Манай уртын дууг бэсрэг гэдэг юм билээ, би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2008-02-19, Мягмар

Image 

Өвөр Монголын өөртөө засах орны соёлын өдрүүд Улаанбаатарт үргэлжилж байна. Энэ хүрээнд "Цагаан сар" концертыг хоёр орны жүжигчид хамтран тоглосон юм. Тоглолтод уртын дуугаар оролцсон, өмнөд хөршийн I дэсийн дуучин Ө.Алтанцэцэгтэй хөөрөлдөв.

 

-Яриагаа хүүхэд насны тань гэгээлэг дурсамжаас эхлэх үү?
-Хүүхэд насаа дурсах шиг сайхан зүйл хаана байх вэ. Өвөр монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны "Алтан тал" гэдэг газар 1955 оны өвөл айлын ганц охин болон мэндэлсэн. Эцэг, эх маань малчин байв. Нийтийн тэмээ 100 гаруйг малладагсан. Манай Алшаа аймаг танай Өмнөговьтой хиллэдэг л дээ. Тав, зургаан настайгаасаа ботго, торомтой ноцолдож өссөн. Аав маань өглөө тэмээ унуулаад гаргачихна. Өдөржин тэмээ хариулаад орой хураасаар ирдэг байв.

-Ботго, торомтой ноцолдож өссөн гэхийг бодоход эршүүд талдаа охин байжээ?
-Хөдөөний охид тийм л байсан шүү дээ. Айлын ганц охин учраас тоглож наадах ах, дүү байх биш. Тэмээтэйгээ яриад л явна даа. Ботго, торомтой ноцолдох бус, бүр эмнэг тэмээ сургана гээч. Өөрийнхөө хэдийг сургачихаад, айлынхыг номхруулж өгдөг байлаа шүү дээ.

-Ярих юм алга, яг эрэгтэй хүүхэд л санаанд буугаад байна?
-Тэмээ сургах юу ч биш ээ. Өвөл орсон буураа унаад, дуулаад тэшүүлж явлаа.

-Тэр улаан галзуу амьтныг унаж болдог гэж үү?
-Манайх хоёр бууртай байсан. Ёстой улаан галзуу болно л доо. Харагдсан амьтай болгоныг хазаж, өвдөглөх гээд хэцүү. Бууртай тэмээ хураахаас өмнө хавийн айлынхан бие засч авна. Тэгэхгүй бол буур гаргахгүй шүү. Гэхдээ тэмээ их ухаантай яаж ч орсон эзнээ андахгүй. Намайг хараад хэвтээд л өгнө. Орсон буур их хурдан. Тогтож л чадвал таваргаад байх нь тэр. Нэг өдөр аавдаа толгой түрүүгүй загнууллаа. Орсон буур унасан хэргээр л дээ. Яаж ч аргалах гээд чадаагүй. Сүвээнийх нь ноосыг зулгартал уначихгүй юү.

-Орсон буураа унаад, дуу аялаад тэшүүлдэг байлаа гэсэн шүү дээ. Таны дуутай холбогдсон түүх үүнээс эхтэй мэт санагдлаа?
-Бараг тэгж ойлгож болно л доо. Ер нь бүдэг бадаг ухаан суусан цагаасаа дуу аялж эхэлсэн гэж аав, ээж минь ярьдаг. Есөн настайдаа сумынхаа сургуульд орсон. Гэр сургууль хоёрынхоо хооронд дуулаад л явна.

-Ямар дуу аялах вэ?
-Хоёр дуу л аялна даа. "Намилзаад намилзаад харагдана хөө

Нарс модны намиа юу даа хөө"

гэдэг үгтэй нэг дуу байв. Намайг бүр багад аав, ээж малдаа явах даа гэрт уяад орхичихдог байж. Нутгийн ахмадууд ярьдагсан. Гэрт нь хүүхэд уйлах шиг болохоор очдог. Хаалга нь цоожтой тул хаяагаар нь шагайна. Тэгэхэд чи дуулах, уйлахын завсар "амьтан" байдаг байсан гэдэг. Сургуульд ороод дуу хөгжмийн хичээл орохоор нь салах аа байсан. Улсын баярын өдөр буюу 1964 оны аравдугаар сарын 1-нд анх тайзанд гарснаа ер мартдаггүй. Урлагийн үзлэг болсон л доо. Тайз нь их өндөр байсанд багш намайг өргөж гаргасныг тод санадаг. Тэгэхэд, хятад, монгол хэлээр дуулсан.

