МОНГОЛ ЯВААД ИРЛЭЭ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2010-09-10, Баасан
Image 
 
Явсан нохой яс зууна гэдэг шиг л тэвэр дүүрэн сонинтой ирлээ. Яг хаанаас эхэлж бичихээ мэдэхгүй хэсэг хойргонож суув. Монголдоо xэдий бүтэн сар болсон ч гэсэн өдөр гэдэг харвасан сумнаас хурдан өнгөрч, аав ээж, ахан дүүс, хамаатан садан, багын андууд гээд л уулзаж учрах хүн барагдахгүй амрах гэж явсан биш ядаргаанд ороод ирэхийг шахав.

Герман гэлтгүй хаа сайгүй хоёр нарны хооронд сурах, ажиллахыг хослуулан завгүй явсаар нүд ирмэх зуур он жилүүд урсан нэг л мэдэхэд хэн хүнгүй буцах болсон байдаг. Миний анзаарсанаар хаа очиж дийлэнхи монгол залуус маань хэзээ нэгэн цагт заавал нутаг буцна даа гэсэн өөдрөг бодолтой явдагт нь үргэлж баярлаж явдагаа нуух юун. Нэг үеэ бодоход хараар амьдрах нэг нь мөнгөө хураагаад, сураад чадсан нь дипломоо өвөртлөөд, чадаагүй нэг нь гундуухан ч энэ хатуу нийгмийн тогоонд чанагдсаны хэрэг юу билээ, очоод алзахгүй дээ гэсэн урам зориг тээсээр бөөн бөөнөөрөө бүгдээрээ л нутаг буцацгаадаг болсон нь хамгийн таатай мэдээний нэг. Буцаад ирэхэд тосоод авах эх нутгийнхаа талаар төрсөн анхны үзэл бодлоо хуваалцвал дээр юм уу гэж бодлоо. Хүний газар монголынхоо сураг чимээг интернетээр л хүлээж авдаг бидэнд эндүү ташаа ойлгож явдаг ч юм их байна.
 

Дэндүү олон жил хүний нутагт амьдрахдаа өөрсдөө бид хүний хүн болсон байдгаа ч мэддэгүй юм байна.

Юуны өмнө монголдоо хөл тавиад хамгийн эхэнд сонссон баярт мэдээ маань Элбэгдорж ерөнхийлэгч болоод ашигт малтмалын лиценз олгохыг хориглосон зарлиг гаргасаныг олж сонссон явдал. Ойр дотны найз нөхөд, хамаатан садангуудынхаараа айлчлан явж байхад ярианы сэдэвний дийлэнхи нь уул уурхай, алт олборлогч, нинжа, оюу толгой, таван толгой гэх мэт сэдвүүд л байна. Дөнгөж сургууль төгссөн залуучууд хамгийн түрүүнд энэ мэт уул уурхай компаниудад аппли-гаа өгч азаа туршдаг болж.

Мэдээж ашигт малтмалаа тодорхой хэмжээгээр ашиглах нь зүйн хэрэг ч, 2-хон сая хүний хэрэгцээнээс дэндүү давуу олборолт явуулж, газар шороогоо сэндийчүүлж байгаа нь зөв санагдахгүй л байсан.
Муусайн гадаадуудад бүх ашигт малтмалаа алдаж дуусч байснаас өөрсдөө авсан нь дээр ш дээ хэмээн хээв нэг бэлэн хариултаар ам таглачихаад өөх тос даасан мах огтлон суугаа нагац ахыгаа харан зүрхэн тушаа ёг хийлгэв.

Хууль, хүний эрх гээч зүйлс иймэрхүү уурхайнуудад огт үйлчилдэггүй нь түгшүүр төрүүлэхгүй байхын арга байсангүй.
Одоо ашиглалт явуулж буй гадны фирмүүд нь манай шинэ ерөнхийлөгчөөс өмнө олгогдсон лицензүүд юм билээ.

