Б.Алтангэрэл: АНУ бол Монгол Улсын чухал гуравдагч хөрш PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2015-10-04, Ням
Image 
 
Энэ удаагийн "Элчин сайд ярьж байна” буландаа Монгол Улсаас АНУ–д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлийг урьж ярилцлаа.
–Улаанбаатар хотод болсон Монгол–Америкийн Гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтад та оролцсон. Уулзалт амжилттай болов уу. Ямар асуудал ярилцав?
 
–Тийм ээ. Гадаад хэргийн яам хоорондын  Х Зөвлөлдөх уулзалт энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.
 
Уулзалтыг манай талаас ГХЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Америкийн талаас Төрийн департаментын Ази, Номхон Далайн асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Рассэл нар хамтран даргалж, яамдын төлөөлөл оролцлоо.
 
2013 онд Вашингтон хотноо болсон Зөвлөлдөх уулзалтаар бид хэд хэдэн чухал арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохирсон. Үүнд, өндөр төвшний айлчлал харилцан хэрэгжүүлэх, Ил тод байдлын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох, Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн хуралдааныг Улаанбаатар хотноо хуралдуулах, Монгол Улсын иргэдийг АНУ–д визгүй зорчдог орны хөтөлбөрт хамруулах шалгуур нөхцлийг тохирох үйл явцыг эхлүүлэх зэрэг тохиролцоог нэрлэж болно.
 
Энэ бүхэн амжилттай хэрэгжсэнд бид сэтгэл хангалуун байна. Энэ удаагийн уулзалтаар хоёр орны худалдаа эдийн засаг, батлан хамгаалах, соёл боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах явдлыг идэвхжүүлэх асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга замыг харилцан тохирсон.
 
–Монгол Улс гуравдагч хөрш хэмээн үзэж АНУ–тай явуулж буй хамтын ажиллагаандаа ач холбогдол өгдөг. Тэр утгаараа хоёр улсын харилцаа идэвхтэй хөгжиж байна. Аль салбарт  түлхүү хамтран ажиллаж байна вэ?
 
–Манай хоёр орон ард­чил­лын нийтлэг үнэт зүйлс, стратегийн сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэн ажил­лаж ирлээ. Энэ хүрээнд бид улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Харилцааг эрчимжүүлэх боломж бий. АНУ бол манай улсын тэргүүлэх чухал гуравдагч хөрш орон. Хоёр орны улс төрийн харилцаа өндөр төвшинд байна.
 
Өндөр төвшний харилцан айлчлал давтамжтай хэрэгжиж байгаа. Сүүлийн гурван жилд АНУ–ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд, Конгрессын гишүүд Монголд, манай УИХ–ын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд АНУ–д айлчилсан байх жишээтэй.  2014 оны сүүлээр АНУ манай улсыг Мянганы сорилын хоёр дахь компактад, хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ зорилгоор хоёр тал ма­най улсын эдийн засгийн хөгжилд урт хугацаанд ашиг тусаа өгөх томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 
АНУ–тай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Эрхзүйн тодорхой орчин бүрдсэн. Өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ–д хийсэн айлчлалын зорилго нь Америкийн хөрөнгө оруулагчдад нөхцөл байдал боломж бололцоог танилцуулах, улмаар төр, засгийн өндөр албан тушаалтан, шийдвэр гаргагчдыг Монголд хөрөнгө оруулахыг уриалж  дэмжихийг хүссэн. Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байгаа.
 
Хоёр тал цэргийн хээрийн дадлага, сургууль хамтран зохион байгуулж ирсэн. "Хааны эрэлд” сургалт нь өнөөдөр 20 гаруй орон тогтмол оролцдог бүс нутгийн цэргийн олон талт ажиллагааны томоохон үйл явдал болон тогтмолжоод байна. Манайхаас жилдээ 30 орчим цэргийн албан хаагч АНУ–ын бүх шатны цэргийн сургууль, дамжаанд суралцдаг. АНУ манай зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа.
 
Хамтын ажиллагааны энэ чиглэл цаашид ч үргэлжилнэ. Үүний зэрэгцээ байгалийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамжийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, илүү идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон.  Хоёр орны Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалтууд жил бүр болдог. М мөн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн хуралдаан мөн тогтмолжоод явна.
 
