Амиа алдсан залуугийн асуудлаар ЭСЯ-ныхантай уулзахаар болжээ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2012-09-12, Лхагва
Image 
 
БНСУ-д  хууль бусаар  ажиллаж, амьдарч байсан монгол залуу Цагаачлалын албаныханд баригдаад амь насаа алдсан хэрэг гараад арав гаруй хонож байна. Талийгаач өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Цагаачлалын албаны шалгалтад өртөн, гурван монгол залуугийн хамт баригджээ. Гэвч гурав хоногийн дараа түүнийг уусан архиндаа хордон амиа алдсан хэмээн тус албанаас мэдэгджээ. Эл эмгэнэлт мэдээг хүлээн авсан талийгаачийн гэрийнхэн тав хоногийн дараа БНСУ-д очжээ. Тэднийг БНСУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарын бичгийн дарга Н.Батзориг, Элчин сайдын яамны  ажилтан Н.Өсөхбаяр нар тосч авсан байна.

Тэд талийгаачийн гэр бүлийнхнийг Солонгос улсад суугаа тэдний хамаатан садан, найз нөхөдтэй уулзахыг тухайн үед зөвшөөрөөгүй бөгөөд талийгаачийн нас барах үеийн зураг болон бичлэгийг өөрсдөө олж авснаа үзүүлжээ.
 

Таван цагийн бичлэгт талийгаачийг эхний удаа 10-аад хүнтэй өрөөнөөс хоёр хүний өрөө рүү шилжүүлж буй, улмаар ганцааранг нь хорьсон дүрс байсан аж. Нэг хүний өрөө рүү орохдоо хүчтэй түлхүүлэн арагшаа савж унасан нь бичлэгт үлдсэн байна. Талийгаач хоёр хүний өрөөнд байхаасаа эхлэн хаалга, үүд, цонх балбаж, өшиглөж, бие нь хямарсан байдалтайгаар тамираа тасартал аврал эрэн тусламж хүссэний эцэст өрөөнийхөө буланд байсан жорлонг тэврэн нас баржээ.

Гар, хөл нь хөшиж, амьсгал хураасан талийгаачийг гаргаж ирж байгаа дүрс бичлэгт анх ганцааранг нь өрөөнд оруулахад байгаагүй гудас зэрэг байж. Тиймээс талийгаачийн сүүлчийн мөчүүдийн бичлэгт ямар нэгэн засвар орсон байж болзошгүй гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа аж.

Мөн талийгаачийн цогцост ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авалгүйгээр, Монголоос ирэхээс өмнө задлан шинжилгээ хийсэн бөгөөд тэдэнд зөвхөн задлан шинжилгээ хийсэн зургуудыг үзүүлсэн байна. Талийгаачийн нас барсан хорихын  өрөөг ар гэрийнхэнд нь үзүүлэн, эхнэрийг нь албан ёсны эсэхийг тодруулснаар хэргийн газартай танилцах бүх үйл явц дууссан аж.

Талийгаач анх баригдахдаа согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан атал  гуравхан хоногийн дараа шоронгийн өрөөнд уусан архиндаа хордож нас барсан гэсэн оноштойгоор амиа алдсанд гэрийнхэн нь итгэхгүй байгаа юм байна.
Тиймээс хохирогчийн ар гэрийнхний зүгээс талийгаачийн  хоёр хүүхдийг насанд хүртэл тэжээх мөнгө нэхэмжлэхээр болсон гэнэ.

Мөн энэхүү эмгэнэлт хэрэгт Солонгос дахь монголчууд дэмжиж ажиллахаа илэрхийлэн Гадаад харилцааны яам зэрэг холбогдох байгууллагуудаас гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүүд ханджээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 16.00 цагаас О.Баасанхүү гишүүн манай улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамныхантай уулзахаар болсон байна.

Монголчууд бид дэндүү цөөхүүлээ. Тэр ч утгаараа цагаасаа эрт буцсан нэгнийхээ төлөө харуусан харамлах сэтгэл эрхгүй төрж байна. Монголын маань нэгэн сайхан залуу хүний нутагт золгүйгээр амиа алдсан тохиолдол цөөн биш ээ.

Тиймдээ ч “Бусдын нутагт, буруу сэтгэлтний гарт алтан амиа алдсан монголчуудынхаа амийг яагаад нэхэж болдоггүй юм бэ? Иргэн хүн хэн байхаас үл хамааран эх орон, элэг нэгтнүүддээ үнэ цэнэтэй. Хоёр сая гаруй хүн амтай манайх байтугай 1.3 тэрбумаар тоологдох хүнтэй Хятад улс иргэнээ илүүчлээгүй байна. Буурай хөгжилтэй байлаа гээд бусдын гарт амь үрэгдсэн хүмүүсийнхээ алтан амийг нэхэлгүй орхино гэдэг байж боломгүй үйлдэл. Хүнээ хайхардаггүй энэ мэт байдлаас үүдээд монголчуудыг хэн дуртай нь дээрэлхэн, амь насыг нь хороож байгааг үгүйсгэх аргагүй. Иргэнийхээ аминд нэхэл хатуутай, эргэх холбоотой байдаг тийм л төртэй байхыг хүснэ” гэх зэргээр эх орондоо төдийгүй дэлхийн улс орнуудад амьдарч байгаа монголчууд facebook, twitter-ээр санал бодлоо илэрхийлсээр байна.

Г.Долгорсүрэн

time.mn

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2012-09-24, Даваа )
 
< өмнөх   дараах >