Улаанбаатараас Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Увс, Архангай, Өвөрхангай, Төв зэрэг аймгуудаар аялаж явахад хэдий Байгаль сайтай ч Архангай, Өвөрхангай аймгийн төв гэхэд л сумын төв шиг л өөрчлөгдсөн юм харагдахгүй байхад Увс аймгийн төвийн зам бүрэн хэмжээгээр засварлагдсан, хотын төвийн гэрэлтүүлэг 100% ажиллагаатай, мөн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын гудамжны гэрэлтүүлэг тэр чигээрээ нарны коллектороор ажилладаг, Хатгал, Жаргалант гэх мэт сумуудын хүн амын амьдралын түвшин их л ахиц гарсан дан тансаг тансаг дүнзэн байшингуудад амьдарч байгаа нь зөвхөн мод ихтэй орчинд амьдарч байгаадаа ч биш тухайн аймгийн хүмүүсийн ухамсараас шууд шалтгаалж байгаа нь харагдаж байсан.

Сураг сонсоход Увс аймгийн засаг дарга нь өөрөө зам гүүрийн инженер, аймагтаа асар их зүйл хийсэн хүн гэдгийг энгийн ард түмний амнаас сонсоод, ард түмэн маань ходоодоороо сонгууль өгөхөө больж нэг үеэ бодвол ухамсартай болж, зөв хүнээ гаргаж чаддаг болж дээ гэж бодогдсон.

Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт 100% хятадын хөрөнгө оруулалттай фирм алт олборлолт буруу явуулж байсныг нутгийн 200 гаруй иргэд эсэргүүцэн, буу барин хятадуудтай тэмцэн, үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьсан байна. Ард түмний эсэргүүцлийг аймгийн хяналтын алба нь үл тоомсорлон, хятад фирмийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Зоригтой хөдөлсөн ард бууж өгөхгүй, радио телевизэд хандан, хэвлэлийн бага хурал хийж монголын ард түмний сонорт хургэж , асуудлыг анхааралын төвд тавиж чадсан билээ. Энэ асуудал яаж шийдэгдэх эсэх нь мэдэхгүй ч юутай ч гандаж борлосон царайтай энгийн малчин ард сурч боловсорч монголыгоо гийгүүлэх гэсээр гавьсан юмгүй биднээсээ л дээр ухамсартай хүмүүс юм гэж бодогдсон.


Монголчууд маань түүхээ их сайн сэргээж байна. Алтан ургийн хэдэн хаадаас бусдыг нь дурсдаг ч үгүй байсан нь саяхан.

Гэтэл одоо Ховд аймагт манжийн эсрэг зоригтой тэмцэгч Галдан бошигтийн хөшөө, Хөвсгөл аймагт манжуудаас зүүн гарын хаант улсаа хамгаалан тэмцэн, 81 зоосны нүхээр махаа тасчуулж үхсэн Хотгойд цан Чингүнжавын хөшөөг, Улаанбаатарт төв номын сангийн үүдэнд билгүүн номч Ринчин, 100 манлай улс төрч хэмээх Цэдэнбалын хөшөөг шинээр босгосон байна.

Нэг үеэ бодвол, мэдэхгүйгээрээ мэдэмхийрч юу юугүй хэдэн улс төрчдийнхөө хөшөө дурсгал сүйтгэн, орост монголын худалдсан хэмээн будаг цацаж байсан үеэ бодвол бас л үнэн мөнийг салгаж харах чадвартай болсондоо тэр үү.

