Популистууд тонил цаашаа, би талх идмээр байна
Бичсэн: Ed   
2007-11-18, Ням

 

 

Өдрөөс өдөрт жижгэрсээр байгаа талхны үнэ 600 төгрөг болов. Долоон буудлын Долзод эмээ өнөөдөр долоон жаахан ангаахайгаа тойруулж суулгаад “еэвэн”-гийн дайны жижигхэн талхаа хуваарилан сууж байгаа. Арав гаруй жилийн өмнө Монголд эрхийн чинээ шар тосны тухай өгүүлдэг долоон бор оготны тухай үлгэр шиг эмгэнэлт хэрэг гарч байсныг санаж байна. Өнчирч хоцорсон таван хүүхэд өдөр болгон нэг нэг хуурай гамбир идэх “нормтой” байж. Хамгийн бага учир мэдэхгүй дүү нь бусдынхаа гамбирыг идчихэж. Ар гэрийнхээ амьдралыг авч явдаг 15 настай эгч нь дүүгээ зодон амийг нь егүүтгэчихсэн. Тухайн үедээ энэ хэрэг мөн ч их дуулиан тарьж байж билээ.

Тэгвэл өнөөдөр яг ийм хэрэг гарахгүй гэх арга алга. Юм бүхний үнэ нэмэгдэж, хүн бүхэн бухимдаж байна. Энэ бухимдал юунд хүргэх бол? Энэ бүхний буруутан нь хэн бэ? Эхлээд голын гол асуудал болоод үнийн өсөлтийн талаар дахиад өгүүлье.

Жив жирийн иргэний үг:
“Хүмүүс юмны үнэ нэмэгдлээ гэж дургүйцэж бухимдсан мөртлөө аваад л байх юм, аваад л байх юм. Грамм нь хасагдаад “еэвэн”-гийн дайны болсон талхыг 600 төгрөгөөр аваад л. Таксинд нэг км явахад 300-400 төгрөг төлөөд л байх юм байна шүү дээ. Тэр мөнгө нь хаанаас гараад байгаа юм бэ? Монголбанк нууцаар мөнгө хэвлээд байна уу”

Юмны үнийн өсөлтөд нэрвэгдэж туйлдсан жирийн иргэд өөрсдийнхөөрөө учир шалтгааныг тайлах гэж оролдсон энэ таамаглал явж явж бас нэг зангилаа байж болох.
Өнөөдөр хүн бүхэн үнийн өсөлтийн буруутныг хайж, мод чулуу барихад бэлэн байна. Тэгээд буруутан нь хэн бэ?

Монголд эдийн засгийн хямрал нүүрлээгүй, гай гамшиг тохиолдоогүй. Тэгээд яагаад ингэж арав гаруй жилийн өмнө бидний амьдралыг орвонгоор эргүүлсэн 20 дугаар хэмээх тогтоол гарч юмны үнийг хоёр дахин өсгөж байсан шиг байдалд хүрээд байна вэ?

Засгийн газар популизмдаж буян үйлдсэн дүр үйлдэж “хялайлгасан” төсвийн байгууллагын цалингийн нэмэгдэл ийм “гамшиг”-ын хэмжээний нөлөө үзүүлэхгүй. Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд ийм бүл цулаар нөлөө үзүүлэхгүй гэж судлаачид нэгэнт тогтоочихсон. Хөдөө аж ахуйн, бүтээгдэхүүний гадаад дотоод нөхцөл хийгээд үнийн өсөлт нь мөн л үсчин гоо сайхан, таксины үнэнд тэгж ихээр нөлөө үзүүлээд байхгүй нь нэгэнт тодорхой.

Эрх баригчдын хэлж байсан шалтаг гэмээр шалтгаанууд ийнхүү сүүлийн хэдхэн хоногийн дотор бут цохигдон няцаагдаж байна.

Тэр хэрээр ч үнийн өсөлтийг тойрсон дээрх тайлбаруудын зэрэгцээ нэг л учир битүүлэг зүйл байгааг өнөөдөр хэн бүхэн анзаарч байгаа.

