Их хааны түүхэн дурсгалт газар элдэв халдлагад өртөөгүй байна
Бичсэн: Ed   
2007-11-19, Даваа

Нар наашилж, урь ирсэн хав­рын нарлаг өдөр Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг зорилоо. Уул талыг дамнан өртөө­лөх шил толь шиг цардмал замаар хурдлан давхиад хэдхэн цагийн дотор л аймгийн төв Өндөрхаан хот руу яваад орчихлоо. Мянганы зам зүүн тийшээгээ Өндөр хаан хүртэл хорь гаруйхан км дутуу байна. Олны ярилцдаг самбартай хөтлөөр тонгойж Өндөрхаан руу дөхөхөд замын баруун талаар бараг 5-6 км үргэлжлүүлж нарс, улиас, хуайс, чацаргана гэх мод тарьжээ.

“Нэг үеэ бодоход бид мод тарьж сурч байна. Эхний жилүүдэд тарьсан модны маань 20 гаруйхан хувь нь ургадаг байсан бол одоо харьцангуй олон мод ургуулж чад­даг боллоо. Орон нутгийн төсвөөс 15 га талбайд мод тарьсан бол “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хү­рээнд мөн 15 га талбайд мод тарьсан. Цаашид ч өөрсдийнхөө нөөц боломжоор мод тарих ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх болно” гэж аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтан Чинзориг хэллээ.

Өндөрхаан хот үлгэр жишээ боло­хуйц цэвэр цэмцгэр хот бол­жээ. Салхиныхаа дээр байсан хогийн цэгийг дарж устган оронд нь мод болон таримал ургамал их хэмжээ­гээр тариалсны үр гэж хол­богдох хүмүүс нь хэлж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг хойно орсон гарсан хүмүүсийг хог шороо­гүй угтаад авна гэдэг хэн хүнгүй тааламжтай сэтгэгдэл төрүүлэх нь тодорхой. Аймгийн хэмжээгээр өнгөрсөн онд 7.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл, ажил үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгжүүд алдагд­лаа 217 сая төгрөгөөр бууруулж анх удаагаа 7.8 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.

Төсвийн тухай хуулиар 2007 онд Хэнтий аймагт 22 тэрбум төгрө­гийн хөрөнгө оруулахаар шийд­вэр­лэсэн бөгөөд үүний 17 тэрбум төгрөг нь бүтээн байгуулалиын ажилд зориулагдах юм байна. Энэ хүрээнд Хэнтий амйгийн хамгийн алслагдсан Дадал, Норовлин сум­дад өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах ажлын нээлтийн ёслол саяхан болж өнгөрчээ. Уг ёслолд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргал нарын албаны хүмүүс оролцож “Хэнтий аймаг 2000 онд нэг л сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон бай­сан бол одоо Дадал, Норовлин сумыг төвийн эрчим хүчний системд холбогдсоноор бүх сум нь эрчим хүчний системд холбогдсон аймаг болно” гэж онцлон тэмдэглэлээ.

Хэнтий аймгийн хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн аль ч салбарт хөг­жил дэвшлийн өнгө төрх ажиг­лагдаж, хөрөнгө оруулалтын хэм­жээ эрс нэмэгдэх хандлагатай бол­жээ. Гадаад харилцааны салбарт ч ахиц арч БНХАУ-ын Өвөр­мон­голын Хөлөнбуйр аймгийн Ман­жуур, Хайлаар, Шинэ барга ба­руун, зүүн хошуудтай харилцаа тогтоож эрүүл мэнд, боловсрол, ХАА-н чиглэлээр шууд хамтран ажиллахаар болжээ. Энэ мэтчилэн дурдаад байвал олон зүйлийг хэлж болох ч сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа Хэрлэн­гийн хөдөө арлыг хятадуудад худалдсан гэх хэл аманд ороо­цолдоод байгаа аймгийн Засаг дарга болон Дэлгэр хаан сумын Засаг даргын үйлдийн тухай со­нир­хохгүй өнгөрч чадсангүй. Айм­гийн Засаг дарга С.Жаргал “Би энэ тухай өмнө нь нэлээд хэдэн удаа тодорхой тайлбар өгсөн. Одоо та нар газар дээрнь очоод харах хэрэгтэй” гэв. Бид Дэлгэр хаан сумыг зорьж сумын Засаг даргатай уулзан Хэрлэнгийн хөдөө арал тийш хамт очлоо.

