Манай орцныхон PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2011-02-01, Мягмар
Image 
 
Тээр жил, хэдэн жилийн ойгоор ч билээ, нэг сонин дээр “Манай сумынхан” бил үү, цуврал явсныг санаж байна. Гол санаа нь манайхан гэж ийм алдар цуунд хүрсэн, сайхан улс гэж сумаасаа төрсөн мундагчуудыг магтсан, бодвол хүүхэд залуусыг өссөн төрсөн нутаг усаараа бахархах сэтгэл төрүүлэх зорилгтой байсан юм болов уу даа?Үүний хажуугаар одоогийн улс төрийн лидерүүд голдуу, бас шоронгоор явсан атаманууд цөөдүү бүлэг улсын хэлж бичих нь дөч, тавин мянгат гэж хотод ганцхан соёлтой, боловсролтой газар байсан, тэд л бүх гэгээлэг зүйлийг хийж хотжуулсан гэх.

Юу хэлэх гээд байна вэ гэхлээр дээрх хоёр сурталчилгааны дүнд Монгол улс гэж хөдөө хээр төрсөн бөх, уяач, яруу найрагч, морин хуурчид буюу уламжлалынхан, дөч тавин мянгатад амьдардаг, хотын соёлыг оруулж ирсэн,  гитар дардаг, цагаан өмд өмсдөг, уур нь хүрэхээрээ зодолддог, зарим нь шоронд ордог хэд буюу шинэчлэлийнхэн гэсэн хоёр хэсгээс бүрдсэн, тэр хоёрын дунд юу ч байхгүй гэсэн нэг ойлголт бий болчоо юу даа?

 

Уг нь ч Улаанбаатарын бусад хэсэгт, аймгийн төвд бас хүмүүс амьдардаг, улс эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулдаг л байлаа л даа. Тэрийг нь харин хэлж бичих хэрэгтэй юм бол уу гэж бодоод өөрийнхөө орцныхны тухай дуртгал өгүүлэх санаатай, далимд нь бас бага насаа дурсаад авъя, эрхэм уншигч, идэвхтэн бичигч та цуврал болгоод цааш нь үргэлжлүүлэх эсэхээ өөрөө мэднэ биз ээ.

Манай байр гэдэг 5-р хороололд, Улсын Цирк, Тээвэрчдийн соёлын ордон хоёрын дунд орших цэнхэр алаг 13-р байр гээч билээ. Юм гэдэг хурдан өөрчлөгддөг хойнодоо одоо бол, Улсын цирк биш АСА цирк, Тээвэрчдийн соёлын ордон биш Меркьюри зах, цэнхэр алаг биш цэгээн цайвар байр гэж шилжүүлж ойлгоорой.

Манайх гэдэг айл энэ байрны 4-р орцонд байсан, байсан ч гэж, ээж маань одоо ч тэндээ амьдарсаар байгаа юм аа. Социализмын үед айл барагтай бол нүүнэ гэж байсангүй, тийм учраас хөршүүд гэдэг хэчнээн ч удаан айл саахалт явдаг байсан юм мэдэхгүй, гол нь нэгнээ мөн ч сайн мэднэ дээ.

Алаг 13 бол 5 давхар, давхар болгондоо гурван айлтай, орцныхоо арван таван айлын тухай юу санаж байгаагаа хэлхэх гээд үзье дээ. 44 тоотоос, нэг давхраасаа эхэлнэ ээ.

44 тоотод Монголын гэрэл зургийн мундагчуудын нэг (тухайн үедээ номер нэг зурагчин байсан байх) Гомбожав гуайнх суудаг байлаа. Гомбожав ах дандаа дугуй унадаг байсан, гэргий нь Тунгаа эгч. Гомбожав ахын олон мундаг зургаас их эрдэмтэн Ринчений фотонууд мөн содон сон. Гомбожав гуай өөрөө тэр их хүнийг шүтдэг, зургийг нь бусад улс айгаад авдаггүй үед, янз бүрээр сайхан авсан, бас хүүхдүүдийнхээ нэрийг хэрхэн өгөхийг ч их эрдэмтнээс асуусан гэж ярьж байсан. Гомбожав ахын аавын нэр Р-ээр эхэлсэн, Тунгаа эгчийн ээжийн нь нэр Н-ээр эхэлсэн болохоор хөвгүүдэд нь дан Р-ээр төгссөн, охидууд нь дан Н-ээр төгссөн нэр хайрласан гэдэг. Тийм учраас тэднийх Амар, Идэр, Шижир, Санчир гэдэг 4 хүүтэй, Булган, Номин гэж 2 охинтой айл. Шижир нь надаас хоёр ах, Булган нь хоёр дүү байсан юм. Байсан ч юу байх вэ дээ, ах нь ах хэвээрээ, дүү нь дүү хэвээрээ л байлгүй хаачив гэж. Шижир одоо орос эхнэртэй болсон, хойно амьдардаг гэнэ лээ. Хөлбөмбөг тоглохоороо захаар аваад л зогсолгүй гүйчихдэг хүүхэд байж билээ. Эднийхнээс хожмоо миний хамгийн их уулзсан нь бараг мэргэжил нэгт гэж хэлж болохоор Санчир дүү нь. Хорвоо гэж жижигхэн болохоороо яаж яваад таарсныг нь мэдэхгүй, миний Багшийн дээдийн нэг ангийн дотно анд Булганы Буянзаяа маань Санчиртай нийлчихсэн, “Дээдсийн амьдрал” сонин гаргаж байсан шүү.