Эдийн засагчдын тайлбар: “Монголбанк төгрөг ам.долларын харьцах харьцааг хатуу барих нууц тушаал гаргасан гэсэн. Зөвхөн ам.долларын харьцааг анхаарч байна. Гэтэл хамгийн том харилцагч юанийн харьцаа алдагдсан. Зөвхөн юанийн ханшийн зөрүүн дээрээс хятад наймаачид чамгүй их хувийн ашиг унагадаг”

Улс төрийнхний хүрээн дэх хардлага: “Эрх баригчид бензинийн үнийг ханатал өсгөж, хангалттай нөөц бэлтгэж байгаад сонгуулийн өмнө гэнэт үнийг нь огцом бууруулж, хүмүүсийн цалинг гозойтол нь нэмж “коко” авч сонгуульд ялах бэлтгэлээ базааж байна”

Сөрөг хүчний шүүмжлэл: “Төсвийн зардал чинь Дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувийг эзлэх нь. Татварын мөнгөөр тансаглахаа боль. Төсвөө ч олигтойхон хийчихэж чадахгүй байж… Цаг үеийн таатай нөхцлөөр орж ирсэн асар их мөнгийг зөвхөн тэтгэлэг, буян, үргүй зардал маягаар тараан цацаж, зах зээлийг тогтворгүйжүүлж байна”

Бизнесийнхний гомдол: “Барилгын салбар, бараа материал бүр боов шоовхон \”Үдийн цай” хөтөлбөрийг хэлж байна\-д хүртэл төрийн мөнгөөр үргүй худалдан авалт хийж, бизнесийг хүчгүйдүүлж, буланд шахаж байна”

Хаа сайгүй яригдаж байгаа үнийн өсөлтийн талаарх таамаглал, байр суурийн энгийнхнээс нь шүүрдэхэд нэг иймэрхүү.

Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
“Зайлшгүй барьж байх нөөц гэж Монголбанкнаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг их чухал хэрэгсэл байдаг юм. Энэ хэрэгсэл 14 хувь байсныг таван хувь хүртэл бууруулсан байна. Энэ нь мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүллээ гэсэн үг. Монголбанкны удирдлагын өөрсдийнх нь хэлж байгаагаар бол энэ арга хэмжээний үр дүнд 55 тэрбум төгрөг эргэлтэд нэмж оржээ. Мөнгөний эргэлтийн мультипликатор гэж нэг үзүүлэлт байдаг юм. Нэмж орсон мөнгөнөөс болж тэр үзүүлэлт сайжраад ирэхээр эргэлтэд байгаа мөнгөний хэмжээ улам өснө. Мультипликатор хоёр байна гэдэг нь 55 тэрбум төгрөг эргэлтэд оруулсан бол 55 тэрбум биш 110 тэрбум төгрөг болоод хувирчихаж байгаа юм. Иймэрхүү арга хэмжээ авсантай гол нь холбоотой болов уу” гэжээ.

Мөн тэрээр Монголд үйлдвэрлэл нь нэмэгдээгүй мөртлөө мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн талаар анхаарлаа хандуулахыг хүсчээ. Энэ нь бас дээрх жив жирийн иргэний гайхашралын нэг тайлал ч байж болох

Нийтлэлч Баабар бас үүнийг эрх баригчид төсвийн хөрөнгөөр хэтэрхий балгалзаж, энэ хэрэгцээгээ гүйцэхийн тулд 20 мянгатын дэвсгэрт хэвлүүлэхээр болсон гэсэн нь бий. Удахгүй 50 мянгатын дэвсгэрт хэвлэх гэж байгаа гэсэн мэдээлэл ч бий.

Харин Монголбанк хэдэн төгрөг хэвлээд гаргачихав аа гээд асуух юм бол “Улсын нууц” гэсэн үгээр хамраа тас цохиулна. Бусад эргэлзээтэй асуултад хариулт өгөх “ухаантан” олдохгүй нь ерөнхийдөө тодорхой. Монголбанк гэж нууцын нууцтай байгууллагад 400 тэрбум төгрөгийн зөрчил байгаа тухай асуудал дэгдэхэд “Гуравхан сая ам.долларын л алдагдалтай ажилласан ш дээ” гэж гомдоллож, хошуугаа унжуулсан гэж байгаа. Гуравхан сая ам.доллар шүү.

За тэгээд, Засгийн газар нь хөөрхий Монголбанкныхны дургүйцээд байхад нь мөнгө хэвлэ гэж шаардаад байдаг юм уу, эсвэл Монголбанк нь мөнгө хэвлэе гэж санал оруулж ирдэг юм уу, бүү мэд. Бас л нууцын нууц.

