ХАЙР PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2011-08-21, Ням
Image 
 
Сэтгэлийн минь мухарт халуу төөнүүлэн эрхэмсэг оршдог нэгэн дурсамж бий. Цаг үргэлж сэдрээд байдаггүй ч хаа нэг амттайхан бодол нэрүүлж, эртний дуртгал амилуулдаг энэ мэдрэмжийг хүмүүс анхны хайр гэлцдэг. Алдаа оноог нь дэнсэлж үл мэдэх атал алдуурсан тэмүүлэл, оргилсон хайраар жигүүрлэж асан гэнэн хонгор насны гэрч. Гэгээн догдлол, гэмгүй ичингүйрэл, бас бяцхан гуниглал. Өөрт захираг дахгүй, өрөөлийн үгэнд бүр ч орохгүй зоргоороо, дураараа эрх чөлөө. Анхны энэ мэдрэмж давтагддаггүй болоод тэр үү, эсвэл дахиад тэгж хайрлаж чаддаггүйдээ ч юм уу, анхны хайрын дурсамж хүн болгоны сэтгэлийн гүнд тодхон үлддэг.
 

Зуны намуухан үдэш, хөл дор навчис шажигнасан намрын налгар орой, цас бударсан өвөл, бороо зүсэрсэн хавар… жилийн дөрвөн улирал хайрын түүх хүүрнэж байдаг. Сэтгэл гэгэлзүүлж, дурсамж хөглөх тэр торгон агшнууд тэртээх өдрүүдийг нэхэн сануулдаг… Хайр хэмээх дөрөвхөн үсэгтэй “үнэн”-д зүрхээ өгөөгүй хүн хорвоод ховор атал тэр сайхан хайраа хайрлаж, үнэнч үлдэж чадсан нь цөөн. Тиймдээ ч анхны хайрын түүх гэгээн гуниг, хожуу ухаарал тээсээр дурсамж хэмээх авдарт хавдарагдан үлддэг биз ээ. Өдгөө дурсамжийн эзэд амьдрал хэмээх хөлөг онгоцонд хэдийнэ сууж, тус тусынхаа замаар аялж явна. Нандинаас нандин дурсамжтай холбоотой болоод тэр үү, “Нөгөө тэр чинь тэнд тэгж явна гэнэ ээ” гэсэн яриа сонсогдоход хэзээний хөндлөнгийн хүн болсон хэрнээ л тийм хүн ч биш дээ хэмээн сэтгэлдээ өмөөрнө.

Сайн явбал сэтгэл амарч, саар яваа сураг сонсогдвол хэсэгтээ тавгүйхэн явах нь бий. Хайрын сэтгэлээр биш, дотнын андын журмаар хаа холоос сураг тавьж, зөвхөн сайныг л ерөөдөг. Хүний амьдрал хүрд адил эргэлдэж, нэг л мэдэхэд насны намар ирнэ. Нандинаас нандин дурсамжтайгаа бид нэг л өдөр хорвоогоос буцна. Хэзээ хойно, арав, магадгүй 20, 30, 40 жилийн дараа анхны хайрын эзэнтэйгээ хаа нэгтээ тааралдахсан. Эмээ өвөө болсон хойноо нандин дурсамжаа хуучилж, бага залуу насаа, гэнэн томоог үй үеэ дурсвал сонин байх байх даа. Хэзээ ч мартагддаггүй жирийн биш дурсамжийн эзнээс харин тэр үед хайрын тухай би асуухгүй ээ.

 

mongolnews.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2011-09-07, Лхагва )
 
< өмнөх   дараах >