Түүхийн ховор нандин номнууд их гарсан байна. Монголын түүхийг бичсэн хамгийн үнэт бүтээл болох пэрсийн түүхч Рашид Ад Диний Судрийн чуулган, Ойрадын Заяа бандид Намхайжамцын тод бичгийн номнууд, Дулдуйтийн Равжаагийн Саран хөхөөн тууж гэх мэт олон сайхан номнууд крилл дээр , монгол хэл дээр хэвлэгдэж гарсан байна. Ер нь хэвлэл маш сайн хөгжсөн байна. Сонголт их болсон болоод ч тэр үү, их дэлгүүрийн 6 давхарт өдөржин өнжсөн ч уйдхааргүй санагдсан.

Бага байхад аав ээжийн найзууд гадаад яваад ирлээ гээд л чихэнд сонсогдоогүй сонин сайхан ярьж өгч алмайруулдаг байсан бол одоо бид эсрэгээрээ Улаанбаатартаа очиж соёлыг гайхан дуу алдахгүй байж чадсангүй.

Гар урлал, бага дунд үйлдвэрлэл маш сайн хөгжиж байна. Нэг үеэ бодоход хүний хөдөлмөрийг үнэлдэг болоод оёдолчин бол оёдолчин, машин засварчин бол засварчин шударга хөдөлмөрөөрөө хангалттай мөнгө олоод машин байр савтай тансаг амьдарч байгаа улсууд ч байна. Хувцас хунар, дээл мээлийг хүссэн загвараараа хурдан шуурхай цэвэрхэн сайхан оёод өгчихөж байна, хөлд угладаг гуталнуудаа үндэсний чимэг оруулаад маш гоё хийдэг болж.
Их дэлгүүрт нэгэн уран зураач залуу зургаа зураад л сууж байх юм. Хүмүүс тэр залууг тойрч шаваад л лав л тэрхэн хооронд нилээн хэдэн зураг зарагдчих шиг болсон. Би ч юугаар дутхав, найзынхаа шинэ байрыг мялааж тэр авьяaслаг хөдөлмөрч залуугаас зураг худалдаж авсан. Заавал нэг нэгнээ шулдаг хуурдаг гэсэн муу муухай нэр огт тохирохгүй байсан.

Байхгүй юм ч гэж алга. Бидний германд хэрэглэж дадсан бүх л юм монголд ороод ирчихсэн байх юм. Хаа очиж монголчууд маань вкyс сайтай хүмүүс юм. Чанарт дуртай ч хүмүүс юм, хаа явсан газраасаа чанартай сайн л бараа монголдоо оруулдаг болсон болохоор сонголт сайн байдаг юм билээ.
Нутагтаа хийж үзээгүй хар бор ажлыг хүний нутагт хийж үзэхдээ л монголдоо бид ингэж ажилладаг бол улс орон минь ямар байхсан билээ гэж анх бодож үздэг билээ.
Монголчууд маань ажилсаг болж. Хаа сайгүй халуун наранд ажрахгүй зам өрөмдөж суугаа шижгэнэсэн залуусыг харахад ажил голохгүй амьдралын төлөө тэмцэх монголчуудаараа бахархах сэтгэл төрж билээ.

Сайны хажуугаар саар яаж дутах вэ. Ойлгоход хэцүү зүйлс ч их байна. Замын ачаалал бол ёстой дэндүү түгжрэл ихтэй. Зун болхоор л хэдэн замаа засварлаад байдаг нь сайшаалтай ч гэсэн замаа засаж буй нэрийдлээр хамаг шороогоо ухаж хаячихаар явган хүнийхээ замыг ер засахгүй юм. Ерөнхийдөө монголд машин тэрэг явган зорчигдидоосоо илүү эрх мэдэлтэй яг л хаан шиг. Ногоон гэрэл асчихаад байхад л ичиж зовох ч үгүй хамар шүргэж шахам өнгөрөөд гарах машинуудыг болдогсон бол дэгээдээд унагачихмаар санагддаг байлаа. Тэсвэр барагдаад өөрөө дунд нь ороод машин бариад явaхаар олон жил очоогүйг ч хэлхүү зам мэдэхгүй, нэг мэдсэн урсгал сөрчихсөн давхиж явна лээ. Хараалын үгсүүдээр хоёр чихээ мялаалгаж аваад л сонсоогүй дүр үзүүлэхээс өөр аргагүй.

