Ерөнхийлөгч Хойд Солонгост яах гэж айлчлав… PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2013-11-02, Бямба
Image 
 
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Хойд Солонгосын залуу дарга, залгамжлагчтай нь уулзсан уу гэдэг асуулт хаана л бол хаанаас хөврөх юм. Айлчлалыг дагаж явсан сэтгүүлчийн хувьд гурван зүйлийг илүүд үзсэнээ эхлээд тодотгомоор санагдлаа.

Нэг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дахин сонгогдсоныхоо дараа хийж буй төрийн анхны айлчлал нь Хойд Солонгос байлаа. Тэрээр төрийн тэргүүн, бас Монгол Улсын иргэний хувьд нэгэн чухал санаа дэвшүүлснээ энэ айлчлалаараа тунхаглав. Үүнийг нь өөрийн хэмжээнд ойлгосноо сийрүүлье. Монгол бол жижиг улс биш. Монголчууд бид улсаа жижиг гэж ярьдагаа ч больё. Газар нутгийн хэмжээгээр Монгол жижиг улс биш. Нэг хүнд ногдох талбайгаар бол бүр томд орно. Улсаа байгуулсан болон төрийн түүхээ яривал мянган жилээр ярина. Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөөр Монгол бол дэлхийд цөөхөнд тооцогдох том улсуудын нэг.  Байрлалын хувьд хоёр их гүрний дунд оршдогоороо Монгол сонирхолтой, бас ач холбогдолтой улс. Эдийн засгийн өсөлтөөрөө ч том улс.  Өнөөдөр цөмийн зэвсэгтэй нь бус, цөмийн зэвсэггүй, түүнийгээ НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсэн нь том байх ирээдүй бидний өмнө буй. Энэ санааны эхлэл болгож, басхүү Монгол Улс бүс нутагтаа идэвхтэй тоглогч гэдгээ харуулахын тулд монгол төрийн тэргүүн Хойд Солонгост айлчиллаа. Бүс нутагтаа идэвхтэй тоглогч байхын тулд эхлээд оролцогч байх хэрэгтэй. Сагсан бөмбөгөөр бол төвийн тоглогч болохын тулд эхлээд гарааны тавд багтах учиртай. Үүнтэй адил бүс нутгийнхаа болохгүй, эмзэг асуудалд идэвхтэй, эерэг оролцогч байхаа Монгол Улс харуулах зорилгод Хойд Солонгост хийсэн Ерөнхийлөгчийн айлчлал бүрнээ нийцснээрээ энэхүү айлчлалын агуулгыг тодорхойлно гэж албаныхан хэллээ.
 

Хоёр.
Ерөнхийлөгч нь Хойд Солонгост айлчилснаар тус улсын цэргийн дэглэм, цөмийн хөтөлбөрийг ардчилсан Монгол Улс дэмжсэн болж харагдахгүй. Харин ч Монгол Улс нээлттэй, олон тулгуурт бие даасан гадаад бодлоготой, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн, бүс нутгийнхаа төдийгүй, өмнөдөд ажиллаж амьдарч буй 35 мянган монгол иргэнийхээ төлөө санаа тавих үүрэгтэй тусгаар улс гэдгээ дэлхийн хамтын нийгэмлэгт харуулж чадав. Хойд Солонгос бол бүс нутгийнхаа төдийгүй, дэлхийн  анхаарлыг татаж буй орон. Тус улсын бүс нутагтаа хамгийн сайн ойлголцож чадах, боломжтой нь Монгол Улс. Бусадтай нь асуудалтай. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутгийн улсуудааас хэнээс ч хамаарахгүйгээр очиход цаадах нь хүлээж авах асуудалгүй ганц улс нь манайх л юм.

