Сайхан хот шүү, Сан-Франциско PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2010-04-17, Бямба
Image 
 
Цагийн сайханд Ертөнцийн найман сайхан хотын нэгэнд тооцогддог байсан, “Барууны Парис” хэмээн нэрлэгддэг Сан Францискод Mонголчууд тун олон бий. Яг тоог нь хэлж чадахгүй ч нижгээд мянгаар тоологдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Дорноос, Азиас Америк руу ирэх хамгийн дөт агаарын зам, эхний буудал нь Сан Франциско болохоор шууд энд ирээд суурьшсан нь цөөнгүй бий. Тэгээд бас хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзах гээд Сан Францискод хөл тавьсан монголчууд бишгүй байгаа нь лав. Тиймээс ч ихэнх нь тэнд очоод үзчихсэн, үгүй бол уг хотын тухай сонссон нь гарцаагүй байх. Гэхдээ л энэ сайхан хотын тухай дурьдахгүй өнгөрөх аваас алдас болох биз ээ.
 
Учир нь энэ хэдэн мөрийг тэрлэж буй миний бие энд амьдралынхаа нилээд хэдэн жилийг өнгөрүүлж, Америкт бол суугуул нутаг минь болсон билээ. За тэгээд олныг үл нуршин Сан Францискогоор хийх аялалдаа шууд орьё. Юуны өмнө хэзээ, хэдийд очих вэ гэдэг чухал. Хэдийгээр Сан Франциско бол өвөл зунгүй, халуун ч биш хүйтэн ч биш, 20 орчим франгейтээс бараг хэлбэлздэггүй, харьцангуй тогтвортой уур амьсгалтай нутаг ч 8-9 сард л хамгийн гоё байдаг юм. 43 тов, толгод дээр баригдсан гэдэг Сан Франциско бол эх газраас Номхон дөлгөөн далай руу түрж орсон, гурван талаараа усаар хүрээлэгдсэн хошуу дээр оршдог. Тиймээс ч цаг агаарын зургаан бүс ээлжлэн солигдож байдаг өвөрмөц тогтоцтой.

Энүүхэнд нар төөнөж халуу шатаж байхад, хэдхэн милийн цаана манан будан хөшилдөж, далайн жихүүцэм салхи үлээж байх жишээтэй. Эндхийн уугуул, суугуул оршин суугчид ямар ч нартай өдөр ноосон цамц, эсвэл нимгэхэн хүрэм байнга авч явдаг нь өглөө нар гарч байснаа гэнэтхэн л үүл бүрхэж, хавирга нэвтлэх салхи жиндүүлдэг болохоор тэр. Та ч гэсэн энэ жишгийг дагахад гэмгүй ээ. Өвөл 12 сараас хоёрдугаар сарыг дуустал ихэвчлэн бороо орноо. Заримдаа ч ёстой залхтал, уйдтал цутгана даа. Хэрэв цас ордогсон бол Сан Францискод юу болохыг төсөөлөхөд бэрх. Өнөөх дов толгодыг дамнан баригдсан өөд уруу гэж аймаар газар чинь бөөн аваар осол болох байлгүй. Холливудын адал явдалт кинонуудад гардаг даа, машинаар хөөцөлдөөд л ойж буугаад л, харайлгаад л байдаг, тэрнийг чинь ихэнхийг нь Сан Францискогийн зам дээр авдаг юм гэсэн.