–Сүүлийн хоёр, гурван жилд болсон өндөр төвшний айлчлалуудыг Элчин сайдын хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
 
–Аливаа айлчлалыг зохион байгуулаад, тэр үеэр ярьсан тохирсон асуудлыг хэрэгжүүлэх нь хамгийн чухал үр дүн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлахдаа Дэд ерөнхийлөгч Ж.Байдэн, Худалдааны төлөөлөгч М.Фроман болон Конгрессын ги­шүүд­тэй уулзаж ярилцсан. Мөн Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн удирдлагыг хүлээн авч, Вашингтон, Нью–Йорк хотноо бизне­сийн уулзалтад оролцсон.
 
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ оны долдугаар сарын 15-17-нд АНУ–д айлчлах үеэрээ Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керритэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн. АНУ–ын Батлан хамгаалахын сайд Ч.Хэйгэлийн өнгөрсөн жил Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр орон аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан.
 
Сая болсон Зөвлөлдөх уулзалтаар дээрх айлчлалуудын үеэр яригдсан асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар тодорхой санал солилцож тохиролцоонд хүрэв. Тун тодорхой дүр зураг гаргалаа. Дараа нь тантай уулзахдаа үр дүнг нь хэлж өгье. Сайн үр дүн гарна гэдэгт би итгэлтэй байна.
 
–АНУ, Монгол Улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллахад бат бэх суурь хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Элчин сайд таны хувьд энэ суурийг бий болгоход чухам ямар зүйлс шаардлагатай гэж үзэж байна вэ?
 
–АНУ–тай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд юуны өмнө хоёр талын харилцааны эрх зүйн таатай орчин бүрдүүлэх учиртай. Энэ зорилгоор АНУ–тай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр, Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр, Ил тод байдлын хэлэлцээр байгуулсныг онцлон  дурдмаар байна. Бид цаашид АНУ–тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Ази, Номхон далайн түншлэлийн хэлэлцээрт нэгдэхийг сонирхон судалж байна.
 
Эдийн засгийн харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой дараагийн чухал хүчин зүйл нь манай улс дотооддоо бизнес, хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчин бий болгох, ил тод байдал, эрх зүйт ёсыг бэхжүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд итгэл төрүүлэх явдал юм. Төр, засгийн бодлого нь тогтвортой, хууль журам нь аливаа саад, хоёрдмол утгагүйгээр бүрэн хэрэгждэг.
 
Өөрөөр хэлбэл "тоглоомын дүрэм” нь тодорхой, ойлгомжтой оронд хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулж, ашиг олохыг зорих нь бизнесийн хууль юм. Ийм нөхцөл байдлыг бий болгохыг бид зорих ёстой гэж бодож байна. Мөн Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг Америкт сурталчлан таниулах, мэдээлэл түгээх нь хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн холбоо тогтооход чухал ач холбогдолтой.
 
–Америкийн хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах тал дээр ямар бодолтой байдаг вэ. Мөн баримталж буй бодлогын тухайд мэдээлэл өгөхгүй юү?
 
–Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн төвшин бодит боломжтой харьцуулахад чамлалттай байгаа. Албан ёсны статистик мэдээгээр 1990 оноос хойш манай улсад АНУ–аас нийт 308 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. АНУ–тай 2014 онд 240 гаруй сая ам.долларын худалдаа хийсэн нь манай улсын нийт гадаад худалдааны дөнгөж хоёр орчим хувийг эзэлж байгаа. Манай экспорт маш бага. Өнгөрсөн онд 15 орчим сая ам.долларын бараа,бүтээгдэхүүн Америкийн зах зээлд экспортолсон.
 
Хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг манай тал ч, айлын тал ч сонирхож, онцгой ач холбогдол өгч байгаа. АНУ–тай эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, томоохон хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн бодит сонирхлыг нь Монголд бий болгох нь манай үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Дээр дурдсан суурь нөхцөл бүрдсэнээр бизнесийн харилцаа жамаараа явах учиртай ч үндэсний аюулгүй байдлын ач холбогдлыг нь давхар тооцож, гуравдагч хөршүүдтэй хөгжүүлэх эдийн засгийн харилцааг онцгой анхаарах нь чухал юм.
 
