Бөөр шилжүүлэн суулгасан хүн насан туршдаа гам барих шаардлагатай
Бичсэн: Ed   
2007-11-16, Баасан

 


 


-Бүх юм номоороо болох юм бол цогц эрхтэн бол нэг нь нөгөөгөө орлодог учраас бөөрөө өгсөн хүний амьдрал, насжилтад нөлөөлөх юм байхгүй-

Анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгасан ч хөрөнгө, мөнгө нөхцөл бололцооноос болоод зогссон. Харин өнгөрсөн жилийн хавраас бөөрний өвчнөөр өвчилж өдөр хоногийг хэцүүхэн байдалтай өнгөрөөж буй хүмүүст амьдрах итгэл өгөн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Нэгдсэн I эмнэлгийн хамт олон амжилттай хийсэн. Харин тун удахгүй бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг дахин хийх гэж буй гэнэ. Энэ талаар Эрхтэн жилжүүлэн суулгах багийн эмч, Монгол Улсын хүний гавъяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Д.Нямсүрэнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн жилээс эхлэн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн. Энэ хугацаанд хэдэн хүнд бөөр шилжүүлэн суулгаад байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 10 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна. Анх 1996 оны долдугаар сард Монгол Улсын гавъяат эмч, Анагаах ухааны доктор Н.Жанбалжав хийж байлаа. Тэр цагаас хойш 2006 онд олон улсын бөөрний мэс заслын холбооны ерөнхийлөгч байсан Английн эрхтэн шилжүүлэх холбооны зөвлөх Морисс Слафак гэдэг хүний шууд оролцоо, туслалцаатайгаар Монголын баг, эмч нар гадаад оронд суралцаж ирээд Н.Жамбалжав эмч, Хятадын эмч нартай өнгөрсөн гуравдугаар сараас нэг төрсөн хүн, нэг хүүхдэд хагалгаа хийсэн. Нийтдээ арваад хүнд хагалгаа хийгээд амжилттай болсон. Удахгүй хоёр хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр бэлтгээд байж байна. Монголын хөрсөнд бөөр шилжүүлэн суулгах энэ арга бол амжилттай хийгдэж байна гэж хэлж болно. Гэхдээ энэ бол нэг хүний хийсэн ажил биш. Багийн ажил. Ер нь бол 600 гаруй ажиллагсадтай нэгдсэн төв эмнэлгийн, эрүүл мэндийн яамны бүх хүмүүсийн зүрх, сэтгэл шингэсэн ажил. Хүмүүсийн сайн сайхны төлөө сэтгэл, зүрхнээсээ олон хүн ерөөж, залбирсан болохоор ажил ч амжилттай явж байна.

-Бөөр шилжүүлэн суулгасан хүмүүсийн биеийн байдал ямаршуухан байгаа вэ?
-Бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүс идэвхтэй амьдралаар амьдарч байна. Бас таван настай хүүхдэд энэ мэс заслыг хийж аавынх нь бөөрийг шилжүүлэн суулгасан. Биеийн байдал сайн байгаа л даа.

-Бөөр шилжүүлэн суулгахад аав, ээж, ах, эгчийнх нь л тохирдог гэж дуулсан. Тийм үү?
-Тэгнэ. Цусан төрлийн хүмүүст хийдэг юм. Аав, ээж нь үр хүүхэддээ эсвэл үр хүүхэд нь аав, ээждээ бөөрөө өгөх ч юм уу, эсвэл төрсөн ах дүү нар нь бөөрөө өгөх ч юм уу ийм л хэмжээнд хийдэг. Хуулиндаа ч тийм. Донорын хуулийн дагуу л хийнэ. Олон улсын жишиг хандлага ямар байдаг билээ тэр дагуу явна. Гэхдээ ямар нэгэн ашиг сонирхлын дагуу ч юм уу, аль эсвэл мөнгөний төлөө энэ ажил хийгдэхгүй. Цэвэр сайн санааны тусын тулд үнэ төлбөргүй эрхтнээ аав, ээждээ, ах дүүдээ өгдөг юм. Эмч нарын хувьд ч олон улсын дүрэм, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баримталж байгаа дүрмийн дагуу л ажиллана. Ер нь ч түүнийг дагаж ажилладаг.

