Хүүхэд хараад өгвөл хийх ажил зөндөө PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2013-10-11, Баасан
Image 
 
Хаа газар ажилдаа сайн, чад­вар­лаг бүсгүйчүүд их олширчээ. Тэднийг байгууллага нь ажил­луулах сонирхолтой, өөрсдөө ч бас ажиллаж орлогоо алдмааргүй байдаг. Нас залуу дээрээ хүүхэд гаргах, бүр ойр ойрхон хоёр гурван ч жаалтай болоод авах нь чухал бөгөөд амьдрал юм даа. Ажлын дадлага туршлага нь ид жигдэрсэн  хорь, гучин хэдтэй дээрээ бүхнийг хойш тавин гэрийн мухар сахин “бүүвэй бүүвэй...” эгшиглүүлэх “алба”-ыг тойролтой нь биш.

Монголын үрс олон байх, түүн дотроо сайн хүний үр өсөх нь манай эцсийн зорилго юм. Гэтэл одоо цагийн аль ажил хэрэгч хүүх­нүүд хүнтэй сууж хүүхэд төрүү­лэхээс ямагт дөлж буйг шууд бу­руут­гахын аргагүй.  Ядахнаа бэлэн зэхээний цэцэрлэг яслиудтай бай­дагсан бол хаа хаанаа хэрэгтэйсэн. Хүүхдээ бор хоолонд нь оруулаад ой өнгөрөөгөөд ажилдаа явах хэрэгцээ эх болгонд бий. Сүүлийн үед төр засаг энэ сэдвийг анзаар­сан нь нэн сайн байна. Төрийн тэргүүн мөн санаачилга гаргалаа.

Ихэнх эрх мэдэлтний сэтгэлгээ улсын цэцэрлэг яслийг нэмэх, тэр хавиар эргэлдсэн баахан зовлон тоочихоос хэтрэхгүй юм. Цэцэр­лэгийн барилга барих гэсэн чинь газар ...гэх мэтчилэн бүтэлтэй юм ч алга. Ер нь хоёроос зургаа хүртэлх насны буюу албан хэллэгээр сур­гуу­лийн өмнөх насны хүүхдийн боловсролын асуудал гэгч юу вэ?
 

Үүнийг уламжлал ба орчин үетэй хослуулах, төр ба хувь хоёулаа хамжаад шийддэг байх, эцэг эх болгон үр хүүхдээ өсгөж хүмүү­жүүлэх анхан шатны мэргэжлийг автомашин барих лугаа заавал эзэмших тухай шийдвэр, хууль гаргамаар болчихжээ. Балчир хүүхдийн боловсрол нь амар биш ч гэлээ хүн байтугай амьтан бол­гонд тохиолддог ажил гэдгийг яа­гаад мартаад байна. Цэцэрлэгийн багшаас өөр хүн хүүхэд харж ча­дахгүй гэж үү?. Гадаад хэл заадаг, өндөр үнэтэй хувийн ясли, эсвэл огт төлбөргүй улсын байгууллага, түүний хоёр давхар тоосгон бай­шин баймааж сая хүүхдийн асуу­дал шийдэгддэг юм биш.

