Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв байгуулж байгаа залуусын нэг нь ч цалин авдаггүй PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2017-06-13, Мягмар
Image 
 
Энэ удаа бид уншигч та бүхэнтэйгээ эгэл жирийн залуусын нэгдэн нийлж, бүтээн байгуулж буй Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн талаар мэдээлэл хүргэж байна. “Ид шидтэй ах эгч нар”-ын сэтгэл, зүтгэлээрээ бүтээсэн энэхүү “Ид шидийн орон”-д амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүд ирж хамгаалуулах, боловсрол олох, хүмүүжих боломжтой юм байна. 

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв нийслэлийн алслагдсан гэр хорооллын бүс болох Баянхошуу, Зүүн салааны Зүүнбаян уулын энгэр, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд байгуулагдахаар сууриа тавьж, барилгын ажил эхлээд байна. “Ид шидийн орон” төслийн менежер О.Мишээлтэй ярилцлаа. 

 

-“ИД ШИДИЙН ОРОН” ХҮҮХДҮҮДИЙН АВЧ ЧАДААГҮЙ БОЛОВСРОЛ ОЛГОЖ,
НЭЭЖ ЧАДААГҮЙ ХААЛГЫГ НЭЭЖ ӨГНӨ-

-Та бүхэн шинэ төвөө яагаад “Ид шидийн орон” гэж нэрлэсэн юм бэ?

-Гэр хороололд хараа хяналтгүй, хүнд хэцүү амьдралд өсч бойжиж байгаа, хүчирхийллийн өндөр үзүүлэлттэй голомтод амьдарч буй хүүхдүүдэд тэдний очиж тоглох, амьдрахыг мөрөөддөг тэр гайхалтай орчин, мөрөөдлийн газрыг цогцлоож өгөх төлөвлөгөөтэй байсан учраас “Ид шидийн орон” гэж нэрлэсэн. Ид шид биелнэ. Хүүхдийн харж болох хамгийн гоё, авч болох хамгийн хэрэгтэй зүйлсийг тэнд байлгахыг хүсч, ид шидийг биелүүлнэ гэж бид өөрсдөдөө итгэж байсан учраас энэ нэрийг өгч байсан.

-Хүмүүс ид шид гэж байдаггүй, байх боломжгүй зүйл гэж үздэг. Гэтэл залуус өөрсдөө бүтээх нь ээ?

-Тийм ээ. Магадгүй “Ид шидийн орон” төв байгуулагдах тэр газарт амьдарч байгаа хүүхэд ирээдүйд авч чадахааргүй байсан боловсрол, ирээдүйд хэзээ ч нээж чадахгүй байсан тэр хаалгыг нээж өгөх газар нь болно гэж бид итгэдэг. Анхаарах ёстой хүмүүс нь анхаарахгүй байгаа тэр хүүхдүүдэд ирээдүйд ямар ч хаалга нээгдэхгүй байж ч болно шүү дээ.

-Төсөл хэрэгжүүлэх санаа, түүх сонин байх болов уу. Залуус сэтгэл хөдлөлөөр биш тодорхой хугацаанд бүтээсэн түүхээсээ энэ санааг олсон уу?