Томоохон төсөл хэрэгжүүлэхдээ зөвхөн богино хугацааны бизнесийн ашгийг бус, урт хугацааны стратегийн ач холбогдлыг харгалзан Америкийн компаниудыг төр, засгийн зүгээс бодлогоор дэмжээсэй гэж хүсдэг. Америкийн хөрөнгө оруулалтыг дагаж байгаль орчинд ээлтэй өндөр технологийн зэрэгцээ компанийн нийгмийн хариуцлага, сайн засаглал, ил тод байдал нэвтэрнэ. Бидний сайн мэдэх "Вагнер Ази” компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлага, сайн засаглал, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсны төлөө  АНУ–ын Төрийн департаментын Шилдэг аж ахуйн нэгжийн шагнал хүртсэн.
 
Манай улс эрдэс баялгийн арвин нөөцтэй, дэлхийн хоёр том зах зээлийн дунд оршдог. Зах зээлийн эдийн засагтай ардчилсан орны хувьд давуу талаа ашиглаж, Америкийн хөрөнгө оруулалтыг татах боломж байна. Энэ боломжийг ухаалаг ашиглаж, бодит ажил хэрэг болгох л хэрэгтэй байгаа юм. Америкийн хөрөнгө оруулагчид манай эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын гол тулгуур болсон уул уурхайн салбарыг түлхүү сонирхдог. АНУ–ын нүүрсний хамгийн том компани "Пибоди Энержи” гэхэд Тавантолгойн ордыг сонирхож, уралдаант шалгаруулалтад оролцож байсан.
 
"Женерал электрик”, "Флуор” зэрэг том компани Монголд зах зээл болоод үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийг сонирхож байна. Цаашид зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлахгүй, боловсруу­лах үйлдвэрлэл, дэд бүтэц, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт Америкийн хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байна.
 
Америкийн хөрөнгө оруулалтыг татахын тулд Засгийн газрын төвшний яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг сайжруулахын төлөө хоёр тал хамтран ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард хоёр орны Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөл зургаан жилийн дараа хуралдсан. Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулсан.Ил тод байдлын хэлэлцээр байгуулсан.
 
–Хоёр улс боловсрол, соёлын салбарт хэрхэн хамтарч байна. Тэр дундаа АНУ–ын Харвард, Станфорд зэрэг дэлхийд нэртэй их сургуулиудыг Монголын их, дээд сургуу­лиудтай холбох, энэ салбарын харилцаа холбоог өргөжүүлэхэд ЭСЯ–ны зү­гээс хэрхэн ажилладаг бол?
 
–Соёл, боловсролын салбар нь манай хоёр орны харилцааны чухал салбарын нэг. Жил ирэх тутам АНУ–д суралцах монгол оюутны тоо нэмэгдэж байна. Энэ нь нэг талаас манай төр засгийн зүгээс оюутан залуусыг гадаадын өндөр зэрэглэлтэй их дээд сургуулиудад сурал­цахыг дэмжиж байгаа. Нөгөө талаас ийм өндөр чансаатай их дээд сургуулиудын жагсаалтыг АНУ тэргүүлж байгаатай холбоотой болов уу. Өнөөдрийн байдлаар нийт 1500 шахам монгол оюутан АНУ–д суралцаж байна.
 
АНУ–ын Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд жил бүр 15-16 оюутан Америкийн тэргүүлэх их дээд сургуульд ирж суралцдаг. АНУ–ын Индианагийн их сургууль МУИС–тай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Энэ сургууль монгол судлалын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгодог Хойд Америк дахь цорын ганц сургууль.
 
Мөн Монгол Улсын Засгийн газар, АНУ–ын Төрийн департаментын дэмжлэгтэйгээр энэ сараас Беркли дэх Калифорнийн их сургууль монгол судлалын хөтөлбөртэй болж монгол хэл зааж эхэлсэн. Манай Элчин сайдын яам АНУ дахь монгол судлалын залгамж чанарыг хадгалах, бэхжүүлэх талаар анхаарч холбогдох талуудтай хамтран ажиллаж байна.
 