Хүүхэд харах, асрах зөндөө олон арга бий. Хэт үнэгүйдүүлээд хэлэхэд  бид чинь хэн нэгэндээ “Манай хүүхдийг түр хараад сууж бай. Дэлгүүр орчихоод ирье” гэд­гээс амьдрал өрнөсөөр ирсэн. Хойшид ч энэ мэтчилэн үргэл­жилнэ. Хүүхэд асардаг газар нь гэр ба ажлын аль нэгнээс  зайтай болчихоор л худлаа болчихоод байгаа юм. Ялангуяа Улаанбаатар хотын энэ их түгжрэл дотор аль завандаа хүүхдээ зөөж өгөх, авах вэ. Улсын ба хувийн боломжийн томоохон байгууллагууд дэргэдээ бичил цэцэрлэгийн байр сав, өрөө тасалгаа нээх талын төрийн урам­шуулал бий болгомоор санагддаг. Эцэг эхчүүд ажилдаа хүүхдээ да­гуулж ирээд орой, орой ч юм уу  арай эртхэн тарахдаа хүүхдээ аваад харьдаг бололцоотой бол­чихвол мөн амар байх даа. Бай­гууллага нь хүүхдэд зориулсан ойр зуурын стандартыг нь хангаад дотроосоо орон тоо гаргаад тэр нь түр байсан ч болох юм. Хэрэв олон эх ажилдаа ирэхээр нөхцөл бий болчихвол арай жаахан өргө­жүүлж, харьяа боловсролын бай­гууллага мэргэжил сургалтаар байнга хянаж заагаад өгвөл зориу­лалтын цэцэрлэгээс дутахгүй үр дүн гарч болмоор. Эсвэл гэрийн ойролцоо хороо гудам, хаусанд хэд хэдэн өрх дундаа хүүхдээ асрах нэгдэл байгуулна. Харин хэнээр асруулах вэ? Эмээ өвөө юу, ээлжээр “хонио хариулах уу”. Сур­гуулийн насны том болсон “Аниа” гэж сайхан нэргүй зарц нарт түр­гэвчилсэн программаар заавар зааж, хичээл сургуулийг нь зохи­цуулж болж байна. Тэгээд ха­риуцлага ба цалин өгнө. Ер нь бидэнд ах эгч нарынхаа гар дээр өсч өндийсөн мөн ч арвин турш­лага бий дээ. Одоо байтлаа хүний өөрийн баахан нялх амьтан ха­руулаад сургууль завсардуулах нь уу гэж үү. Шинжлэх ухаан, техник хөгжчихсөн өнөө цагт хичээлийг таслахгүйгээр зайнаас, шуудаар хичээллэнгээ хүүхэд асрах боломж бий. Гагцхүү зөвшөөрөл гээч юм л хэрэгтэй.

Монголын хүйтэн өвөл бага насны хүүхдийг олноор нэг дор хураах хамгийн зохимжгүй байдаг. Ямар ч сайн цэцэрлэг таны хүүх­дийг байсгээд л ханиад халдаагаад хатгаа болгоод бөөн ажил унд­руулдаг биз дээ. Тэрэнд орохноо бичил цөөхүүлээ болж өгвөл ор­чинтойгоо ойр газар, амьдралын нөхцөл төстэй хэн нэгнийдээ хүүх­дээ “тавьж” өвөлжүүлбэл илүү үр дүнтэй юмуу  гэж бодогддог. Хүүхэд болгон шахуу гоё чихэр өгөөд байхад цэцэрлэгтээ явж өгөхгүй чарладаг даа. Одоо ч хэвээрээ биз.

Өөр нэг санаа байна аа. Явуу­лын цэцэрлэг ясли ажиллуулах бизнес. Болхидуухан зүйрлэвээс гудамжаар “Сүү аваарай...” гэдэг­тээ төстэй “Хүүхдээ өгөөрэй...” гээд явдаг ч юм уу. Нийтийн автобус, түүнээс том оврын вагончик мая­гийн өөрөө явагчийг тохижуулан дотор нь унтлагын өрөө, гал тогоо, сургалт тоглоом зэрэг байх ёстой стандартуудыг байршуулна. Өөрөө явагч дотор эмч, тогооч, багш бас жолооч асрагч нарыг бо­лом­жоороо авч ажиллуулна байх. Өглөө хүүх­дүүдээ цуглуулж аваад хотоос гарч “Шарга морьт”-ын аманд очоод хэн нэгэн боссын эдлэн дээр эрүүл агаарт өнж­чихөөд оройдоо орж ирэн гэр гэрт нь тараана. Цэцэр­лэгийн хоёр давхар цагаан байшин барих гэж хорин жил хүлээх шаард­лага байх­гүй. Явуулын цэцэрлэг маань өд­рийг хаана ч өнгөрөөж болох эрх дархаар хангагдана. Бусад суурин цэцэрлэгийн хашаанд өнжиж, зав зайгаар нь тэр цэцэрлэг рүү оруулж хооллож тоглуулж хи­чээл­лүүлэх, мөн стадион, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат газар, хүүхдийн парк  гэх мэт аль сул чө­лөөтэй газруудтай сар долоо хо­ногоор тохирч байрласан ч бол­но.