-“Лантуун дохио” ТББ 2012 оны аравдугаар сараас хойш хүний наймаа, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хугацаанд бидэнд 200 гаруй хүүхдийн хүчирхийллийн “кэйс”-үүд орж ирсэн. Аав нь хүүхдээ заазуурдсан, хазаж гаж зуршлаа хангадаг, хаяад явсан, орхиод зугтсан гэх мэт хүүхдүүд манай ТББ-аар дамжиж орж ирэхэд бид тодорхой хэмжээнд өмгөөлөгчийн зардлаас эхлээд эмч нартай холбож өгөх гэх мэт шаардлагатай ажлуудыг хийдэг. Бид 2015, 2016 оны шинэ жилээр “Ид шидийн уут” нэртэй аян зохиож явуулсныг та бүхэн сонсож байсан болов уу. Монгол болон гадаадад байгаа залуус өөрсдийн боломжийн хэрээр хандив өргөж, бизнесийнхэн ч хувь хувьдаа дэмжсэн. Тухайлбал, энгийн нэг иргэн таван уут бэлэг авч ирж өгөөд, “Бөмбөгөр” худалдааны төв гэхэд өөрсдийн зардаг бараануудаас хичээлийн хэрэгсэл, хувцас хунар гэх мэт хүний хэрэгцээний зүйлсийг хандивласан. Үндэсний үйлдвэрлэгч “Шар доктор” компани хоёр жил дараалан манайд бүтээгдэхүүнээ хандивласан. Бид сайхан сэтгэлтэй хүмүүсийн тэр бүх зүйлийг цуглуулж уутлаад, бэлэг болгон тараасан. Бэлгийнхээ цүнхийг буюу “ид шидийн уут”-ыг хоёр жил дараалаад өөрсдөө оёсон. Хүүхдүүд пүүзээ хийгээд явах, хувцсаа хийгээд барихад ч амар. Энэ бэлгээ бид өөрсдөө өвлийн өвгөн, цасан охин болоод, үүрээд Улаанбаатар хотын захын гэр хорооллын айлуудаар явж тараасан юм.

 

-“ИД ШИДИЙН ОРОН” ТӨСӨЛ БИДНИЙ ХУВЬД МӨРӨӨДӨЛ БАЙСАН-

-Бэлэг өгөх хүүхдүүдээ хэрхэн сонгож байв?

-Хороо, дүүрэг, нийгмийн ажилтнаас чиглэл аваагүй. Учир нь итгэх итгэл алдарсан зүйлс олон гарч байсан. Бид яг өөрсдөө хүнд хэцүү амьдралтай айлуудыг хайж олж очоод бэлгээ өгч байсан. Нэг багт нэг өвлийн өвгөн, нэг алиалагч, гурван цасан охин явна. Ингэж хоёр жил явахдаа Улаанбаатар хотын есөн дүүрэг, Төв аймгийн хоёр сумаар аялсан байдаг. Цасан охид маань хүүхдүүдэд дуу дуулж, шүлэг уншиж өгөхөөс гадна судалгаа хийнэ. Тухайлбал, өвлийн өвгөн аав “Миний хүү муу хүн гэж ямар хүнийг хэлэх вэ” гэхэд хүүхдүүд үнэнээ л хэлдэг. Үүнийг нь цасан охид маань хяналтаар сонсчихоод, гарч ирээд судалгаагаа бөглөж явсаар далд судалгаа хийсэн. Үүнээс бид маш их мэдээлэлтэй болж, 2016 оны нэгдүгээр сард бүгдээрээ сууж байгаад яг ийм төв байгуулъя гэдэг санаа гаргаж байлаа.

-Итгэл алдарсан гэж хэллээ. Та бүхэн шиг бусдад туслах гэсэн залуус бас алдах вий гэсэн дээ асууя. Ямар асуудал гардаг юм бэ?

-“Bright Mongolia” байгууллагын шугамаар Дэлхийн банкнаас бидэнтэй холбогдож, 40 тонны контейнер дүүрэн ном нааш илгээх төсөл хэрэгжиж байна. Дэлхийн банкны хүмүүс АНУ-аас ирээд бидэнтэй холбогдоод уулзаж байхдаа ч тэр ярьж байсан нь “Монголын төрийн байгууллагатай бид холбогдоод маш эвгүй байдалд орж байсан. Бид яг л юмаа хийж чадах, найдвартай ТББ-ын залуустай хамтарч ажиллахыг хүсч байна” гэсэн. Гэтэл зарим төрийн байгууллагын хүмүүс өөрсдийнхөө ойр дотны хүмүүс рүү явуулах, эсвэл санхүүжилт шаардлагагүй, зорилтот бус хүнд маш олон жилийн турш тусламж дэмжлэг очсон байх жишээтэй. Бид хороодоор орж, бэлэг өгөх зорилтот айлуудыг асуугаагүй биш асуусан. Гэтэл биднийг дагуулаад ороход бидний цуглуулсан хандивын бэлгийг авах шаардлагагүй айл байдаг гэх мэт олон тохиолдол бий. Тиймээс бид өөрсдийнхөө боломжоор явсан. Хорооны эмч нараас яах аргагүй зөвлөгөө авч байсан. Тэдний хувьд хамгийн бодит мэдээлэл өгдөг, эмч нар дээр хүнд хэцүү амьдралтай хүмүүс ирдэг дээр нь айлуудаар байнга явж хүүхдүүдийг үздэг учраас хаана ямар айл байдаг вэ гэдгийг сайн мэддэг юм билээ.