–Олон монгол иргэн сурч, ажиллаж, амьдардаг орны тоонд АНУ ордог. Ер нь манай Элчин сайдын яамны ажлын ачаалал ямар байдаг вэ. Монгол иргэд  голдуу ямар төрлийн үйлчилгээ авдаг бол?
 
–Бидний өнгөрсөн жил хийсэн судалгаагаар АНУ–д 25 мянга гаруй монгол иргэн сурч, ажиллаж, амьдарч байгаа тооцоо гарсан. Манай иргэд АНУ–ын томоохон хотууд болох Сан Франциско, Оакланд, Лос Анжелес, Сиатл, Денвер, Вашингтон, Чикагод  байна. Элчин сайдын яам энэ оны эхний хагаст л гэхэд утас, захидал, цахим шуудан, фэйсбүүк сүлжээгээр хандсан болон биечлэн ирсэн 6000 хүнд консулын үйлчилгээ, зөвлөгөө өгсөн. Тэдний 2500 нь шинэчилсэн бүртгэл, гадаад паспорт, иргэний бичиг баримт, итгэмжлэл, гэрээ хэлцэл баталгаажуулах үйлчилгээ авсан монгол иргэд байна. Мөн эрх ашиг нь хөндөгдсөн, хэрэг зөрчлийн ул­маас орон нутгийн цагдаа­гийн байгууллагад саатуулагдсан 50-иад иргэнд эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлжээ. Үүний зэрэгцээ Элчин сайдын яам АНУ дахь монголчуудын холбоод, монгол иргэдийнхээ санаачлан зохион байгуулж байгаа олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллаж байна. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж сайхан үг байдаг даа.
 
–Элчин сайд та Монгол Улсаас Мексик, Израилийг хавсран суудаг. Эдгээр улстай явуулж буй хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
 
–Манай улс Мексиктэй уламжлалт сайн харилцаатай. Энэ сарын 24-нд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо. Миний бие 2014 оны эхээр Мексикийн Ерөн­хийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Манай тал 40 жилийн ойг тохиолдуулан Мексикт улс орноо сурталчлах, соёлын хамтын ажил­лагаа хөгжүүлэх чиглэлээр тоймтой ажил хийсэн.
 
Мексикт зураач Д.Цолмонгийн "Монгол хийморь” нэртэй уран зургийн үзэсгэлэн гаргалаа. Мөн "Нарны цирк”-т ажилладаг монгол жүжигчдийг урьж Монгол ардын дуу хуур, бүжиг, уран нугаралтын үзүүлбэр тоглолт зохион байгуулсан. Монголчууд Мексикийн аялал жуулчлал, уул уурхайн салбарын туршлагаас суралцах эрмэлзэлтэй байдаг. Түүнчлэн мек­си­күүд соёлын үнэт зүйлс, олдворыг хам­гаалахад хамтран ажил­­лах, туршлагаа хуваалцах сонирхолтой.
 
Манай хүмүүс Мексикт бака­лаврын дараах сургалт, мөн Мексикийн Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын академиас гадаадын дипломатуудад зориулан зохион бай­гуул­даг испани хэл, соё­лын семинарт оролцох боломжтой. Онгоцныхоос бусад бүх зардлыг Мексикийн тал хариуцдаг. Энэ бол том боломж юм. Израиль улс бол Ойрхи Дорнодын бүс нутаг дахь манай чухал түнш орнуудын нэг. Хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулдаг.
 
Тус улс манай хөдөө аж ахуй, хүний нөөц, жишиг аж ахуй байгуулах чиглэлээр тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. Манай хоёр улсын иргэд 1996 оноос хойш харилцан визгүй зорчиж байгаа нь аялал жуулчлал, соёл, худалдааг хөгжүүлэхэд дөхөм болохын сацуу иргэд хоо­­­рондын харилцааг идэвх­­жүүлэхэд чухал түлхэц болж байгаа.
 
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2015-11-07, Бямба )
 
< өмнөх   дараах >