Цэцэрлэгийн насны хүүхдийн сургалт хүмүүжил гэхээр л “Ээ их нарийн шүү” хэмээн сүржигнэх юм даа. Тэр ч тийм л дээ. Хүмүүс ашигтай гэсэн юмандаа болохоор энэнээс нарийн ширийн мэргэжил рүү зоригтой яваад орчихсон то­хиол­дол хааяагүй. Тухайлбал алт байна. Хэр баргийн геологич мэргэж­лийнхэн барамгүй л юм ярьдаг байв даа. Энэ алт хайх, ухах про­цессийг. Тэгсэн одоо юу вэ. Малчин өвөө орчин үеийн тандагч багаж барьчихсан хөдөөгийн уул талаар мотоцикльтой шуугиж явах жи­шээ­тэй. Манай сэтгүүл зүйн салбарт дурын нөхөр юм хум бичихээр барахгүй сэтгүүл сонин байгуулаад явж ч байх шиг.

Боловсролын салбар дахь ба­га хүүхдийг хүн болгох ерөнхий зарчмыг ойлгоход маш хэцүү биш баймаар. Давын өмнө анхаарах зүйл бол эрүүл хүнс базаах. Хүүх­дийг өлсөөж болж байна. Манай орон Африк биш. Турж эцэтлээ хаа юм. Өлссөн бол гэртээ хариад сайн иднэ л биз. Битгий идэх юмны хэрүүл хий гэж зөвлөмөөр. Гол нь эрүүл химийн орцгүй хоол ундаар хангах нь чухал. Үүнд хоолны найрлагад ордог ус, давс, чихэр нь хүртэл эрүүл цэвэр бай­хаас эхэлнэ. Үндэсний үйлдвэр баараггүй гээд дотоодын ногоо, цагаан идээ гэдэг. Гэтэл манай хөдөөнийхөн шал заваан юм бэлд­сэн, өвчтэй малын мах, химийн хортой бордоо бүхий лууван, чихэр орлуулагч ба түүхий хятад гурил зуурсан ааруул хийчихээд үндэс­ний ориг бүтээгдэхүүн гээд байх юм. Тэднийг хянасан, шинжилсэн, ба­тал­сан юм хаа ч байхгүй. Малчид байтугай бид орчин үеийн хүнс технологийн талаар мэдэх юм байхгүй шүү дээ. Хиртэй гараараа хүнс ногоо бэлдэж голын шавхай­тай усаар зуурах нь бол энүүхэнд.       
Хүүхдийг янз бүрийн өвчнөөс сэргийлэх нь цэцэрлэгийн дараа­гийн үндсэн үүрэг. Гэхдээ томоохон өвчин эмгэг багш асрагч нарт ха­маа­гүй. Хүүхэд болгон тийм аймаар өвчин тусаад  хамуураад л, гахай хавдартаад л байх нь тун ховор. Гол нь хоолны хордлого, хамрын нусгай, даарснаас үүдэх ахуйн чанартай “ажлын садаа” өвчнүүдийг л хэлж байна.