-Та бүхний хичээл зүтгэлээр өнөөдөр Ид шидийн орон төслийн барилгын бохирын шугам хүртэл хийгдээд дуусч байна. Юу ч үгүйгээс эхэлсэн шүү дээ?

-Тийм ээ. “Ид шидийн уут” төсөл дээр 200 гаруй залуу ажиллаж, хүмүүсийн хандивласан бэлгийг цаг заваа гаргаж тараагаад дуусч байгаа юм. Энэ төсөл бидний хувьд мөрөөдөл байсан. 2016 оны нэгдүгээр сард бидэнд нэг ч төгрөг байхгүй, газар байхгүй, яаж ямар байшин барих, ажлын зураг гээд юу ч байгаагүй, гэхдээ бидэнд мөрөөдөл байсан. Өнгөрсөн намраас мөрөөдлөө бодит ажил болгохоор шамдаж эхэлсэн юм.

 

-ТАВАН ЖИЛИЙН УРСГАЛ ЗАРДЛАА ШИЙДЧИХСЭН БАЙГАА-

-Төв байгуулагдлаа гэхэд цаашид үйл ажиллагааныхаа зардлыг хэрхэн гаргах вэ?

-Ид шидийн орон төв байгуулагдаад үйл ажиллагаа эхэлснээс хойш таван жилийн хугацааны зардлыг бид шийдсэн.

-Яаж?

-Манай ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан тавдугаар сард АНУ руу байгууллагынхаа шугамаар аялахдаа хотуудаар явж төслөө танилцуулсан. Ингэхдээ 200 гаруй хүнтэй уулзаж “Ид шидтэй ах, эгч нар” гэсэн 140 хүнээс амлалт авч, гэрээ хийсэн. Тэд амлахдаа “Ид шидийн орон байгуулагдсан өдрөөс эхлээд таван жилийн хугацаанд өдөрт 1 ам.доллар хандивлана” гэсэн. Энэ нь сард 9 сая гаруй төгрөг болж байна. Үүгээр л бид нийгмийнхээ ажилтан, сэтгэл зүйч, ажилтнуудынхаа цалин хөлс, дотор нь ажиллах тогооч, бэлтгэгч гээд хүмүүсийн цалин хөлс болон ус, цахилгаан, тогныхоо мөнгийг шийдэж байгаа юм. Бүх хүн цалинтай ажиллана шүү дээ. Мөн нэмээд хүүхдүүдийн идэж уух хүнс, өмсөж зүүхээс эхлээд бүгдийг шийднэ. 

-Одоо баригдаж буй ажлын санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Өнгөрсөн намраас эхлээд бид санхүүжилтээ шийдэхээр олон аргаар ажиллаж байна. Тухайлбал, АНУ дахь салбарын босгосон мөнгө, арванхоёрдугаар сард “Анук, Очмаа” хоёрын ковер тоглолтыг хийгээд, гурван сая төгрөг босгосон, хүүхэд залуус төрсөн өдрийнхөө баяраар бэлэг авахгүй, тэр өдөр авсан бүх цугласан мөнгөө “Ид шидийн орон”-д хандивласан байх жишээтэй. Шинэ он гараад буюу нэгдүгээр сар болоход 32 сая төгрөг цуглуулж газраа худалдаж авсан. Ингэж л мөрөөдөл биеллээ олж эхэлсэн. Тун удахгүй “Арч Жи Зэт” гээд компани бидэнтэй холбогдоод, бүх зураг төслийг маань үнэгүй зурж өгье гэсэн санал тавьснаар ажлын зураг, эскиз гээд бүгдийг үнэгүй зурж өгсөн дөө.

-Зураг төслийн нийт өртөг хэд болсон бэ?