Энд ямар нэгэн эрэл хайгуул хийсэн, газар шороог нь ухаж төнх­сөн зүйл харагд­сангүй. Харин Монголын Нууц Товчооны 750 жилийн ойд зориул­сан хөшөөний ойролцоо хураалт­тай төмөр ха­шаа­нууд нүдэнд тус­лаа. Ингээд бид Дэлгэр хаан сумын засаг дарга О.Амарсайханаас цөөн хэдэн зүй­лийг тодруулж авсан юм.

-Нэг хэсэг юу болов доо, та минь. Аймгийн засаг зарга та хоёрыг ариун дагшин газар нут­гаа “арилжаад” сүйд хийчих шахлаа гээд дээгүүр доогуур бөөн шуугиан бужигнаан болоод намжлаа. Ер нь яг юу болсон юм бэ?
- Өнгөрсөн 2006 оны зурга­дугаар сард манай Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Монгол гуань юан” компанийн төлөөлөгчид хайгуулын 3 лиценз эзэмшиж байгаа тухайгаа ирж танил­цуул­сан. Эдгээр лицензийг ашигт малт­малын хэрэг эрх­лэх газрын Кадаст­рын албанаас олгосон юм билээ. Тэгэхээр үүнийг төр бодлогоороо өгсөн. Үүний дагуу Засаг дарга бол орон нутагтаа хяналт тавьж ажил­лах учиртай. Ингээд бипд тэдэнд “Хэрвээ та нар хайгуул явуулах гэж байгаа юм бол манай орон нутагт хөрөнгө оруулаач ээ” гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлт тавихдаа бид ямар зүйлүүд онцлов оо гэвэл, байгуул­лагуу­дынхаа дарга эрхлэгч нараас санал авсан. Ойрын үед тусламж байгаа юу байна? гэдгээ хараад саналаа өгцгөөсөн л дөө. Ингээд бид саналаа нэгтгээд үндсэндээ 86 сая орчим төгрөгний тусламж ава­хаар уг компанитай хамтран ажил­лах гэрээ боловсруулсан юм. Үүн дотор сумынхаа тамгын газрын машиныг шинчлэх, конторын та­вил­га хэрэгслээ мөн шинэчлэх, соёлын төвдөө номын сангаа болгоод шинэ номнууд баяжилт хийх /наад зах нь орчин үеийн шилдэг зохиолуудын 108 боть/, техник тоног төхөөрөмж авах, хүүхдийн цэцэрлэгийнхээ доторх тохижилтыг сайжруулах, тоглоом, ширдэг хивстэй болгох гэх мэт­чи­лэн зүйлсийг гэрээндээ тусгаад бид өгсөн. Ингээд тус компанийн Мон­гол талын ахлагч Дэлгэр­дорж, дарга нартаа танил­цуулаад хариу өгье гээд аваад явсан. Ин­гээд бидний тавьсан саналыг зөв­шөөрч байна гэсэн хариу өгөөд бид гэрээндээ харилцан гарын үсгээ зурж батал­гаажуулсан юм. Гэрээний дагуу өнгөрсөн жил эх­ний ээлжинд тамгын газар, цэцэр­лэгт хөрөнгө оруулсан. Өөрсдийн хэрэглэж байсан “Ланд круйзер” машин конторын тавилга-ширээ сандлууд, компъютер, өнгөт прин­терийг тамгын газарт, цэцэр­лэгт хүүхдийн тоглоом, зөөлөн эдлэ­лүүд, хивс ширдэг зэрэг нийлээд 30-аад сая төгрөгний зүйлс өгсөн. За иймэрхүү л юм болсон. Гэтэл үүнийг зарим нөхдүүд гуйвуулаад “газар нутгаа худалдсан” гэж ярьж байна. Газар нутгийг худалдах эрх бидэнд байхгүй. Газрын тухай хуулиар тодорхой заасан байна. Хуулиа мэддэг хүнд бол ойлгомж­той. Бидний хувьд орон нутагтаа жаахан хөрөнгө оруулъя гэсэн үүднээс тэдэнд санал тавьсан. Төр бодлогоороо дээрээсээ өгдөг. Төрөөс явуулж байгаа бодлогыг л Засаг дарга орон нутагтаа хэрэг­жүүлж ажиллах учиртай. Тэгээд бид боломжтой газраас нь аль болох мөнгө төгрөг олж сум орон нутгаа өөд нь татахыг боддог шүү дээ. Ингээд бид тэднээс жаал жаахан юм авч үлдсэн нь тэр. Гэрээ ёсоо­роо бол дахиад 50 гаруй сая төг­рөг­ний хөрөнгө оруулах болол­цоог алдсаан гэж хэлж болно. Харамсалтай нь янз янзын хөдөл­гөөн гараад шаардлага тавиад уг гэрээ цуцлагдсан. Яахав энэ бол иргэний байгууллагууд өөрсдийн хүрээнд тэмцлээ хийсэн хэрэг байх. Харин Засаг даргын хувьд би гадныханд газар нутгаа худалдсан юм огт байхгүй шүү дээ.