Нүх сүв болгонд эрээн мяраан амбаарнууд барьчихсаныг дурдаад илүүц биз. Хот төлөвлөлт гэж юу ч байхгүй болж. Хайран сайхан хотын дүр төрх яайран болж буйд харамсах авч монгол хятад хоёр шиг 5хан жилийн дотор ингэж хөгжиж буй улс дэлхийд өөр хаана ч байхгүй юм шиг.

Шинэ хорооллуудаар нь автобусны шугам бараг байхгүй. Такси барих гээд зам дагаад зогсохоор түгжрэл ихтэй гээд таксинууд нь явдаггүй юм байна. Хаа очиж дуудлагын таксинууд ямар ч хурдан шуурхай хүрээд ирдэг юм. Утсаар захиалангуут 5 минут 30 секундын дараа таны такси очино гэхэд нь золтой л муужраад уначихсангүй. Хэзээ байтлаа монголчууд минут секундээрээ ярьдаг байлаа даа. Яах нь уу гээд цагаа хараад хүлээтэл яг цагтаа ирж байвал яах уу? Харин ойр зуур газар алхсан нь хамаагүй хурдан.

Хэдэн найзуудтайгаа уулзахдаа санаатайгаар гадаадууд ордог том restaurant PUB хослосон газар орж үзлээ.Тэгтэлээ халаглахаар хар шар толгойтнууд дагаж гүйж яваа охид нүдэнд ер туссангүй.

Загвар өмсөгчдөөсөө сайхан охид зөндөө харагдсан. Гоё сайхан охид нь зиндаархуу харагдаж байна. Гадаад дотоодын жуулчин дагаж гүйхээр харагдахгүй байна. Зиндаархуу болохоороо загвар өмсөгч гэдэг хэн нэгнийг л салгасан хэрэгт орооцолдож явдаг муу нэрийг зөөж явахыг ч хүсдэггүй ч юм уу хэн мэдлээ.

Жуулчид нь ихэвчлэн группээрээ ганц л орчуулагчтай явж харагдсан. Урд урдны жилүүдийг бодход жуулчид маш их ирдэг болж. Хөдөө гадаагаар явж байхад үүргэвч үүрсэн шар толгойтнуудаас их юм алга. Үгүй яахав, жуулчлал хөгжөөд сайхан байх авч соёлгүй гэмээр жуулчид ч таарч байлаа. Цэнхэрийн халуун рашаанд алжаалаа тайлаад хэвтэж байтал хэдэн солонгосууд ирсэнээ шууд шороо тоос болсон хувцастайгаа ус руу яваад орчих юм. Хажууд нь өөр хүмүүс усанд орж байгааг анзаарах ч сөхөөгүй хэдэн хүүхдүүдтэйгээ инээлдэж хөхрөлдөөд их маадгар. Ус ингэж бохиртуулж болохгүй та нар усанд ормоор байгаа бол ядаж усны хувцас өмсөж сур гээд тэсэлгүй хэлээд л авсан.

Юутай ч олон жил гадаадад байж байгаад ирсэн хүнд мэдэхгүй танихгүй нийгэм болсон байна. Нийгмээ мэдэхгүй ажиллаж ажиллаж хурааж ирсэн мөнгөө бизнeст оруулаад шатсан хүмүүс олон байна. Тийм болохоор монголын талаар аль болох бодит мэдээлэл авч, болж өгвөл бүр мөсөн нутаг буцахаасаа өмнө монголдоо ирж төсөөлөлтөи болж авах, ирээд шууд том бизнeс эхлэхгүй, судалж нийгмээ мэдэх таниж байх нь чухал юм шиг санагдлаа.

Атилла
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-17, Баасан )
 
< өмнөх   дараах >