-Хятад хэл мэддэг байсан юм уу?
-Хар нялхаасаа хятад хүүхдүүдтэй тоглодог байсных гадарлалгүй яах вэ. Хос хэлийг зэрэг эзэмшсэн хэрэг л дээ.

-Сургуулиа хэзээ төгсөв. Дараа нь юу эрхлэв дээ?
-Зургаан жилийн боловсрол эзэмшээд "Улаан мөчир" бүлгэмд шилэгдсэнээр мэргэжлийн дуучин болох алхмаа хийсэн. Тэнд дуулахаас гадна, ардын бүжиг бүжиглэж, шанз тоглодог, нэг ёсны гоцлооч явж дээ. 1976 онд Өвөр монголын Урлагийн дээд сургуулийн уртын дууны багш н.Зууннастад шавь орсон. Хоёр жилийн дараа Баруун хойд орны хөгжим, соёлын дээд сургуулийн дуурийн дуулаачийн ангид элссэн. Ингээд 1982 оны хавар "Цөөн тоот үндэстний залуу дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Тэгээд Хөх хотын радио, телевизийн дэргэдэх урлагийн бүлгэмд уригдсанаар урлагт эргэлт буцалтгүй хөл тавьсан. Бүлгэмд ороод гоцлол, хоор, ардын болон зохиолын богино дуу дуулж, бүжиглэж, хөгжимдөн, жүжиглэдэг боллоо. Хошин шогт ч тоглоно. Яван явсаар бүх Хятадын хоёрдугаар, улмаар 1995 онд нэгдүгээр дэсийн дуучин алдар хүртсэн. Танайхаар дүйлгэвэл гавьяат болон ардын жүжигчин гэсэн үг л дээ.

-Их л олон газар тоглосон байх даа?
-Нутгаа бүрэн тойрсон. Монголчууд хаана байна, тэнд тоглодог юм. Дэлхийг ч тойрсон. Ази, Европын бүх, Америкийн дийлэнх газраар явсан байдаг.

-Тэд хэр хүлээж авах юм?
-Маш их сонирхоно. Австрийнхан, урдын дуу дотор дуурийн темп хамт оржээ, гээд л гайхдаг юм даа. Ингэж чадсанаараа та анхдагч боллоо гэж ирээд л их ч олон бичлэг хийсэн.

-Та дээр хэлсэн дээ. Дуурийн дууны ангид сурч байсан гэж. Тэр нөлөөлсөн үү?
-Мэдээж нөлөөлсөн. Гэхдээ би зориуд тэгж дэглэсэн гэдгээ хэлэх хэрэгтэй байх аа. Надаас өмнө хэн ч ингээгүй юм билээ.

-Уртын гэснээс та ямар ямар дуу дуулдаг вэ?
-Ерөнхийдөө Өвөр Монголын уртын дууг бүгдийг нь дуулсан. Тэр дундаас "Цагаан шаргал морь", "Жаахан шарга", "Алтанбогдын шил", "Ар хөвчийн унага"-ыг голлон дуулсан гэх үү дээ.

-Бүгд мэддэг дуу байна. Манай уртын дуунууд?
-Гарвал нэгтэй л дээ. Тэгэхдээ өөр юм билээ. Өвөр монголд уртын дууг үе залгамжлан өөрийнхөөрөө дуулдаг. Аймаг, үндэстэн болгон өөрийн жаягтай. Харин танайд нэг загварт орчихсон юм уу даа. "Эр бор харцага"-ыг ингэж л дуулна гэдэг ч юм уу. Нэг л баригдмал.

-Манай Монголын уртын дуунаас танайхны нугалаа ондоо биз?
-Хаа очиж нугалаанд онцын ялгаа гардаггүй. Яг ялгадагтаа тулбал танайхтай адилхан. Баруун, төв, зүүн Монгол гээд аялгаараа ялимгүй өөр шүү дээ. Түүн шиг л юм.