45 тоотод манай найз Энхбатынх байлаа. Энхбатын ээж Тэрбиш эгч их эмч байсан. Аав нь их дээр өнгөрсөн бол уу, мэдээ ороход л лав байгаагүй. Энхбат нэг их олон эгчтэй, олон хүргэн ахтай байсан. Хүргэчүүл дотор нь цагдаа ч байсан байх, гал сөнөөгч ч байсан байх. Утас нь манайхтай салаа. Салаа утас гэхээр одоогийн хүүхдүүд ойлгохгүй гайхаж магадгүй. Хоёр өөр айл мөртлөө дундаа нэг утастай гэсэн үг. Энхбат бид хоёр ч харин ёстой нэг зодолдохдоо зодолдож, тоглохдоо тоглож хамт өссөн дөө. Зун байрны бүх айлууд зуслан гараад явчихна, манай хоёр л үлдэнэ, Энхбат бид хоёроос өөр хүүхэдгүй болчихдог байж билээ. Тэгээд хоёулаа Зайсан толгой, Хүүхдийн парк, Дунд гол гээд тэнэж өгнө дөө. Их олон хочтой манай Энхбат, дээрэмчин, бандит, Румцайс (Румыны тийм хүүхэлдэйн кино гардаг байсан юм), бурнааш өөр юу юу ч билээ, мартаж. Гадагшаагаа урсах зах зээлийн хөдөлгөөнөөр мань Энхбат бас Солонгос явж ажилласан, хамгийн харамсалтай сэрээний үйлдвэрт ажиллаж байгаад баруун гарынхаа дөрвөн хурууг угаар нь хяргуулчихсан ирсэн дээ.  Энхбатын Энхбаяр гэж дүү нь ингэхэд хаана явдаг юм бол оо?

46 тоотод, Хамаргүй эмээгийнх байлаа. Хүүхдүүд бид хоорондоо хамаргүй эмээ л гэж ярихаас, нэрийг нь ч мэддэггүй байж дээ. Партизаны гэргий байсан юм гэнэ лээ. Хамаргүй эмээгийнд яг хэн нь хэнийхээ ах дүү гэдгийг нь хэлж мэдэхгүй нэлээд хэдэн ах эгч амьдардаг байснаас циркэд ажилладаг Чоймбол ах гэнэт мундаг йогчин болчхож билээ. Бүр хадаасан дээр хэвтдэг, гал залгидаг, үнэхээр жинхэнэ сайн йогчин болсон гээ. Байрныхаа урд талын талбайд бид төмөр хаалга тавиад хөлбөмбөг тоглодог байсныг Чоймбол ах хажуугийн төмөр хашаатай нийлүүлж гагнаад хаашаа ч хөдлөхөөргүй болгож өгч байж билээ. Үгүй бол хөлбөмбөгийн хаалга, сагсны самбар мэтийг өөр байрныхан ирээд хулгайлаад аваад явчихдаг байсан юм. Ямар сайндаа л “хулгайчийн байр” гэж нэртэй байр хүртэл байх вэ дээ. 46 тоотын эмээгийн нэг охин Нэргүй эгч яслийн багш, миний том хүү ангид нь нэг улирал сурч байсан.

