Түүх түүхээрээ үлдэг: Бид тэднийг хөөгөөгүй - 1 PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2017-11-13, Даваа
 Image
 
Хайран сайхан зөвлөлт ах нар” хэмээн уянгалуулан дуу алдагсдад зориулсан түүхэн үнэн. Зөвлөлтийн цэргийг Монголоос хөөж гаргасан буруутнаар ардчилсан хүчнийхнийг тодруулаад тэр арга барилаараа МАН-ыг сонгуульд ялуулаад ирсэн түүх рүү хариу тайлбар өгч энэхүү нийтлэлийг бичлээ.  

1970-аад онд Хятадын маоистууд тэр үеийн СССР-ийн эсрэг хийрхэл дэгдээхдээ, “Гурван ертөнцийн онол” гэгч онолын бүдүүвчлэл зохиомжлон, СССР-ийн социал-империализм бол 1 дүгээр ертөнцийн “Хоёр хэт их гүрний” хамгийн аюултай заналт дайсан нь хэмээн гөрдөж байснaac тэр түүх эхэлдэг. Стратегийн хүчний тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд Хятад-АНУ-ЗСБНХУ-ын гурвалжин дотор Хятад нь тэр хоёрын алинтай нь ч холбоотон болохгүй хэмээн Дэн Сяопин байнга мэдэгдэж, Зөвлөлттэй харилцаагаа хэвийн болгох үйл явцын гараа зөвхөн жанжлалын эсрэг тэмцлийн байр сууриас эхэлнэ гэж хатуу тогтсон байв. 

 

Өөрөөр хэлбэл Хятад нь эргэн тойрондоо таатай орчин бүрдүүлсэн тохиолдолд харилцаа хэвийн болно. Тэгж хэвийн болгоогүй цагт хөдлөхгүй гэсэн санаа байв. Тэр үеийн БНМАУ-аас Зөвлөлтийн цэргийг гаргах шаардлагыг Хятадын дээд удирдагчдаас 1978 онд ХКН-ын Төв Хорооны дарга, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Хуа Гофэн  анхлан илээр тавьж, Төв Хорооны бүгд хурлын илтгэлдээ дурдаж байв.   

 

 

Дэн Сяопиний энэ хатуу заалт ХКН-ын XII их хурлаар (1982 он) сайшаагдаж, 1980-аад оны турш олон үе шаттай явагдсан Зөвлөлт-Хятадын улс төрийн зөвлөлдөх уулзалтынявцад “Гурван харш саад” хэмээх болзолыг хятадууд улиг болтол тавихын үндэс байна чинээ тэр үедээ хэн ч төсөөлөөгүй. 

Тэрхүү харш саад нь 

1) Хятадтай залгаа хилийн дагуу Зөвлөлтийн цэргийг 1964 оны өмнө түвшинд хүртэл хорогдуулах;
2) Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах;
3) Кампучиас Вьетнамын цэргийг гаргуулах зэрэг хөндүүр асуудал байснаа 4) Дөрөв дэх харш саад болж Афганистанаас Зөвлөлтийн цэргийг гаргах асуудал нэмэгдэж оров. Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны төвийн захирал Хуань Сян 1984 онд Бээжин дэх Зөвлөлтийн ЭСЯ-ны Элчин зөвлөхтэй уулзахдаа, “Гурван харш саад” гэдэг нь Хятадыг гурван талаас нь бүсэлсэн байдлыг хэлж буй тухай Зөвлөлтийн талд ягштал ойлгуулсан юм. 

Ийм зогсонги үед М.С.Горбачевоос Владивостокт (1986 он), Красноряарскт (1988 он) дэвшүүлсэн энх тайвны цогцолбор санаачилгын үзэл санаа Азид “Хүйтэн дайн” эцэслүүлэх шинэ уриа дуудлага болон цууриажээ. Тэрээр “Өөрчлөн байгуулалт ба шинэ сэтгэлгээ: Манай оронд болон дэлхий дахинд” номдоо Хятадын “Дөрвөн шинэчлэл”-ийг анх удаа өөдрөгөөр үнэлэн дүгнэж, Аугаа их социалист Хятадтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг саргээж “Дөрвөн шинэчлэлийн” үр шимийг түүндээ ашиглахыг уриалан дуудсан нь БНХАУ-ын эрх баригчдын анхаарлыг зүй ёсоор татсан юм. Тухайлбал 1987 онд Дэн Сяопин Японы Социалист Намын Төв гүйцэтгэх хорооны дарга хатагтай Т.Доитой уулзахдаа, нас дээр гарсан учраас хилийн чанадад ямар нэг айлчлал хийх гэж төлөвлөөгүй боловч Зөвлөлтийн ямар ч газар, тэр ч байтугай Москва орж М.С.Горбачевтой дуртайя уулзахад бэлэн байна гэж мэдэгдсэн нь дэлхий нийтийг гайхшруулж байв. ХКН-ын XIII их хуралд бэлтгэх асуудлаар Бэйдайхэд зөвлөлдөх үед “Хонконгийг Хятадад нэгдэхийг хүлээе гэхнээ нас дээр гарчээ. Харин Хятад-Зөвлөлтийн харилцаа хэвийн болох үйл явцыг гэрчлэгч, оролцогч байхыг хүсч буй” тухай түүний яриа гадаадын хэвлэлүүдэд цухалзав. Эдгээр ярианаас гадаадынхан элдэв таамаглал дэвшүүлж Хятад-Зөвлөлтийн хооронд дээд хэмжээнд уулзах боломжтой төдийгүй шаардлагатай гэдэг асуудлыг Дэн Сяопин гаргаж тавих нь гэж урьдчилан дүгнэж байлаа.          

