МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ-ИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2014-07-11, Баасан
Image 
 
Өргөн олон наадамчид аа,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо
Хүндэт зочид гийчид ээ,
 
Өнгөрснөөс өвлөж ирсэн, өнөөдрөөр дэвжин цэцэглэх, өрнөх ирээдүйд мандан босох гурван цагийн алтан аргамж, монгол наадмын хоймор, эх орныхоо голомт, улсын нийслэл Улаанбаатараас нийт иргэд, наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Цэлмэг хөх тэнгэр, ноён оргил уулс, өргөн тал хөндий, хангай говь, мөрөн голууд хосолсон Монголын сайхан эх оронд маань өвсний шим жигдэрч, өнгөтэй сайхан дэлгэр цаг тохиож байна.
 
Газар газрын Монгол наадам хийморь бахархал дүүрэн эхэлж байна.
 
Үндэсний их баяр наадам бол Монгол түмний халуун түүх, гэгээн хүсэл, хамтын хүчийг илтгэсэн язгуур эрдэнэ билээ. Дэлхийд төрийн дэг, хуулийн засаглал, ёс журам тогтоож явсан өвөг дээдсийн маань харвасан сумны эрч хариагүй, унасан хүлгийнх нь шандас аргамаг, зоригт баатруудынх нь сүр хүч хэвээр байгааг энэ цагийн Монгол наадам уламжлан харуулдаг аа.

Монгол хүн байгаа газар бүрт Монгол наадмын өнгө гийж, уламжлал соёлоо дээдэлж, урагшлах золбоог илтгэсэн сайны билэгт яриа өрнөж байна.  Энэ мөчид эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист суугаа ард түмэндээ, мөн хилийн чанадад олон хэлийн оронд наадамлаж буй иргэддээ бүгдэд нь ажил хөдөлмөрийн амжилт, бүтээл туурвилын эрчим, сайн сайхны ерөөлийг өргөе.

Монгол төрийн их шүтээн, есөн хөлт цагаан тугийнхаа өмнө эрхий мэргэн харваачдын маань цэц мэргэн, аргамаг шандаст хүлгийн сойлго төгс, хүчит бөхүүдийн бяр даацтай, мэх уран, шагайн харвааны оноч дүүрэн байхыг ерөөе. Саяхан ард түмэндээ уламжилсан нэгэн уриалгыг энд давтан хэлье.

Морьтон Монголчуудаа морио унацгаая. Хурдыг эзэмшиж, адууны соёлын амьд дархлааг тээсээр яваа Монгол хүн бүр морьтон уламжлал соёлоороо бахархцгаая, гайхуулцгаая. Морио уная. Морио эдлэе. Морьтойгоо малаа хариулая. Морьтойгоо наадамлая. Морио уная Монголчуудаа. Морь бол Монгол түмэнд заяасан дээд хувь тавилан юм.

Мянга мянганыг улираан, хүн төрөлхтний түүхэнд онцгойрон мандсан Монгол түмний бахархал-Монгол наадам ийнхүү эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлая аа.
 
Зол хийморь тань босоо сайхан наадаарай.
 
president.mn
 
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2014-08-10, Ням )
 
< өмнөх   дараах >