47 тоот, манай хажуугийн айл бол Лувсанноров гуайнх. Лууяа гуай мундаг хүн шүү. Мундаг гэдэг нь бүх талаараа мундгийг хэлж байна. Эрхэлж байсан ажил нь том оо том, Төв хорооны боловсон хүчин байсан юм. Ажлынхаа хажуугаар судалгаа, хийдэг, Монголын хүрлийн үеийн тун сайн цуглуулгатай, түүгээрээ ном ч гаргачихсан эрдэмтэн гэж байгаа. Сүхбаатар аймгийн хүн, тэндээс төрсөн олон том эрдэмтэн, зохиолч нар Лувсанноров гуайн шавь нар юм билээ. Намайг багад өглөө болгон гүйж, дасгал хийдэг сэн, хэвээрээ бол уу? Сахилгагүйтэж тоглож байж загнуулах вий гэж хүүхдүүд бид Лууяа гуайгаас их айдаг сан. Байрны дарга, тийм зарчимч хүн байсан юм. Орц, байраа цэвэрлэнэ, бүгд гар гэх мэтээр шаардана гэж жигтэйхэн. Одоо бол харин би Монгол явах болгондоо Лувсанноров гуайд ганц шил виски барьж очдог.  Хамгийн сүүлд Лувсанноров гуайн хүрлийн цуглуулгын тухай нэг ном, бас Сүхбаатар аймгийн зан заншил, ардын мэргэдийн ур ухааны тухай өөр нэг ахмад багштай бичсэн нэг сайхан ном хоёрыг нь Конгрессийн Номын санд бахархалтайяа дурсгал болгон өгсөн. Орцонд маань цөөхөн хэдэн айл л хэвээрээ үлдсэн, нэг нь Лувсанноров гуайнх.

48 тоот нь манайх. Ээж, ах, эгч нарынхаа тухай дэлгэрэнгүй бичих нь сэтгүүлзүйн зарчимд нийцэхгүй, мэргэжлээ ашигласан хэрэг болох байх, алгасъя даа.

49 тоотод бас нэг эмээ байсан юм. Аанай л нэрийг нь мэддэггүй ээ. Манай хажуугийн эмээ л гэнэ, байрны хүүхдүүд болохоор “танай хажуугийн эмээ” л гэнэ, ингээд л бол оо. Хүмүүжилтэй болоод тэгдэг байсан юм уу, анхааралгүй гэнэн болоод тэр үү, настай хүнийг нэрээр нь хэлэлгүй явсаар байж, мэдэлгүй хоцорчих юм гээч. Хажуугийн эмээ хөргөгчгүй болохоор манайд махаа тавьдаг байв. Юра гэж бөгтөр нуруутай нэг хүүтэй байсан нь өнгөрчихсөн. Нэг өдөр өглөө сэрээд хэвтэж байсан, ээжийн “Хөөрхий эмээгийн Юраг эмнэлгээс гаргачихаж, эмчилгээгүй гэсэн гэнэ ээ” хэмээсэн үг сонсогдоход амьдралдаа анх удаа тийм өвчин байдаг тухай сонсоод маш их цочирдож байж билээ. Эмнэлэг, эмч гэж бүхнийг дийлдэг гэсэн дуу шүлгийн ухуулгаас анх удаа өөр юм сонссон нь тэр юм уу даа. Одоо бол эмээ ч, Юра ч байхгүй. Хажуугийн эмээ бас нэг партизаны гэргий байсан гэдэг шүү.

50 тоотод Жамц гуай гэж бас нэг даргынх сууна. Уг нь Жамц гуай биш, Жамц ах гэх ёстой байх, учир нь манай ээжтэй нэг сумын, бүр нэг ангийн хоёр юм гэнэ лээ. Ховд аймгийн Дарви сум л даа. Даанч, Жамц гуай Германд элчин сайд байсан байх аа, бас өөр ажил гээд гадаадад олон жил ажилласан, тийм болохоор өөрийг нь ч ах гэж хэлэхээр болоогүй, хүүхдүүдийг нь ч танихгүй, тэдний байранд бодвол хамаатнууд нь байлгүй, байсгээд л өөр айл нүүж ордог байсан юм.

51 тоот буюу манай дээд айл бол хуучны том дарга нарын жолоочоор насаараа ажилласан хөгшнийх. Тэтгэвэрт гартлаа Майдар даргын жолооч байсан гэсэн. Гучаад оны үеийн жолооны үнэмлэх гэж монгол бичгээр бичсэн, томоо баярын бичиг шиг сонирхолтой баримт байдгийг тэднийд би үзэж байлаа. Одоо охин Оюунгэрэл нь хадгалж байгаа байх. Оюунгэрэл охин нь 6-р сургуульд манай Нандиа эгчтэй нэг ангид сурч байсан найзууд юм. Оюунгэрэлийн ээж нь ятгачин бил үү, шанзчин бил үү, төв театрын сайн хөгжимчин байсан гэнэ лээ. Намайг мэдээ ороход бол хоёр хөгшин л байсан даг.