Сургалт боловсролын хувьд “Болжмор болжмор хөөрхөн дөө...”, “Маамуу наашир...” гэсэн хэдэн дуу шүлэгний алба байдаг даа. Зур­гаан нас хүрээд сургуульд явж бичиг үсэг тайлагдах болчихлоо. Түүнд бэлдэж зориулсан дүрс, сонсгол, гарын эв дүй баримжаа суулгах, өнгө будаг ялгах гээд хөөрхөн хөөрхөн сургалтууд бий. Энэ талаар маш энгийн ойлгомж­той сурах бичиг боловсролын сал­барынхан бэлдэж түгээх, дуу дүрс бүхий бичлэг СД хувилж өгөх зэрэг тараах материалаар булж өгнө биз дээ. Манайхан өөрийн мэргэжил салбараа чухал болгож хараг­дуулах гээд жирийн хүн ойлго­чихмоор юмыг хүртэл нуух, зориуд хүнд хэцүү байдлаар тайлбарлах, өөрсдийгөө үнэд оруулж, хүнд суртал гаргах гээд байдаг дутаг­далтай. Энэ хуучинсаг арга ба­рилаа халмаар байгаа юм. Хүүхэд загнадаг, нясалсан, унтуулдаг гэх мэтийн шалчигнасан хэрүүлийг шууд таслан зогсоомоор. Өөрөө хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй эр­хээр нь хатаачихаад манай ээж нар өмөөрөхийг нь яана. Шаал тэнэг харагддаг. Үргэлж хажууд нь хянаад байж чадах юм шиг багш нарын сэтгэлд юм хийж яадаг байна аа. Одоо тийм муухай ааштай бү­дүүлэг сурган хүмүүжүүлэгч олон биш байх.

Хүүхдэд зориулж орчин үеийн технологи, шинжлэх ухааны шинэ шинэ ололтыг төрөөс зориудаар анхааран нэвтрүүлэх нь тун чухал байна даа. Бид залхуураад уламж­лалт арга марга ч гэх шиг эмээ өвөө нараар хүүхэд харуулдгаа хүртэл судалж эргэж хармаар шүү. Инно­ваци, хөгжил, уран сэтгэлгээний хаялга энэ салбар дээр хамгийн түрүүн ирвэл нэн сайнсан. Явуу­лын цэцэрлэг зохиолоо гэхэд л тэр нь агаарт нисдэг, усанд хөвдөг, төмөр замаар давхидаг, эвхэгддэг, дэлгэгддэг, морь, луу, баавгайн дүрс хэлбэртэй гэх мэтээр явж өгөх юм байгаа биз. Иймэрхүү гадаад дотоодын зөндөө арга технологи гараа байлгүй дээ.

Монгол хүүхдүүдийг сайхан өндөр нуруутай царайлаг болгож өсгөхийн тулд өглөө сайн унтуулж баймаар санагддаг. Ер нь бага анги төгсөн төгстөл нь хичээл цэцэрлэг нь өглөө арав, арван нэгээс эхэлдэг байвал зохимжтой. Сургуулиуд тийм расписан зохиомоор. Хууль журманд ийм насны хүүхэдтэй эцэг эхийг ажилдаа мөн оройхон ирүү­лэх боломжийг олгох хэрэгтэй. Өвлийн өдрийн богинод хар үүрээр гудмаар дүүрэн орилж чарласан юмнууд яваа нь бараг элэг эмтэр­мээр шүү. Энэ бүгдийг бид хэн нэгнээс асууж зөвшөөрөл авах биш дээ. Өөрсдөө л ярьж байгаад шийдчих асуудал. Үүнд тийм их хөрөнгө төсөв, ТЭЗҮ хэрэг ч байх­гүй. Гэхдээ гоё санаа, инноваци гаргасан нөхөрт бол мөнгө ха­рамгүй хаяж шинжлэх ухаан бол­тол нь хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхэд бол Монгол Улсын мандан хөг­жихийн гол эх үүсвэр шүү дээ.

 

http://gangaa.niitlelch.mn

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2013-11-02, Бямба )
 
< өмнөх   дараах >