ЗСБНХУ-тай харилцаа сайжруулах боломжийг эрэлхийлж Хятадын талаас гуравдагч этгээдээр Москва руу аман мэндчилгээ уламжлах зэргээр нөгөө талаас санаачилга гаргаж байжээ. Тухайлбал Румыны коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСРУ-ын Ерөнхийлөгч Н.Чаушеску ийм зуучийн үүрэг идэвхтэй (1982 он, 1985 он) гүйцэтгэжээ. 1985 онд Дэн Сяопин, Чаушеску нарын уулзалтаар, хэрэв Кампучиас Вьетнамын цэргийг гаргуулбал өтөл 80 насыг үл харгалзан Москвад очиж М.С.Горбачевтой уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан мөн ийм илгээлтийг Москва руу уламжилж байв.  

“Элчин сайдын зочин” нэрээр ГХЯ-ны чиглэлийн газрын дарга нар  М.С.Капица, Юй Хунлян нарыг харилцан томилж, яриа хэлэлцээ эхлүүлэх асуудлаар тандалт хийж байсан нь шат ахиж, дэд сайд Л.Ф.Ильичев, Ван Юпин нарын хооронд тасарсан хэлэлцээ сэргэж, 1982-1988 оныг дуустал үргэлжилжээ. 

1988 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дугаар чуулганы индрээс М.С.Горбачев энх тайванч шинэ санаачилга дэвшүүлэхдээ зэвсэгт хүчнийг үлэмж хорогдуулж, түүний дотор Монголоос цэргээ гаргана гэдгээ анх удаа ил зарласан билээ. М.С.Горбачев ийнхүү гүйлгэн ухаанаар буулт хийхдээ Монголыг орхиж (Монголоор “шатрын хүү” хийх сонирхолгүй гэсэн санаа) Бээжин рүү хандсан ба юуны өмнө Хятадын талаас удаа дараа тулган шаардсан “Гурван харш саад” гэгч болзлыг хүлээн авсан юм. Тэрээр 1989 оны хаврын түүхэн айлчлалаа хийхээсээ өмнө сайн санааны урьдчилгаа алхам болгож Бээжингээс 1000-аадхан км (Дорноговь аймгийг хэлж байна-Зох) зайд байрлах Зөвлөлтийн их цэргийг гэдрэг татаж гаргасан байх явдал гэж хатуу үзсэн байв. 

Зөвлөлтийн удирдагч НҮБ-д үг хэлэхээс өмнөхөн БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Цянь Цичэнь 1988 оны 11 дүгээр сард Москвад айлчлах үедээ  “Гурван харш саад” гэгч болзлоо яриа хэлэлцээнээс татаж авснаа нотолсон ба Зөвлөлт-Хятадын хэлэлцээний 12 дахь уулзалтаар зөвхөн Кампучийн асуудал хэлэлцэв. Зөвлөлт-Хятадын дээд хэмжээний уулзалт 1989 оны эхний хагаст болно гэдгийг Цянь Цичэнийн айлчлалын өмнөхөн нь БНХАУ-ын Ерөнхий сайд Жао Зыян нийтэд зарлав. 1989 он гараад ЗСБНХУ-ын ГЯЯ-ны сайд Э.Шевардназе Хятадад айлчилж, С.М.Горбачевын айлчлалын тов, дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрийг нарийвчлан тохиролцов. Зөвлөлтийн тал нутаг дэвсгэрийнхээ дорнод хэсэгт цэргээ 200 000-аар, өмнөд хэсэгт (тэр үеийн Дундад Ази) 60 000-аар хорогдуулж, БНМАУ-д түр байрлаж буй цэргийнхээ дөрөвний гурван хувь буюу 75 хувийг 2 жилийн дотор гаргахаа тэрээр зарлав. БНХАУ нь 1985-1987 онд зэвсэгт хүчнээ 1 сая хүнээр хорогдуулсан ба мөн хагас сая цэргийг албанаас нь халахаар зарласан зэрэг урьдчилгаа харилцан буулт хийлт Зөвлөлтийн Гадаад хэргийн сайдын айлчлалын өмнө хийгдсэн байлаа. Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж, Хятадын удирдагч Дэн Сяопин: Хятад-Зөвлөлтийн харилцааг сайжруулахад саад болох учир шалтгаан байхгүй гэж мэдэгдэв. 