-Та уртын дуугаар эрдмийн цол хамгаалсан гэдэг байх аа?
-Хятадад анх удаа уртын дуугаар доктор, профессор цол хамгаалсан. Уртын дуугаар кино хийгээд гол дүрд нь тоглосон. "Алтанбогдын шил"-ийг симфони хөгжимтэй хослуулсан нь шинэлэг болсон болов уу. Удахгүй Америкт болох кино наадамд оролцоно.

-Хэзээ нэгэн цагт та Монголын уртын дуу дуулах уу?
-Уг нь халхын уртыг дууг нэлээд дээрээс дуулъя гэж бодсон. Даанч зөвхөн тэр тавилтаар дуул гэж тулгадаг байлаа. Би өөрийнхөөрөө дуулахыг эрхэмлэдэг. "Эрдэнэ засгийн унага"-ыг өөрийн болгоод байгаа. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ манай уртын дууг бэсрэг гэдэг юм билээ. Би үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Өөр өөрийнхөөрөө л байсан нь дээр биш үү.

-Та Монгол дуу анх хэзээ, яаж сонссон бэ?
-Тун сонин түүхтэй. Манайх нэг модон радиотой байлаа. Орой их гоё дуунууд явна. Голдуу Түмэндэмбэрэл гэдэг хүний дууг их сонирхдогсон. Малаа хотлуулчихаад л радионыхоо өмнө суучихна. "Юндэн гөөгөө", "Янжуур тамхи"-ийг сонсоно, дагаж аялана. Гэхдээ хаанахын гэдгийг мэдэхгүй л дээ. Нэг орой сонсоод сууж байтал, тэмээ хайсан хүн ирлээ. Намайг бодвол юм үзсэн хүн шиг санагдахаар нь, энэ хаанахын дуу вэ гээд асуучихлаа. Монголын алдарт дуучин Түмэндэмбэрэл гэдэг байгаа. Тэгээд л шүтчихсэн. Нэг уулзах юмсан гээд л мөрөөднө. Нэг өдөр радиог минь хураагаад, хэсэг байцаагаад өнгөрсөн дөө.

-Мөрөөдөл биелдэг гэдэг дээ?
-Үнэн шүү. Цаг аятай болсон үе 1991 онд Хөх хотод анх удаа Монголын томчууд тоглосон. Би ч уухайн тас очсон л доо. Тэгэхэд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл агсан очсон. Би хадаг барьж шавь нь болсон юм. Намайг хажуудаа хонуулж байгаад зөвлөгөө өгдөг байсан. Хяналтынхан шалгаагаад хүнд байлаа.

-Танд хамаг "юм"-аа өгсөн гэдэг?
-Эдэлж хэрэглэж, өмсч, зүүж байснаа цөмийг нь өгсөн. Тоглолтын хувцсаа иж бүрнээр нь, аяга, таваг хүртэл бий. Би багшийнхаа бүх дуугаар нэг кино хийнэ. Тэгэхдээ өгсөн бүхнийг нь өмсөөд дуулна гэж боддог. Монголд ирэхээр багшийнд очдог. Үүр цайтал ярилцаад, өвөрт нь унтчихдаг байлаа.

-Таны хамаатан садан Монголд байдаг гэж сонслоо?
-Үнэн. Манайх гарлаараа Говь-Алтайн айл. Тайж угсаатай. Хориод оны дундуур баячуудын хөрөнгийг хураах үед өвөг дээдэс маань оторлох нэрээр нүүгээд урагшаа явчихсан байдаг. Дээрх аймгийн Цээл сум тэр чигээрээ нүүсэн гэдэг юм. Дөчөөд оны үед харьцаа муудан хил хаагдсанаас хойш 40 гаруй жил холбоо тасарсан. Захиа ч бичих боломжгүй. Ардчиллын буянаар харьцаа сэргэж, ахан дүүс уулзаж байлаа. Говь-Алтайд 100 гаруй, хотод 60 орчим айл бий.

 

news.mn 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-02-19, Мягмар )
 
< өмнөх   дараах >