52 тоотод Сувданхүү эгчийнх сууна. Сувданхүү эгч цэцэрлэгийн багш байсан байх аа. Самбуу гэж надаас нэг дүү хөөрхөн хүү байсан нь дунд сургуульд багадаа өнгөрчихсөн юм. Цэнд гэж охин нь манай талийгаач ахтай нэг анги байсан, сүүлд Багшийн дээд төгссөн. Том эгч нь Дууяа гэж байсан. Нэг өдөр хичээлээ тараад ирж байтал Сувданхүү эгч цонхоороо дууддаг юм байна. Ортол сайхан ногоотой шөл хийж өгөөд, миний хүүтэй жаахан тоглочихооч гэж гуйж билээ. Самбуу тэгэхэд гадаа гарахаа больчихсон, ер нь л тодорхой болчихсон байсан юм билээ. Хөөрхий ээж нь хүүтэйгээ намайг гуйж тоглуулсан нь учиртай байсныг хожим л ойлгосон. Сувданхүү эгчийнх манайд  түлхүүрээ тавьдаг байв. Хажуу эмээгийнх махаа тавина, дээд айл түлхүүрээ тавина, бодоод байхад манайх гэж дандаа хүн байдаг, найдвартай айл байж л дээ. Одоо ер нь айлууд нэгнийдээ түлхүүрээ тавьдаг бол уу, тавибал азны юм гээд л зөрж ороод ухчих бол уу?

Дөрвөн давхар луу гараад ирэхээр манай найз Сайхнаагийнх байна. Сайхнаагийн аав бас том дарга байлаа. Худалдаа үйлдвэр хавьцаа л нэг яамны дэд сайд байсан санагдах юм. Бас гадаадад хэдэн жилээр явчихдаг байсан. Сайхнаа харин том даргын хүүхэд гэхэд бидэнтэй хөлбөмбөг, лафта тоглож, хутгалдан өссөн хүүхэд. Тухайн үед ихэнх даргын хүүхэд гадаа бараг гардаггүй, орос сургуульд явдаг, салангид өсдөг байсан болоод Сайхнааг тэгж онцгойлж хэлээд байна. Энэ жил зун, нутагтаа амарсан, орцныхоо үүдэнд Сайхнаатай таарсан, Лувсанноров гуай, Гэрлээ эгч, манай Сайхнаа гээд хуучуул маань орцондоо байх ч бас л сайхан юм билээ шүү.

Дөрвөн давхрын голын хаалганд олон айл солигдсон байх аа, нэгийг нь ч яг тэднийх гэж санадаггүй шүү.

55 тоотод Батбилэг гэж найзынх маань суудаг байлаа. Аав ээж хоёр нь гэж нэг их сайхан өндөр, гоё гэж хэлэхээр хос байсан юм даг. Яг юу хийдэг байсныг нь мэдэхгүй юм байна. Батбилэг, түрүүний хэлсэн Энхбат хоёр хоёулаа зурдаг, нэг удаа Дүрслэхийн дундад хамт шалгалт өгөөд, маргааш шөнө нь бид гурвуул явж оноог нь харж байж билээ. Батбилэг тэр жилээ тэнцээгүй, харин дараа жил нь орчихсон байсан. Бат-Эрдэнэ гэж дүүтэй, сураг сонсох нь хоёулаа Германд байдаг гэнэ лээ. Тэр хоёр хоёулаа хөлбөмбөг тоглодоггүй байсан, ер нь бол сагс, волейбол, шатар, даам олон өөр юм тоглодоггүй байсан байх, гол нь хөлбөмбөг тоглодоггүй гэж онцлохын учир нь манай байрны хувьд бол эрэгтэй хүүхэд хөлбөмбөг тоглохгүй байна гэдэг тун өвөрмөц сонин баримт болох учраас тэгж хэлээд байна л даа.

56 тоотод хоёр орос хөгшин байсан, местний орос байсан юм байх аа даа. Яг тэдний хажууд байшингийн чердак руу гардаг шат байсан, чимээ гаргалгүй, сэмээрхэн гараад чердакан дээрээ тоглодог байсан сан. Унаад үхвэл яана, бас л осолтой тоглодог байж дээ.