Э.Шевардназег дагалдан Бээжинд айлчилсан, чухам хэлбэл уг айлчлалын халуун мөрөөр явсан Зөвлөлтийн ГЯЯ-ны орлогч сайд И.Рогачев (хожим Бээжинд ОХУ-ын Элчин сайдаар удтал ажилласан) Монголд ажлын айлчлал хийж, НҮБ-ын индрээс М.С.Горбачевын дэвшүүлсэн тэрхүү энх тайванч санаачилгын явцыг Монголыг удирдлагад мэдээлж, Ц.Гомбосүрэн, Д.Ёндон зэрэг БНМАУ-ын ГЯЯ-ны удирдлагатай хэлэлцээ хийхдээ Зөвлөлтийн цэрэг гаргах асуудлыг буурьтай ярилцжээ. Энэ тухайгаа ч “Ази, Номхон далайн бүс нутгийн асуудлаар хоёр ГЯЯ-дын харилцан ажиллах тухай төлөвлөгөө”-нд тусгав. Зөвлөлтийн дипломатч ноён И.Рогачев монголын сэтгүүлчдэд: Бусдын нутаг дэвсгэрт гадаадын цэрэг байхтай холбогдсон Зөвлөлт Холбоот Улсын зарчмын байр суурь гэвэл, аливаа цэрэг гагцхүү үндэснийхээ хил хязгаарын дотор байх ёстой гэдэгт оршиж байна. Бидний ам ажил зөрдөггүй хэмээн тов тодорхой мэдэгдээд, зарим тоо баримт дурдахдаа Зөвлөлтийн цэргийн ихээхэн хэсгийг буюу 75 хувийг гаргаж, Монгол дахь нисэх хүчний бүх нэгтгэл ангиудаа татан буулгана, ингэхдээ БНМАУ-ын Засгийн газартай хамгийн нягт зохицон хэрэгжүүлнэ гэж ярьж байхад би тэр түүхэн хуралд сууж байсан амьд гэрч болсон юм.    

 

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дугаар чуулганы индрээс М.С.Горбачевын дэвшүүлсэн энхийн уриа дуудлага нь Варшавын Гэрээний холбоотон орнууд ба Монгол Улсад шууд тусгалаа олж улс бүр дор бүрнээ зэвсэгт хүчин, зэвсэглэлээ хорогдуулах алхамуудыг уралдуулан хийж эхэлсэн билээ. ЗСБНХУ тэр үед Афганистанаас цэргээ бүрмөсөн гаргаж дууссан, зэвсэгт хүчнээ 12 хувиар буюу хагас сая хүнээр багасгаж эхэлсэн, үүнд  Европт 240 000, Азид 200 000, Төв Азид 60 000 цэрэг хорогдуулж, ингэснээр батлан хамгаалах төсвөө 14.2 хувь, цэргийн үйлдвэрлэлээ 19.5 хувиар хэмнэхээр шийдсэн байв. Социалист орнууд энх тайванч энэ санаачилгад нэгдэхдээ Польш,  Унгар,  Ардчилсан Герман, Болгар,  Чехословак,  Румын нь бие бүрэлдэхүүнээ төдөн цэргээр, төдөн дивиз, төдөн анги  нэтгэлийг татан буулгаж, цэргийн зардал улсын төсөвт төдөн хувь байсныг төд болгов, зэвсэглэлээс төдөн танк, их буу, флотоос төдөн хөлөг онгоц хасав гэхчлэн олон алхамууд хийжээ.   