Аливаа шинэ газар очиход тосоод авах танил тал, найз нөхөд, унаа хөсөг зайлшгүй хэрэг болдог. Тэгвэл Сан Францискод очихоор шийдсэн та “ганц ширхэг ч” танилгүй байсан айх зүйлгүй ээ. Учир нь Америктаа нийтийн тээврийн үйлчилгээгээрээ номер нэг хот бол Сан Франциско. Онгоцны буудлаас гаралгүйгээр л та Сан Франциско болон Бэй Аэриагийн метроны сүлжээ “БАРТ”-ыг хөлөглөж болно. Харин хотын бол бараг гудамж болгоноор нь шугамын автобус, троллейбус,трамвай хөлхөнө. Ер нь нэг үгээр хэлбэл та хотын хаа ч очих байсан явган таваргах, эсвэл таксинд мөнгөө үрэх шаардлага гарахгүй ээ. Бас өвөрмөц нийтийн тээврийн хэрэгсэл болох “cable car” зөвхөн энд л бий. Бүүр 19 дүгээр зүүны сүүлч үеэс нийтийн тээвэрт хэрэглэгдэж ирсэн, газрын тос, “өөхөн тос”, цахилгаан, нарны энергийн алинаар нь ч бус газар доорхи ган утсаар тагтагдан явдаг энэ унаанд л зөвхөн сууж үзэх гэж дэлхийн өнцөг болгоноос жуулчид ирдэг гэсэн шүү.

Задгай цонхтой, зорчигчид зөвхөн сууж бус, гаднах тавцан дээр нь зогсож, дүүжлэгдээд явж болдог энэ унаа одоо ч хотын төвөөр хоёр гурван чиглэлд явж л байгаа. Нэг удаа суухад 10 доллар төлөх энэ унаагаар хотын төвөөс жуулчдын очих дуртай газар “Fisherman’s Wharf” руу очиход их зүгээр шүү. Мэдээж таны хамгийн түрүүнд, бас зайлшгүй очиж үзэх газар бол энэ хотын бэлгэдэл (зөвхөн Сан Францискогийнх ч бус баруун эргийн, Америкийн нэгэн гайхамшиг) болсон Golden Gate bridge. 2007 онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн энэхүү гүүр дэлхийн хамгийн анхны дүүжин гүүр гэдгээрээ алдаршжээ.

Хотоос гүүрээр гараад хойд талд нь орших уулан дээрээс зураг авахуулах, гүүрийг болон хотыг ерөнхийд нь харахад нэн тохиромжтой. Хэрэв та хүсвэл “Алтан хаалга” гүүрээр “хоёр зээрдээрээ” болон дугуйгаар ч хөндлөн гарч болно. Мөн “Alcatraz” хэмээх арал руу усан онгоцоор очдог аялал бий. Энэ жижигхэн арлыг алдаршуулсан зүйл нь тус арал дээр байдаг шорон юм. Америкийн гэмт хэргийн ертөнцийн хамгийн дуулиант, хамгийн хүнд, хамгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг энэхэүү арал дээрх “Rock” хэмээх хатуу чанга дэглэмтэй шоронд хорьдог байж. Мафийн “Загалмайлсан эцэг” гэгддэг Аль Капоне, “Автомат” хочит Келли гээд л хар ертөнцийн “хүнд гарууд” энд тодорхой хугацаагаар “амьдарч” байсан гэдэг. Одоо бол энэ шорон жуулчдад зориулсан үзвэр болсон билээ. Дээр өгүүлсэн “Fisherman’s Wharf”-аас Алькатрас арал руу усан онгоц хөлөглөн очдог, цуут шоронг үздэг аялал бий. Мөн “Golden Gate bridge” болон Алькатрас арал орчмоор тойроод ирдэг нь ч байгаа.

