 

Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн oyunas, 2014-08-29
энэ вакциныг яаж худалдаж авах вэ, хаана очиж лавлаж болох вэ
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-03-04, Мягмар )
 
< өмнөх   дараах >