-Уучлаарай. Нэг зүйл сонин санагдаж байна л даа. Бөөрөө өгсөн хүн, эсвэл суулгуулсан хүний аль нь ер нь хүндрэлтэй байдаг юм бэ?
-Бүх юм номоороо болох юм бол цогц эрхтэн бол нэг нь нөгөөгөө орлодог учраас бөөрөө өгсөн хүний амьдрал, насжилтад нөлөөлөх юм байхгүй. Эмэгтэй хүн гэхэд хүүхэд гаргаад, төрөөд л явж байдаг. Ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Зарим хүмүүс асуудлыг зөв талаас нь харахын оронд буруу талаас нь харлуулах гээд байдаг тал бий л дээ. Наад асуулт чинь их муухай санагдаж байна. Энэ чинь хүнийг урт наслуулъя, сайн сайхан амьдруулъя гээд хийж байгаа ажил болохоос биш нэгийг нь золиослоод нөгөөг нь амьдруулъя гэх юм байхгүй ш дээ.

-Мэдээж хэрэг бөөр шилжүүлэн суулгуулсан хүн гам их барих хэрэгтэй байх л даа. Ямар хугацаатай гам барьдаг юм бол?
-Гам барихаар барахгүй насан туршдаа эм ууна. Тухайн эрхтнийг ондоошихоос нь урьдчилан сэргийлэх үүднээс насан туршдаа дархлаа, дарангуйллын эм ууж, эмчийн хяналтад байнга байдаг. Бөөрөө солиулсан хүн бол өөрийн гэсэн өнгө, ая, дэг жаягтай. Ийм л амьдралаар амьдарна ш дээ.

-Хэрэглэж байгаа эм тариа өндөр өртөгтэй биз?
-Өндөр өө. Монгол Улсын төр, засаг мөнгийг нь бүгдийг нь дааж үнэ төлбөргүй эмийг нь олгож байгаа. Өөрөө хувиараа худалдаад авна гэвэл хэцүү. Өнөөдрийн байдлаар ная гаруй хүн энэ эмийг ууж байгаа.

-Хүнд мэс засал болохоор мэдээж багагүй хөрөнгө орж байгаа байх л даа. Нэг мэс засалд ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаал гарчихсан. 7.2 сая төгрөгөөр хийж байгаа. Ер нь бол Хятадад 15 мянга, Солонгост 40-50 мянга,Америкт түүнээс ч илүү өртөгтэйгөөр хийж байна. Өнөөдөр эмчилгээ, үйлчилгээний бодит зардал нь 12.5 сая төгрөг байгаа. Эрүүл мэндийн яамтай ярьж байгаад манай эмнэлэг 12.5 саяас үлдсэн буюу 5.3 сая төгрөгийг нь өөрийн санхүүжилтээс нөхөж санхүүжүүлж байгаа. Хойшид иргэнээ дэмжих, эрүүл мэндэд нь анхаарах үүднээс холбогдох хуульдаа анхаарлаа хандуулж өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Цаашдаа анхаарч ажиллах байх аа.

-Манайд май гээд долоон сая төгрөг гаргаад өгчих хүн ховор шүү дээ. Энэ зардлыг бууруулах боломж бий юу?
-Энэ бол өнгөрсөн жилийн гаргасан тооцоо. Гэтэл өнөөдөр талх хэд болсон байна вэ? Шатахуун хэдэн төгрөгөөр нэмэгдчихэв. Бууруулах боломж байна. Бодоод үз л дээ.

