Америкийн визтэй холбоотой нийтлэг асуултууд PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2015-08-10, Даваа

Image 

Асуулт 1 – Миний визний хугацаа АНУ-д байх хугацаанаас минь өмнө дуусч байна. Энэ тохиолдолд би дахин виз авах хэрэгтэй юу?

Та вийзнийхээ дуусах хугацаанаас өмнө АНУ-ын хилээр орсон байх ёстой. Өөрөөр хэлбэл визний эхэлсэн болон дуусах хугацаанд багтаж АНУ-д орох ба эдгээр хугацаа нь АНУ-д байх болон тэндээс хэзээ буцах хугацааг заагаагүй болохыг анхаарна уу. АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Алба /Department of Homeland Security/ АНУ-ын хилээр нэвтрэхэд тань тус улсад байх хугацааг зааж тэмдэглэж өгдөг.

 

Асуулт 2 – АНУ-ын хилээр нэвтрэхэд юуг анхаарах вэ?

Таныг нисэх онгоцонд байхад 6059В гэх АНУ-ын гаалийн мэдүүлэг /Customs Declaration/ өгнө. АНУ-д ирээд бөглөдөг I-94 маягтыг ихэнх зорчигчид бөглөх шаардлагагүй болсон ба нэвтрэн орох энэхүү бүртгэл автоматаар хийгддэг болсон.
 
Виз бол АНУ-ын хилээр нэвтрэх зөвшөөрөл биш. Виз нь зөвхөн гадаадын иргэд АНУ-ын хилийн боомт дээр ирж тус оронд нэвтрэн орох зөвшөөрөл хүсэх боломжийг танд олгодог. АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Албаны ажилтан /Department of Homeland Security/ тухайн хүний АНУ-ын хилээр нэвтрэх болон тус улсад байх хугацааг заах эрх мэдэлтэй байдаг. Хилээр нэвтрэн ороход Дотоодын Аюулгүй Байдлын Албаны ажилтан таны паспорт дээр зууван хэлбэртэй хөх өнгийн тамга дарна. Тухайн тамга дээр таны ирсэн огноо, визний ангилал болон Америкт байх хугацааг зааж өгдөг. F, J болон М визээр явж байгаа хүмүүст тухайн хөх тамга дээр он сар өдөр байхын оронд D/S (duration of status) буюу тус визний ангилалаар хэр удаан байж болохыг заасан хугацаа тавигдана.Энэ төрлийн визээр явж байгаа хүмүүсийн Америкт байх хугацаа I-20 болон DS-2019 анкетан дээр тавигдсан байдаг. I-94 маягтын талаар мэдээлэл авахыг хүсвэл www.cbp.gov хаягаар орж авна уу.
 

 

Асуулт 3 – Виз гарсны дараа тодорхой хугацаанд багтаж тухайн визээр АНУ-д очих ёстой юу?

Дээр хэлсэнчлэн та вийзнийхээ дуусах хугацаанаас өмнө АНУ-ын хилээр орсон байх ёстой. Жишээлэхэд та аялал жуулчлал, бизнесийн В1/В2 ангилалын виз 10 жилээр авсан бол тэр 10 жилийн дотор хэзээ ч хамаагүй АНУ-д богино хугацаагаар аялах боломжтой. Хэсэг хугацааны дараа визээ “идэвхижүүлэх” шаардлагагүй.

 

Асуулт 4 – Аялал жуулчлал, бизнесийн В1/В2 ангилалын визээр АНУ-д юу хийхийг зөвшөөрч юуг хориглох вэ?

Аялал жуулчлал, бизнесийн В1/В2 ангилалын визээр АНУ-д очсон хүмүүс Америкийн түүх дурсгалт газруудыг үзэх, гэр бүл, найз нөхдийндөө зочлох мөн зөвшөөрөгдсөн бизнес үйл ажиллагаанд оролцох боломжтой. Зөвшөөрөгдсөн бизнес үйл ажиллагаа гэдэг нь аливаа арилжаа наймааны гүйлгээ хийх, гэрээ хийх, бизнесийн түншүүдтэй уулзах мөн түүнчлэн боловсрол, шинжлэх ухаан болон бизнесийн чиглэлийн хурал, зөвлөгөөн, семинарт оролцох гэх мэт үйл ажиллагаа орно. АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу В1/В2 ангилалын визээр АНУ-д ямар нэг ажил хөдөлмөр эрхэлж цалин авах, ашиг орлого олохыг зөвшөөрдөггүй. Мөн В1/В2 ангилалын визээр АНУ-д оюутан болж сургуульд сурахыг хориглоно. Америкт оюутан болж сургуульд сурахын тулд F, J болон М ангилалын виз авах ёстой. Мөн ерөнхий боловсролын сургуульд В1/В2 ангилалын визээр сурах боломжгүй. Аялал жуулчлал, бизнесийн В1/В2 ангилалын визэнд зөвшөөрөгдөөгүй ямар нэг үйл ажиллагаа хийсэн тохиолдолд виз татгалзах, виз цуцлах болон зарим тохиолдолд Америкийн виз мэдүүлэх эрхийг бүрмөсөн хасах хүртэл арга хэмжээ авдаг.