-Газар босох нийт төсвийнхөө хувиар тооцогдож зураг төслийн өртөг тооцогддог юм билээ. Тэгэхээр 20-30 сая төгрөг болох юм байна гэж бид тооцоолсон юм.

 

-ЭНЭ ТӨСЛӨӨ ЗАСГИЙН ГАЗАРТ САНАЛ БОЛГОНО-

-Төв барьж байгуулах, хүүхдүүдийг асарч хамгаалах бол төрийн ажил. Гэтэл залуус яагаад хөдлөх шаардлагатай болчихов оо?

-Төрөөс “Community center” буюу нийгмийн төв гэж хэлж болох газрыг барих гэж хэд хэдэн удаа оролдож байсан ч тодорхой шалтгаануудын улмаас зогссон юм билээ. Бидний хувьд энэ төвийг барина гэж зүтгэснээрээ л барьж байна. Бид “Ид шидийн орон” төвөө жишиг төв болгоно.

-Яаж?

-Бид төслийг олон улсын стандартад нийцэхүйц байдлаар бичиж байгаад тэр төслөө англи, япон хэл дээр орчуулна. Энэ жишиг төвийг бариад, 5-10 жилийн дараа үйл ажиллагаа явуулж байхдаа эргэн тойрныхоо хороо, дүүргийн өрхүүдэд ямар эерэг нөлөө үзүүлж, хэдэн хүн архины хамаарлаасаа гарсан байна, хэдэн хүүхдийн сурч боловсрох хүсэл эрмэлзлэлд тус дэм үзүүлсэн бэ, хэдэн хүүхэд зөв зам руу явж байна вэ гэдэг судалгаануудыг гаргаад дараа нь үүнийгээ Засгийн газарт санал болгоно. 100 хувь хандиваар боссон энэ төсөл Монгол Улсад зайлшгүй хэрэгцээтэй юм гэдгийг батлаад, есөн дүүрэгт үүнийг бариач ээ, заавал манай нэрийг гаргах шаардлага байхгүй, манай жишгээр бариач ээ гэдгийг хэлэх юм. Ингэж зөв гольдрилоор ажилласнаар тодорхой хугацааны дараа Монгол улсад хүчирхийлэл, архины хамаарал нь тодорхой хэмжээгээр багасна гэж бид найдаж байна. Ингэж л бид ул суурь үндсээс нь эхэлж энэ аймшигтай зүйл, аймшигтай гэмт хэргийг устгах зорилготой байгаа. Түүнээс биш тэр аймшигтай мэдээний зургийг бид фэйсбүүк, твиттер дээр шэйрлэж, коммент бичсэнээрээ нийгэмд ямар ч өөрчлөлт авчирч чадахгүй. Тиймээс үндсээс нь эхлээд өөрчлөх зорилготойгоор бид ажиллаж байна.

 

-ХАМГААЛЛЫН БАЙР БОЛОН БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН ТӨВ ГЭСЭН ТУСДАА БАЙРТАЙ БАЙНА-

-Жишиг төсөл болох төвийн зохион байгуулалт, бүтцийн талаар танилцуулахгүй юу?

-Манайх 2060 м.кв талбай газартай. Энэ газар дээрээ хүүхэд хамгааллын байр, боловсрол хөгжлийн төв байгуулна. Хамгааллын байр бол нийтэд буюу боловсрол хөгжлийн төвөөс тусдаа байх шаардлагатай, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хуулийн зөвлөгөө өгөх хуульч ажиллана. Үүнд хамгаалалтад байх шаардлагатай, эрх нь зөрчигдсөн хүүхэд ээжтэйгээ ч юм уу байрлаж, хуулиар асуудал шийдэгдэх хүртэл үлдэнэ. Боловсрол хөгжлийн төв нийтэд байнга нээлттэй, үнэгүй номын сантай, эцэг эхчүүдэд соён гэгээрүүлэх сургалт зохион байгуулах өрөө тасалгаатай, өдөр өнжүүлэх төв зэрэг байрлана. Мөн тоглоомын төв байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, энгийн хүүхэд аль аль нь хамтдаа тоглох боломжтой талбай байна. Түүнчлэн хэрэгцээтэй ногоогоо тарьж болохоор дөрвөн улирлын хүлэмж, сагсан бөмбөгийн талбай, хашаа, манаачийн байр гэх хэсгүүдээс бүрдэнэ. Даацын хувьд маш жижиг санагдаж байж болох ч тухайн хүрээндээ байгаа хүмүүстээ үйлчилнэ. Жишиг төв болгоно гэсэн учир нь үүнтэй адилхан төвүүдийг өөр хороонд, өөр дүүргүүдэд баригдаасай гэж бид хүсч байгаа юм.