Варшавын Гэрээний холбоотон орнуудын дээрхи нааштай алхам, Зөвлөлтийн энх тайванч санаачилгын тусгал Монголыг мөн тойрч гараагүй. Монголчууд бид зөвхөн Зөвлөлтийн цэргийг үдэн мордуулчихаад зүгээр сууж байсан гэвэл эндүүрэл болох тул тэр үеийн БХЯ-ны сайд Ж.Ёндонгийн хэлснээс эшлэх нь зүйтэй. 1989 оны гуравдугаар сард сайд Ж.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл хийхэд би бас байлцсан хүний баримтаасаа дэлгэе: БНМАУ зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг 1989-1990 онд багтаан 13 000 хүнээр цөөрүүлэх, байлдааны авто машин 1000, гинжит болон хуягт машин 90, байлдааны 18 нисэх онгоцыг зэвсэглэлээс хасах, ингэснээр манай улсын цэргийн зардал 11 хувиар багасах, Монголын арми дахь Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүдийг нэлээд цөөрүүлэх болсныг илээр зарлажээ. Нэгэнтээ манай бүс нутагт энх тайван, аюулгүй байдал бэхжих алхам хийгдэж, хоёр хөрш гүрэн харилцаагаа сайжруулах нь гарцаагүй болж, гаднаа дайсангүй болсон тул, нөгөө талаас Варшавын Гэрээний цэргийн хориглон хамгаалах шинэ номлолтой нийцүүлж, Монголын Ардын армийг ийнхүү хорогдуулснаа хурандаа генерал Ж.Ёндон тайлбарлаж байв.     

1988 онд ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчид “Зөвлөлтийн зэвсэгт хүчнийг хийгээд батлан хамгаалах зардлыг 1989-1990 онд хорогдуулах тухай” лут тогтоол баталж, тогтоолын дагуу цэргийн бие бүрэлдэхүүнээ хагас сая хүнээр цөөлөх, улсын төсвөөс батлан хамгаалах зардлыг үлэмж хэмжээгээр хорогдуулахаар заасан юм. М.С.Горбачев Британид айлчилж байхдаа хэлсэн үгнээс үзвэл, тухайн цагт Зөвлөлтийн зэвсэгт хүчин, тэнгисийн цэргийн флотод 4 сая 258  мянган цэргийн албан хаагч байжээ. Энэ тоо Хятадынхаас  нэг саяар илүү, АНУ-ынхаас 2 дахин их байв. Эрүүл ухаанаар төсөөлөөд үзэхэд олон улсын харилцааны уур амьсгал нь цэргийн хэт давуу нүсэр байдлаа орхихыг СССР-т тулгасан, тэгэхээс ч өөр аргагүй болсон, хэрэв эсрэгээр явбал олон улсын харилцаа сайжрахгүй, цэрэг зэвсэглэлд СССР-ийн улсын төсөв тэр чигтээ хөвсөөр байх, үүнээс улбаалан Зөвлөлтийн ард түмний аж байдал сайжрахгүй, хохирогч нь өөрсдөө болно гэдгийг сайтар ухаарч цэргээ хорогдуулъя гэдэг дээр Москва эргэлт буцалтгүй болсон байв. 1955 онд цэргээ 640 000-аар, 1956 онд 1.8 саяар, 1960 онд 1.2 саяар хорогдуулж байсан туршлага ч зөвлөлтийнхөнд байлаа.  

Азийн хэсэг, Алс Дорнодод хорогдуулах 200 000 цэргийн 120 000 нь БНМАУ, Зөвлөлт-Хятадын хил орчимд цөөрүүлэх бие бүрэлдэхүүн, үүнд 12 дивиз, нисэх хүчний 11 дивиз, зэвсэглэлээс хасах 16 хөлөг онгоц, 436 дунд болон ойр тусгалтай пуужинг 1991.01.01 хүртэл хорогдуулж устгана гэсэн төлөвлөгөөг ЗСБНХУ-ын БХЯ хийж хэрэгжүүлжээ. Энэ лут төлөвлөгөөний хүрээнд Монгол дахь цэргийн бүрэлдэхүүнийг татаж гаргах асуудал тусгагдсан юм билээ.  

ТАСС-ын тэр үеийн “Согласно графику” гэсэн нэгэн мэдээг орчуулж буулгая. Зөвлөлт Засгийн газраас шийдвэрлэсэн болон Варшавын Гэрээний Байгууллагын гишүүн улсууд, мөн БНМАУ-ын Засгийн газартай тохиролцсоны дагуу БНМАУ дахь Зөвлөлтийн цэргийн бүлгээс 1989 онд гаргахаар төлөвлөсөн анги нэгтгэлүүдийг гаргаж дуусав. БНМАУ-д байрлаж буй цэргийн бүлгийн бие бүрэлдэхүүний тоо 50 320 хүнээр хасагдав. 3118 танк, 768 их буу, 351 байлдааны нисэх онгоцыг гаргав. БНМАУ-аас цэргийн анги нэгтгэлүүдийг гаргах ажил 1990 онд үргэлжилнэ гэсэн байв.

Эндээс ганцхан дүгнэлт хийе. Монголчууд, тэр дундаа ардчилсан хүчнийхэн зөвлөлтийн цэргийг өдөр шөнөгүй хөөж туугаад, тэр үеийн МАХН ганцаараа тэднийг өмгөөлж хамгаалаад байж үү дээ? Эрүүлээр логиктой сэтгээд үз дээ! 

 

 

С.Баярхvv

http://baabar.mn

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
 
дараах >