Энэ бүхэн эцсийн эцэстээ эрх баригчдын санаатай хийгээд санамсаргүй алсуур хортой, зөөлрүүлж хэлбэл алдаатай бодлого дээр зангилагдаж байгаа биз. Санамсаргүй ч бай санаатай юу ч бай мөнгөний бодлогын ялимгүй гажуудал ямар ч дайн, тероризм, хорлон сүйтгэх ажиллагаанаас илүү хор нөлөөг алсуур үзүүлдэг гэдэг. Хамгийн аймаар нь алсуур, чимээгүйхнээр…

Одоо тэгвэл эрх баригчид ямар тайлбар хэлэх бол? Тэд инфляци, мямцлаци, импортын татвар, мөнгөний бодлого гэх мэт жирийн бидний тэр бүр ойлгохгүй үгээр толгой эргүүлсэн баахан юм ярих вий. Яг үнэндээ бол тэд өөрсдөө энэ үгээ ойлгодог ч юм уу, үгүй ч юм уу. Олонх нь ойлгодоггүй гэдэгт нэг их эргэлзэх хэрэггүй л болов уу? Хэрвээ үнэхээр сачий нь хүрдэг л бол улстөрчид сандал ширээний хэрүүл, шударга шударга бусын талаар мэтгэлцэхээсээ өмнө яг энэ тухай л хөндөх ёстой.

Яг энэ учир нь олдохгүй, магадгүй албаар учрыг нь олдохооргүй гонжролдуулаад байгаа энэ “тайлбар”-аа тэд одоо тайлбарлаг. Хэрвээ тайлбарлаж чадахгүй бол элдэв популизмтайгаа тонилог цаашаа, бүгдээрээ…

Энд нэг зүйл онцлоход үнийн өсөлтийг зохицуулна, хязгаарлана гэж хийрхэгчдийн үгэнд битгий итгээрэй. Аль дээрээс өөрсдөө замруулж хаячихаад нэг кг дээд гурилын үнэ 1000 төгрөгөнд дөхчихөөд байхад “Гурилын үнийг 500-гаас хэтрүүлэхгүй” гэж хашгирагсдад яаж итгэх ч юм билээ.

Өөрийгөө ард түмний дууч гэж харагдуулах дуртай фэнг шү шүтэгч ч өнөөдөр тэдэнтэй нэгдээд гол дүрд тоглох гэж мэрийж буй. Гүйцэтгэх засаглал руу мярайн тэмүүлж байгаа санаагаа ийн ил болгон тунхаглаж буй хэрэг биз. Аан тийм, үүрэг чиглэлээ огт тодорхойгүй, өөрсдөө ч хийх ажлынхаа талаар огт мэддэггүй Шударга бус өрсөлдөөнийг “зохицуулагчид” ч бас ийн хашгирагчдын нэг. Уг нь хашгирагчид олон байгаа биз.

Гэтэл тэд яаж ч зохицуулах гээд байна гээч. Эдийн засгийн зохицуулалт гэж угаас мэдэхгүй тэд хязгаарлах, яг үнэндээ бол хориглох, хаах, торгох шийтгэх эсвэл төсвийн хөрөнгөөр “нөхөн хангалт” хийж хэсэг хугацаанд гал унтраах коммунист арга хэмжээ авах нь л тодорхой байна, одоогоор.

Өргөн хэрэглээний барааны үнийг тэд хэсэгхэн хугацаанд хүчээр барьж магадгүй, тодруулбал сонгууль хүртэл. Тэглээ гээд яах вэ? Их л үсрээд талхны үнийг 500-гаас хэтрүүлж болохгүй гээд тушаал захирамж гаргачихаг. Үнэ нь өсөхгүй ч грамм нь улам л багасна биз. Шатахууны үнийг хатуу бариг, өргөн хэрэглээний барааны үнийг нэмэхийг хориглог. Зөрчсөнийг нь хатуу шийтгэ, торгог. Зөрүүг нь татвар төлөгчид бидний үнээс төлөг. Зохицуулалт хийж байна гээд бас л төсвийн мөнгөнөөс баахныг зарцуулаг. Энэ бүхэн эцэстээ зах зээлийг хямруулж, дээр дурдсан бодлогын гажуудал шиг алсуур хор нөлөөг улам л ихэсгэнэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр тэд үнийг хүчээр барьж чадах юм бол нэгээхэн хэсэгтээ олон нийтийг бага зэрэг тайвшруулж нэг хэсэг хүмүүсийг өлсч туйлдахаас “аврах” ч хэсэг хугацааны дараа бүр тодруулбал 2008 оны сонгуулийн дараа Монголыг тэр чигээр нь хямруулж, туйлдуулна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-01-14, Даваа )