Гэхдээ Ерөнхийлөгч сая цаанаас бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу үргэлж комплимент үзүүлээд явсангүй. Айлчлалын сүүлийн өдөр Ким Ир Сенийн нэрэмжит Их сургуульд зочилж багш оюутнуудад лекц уншсан нь хамгийн оргил хэсэг байлаа. Яагаад гэвэл энэ улсад ярьдаггүй сэдвийг хөндөж, иргэдийнх нь тэр бүр сонсч болохгүй зарчмыг тунхаглав.  Цаас \төлөвлөсөн\ харалгүй ярьсан Ерөнхийлөгчийн лекцийг цаад тал нь яаж орчуулсан юм, бүү мэд. Бас л цаас харалгүй синхрон орчуулж байгаа харагдсан.

Ерөнхийлөгч, Монгол, Ардчилсан Солонгос хоёр эртний сайн харилцаатай. Эдийн засгийн хүчирхэг гүрэн байгуулах Ким Жөн Ын даргын зорилгод манай хоёр улсын эдийн засгийн харилцаа бүрнээ нийцнэ. Гэхдээ  Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг, хуулийн засаглалыг дээдэлдэг орон. Манай улс цаазын ялыг түдгэлзүүлсэн, цаашид бүрэн хална. Бид НҮБ-ын гишүүн 193 орноос 170 гаруйтай нь дипломат найрсаг харилцаатай. Бидний зүгээс сургаал айлдах, хэн нэгнийг сургах дургүй. Харин алдаанаасаа бусадтай хуваалцахдаа татгалздаггүй. Эрх чөлөө бол нээлттэй байдлыг бий болгож, энэрэнгүй нийгмийг бүтээдэг. Эрх чөлөөтэй хүн бурууг өөрөөсөө эрдэг. Харин эрх чөлөөгүй хүн буруутныг гаднаас хайдаг. Дарангуйлал бол цаг хугацаа, хязгаартай. Эрх чөлөө бол мөнхийн хүч юм. Би энэ танхимд ирээдүйн Солонгосын эзэдтэй уулзаж байгаадаа баяртай байна. Танай удирдагч  залуу хүн. Ийм залуу үе өнөөдрийн Солонгосыг сайхан ирээдүйд хүргэнэ, авч явна гэдэгт би итгэлтэй байна.... гэх зэргээр нэлээд өргөлттэй ярив. Угаасаа нам гүм заал улам чимээгүй болох шиг л болсон. Тэгэхдээ Ерөнхийлөгч лекцээ, монголчууд  бол хүнд үед нөхрөө хаядаг хүмүүс биш. Хоёр Солонгосын дайны үед гадаадын Элчин сайд нар Пхеньяныг орхиж байхад манай Элчин сайд Ж.Самбуу гуай үлдэж байсан. Хүнд хэцүү жилүүдэд өнчин хүүхдүүдээ хүртэл хамтраад өсгөж хүмүүжүүлж явсан сайхан түүх бидэнд бий гэж тэнд суугаа багш, оюутнуудын сэтгэлийг тайвшруулж бас, хөдөлгөснөөр лекцээ өндөрлөсөн юм. Эхлэл, өрнөл, төгсгөлөө нэлээд бодсон болов уу гэмээр лекцийнхээ төгсгөлд “Асуулт байна уу” гэхэд ганц ч хүн гар өргөсөнгүй. Асуух зоригтой хүн гарахгүй, асуулаа гэхэд ардаа эвгүйтэнэ гэдгээ эрхбиш багш оюутнууд мэдэлгүй дээ. Ерөнхийлөгч зориуд л тэгж хэлсэн байх. Ер нь солонгосууд алга таших, хоороор нижигнүүлэхдээ нэлээд гаргууд юм. Гэтэл Ерөнхийлөгчийн лекцийн төгсгөлийн алга ташилт, түүнийг индэрт гарахынхаас арай өөр санагдсан. Бодвол лекцийн агуулга ингэж эрч сулласан юм болов уу даа.

   

Гурав.
Айлчлалын үеэр хоёр талын уулзалт, хэлэлцээр болсон. Тавин мянган хүн цуглуулсан хөлбөмбөгийн тоглолт, айлчлалыг дагаж явсан бизнесмэнүүд ч уулзалт хийсэн. Гэхдээ эдгээрийн дундаас далайн боомтын асуудал хамгийн ач холбогдолтой нь байв.