Үнэ нь жижиг завиар явбал 10, усан онгоцоор явбал 20 долларын үнэтэй бөгөөд шоронг үзэх үнэ тусдаа байдаг. “Fisherman’s Wharf” бол түм түжигнэж, бум бужигнаж байдаг , жуулчдын очдог гол газар л даа. Бяцхан боомт ч гээд ойлгочихсон болно. Энд очсоноор та далайн арсланг амьдаар нь харж, аквариум үзэж, лааны тосон музейгээр орон алдартнуудтай хамт “патиараа” татуулж, “нисдэг хивсэн” дээр сууж, морин сүйх тэргээр аялж, унадаг дугуй, нарны энергээр ажилладаг бага оврын машин түрээсэлж, хөшөө шиг зогсох элдэв хүмүүстэй гарыг нь бяцхан цайлгаад зургаа авахуулж, хөгжмийн амьд тоглолт сонирхож, хөрөг зургаа зуруулж болно. Бас эндээс Сан Францискогийн ду! рсамж болгон бэлэг дурсгалын зүйл авбал сонголт олон, үнэ хямд. За ингээд Сан Францискод очсон хүн зайлшгүй үздэг гурван гол газарт оччихлоо. Одоо хаачих вэ? Миний бодлоор та энэ хотын бас нэг бахархал болсон “Levi Strauss & Co” компанийн байраар очиж, амжихгүй бол адаглаад даунтаунд байдаг “нэрийн дэлгүүр”-ээр нь орж, ганц хоёр “ориг” жийнс, хувцас авахад гэмгүй шүү.

Мөн энэ хотоос үүх, түүх нь эхэлсэн шоколад амттаны “Ghirardelli”, хувцасны “GAP”, “OLD NAVY” брэндүүд болон “Wells Fargo” банк байдгийг мэдчихэж илүүдэхгүй биз ээ. Мэдээж далайн эрэг дээр очих дургүй хүн гэж хэн байхав. Тэр тусмаа Номхон дөлгөөн далайн усанд нь гар хөлөө дүрж, энэ их далайн цаана Монгол маань, гэр маань бий шүү гэж бодож зогсох ч бас сайхан. Орой нь эргийн элсэн дээр түүдэг гал асаагаад найз нөхөдтэйгээ “буу халж” суусан ч гоё. “Ocean beach” руу та автобус, трамвай алингаар нь ч оччиход түвэггүй ээ. Бас “Golden gate park” гээд манайхны наадмаа хийдэг, элдэв тэмдэглэлт үйл явдлаар “салхинд гарч” мах шарж, тоглож, нааддаг маш том цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрөө өнгөрөөхөд зүгээр. Тэнд өнөөх “Улаан ном”-д орсон бизон үхрийг амьдаар нь харж, зүсэн зүйлийн ургамал, амьтны аймагтай танилцаж болох юм. Амарч, наадаж авсан бол тэндээсээ Сан Францискогийн “Зайсан толгой” дээр гарахыг санал болгож байна. Уг нь “Twin Peaks” буюу “Ихэр оргил” нэртэй ч манайханд ингэж хэлбэл санаанд нь шууд л буудаг юм.

Энэ оргил дээрээс СанФранцискогийн байдлыг бүхэлд нь “тольдож”, уг хотыг эх газартай холбож байдаг дэлхийн хамгийн алдартай гүүрний нэг “Golden Gate Bridge”, томоороо дээгүүр ордог “Bay Bridge” болон бусад гүүрнүүдийг харж болдог билээ. Манайханд бол сонирхолгүй ч гадаадынхны анхаарлыг татдаг нэг зүйл нь “Chinatown”. Ази, Хятад руу аялах цаг зав нь ч юм уу, эсвэл хэтэвчтэй хэдийнх нь бололцоо болдоггүй шар, харууд энд ирээд л Хятадын амьдралыг “амьдаар” нь үзчихнэ л дээ. Хятад гэснээс Сан Франциско бол үнэхээр цагаачдын хот. Хүн амынх нь бараг 40 хувь цагаачдаас бүрдэнэ. Гудамжинд таван хүн явж байхад гурав нь хужаа, нэг нь “амиго” байхаас сийхгүй ээ. Тиймээс ч хэл ус гээд мань мэттэйгээ л ижил “баагийнууд” зөндөө байх болохоор хоорондоо ойлголцоно гэж жигтэйхэн. Зун зургадугаар сард очвол бас нэг жигтэй юм сонирхож болох.