-Одоо барилгын ажил ямар шатандаа яваа вэ?

-Шал, суурь, зоорь нь цутгагдаад, ойрын өдрүүдэд хоёр давхар хүртлээ хийгдээд явахаар төлөвлөгдсөн байна. Уг нь бид санхүүгийн асуудлаас болоод нийтэд зориулсан Боловсрол хөгжлийн төвөөс бусад байгууламжуудаа л эхний ээлжинд барих төлөвлөгөөтэй байсан. Гэтэл саяхан бидэнд сайхан санал ирсэн. МАК компани “Хэрэв та нар сууриа тавьчихвал бид блокны асуудлыг 100 хувь шийдэж, ажиллах хүчээ өөрсдөө гаргаад байшинг чинь босгоод өгье, дотор гадар заслаа өөрсдөө хийгээрэй” гэсэн. Гэрээ маань ойрын хугацаанд хийгдэх байх аа. Мөн Оюутолгой прожекст сервисээс бидэнд энэ тоглоомын талбайг зуун хувь шийдэж өгч байна. Манай газар шороог тэгшилж байгаа компани сагсны талбайг бидэнд үнэгүй хийж өгөхөөр болсон. Ингээд л бүх зүйл ар араасаа санаанд оромгүй хурдацтай өрнөж байна. Барилгын компаниуд ч зах зээлийн ханшаас хамаагүй доогуур, хэмнэж байгаа мөнгөө хандив болгон ажиллаж өгч байна. “100 айл” дээр бид материал авах гээд очсон ч “Ид шидийн орон”-г сонссон, тусалъя гэж бодсон хүмүүстэй олон тааралдаж байна. Ганцхан жишээ хэлэхэд, бид цахилгаан бараа авах гээд очтол бидэнд 518 мянган төгрөгийн барааг 407 мянган төгрөгөөр өгөөд “Дахиад цахилгаан бараа авахаар бол над дээр ирээрэй, би хөнгөлж өгнө шүү” гэж хэлж байх юм. Ийм л сайхан сэтгэлтэй, ид шидтэй ах, эгч нарын хандиваар ид шидийн орон сүндэрлэж байна даа.  

-Туулай, бамбарууш гэх мэт өөрсдийн гараар хийсэн бүтээлч үйлдвэрлэлийг та бүхэн зарж санхүүжилтээ босгож байсан шүү дээ?

-Манай Солонгос дахь салбар туулай хийж зараад, түүнээсээ санхүүжжилт босгон “Ид шидийн орон” төсөл рүүгээ оруулж байна. Манай Лантуу хүүгийн түлхүүрийн оосор мөн худалдаалагддаг. Бид үүнийг захиалж хийлгээд, 1000 төгрөгөөр хүмүүст зардаг. Хүмүүс түлхүүрийн оосор, туулайтай болчихно, тэднээс зүгээр мөнгө авахгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гадаадад сурч амьдардаг зарим залуус үүнээс 500-1000 ширхэгээр нь авч яваад илүү өндөр үнээр зараад манайх руу буцаагаад мөнгийг нь явуулж байгаа ч тохиолдол бий. Санхүүжилттэй холбоотой энэ бүх мэдээлэл, хандивын зарцуулалтыг www.lantuu.mn сайтаар ороод харж болно.

 

-МӨНГӨН БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНДИВ НИЙЛЭЭД 100 САЯ ДАВСАН БАЙНА-

 

-Энэ ажил залуус та бүхний хувьд ашигтай биш нь мэдээж. Хажуугаар нь тус тусын ажлуудаа хийж байгаа юу?

