Сан Францискод НААДАМ сайхан болж өнгөрлөө PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2011-07-05, Мягмар
Image 
 
Фото зургийн эх сурвалж: www.zamdaan.com
 
Бямба гарагт Сан Франциско хотын Голден Гэйт цэцэрлэгт хүрээлэнд Бэй Аэриагийн мянга таван зуу гаруй монголчууд хуран цугларч баяр НААДАМ-аа ёслол төгөлдөр тэмдэглэн дэнж хотойтол сайхан наадлаа. Үндэсний дээл хувцасаараа зүлэг ногоон талбайг өнгө чимэн алагласан наадамчин олон энэ өдөр эрийн гурван наадмаа хийж монгол Наадмын золбоо хийморийг америкийн баруун эрэгт арван дөрөв дэх удаагаа өндөрт өргөв. Наадмын талбайд соёмбот тугаа залан мандуулахаар БАМХ-ны анхны тэргүүн Ш.Баатар, урд жилийн наадмын түрүү бөх ОУХМ А.Болдсүх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, Худалдааны тэргүүний ажилтан, алдарт эх Т.Нарантуяа. Албани хотын шилдэг сурагч З.Амуунаа, Америк дахь монгол оюутан залуусын холбооны тэргүүн Д.Жанцанхорлоо нар гарч ирж энэхүү хүндтэй үүргийг биелүүлснээр америкийн монголчуудын 2011 оны анхны НААДАМ ийнхүү эхлэв. БАМХ-ноос тусгайлан урилга явуулсан дагуу Сан Франциско хотын захирагч, ноён Эдвин М.Ли тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж наадамчдад баяр хүргэж манай наадмын хөтөлбөрийг сонирхон үзсэн нь энэ жилийн олон онцлог үйл явдлын нэг байв. Баярын талбайд Бэй Аэриагийн Монголчуудын "Бэй Аэриа МЖЛ" студийн хийсэн цуврал сурвалжлагын нэг , хоер, гурав дугаар хэсгүүдийг тухлан үзээрэй.
 

Бэй Аэриагийн Наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 хүчтэн зодоглосноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Увс аймгийн арслан Х.Цагаанбаатар торолгүй тав давж түрүүлэн энэ жилийн түрүү бөхөөр тодорсон бол Өвөрхангай аймгийн заан Өнөржаргал үзүүрлэж шөвгийн дөрөвт залуу бөх Ё.Отгонбаяр, Чагнаадорж нар шалгарлаа. Хүүхдийн барилдааны бага насанд О.Итгэл түрүүлж Ү.Энхбаатар үзүүрлэсэн бол дунд насанд Ж.Дүвчин (Улсын Харцага Жавхлантөгсийн хүү) түрүүлж М.Төгөлдөр үзүүрлэлээ, 14-16 насанд М.Дөлгөөн түрүүлж Ц.Амирлан үзүүрлэлээ. Хүүхдийн барилдааны шагналыг Албани хотын ах дүү Д.Мөнхбат, Д.Мөнхбаяр нар хоёр дахь жилдээ дааж ивээн тэтгэсэнд баяр хүргэе. Мөн бага насны хүүхдийн барилдааныг чөлөөт бөхийн "Хангарьд" клуб ивээн тэтгэж унадаг дугуйгаар шагнав. Тав даж түрүүлсэн Х.Цагаанбаатарыг Наадамын комиссоос 42" Panasonic ТВ, 4 давж үзүүрлэсэн аймгийн заан Өнөржаргалыг 32" Panasonic TВ-ээр байлсан бол түрүү бөхийг Албани хотын Ч.Ариунболд $1000-оор, Ганзориг $100-оор мялааж баярлууллаа.