Таван давхрын голын хаалганд бол манай орцондоо байтугай манай Монголдоо элит айл амьдардаг байлаа. Нэрт хөгжмийн зохиолч Зундуйн Хангалынх. Хангал гуайг хэн болохыг тайлбарлах ч хэрэггүй. Гэргий нь Ягаанцэцэг эгч, Монгол улсын гавьяат жүжигчин, циркчин хүн. Циркийн оройгоос эгц доошоо улаан дарцаг хийсгээд, араас нь сум адил шумбан шүүрдэг номер нь ч мундаг шүү. Ягаанцэцэг эгч одоо АНУ-д циркийн сургуульд багшлаад, маш амжилттай яваа, бас нөхрийнхөө уран бүтээлийн үдэшлэгийг ч зохион байгуулах гэж байна. Тэр хоёроос төрсөн хүү нь Булган, Харанга хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, харамсалтай нь аав хүү хоёр өнөөдөр та бидний дунд байхгүй. Манай байрны хүүхдүүд циркэд бол өдөр бүр шахуу бултаж орж үздэг, номеруудыг нь цээжилчихсэн байдаг байв. Заримдаа хүүхдийн баяр зэргээр харин бултах хэрэг байхгүй, Ягаанаа эгч циркийн үүднээс даллаад л дуудахаар нь гүйгээд очиход, үнэгүй оруулж өгдөг байж билээ.

58 тоот буюу хамгийн сүүлчийн айл бол том тэрэг барьдаг Санжаасүрэн гэдэг байх аа, жолоочийнх. Санжаасүрэн жолооч бас барилддаг, аймгийн цолтой бөх байв. Зурагтаар гардаг том барилдаануудаар хоёр бол найдвартай даваад л байдаг байсан. Том охин Хүрлээ нь манай эгчтэй нэг анги, тэгээд Оюунаа гэж охин, Буудай гэж хүү, бүр бага нь хэн билээ дээ, нэг хүү байсан. Том залуус болоо байлгүй дээ.

Одоо ингээд эргээд бодохоор их л сонин юм. Ганцхан орцны 15-хан айл дундаа, хэдий хөдөө сумынхан биш ч гэлээ бөхтэй, партизантай, дөчин мянгатынх биш ч гэлээ хөгжмийн агуу зохиолчтой, сайдтай, за тэгээд тухайн нийгэмдээ хүч ухаанаа зориулж байсан нам төрийн дарга, эмч, сувилагч, номын худалдагч, мэргэжлийн зурагчин, жолооч, циркчин, яслийн багш, рок хамтлагийн хөгжимчин, элчин сайд, бүгд л байсан байх юм.

Насны эрхээр, бас цэл залуугаараа хорвоог орхисон нь ч байна, энх тунх хөдөлмөрлөсөөр яваа ахмадууд ч байна. Даяаршлын хөдөлгөөнийг дагаад Монгол, АНУ, Орос, Герман, Солонгост амьдарч яваа нь байна. Үр хүүхдүүд нь хаана, ямар гавьяа байгуулж явааг, бас зарим нь ямар хэрэг мандуулж явааг ч хэлж мэдэхийн аргагүй.

Эргээд байраараа очиход 37-р бааз Далай ээж зах болчихсон, Монументаль чимэглэлийн үйлдвэр бас нэг гял цал юм болчихсон, хөгжил гэдэг сайхан мэт бодогдовч нөгөө талаас хөлбөмбөг тоглож өссөн орос гуравдугаар сургуулийн сайхан талбайг маань өмлөн цөмлөөд, үзэмж муутай, олон давхар барилга барьсныг харахад элэг эмтэрмээр. Өндөр байшинг хөгжил гэх үү, үр хүүхдийнхээ төлөө тоглоомын талбайг нь хадгалж үлдэхийг хөгжил гэх үү?

Чанагш юм бүхэн улирч одно гэдэг боловч сайн сайхан бүхнээ хадгалаад, ихийг бүтээсэн ахмадуудаа эргэн дурсаад, залуустаа харин гэгээн сайхан ирээдүйг бэлэглэхийг хичээгээд, нам намаараа багаахан талцаад, үе үеэрээ өчүүхэн салаад, эргэх амьдралын тойрогт шүтэн барилдаж амьдрах сан даа.

 

М. Саруул-Эрдэнэ (МонЦамэ)
Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн Sarangoo, 2011-02-08
Yamar goi dursamj ve? Baga nas mini nydnii umnuur guigeed garlaa. Yamar goi ssanagdaj bna geech? Manaix 40,50.000-iin ail. Odoo ch 40.000 tsirkiin urd ikh delgyyrin baruun urd usan orgiltei bairandaa bgaa.Ter yeiin amidral neeree yamar goi bsan yum be? Manaix dandaa dood aildaa tylxyyree yldeedeg bsan. Odoo tiim yum gej baixgui. Xaramsaltai, muuxai yum aa. Za za ingeed bykh 40.000 50.000 -iin niit xymyyst az jargal xysie
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2011-02-13, Ням )
 
< өмнөх   дараах >