-Тийм ээ. Барилгын төслөө дөрвөн хүнтэй баг удирдаж байна. Тэр дөрвөн залуу тус бүр өөр өөрсдийн ажлыг хийж байгаа ч үүнийхээ хажуугаар гэрээ байгуулах, хуралдах, хүмүүстэй уулзалт хийх гэх мэт ажлуудаа амжуулдаг. Үүнээс гадна “Лантуун дохио” ТББ-ын үндсэн 30 гаруй хүн хөтөлбөрөө боловсруулж байна. Зөвхөн “Ид шидийн орон” төслөөс гадна манай байгууллага бусад ажлуудаа ч мөн давхар амжуулаад явж байгаа. Хэн ч эндээс цалин авдаггүй, ганц оффис менежер л цалин авч, бүтэн цагаар сууж ажилладаг. Мэдээлэл авах гэж байгаа болон хандив өгөх гэж буй хүмүүстэй уулзаж, албан бичгийн хөтлөлт зэргээ хариуцдаг.

-Төлсийн хүрээнд одоо хэдэн төгрөгийн хандив, бүтээн байгуулалт боссон байна вэ?

-Одоогийн байдлаар мөнгөн болон бүтээгдэхүүний хандив нийлээд 100 сая давсан. Одоогоор бид базаж нэгтгэж амжаагүй л явна. Зөвхөн барилгын ажил дээр шүү дээ. “Ид шидийн уут” аян дээр хамгийн сүүлд 96 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн цуглуулж, сайн дурын ажилчид түгээсэн. Уучлаарай, би энд маш олон зүйлийг орхигдуулж ярьж байна. Баярласан, талархсан хүмүүсийнхээ нэрийг хэлэлгүй өнгөрч байгаад уучлаарай.

-“Ид шидийн орон” хэзээ ашиглалтад орох вэ? Ашиглалтад орсны дараа ямар өөрчлөлт авчирна гэж бодож байна вэ?  

-Хамгийн их хүн амтай дүүрэг бол Сонгинохайрхан дүүрэг. Үүний дараа Баянзүрх дүүрэг ордог. Сонгинохайрхан дүүргийн хүчирхийллийн гаралт өндөртэй, хүн амын нягтаршил өндөртэй хороонд нэгдүгээрт, 26 дугаар хороо, хоёрдугаарт 10 дугаар хороо ордог. Бид 10 дугаар хороонд газар худалдаж аваад, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Яг есдүгээр сарын 1-нд бид нээлтээ хийнэ гэж зорьж байгаа, үүндээ ч хүрэх гэж хичээнэ. Дахиад бидэнд гурван сар гаруйн хугацаа байна. Энэ хугацаандаа хичээж ажиллан нээлтээ хийгээд, тэр цагаас хүүхдүүдэд үнэгүй ном уншуулахаас эхлээд нөлөөллийн ажлаа эхэлнэ. Маш цэгцтэйгээр үйл ажиллагаа явуулна. Ингэснээрээ бид гэр хороолол дунд маш гоё ногоон байгууламжтай, гэрэл гэгээтэй, хүмүүс хажуугаар нь явахдаа “Ямар сайхан юм бэ” гэж уулга алдахаар бүтээн байгуулалт хийнэ. Хамар хашааны хүн хараад “Хөөх, эднийх ямар гоё юм бэ, манай хашаанд яагаад ийм мод тарьж, өвс суулгаж болохгүй гэж” гээд амьдралдаа бага ч болтугай өөрчлөлт оруулах нөлөөллийг бид үзүүлэхийг хүсч байна. Мөн Оюун ухааны академийн Х.Хатанбаатар багш нарын хамт манай төв дээр ирж төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ярьсан. “Баянхошуунаас ой тогтоолтын дэлхийн аварга төрнө” гэсэн. Ингээд бүх хөтөлбөр, төлөвлөгөөг харахад 10 дугаар хороонд ямар өөрчлөлт ирэх гээд байна вэ гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Зөвхөн аравдугаар хороонд ч биш, хажуугийнхаа хоёр хороо гээд нийт гурван хорооны огтлолцол дээр байх учраас бүгдэд үйлчилнэ гэж хэлж болно.

 

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

medee.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
 
дараах >