 

Асуулт 5 – АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

АНУ-ын Цагаачлалын хуулийг дагаж мөрдөх нь чухал. Аялал жуулчлал, бизнесийн В1/В2 ангилалын визээр очсон хүмүүст ихэнх тохиолдолд 6 сар Америкт байх хугацааг дарж өгдөг ба энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тодорхой арга хэмжээ авдаг. Өгөгдсөн хугацааг 180 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд тухайн хүнийг АНУ-аас албадан гаргах арга хэмжээ авна. Хугацааг 180 хоногоор хэтрүүлсэн, гэхдээ нэг жил хүрээгүй тохиолдолд тухайн хүн 3 жил АНУ-д нэвтрэх эрхгүй болно. Хэрэв 1 жилээс илүү хугацаанд хэтрүүлсэн бол тухайн хүн АНУ-д буцан нэвтрэх эрхээ 10 жилээр хасуулдаг байна.

Америкт байх хугацаандаа гэмт хэрэг хийх, баривчлагдах, хууль бусаар ажил хийх болон ямар нэг хууль бус үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд АНУ-д дахин нэвтрэх эрхгүй болно. Мөн АНУ-ын Засгийн газарт болон бусад халамжийн байгууллагад өөрийгөө амьжиргааны түвшин доогуур хэмээн худал мэдүүлж санхүүгийн болон эд материалын дэмжлэг авах нь хууль бус үйлдэлд тооцогддогийг анхаарна уу. Үүний нэг нийтлэг жишээ бол Мedicaid халамжийн хөтөлбөрт хамрагдан Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр эмнэлгийн зардал төлүүлэх явдал юм. Ямар нэг хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд АНУ-д зорчих эрхийг бүрмөсөн хасах хүртэл арга хэмжээ авдаг гэдгийг анхаарна уу.

 

Асуулт 6 – Миний паспортын хугацаа дууссан ч миний визний хугацаа дуусаагүй байна. Энэ тохиолдолд би дахин виз авах хэрэгтэй юу?

Үгүй. Таны хуучин паспорт дээрх хүчинтэй виз элэгдэж гэмтээгүй, тухайн аялалын зорилго визний ангилалтай таарч байгаа, мөн шинэ хуучин 2 паспорт дээрх овог нэр гэх мэт хувийн мэдээллүүд виз дээрхтэй тохирч байгаа нөхцөлд шинэ хуучин 2 паспортаа аваад хуучин паспорт дээрх визээ ашиглаад явж болно.

 

Асуулт 7 – Визээ хэрхэн сунгуулж болох вэ?

Америкийн ямар ч ангилалын виз сунгуулах боломжгүй. Шинээр дахин виз мэдүүлэх ёстой.

 

Асуулт 8 – Америкийн хүчинтэй визтэй паспортаа гээгдүүлсэн тохиолдолд яах вэ?

Паспортаа гээгдүүлсэн эсвэл хулгайд алдсан гэдгийг баталгаажуулсан цагдаагийн тодорхойлолтыг өөрийн оршин сууж буй газрынхаа цагдаагийн байгууллагаас авч үзүүлэх шаардлагатай. Мөн өөрийн оршин сууж буй газрын ойр байгаа АНУ-ын Консулын газарт Америкийн хүчинтэй визтэй паспортаа гээгдүүлсэн гэдгээ нэн даруй мэдэгдэж бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр таны нэрээр хэн нэгэн хүн тухайн паспорт дээрх визийг ашиглахаас сэргийлэх юм. Та дахин виз авахын тулд шинээр виз мэдүүлэх шаардлагатай болно.

 

Асуулт 9 – Визтэй холбоотой асуултын алийг нь АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Албанаас /Department of Homeland Security/ алийг нь АНУ-ын ЭСЯ-аас асуух вэ?

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд та өөрийн виз мэдүүлэх явц, визний статус болон виз татгалзсантай холбогдох асуултуудыг тавин хандаж болно. Харин та Америк оронд хөл тавьсны дараа АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Албаны мэдэлд шилжлээ гэсэн үг юм. Аливаа өргөдөл, ажил хийх зөвшөөрлийг батлах, Америкт байх хугацааг сунгах, тухайн хүний АНУ дахь статусыг өөрчлөх гэх мэт үйл ажиллагааг Дотоодын Аюулгүй Байдлын Алба болон АНУ-ын Иргэншил, Цагаачлалын асуудал хариуцсан байгууллага /U.S Citizenship and Immigration Services - USCIS/ хариуцан гүйцэтгэдэг. Та цагаачлалын бус визнийхээ хугацааг Америкт байхдаа сунгах эсвэл визнийхээ статусыг өөрчлөх хүсэлтэй бол USCIS-ийн вэб хаягаар www.uscis.gov хандаж мэдээллээ авна уу.

 

www.facebook.com/pages/US-Embassy-Ulaanbaatar-Consular-Section

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2015-09-06, Ням )
 
< өмнөх   дараах >