-Манайд бөөрний өвчлөл ер нь хэр байгаа вэ?
-Нийт өвчлөлийн эрхтний системээр нь аваад үзвэл дөрөв тавд л явдаг юм.

-Үнэндээ шилжүүлэн суулгах шаардлагатай хэмжээнд хүргэчихээд эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх хэрэгтэй байх л даа. Энэ тоог багасгахын тулд ер нь эрүүл байлгая гэвэл яах ёстой вэ?
-Мэдээж хэрэг би ч, чи ч өвдөхийг бодохгүй шүү дээ. Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг гэсэн утгаар нь хэлэхэц хэцүү л дээ. Бөөцийлсөөр байтал өвдөх ч юм бий, бөөцийлөхгүй гүйгээд байхад гайгүй байдаг ч юм бий. Тийм болохоор хүн өөрөө л анхаарах хэрэгтэй. Ажил амралтын, эрүүл ахуйн дэглэмээ зохицуулж, хорт зуршлаас хол байх хэрэгтэй. Хүүхэд ахуйд нь зөв хооллоод хувцаслаад, хор зуршлаад хол байлгаад сургачих хэрэгтэй. Болохгүй гэсэн юмыг болгох гээ, болж байгаа зүйлээс зайлс гээд байх хэрэггүй. Адаглаад л зовиур, шаналгаа байвал эрт эмнэлэгт хандах хэрэгтэй. Орчин үеийн анагаах ухаан бол нотолгоон дээр суурилсан бүрэн оношлосны дараа эмчилгээ хийдэг. Тэрнээс толгой өвдвөл толгойны эм уучихаад ч гүйгээд байвал хэцүүдэнэ шүү дээ.

-Салбараар нь ангилвал аль салбарынхан түлхүү бөөрний өвчлөлөөр өвдөж байна вэ. Тэгэж хийсэн судалгаа байдаг уу?
-Сайн судалсан юм байдаг байж магадгүй. Би сайн мэдэхгүй байна. Ер нь хүйтэн сэрүүнд ажилладаг хүмүүс жаахан түлхүү өвддөг.

-Баярлалаа. Энхийг сахиулах ариун үйлсэд чинь амжилт хүсье!

Сэтгэгдэл (3)Add Comment
...
бичсэн baynaa, 2015-12-09
buur bolon elegnii donor bolno shinjilgee ogson ervvl, tsusnii bvleg O bolon rh nadtai holbogdoh Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
report abuse
vote down
vote up
Санал: +0
...
бичсэн Зочин, 2013-06-05
1-р бүлгийн цустай хүнд бөөрний донор хайж байна, Утас 99721467, 98000991
report abuse
vote down
vote up
Санал: +1
...
бичсэн ганаа, 2012-07-26
yamar saihan yum ve minii setgel mash undur bn minii buur ih uvddug sayhan emchluulsen bolovch sar bolchood bhad uvduud l bn emchilgeendee uvduud bdiin boluu gj bodood l bn ug ni emch gaigui gsiin tegtel emchilgee hiilgeed bur uvdchihsn zugeer boloh bh l gj naidaj bga bi huviin emnelegt hevtsen odoo 1-r emnelegt uzuulnee.huduuniih bolhoor huleej avah gazar bhgui hetsuu l yum.sn sanaanii uzuurt tos gedeg mongoliin buh altan gartai emch nartaa bayrlalaa.minii onsh vasklupniineprit gsn.urevseltei buur jijgersen gj garsan gehdee zugeer bolno gedegt itgelt bn bi odoo 25-tai odoo huuhedtei bolmoor bn buuruu uvduud bhaar huuhedt bolohoos aij bn gehed emchluuleh heregt gsn.emchilsen bolovch ur dun garsangui yah ve minii mongoliin ard tumeen.

hun uvduj yavna gedeg uneheer hetsuu yum bn shu humuusee. smilies/smiley.gif
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-01-14, Даваа )