МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2015-01-01, Пүрэв
Image 
 
Эрдэнэт хот. Уулын баяжуулах үйлдвэр
 
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
 
Гучин гурван жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээсээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна

Эрдэнэт үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлгэдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэд уриалан дуудагч гайхамшигт бүтээн байгуулалт билээ.

Монголчууд бидний бүтээн босгох эрин үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон үйлдвэр үүдээ нээж бүтээн босгох их үйлсэд хурд нэмлээ.Тухайлбал, барилгын материал, гахиурын, ган, ширэм боловсруулах,  хүнсний  болон бусад үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Эдийн засгийн хүндрэлийг сөрөн эх орны бүтээн босгох салбар өндийж байна.2014 онд манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа.

 

Энэ бол Монголчууд бид ихийг бүтээж эхэлснийг нотолсон сайн үзүүлэлт юм. Мал сүргийн тоо түүхэндээ хамгийн их буюу 52 саяд хүрлээ. Энэ нь 25 жилийн өмнөхтэй харьцуулахад бүтэн нугарч өссөн үзүүлэлт юм. Бид өнгөрсөн хавар 313 мянган га талбайд тариалалт хийж 520 мянган тонн үр тариа хураан авсан нь сүүлийн 17 жилийн хамгийн өдөр үзүүлэлт боллоо.

Өнгөрөгч намар эх оронд маань хөрш улсуудын төрийн тэргүүнүүд айлчилж, анх удаа Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурвалсан уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улс 2016 онд AСEM буюу Ази-Европын 11 дэх өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Мөн анх удаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай явагдаж, ил тод байдлын гэрээ батлагдаж, Мянганы сорилтын сангийн төсөл үргэлжлэн хэрэгжих боломжтой боллоо. Манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, дэлхий дахинд Монголчуудын нэр сайнаар түгэн дэлгэрсэн он боллоо.

Алсран одож буй 2014 онд Ардчилсан хувьсгалын 25 жилийн тэмдэглэлт болон Халхын голын ялалтын 75  жилийн түүхт ой тохиолоо. Мөн соёл урлаг, спортын салбарт бид амжилтаа ахиулж чадлаа. 

Эрхэм хүндэт иргэд ээ,

Хуучин он хулжирч, шинэ он гарах мөч ойртсоор байна. Өнгөрсөн онд хийж бүтээснээ улам бэхжүүлж, ирэх 2015 онд улам ихийг хийж бүтээцгээе.  Манай Их хурал, Засгийн газар, төр засгийн бүх шатны байгууллагууд гар нийлэн ирэх онд олон тулгамдсан асуудлыг шийдэж, улам урагшлан дэвжинэ гэдэгт би итгэлтэй байна.

Хамгийн гол нь хариуцлага, бүтээн байгуулалтыг эрхэмлэн ажиллацгаая. Энэ тухай саяхан бид УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой ярилцсан. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс Шилэн дансны хууль хэрэгжиж, түмний хөрөнгийг зарцуулах үйл явц нээлттэй, хяналттай болох цаг эхэлнэ.   

Үүний араас Нийтийн сонсголын, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, Захиргааны, Иргэдийн оролцооны, Ирээдүйн өв сангийн тухай хууль зэрэг иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн, албан тушаалтанд үүрэг хариуцлагыг нь сануулсан, шударга ёсыг тогтооход жинтэй хувь нэмэр болохуйц олон хуулийг ирэх онд хэлэлцэн батлуулахаар төлөвлөж байна.  

Ирэх 2015 он бол Монголчуудын хувьд алт шиг үнэ цэнэтэй, хором бүрийг нь алдалгүй ашиглах чухал он байх болно.

Цаг хугацаа бидэнд гадаадын мөнгөн тэмдэгтээс ч илүү үнэ цэнэтэй хамгийн чухал хөрөнгө оруулалт. Гарч буй шинэ жил ирээдүйн хөгжлийн 10 жилтэй тэнцэхүйц тийм үнэ цэнэтэй байх болно.

Цаг хугацааг алдалгүй бэрхийг сөрж, боломжийг ашиглаж, бүтээлч хариуцлагатай ажиллахыг нийт иргэддээ уриалж байна. Энэ уриалгыг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист суугаа иргэддээ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт сурч боловсорч, аж төрж байгаа Монголчууддаа хүргэж, нийт Монгол түмэндээ шинэ оны гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.     

Энэ мөчийг таацуулан дэлхийн олон газраас эх орноо, байгууллагаа төлөөлөн манай улсад ажиллаж амьдарч байгаа хүн бүрт шинэ оны мэндийг хүргэе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ, 

Монголчууд хоёр саяулаа болсноос хойш 27 дахь жилийн босгон дээр гурван сая дахь иргэнээ манай улс өлгийдөн авна. Монголчууд маань ерөөлөөр олуулаа болж байна. Ирэх жилүүдэд эх хүүхдийнхээ эрүүл мэндэд улам онцгой анхаарч ажиллах үүрэг айл өрх, төр засгийн болон эрүүл мэндийн байгууллага бүрт ирж байна. 

Он солигдох энэ торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр албаны   үүргээ гүйцэтгэж байгаа эмч сувилагч, цагдаа, гал сөнөөгч, онцгойгийнхон, эр цэргүүд болон эмчилгээ сувилгаа хийлгэж буй иргэддээ шинэ оноо өнгө жавхаатай угтахыг хүсэн ерөөж байна.

2015 он шинэ санаачилга, бүтээн байгуулалт улам нэмэгдсэн сайхан жил болно. Бүтээн босгохын эрч хүч ундарсан үйлдвэрийнхээ энэ нүргээн дундаас азай буурлууд, алиа бяцхан үрс, айл гэр бүрт аз жаргал бялхаж байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Гарч буй шинэ жил хүн бүхний ерөөл биелсэн сайхан жил байх болтугай!

Ингээд энэхүү цагаан сүүнийхээ дээжийг Монгол түмний минь буян заяа, хийморь өөдрөг, Монгол айл бүрт аз жаргал, сайн сайхны ерөөл баялхаж байхыг бэлгэдэн өргөе!

Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэе!

Монгол түмэн минь шинэ оноо сайхан угтаарай!

 

ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ!

http://president.mn

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2015-01-11, Ням )
 
< өмнөх   дараах >