Баяр наадмын бас нэгэн чимэг болдог хүүхдийн хурдан дааганы тэмцээнийг жил бүр хариуцан зохион байгуулдаг ёсоороо Ж.Бат-Очир маань өөрийн гараар урласан 25 даагаа "хөтлөн" ирж хүүхдүүдээ урладуулхад айргийн тавд Эрдэнэцогтын Билэгт, Эрдэнэбилэгийн Оогий, Төмөрчөдөрийн Боорж, Баяржавхлангийн Намуун, Батбилэгийн Жессика, Майлклын Томас нарын хүүхдүүд орж ирж энэ жилийн баян ходооны даагаар Эрдэнэхүүгийн Хансүлд тодорлоо.

Наадмын баярын хөтөлбөрт урлаг соёл спортын олон авъяастан оролцлоо. Тухайлбал Бэй Аэриад суугаа ардын урлагын хамтлагын бүжигчид Өлзий, Оюунцэцэг, Алтанзаяа, Сугармаа, Сэлэнгээ, З.Амартүвшин ахлагчтай "Хөх Монгол" рок хамтлаг, "Би Монгол" сургуулийн СТА Батзориг багштай хүүхдийн бүжгийн хамтлагын охид ,дуучин Өнөрбаатар, Батхуяг, морин хуурч Оргилсайхан, Дамдинхүү, Балдандорж, хөгжимчин Туул, Энхтуяа, Цэрэнлхам, Нарантуяа, уран нугараач охид Хулан, Хүслэн нарын олон авъяастнууд хуран цугларсан олны талархалыг хүлээсэн тоглолт үзүүллээ. Наадмын талбайд Д.Жанцанхорлоо тэргүүтэй Монгол оюутан залуус, "Дашаа Доожо" дэвжээний тамирчин хүүхэд залуучууд даан авч ажилласан бол пастор Отгонбаатар ахлагчтай Христийн Эммануэл төвийнхөн наадмын талбайг бүрэн цэвэрлэх энэ ажлыг сайн дураараа хоёрдахь жилдээ хариуцан гүйцэтгэлээ. Наадам бэлтгэн тэмдэглэх нөр их ажилд сэтгэл зүгтэл гарган оролцсон "Цонхны" Мягаа, Жавхаа, Баяраа, Сан Франциско хотын Бор, Эрдэнэбат, Марал, МЖЛ констракшн компанийн Алтангэрэл ахлагчтай барилгын хамт олон, тайзны заслыг хариуцсан Оакландын шалны Эрдэнэбат, Эл Серрито хотын Ариунболд, Өлзий, хаалга чимэглэлийг хариуцсан Чулуунсүх, Энхжаргал, Цэрэнсамбуу, Баяраа, наадмын төв асарын тайзны зураг дизайныг гаргасан Бат-Энх, оройн үдэшлэг цэнгүүний даатгалыг хийсэн Б.Ууганцэцэг нар болон зохион байгуулах ажилд сэтгэл гарган туслаж хандив дэмжлэг үзүүлсэн нийт хүмүүстээ нийт монголчуудынхаа өмнөөс гүн талархал дэвшүүлье!

Хандив туслалцаа үзүүлсэн хүмүүсийн нэрийг дараах линкээр орж хараарай.
http://zamdaan.com/index.php?option=com_content&view=article&id=555:-2011-&catid=11:2008-10-30-20-32-45&Itemid=4Та бүхнийг Moнгол Наадмын хийморь хэзээд ивээж явах болтугай, баярлалаа!

Баяр Наадмын талбайд хийсэн фото сурвалжлагыг дараах линкээр орж үзэж сонирхоорой. http://s941.photobucket.com/albums/ad251/zamdaan/Naadam%20Festival%20San%20Francisco%202011/?albumview=slideshow

Б.Балдангийн авсан зургуудыг дараах линкээр үзээрэй. http://bitwrx.org/unicavipera/hybrid_essence.php?link=downloads.image_naadam_2011



Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
Замдаан сэтгүүл

zamdaan.com

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2011-07-19, Мягмар )
 
< өмнөх   дараах >