Хойд Солонгос бол манай улсын хувьд далайд гарах хамгийн дөт зам. Энэ улс ОХУ, БНХАУ-тай зэрэг хиллэдэг Расоны гэж \зарим нь Унсан гэх юм билээ\ боомттой. Хойдууд энэ боомтоо эдийн засгийн чөлөөт бүс болгох талд анхаарч, түрээслэх улс орнуудад хөрөнгө оруулалт хийх зэргээр шаардлага тавьж байгаа юм байна. Эдийн засгийн эрх чөлөө хамгийн ихээр тавигдаж либеральчлагдаж байгаа нь энэ боомт. Гол нь энэ боомт БНХАУ, ОХУ, БНСУ-тай төмөр замаар холбогддогийн дээр байнгын ажиллагаатай. Тийм учраас далайн боомт нь өвөл хөлдөөд зогсчихдог оросууд болон хятадууд ч энэ зүгт сонирхлоо илэрхийлж,  түрээсийн талаар аль хэдийнэ хөөцөлдөж эхэлжээ. Оросын төмөр замын дарга Якунин өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгост очоод үндсэндээ тохироод явсан байна. Хэрвээ манай улс энд өөрийн гэсэн түрээсийн талбай, бүстэй болчихвол хоёр хөршийнхөө алинаар ч яваад далайд хүрчихнэ. БНСУ-д бол бараг шууд гарчихна. Ингэснээр байнгын хэрүүлтэй, өргөн нарийны нэг нь дангаараа байх мэт төмөр замын царигийн тухай хатуу ойлголт ч цэгцрэхэд нэмэртэй. Ер нь Хойд Солонгос бол манайд ганц далайгаар  бус, агаарын замаар ч  ойр юм. Онгоцны шууд нислэг 2.30 цаг нисээд л хүрч байна. Хоёр хөршөөсөө хоцрохгүй, байнгын ажиллагаатай боомтыг алдахгүйн тулд Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийнхэн нэлээд эрчтэй ажиллаж байгаа юм билээ. Үүнд төрийн тэргүүний айлчлал дэмжлэг, түлхээс боллоо.

Харин залуу генералтай нь уулзсан уулзаагүй тухайд хэвлэлийнхний нүдэн дээр ил лав уулзаагүй. Сэтгүүлчид, бизнесийнхнийг хотын төвд,  Ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнийг манайхаар “Их тэнгэр” нь юм уу гэмээр хотын захад харшид буулгасан. Бидэнд үйлчилсэн хойд солонгосууд “манай удирдагч танилцах уулзалт хийх байх” гэж байсан ч ийм уулзалт болсон гэж хэлээгүй. Харин айлчлалын сүүлийн өдрийн төгсгөлийн хоёр арга хэмжээнд Ерөнхийлөгч болон зарим хүнийг оролцуулалгүй замын дундаас буцаасан.

Ер нь  бүс нутгийнхаа идэвхтэй тоглогч болох том зорилго, цэргийн дэглэмтэй улсад уншсан эрх чөлөөний тухай лекц, эдийн засгийн асар их ач холбогдолтой  боомтын асуудлыг нэг хүнтэй уулзсан эсэхтэй дүйцүүлж болохгүй санагдана. Хэрвээ бид үнэн, үгүйсгэл хоёртоо учиртай хандаж, томоороо байж чадвал дэлхийн эдийн засаг Ази, тэр дундаа Зүүн Ази руу чиглэн буй ирээдүйд бүс нутгийнхаа төвийн тоглогч болох ч юм билүү. Яг энэ айлчлалыг ганц улсаар нь оноож харвал зогсонги байдалтай “Зургаан талт хэлэлцээр”, хоёр Солонгосын зуучлагч нь хожмын нэг өдөр Улаанбаатар байж болох жимийг сая Ерөнхийлөгчийн баг гаргасан ч юм билүү.

 

http://otgonbayar.niitlelch.mn

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2013-11-11, Даваа )
 
< өмнөх   дараах >