Энэ нь дэлхийн ижил хүйстнүүдийн баяр. Ер нь Сан Франциско бол ижил хүйстэн ихтэй, бүүр тугаа намируулчихсан тусгай дүүрэгтэй, хуулиараа ижил хүйстнүүд гэр бүл болохыг зөвшөөрсөн хот л доо. Тэр “Gay parade” гэдэгт нь энд тэндхийн ижил хүйстнүүд төдийгүй гаж донтой тэдгээр хүмүүсийг үзэл бодлыг нь дэмждэг жирийн хүмүүс ч оролцдог гэсэн. Гэхдээ сониуч хүнд л гэхээс жирийн хүмүүст бол үзэх гээд байх “гоё” зүйл биш ээ. Эсэн шидийн хувцастай, эхээсээ төрснөөрөө ч явж байдаг, элдэв балай зүйл ч үзүүлээд явж байдаг юм гэсэн. Харин тэрэнд орвол жил бүр болдог Америкийн Агаарын зэвсэгт хүчний “Blue Angels” байлдааны онгоцны шоу тоглолтыг үзвэл бахархал, гайхал хоёр зэрэг төрнө дөө. Нээрээ Сан Францискод дэлхийн хамгийн том Азийн урлагийн музей бий. Саятан Эвери Брюндэйж хэмээх буянтай хүн хувийн цуглуулгаасаа 7000 гаруй бүтээлийг хандивлан байж нээсэн энэхүү музейд Ази, Дорно дахины ард түмний урласан эрт эдүгээгийн 17000 гаруй хосгүй бүтээл байдаг аж. Тэдний дунд 6000 жилийн настай ч үзмэр бий. Мөн Монголын уран бүтээлчдийн бүтээл ч бас бий. Үнэхээр бас үзэх хэрэгтэй музейн нэг. Бас нэг хүмүүсийн заавал очдог газар бол Ломбард гудамж. Тахиралдсан уруу энэ гудамжаар явганаар, машинаар ч бууж болно. Сан Францискогийн тодотгол, чимэг болсон л газрын нэг дээ. Энд тэнд явсны дурсгал болон үлдэх ганц “гэрч” бол зураг. Тэгэхээр заавал саатаж , зургаа даруулах газруудыг хэлье.

Мэдээж дээр дурьдсан “Golden gate bridge”, Алькатрас арал, “Fisherman’s wharf”, cable car, сая хэлсэн Ломбард гудамж хавьцаа “кадр” хайрлалгүй патиардуулаарай! Мөн City Hall буюу Хотын захиргааны алтан ганжиртай байшин, Сан Францисгогийн хамгийн өндөр “Trans America” хэмээх пирамид хэлбэртэй барилга, за тэгээд Номхон далайн эрэг, “Зайсан толгой” дээр авахуулахад үнэхээр дурсгалтай шүү! Энэ мэтчилэн дурьдаад байвал барагдахгүй байх. Эрхэм та өөрөө очоод үзээрэй! Мянган удаа сонсохоор, нэг удаа үз! гэдэг дээ. “Хөдөлмөрийн алдарт баатар Хүрээт тэмээчин –манайх” гэдэг шиг домогт бейсболч Бэрри Бондс, америк хөлбөмбөгийн алдарт од, айхтар гэмт хэрэгтэн О.Жэй.Симпсон, нэрт найруулагч, жүжигчин Клинт Иствүд , орчин үеийн бүжгийн “Загалмайлсан эх” Исадора Данкан нарын “унасан газар, угаасан ус”, бичгийн их хүн Марк Твен, Жэк Лондон нарын уран бүтээлээ туурвиж, ажиллаж, амьдарч байсан газар, домогт Брюс Лигийн “хөл дээрээ боссон” хотын тухай хамгийн товчоор өгүүлэхэд энэ. Саатаж тухалмаар сайхан хот шүү, Сан Франциско.
 
 
Энхтүвшин
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2010-05-03, Даваа )
 
< өмнөх   дараах >