-Ойлголоо. Уг хайгуул хийх газрууд нь улсын тусгай хам­гаалалттай бүсэд багтсан гээд яриад байсан?
-Үгүй. Хамгаалалттай газраас хил залгаа баруун талд нь юм. Энэ бол хайгуулын лиценз шүү дээ. Дараа нь ашиглах уу? яах вэ гэхэд мэргэжлийн байгууллагууд үнэлэлт дүгнэлтээ өгнө. Нуур усанд нөлөө­лөх нь үү, байгаль экологт ямар хор нөлөөтэй юм гээд өчнөөн асуудал ундарна. Энэ бүхний эцэст үндсэн­дээ ашиглах эрх нь яригдах байсан биз. Харин өнөөдөр бид хөрсөн доороо юутай байгаагаа мэдээд авах нь хэрэгтэй л байсан. Өөр ч олон боломж байлаа. Манай нутагт компаниуд хүрэн нүүрс, жоншны гээд нийтдээ зургаан ширхэг ли­ценз эзэмшдэг юм. Манайхтай хил залгаа Баянмөнх, Дархан зэрэг зэ­рэг суманд 50-60 лиценз эзэмш­дэг юм билээ. Зөвхөн лиценз эзэмш­­сэнээр газар нутаг худалд­сан гэж байгаа бол Монгол маань үнд­сэндээ худалдагдаад үгүй бол­сон юм биш үү. Хамгаалалттай газраа мэргэжлийн байгууллагууд ирээд хэмжиж үзсэн. Гэтэл нөгөө Аураг балгасаа хамгаалалтад авсан гээд байсан чинь хамгаа­лалттай бүс нь шал өөр газар байсан. 2003 онд Засгийн газрын шийдвэрээр Аураг ордны хавийн гурван га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байгаа. Гэтэл хамгаалалтын бүс маань Аураг ордноос баруун тийш 5-6 кило­метрт байна лээ. Тэгэхээр Аураг ордны туурь хамгаалалтад ороо­гүй, хамгаалалтынхаа бүсийн гадна талд нь байгаа юм. Харин айм­гийн ИТХ-ын шийдвэрээр ра­шаан ус, ордны тууриа орон нут­гийн хамгаа­лалтад авсан бай­гаа. Улсын хамгаа­лалтад авсан шийд­вэрээр бол тэр газрын солбилцол нь шал өөр газарт байгаад байдаг. Үүнийг яаж шийдэх ёстой юм? Ямар ч гэсэн мэргэж­лийн байгуул­лагууд хэм­жээд явсан учраас дээ­шээ асуу­дал тавьсан байх гэж бодож байна

-Хайгуул хийх нөгөө компани “танай энд ийм хэмжээний нөөц байна аа” гэсэн ерөнхий тойм танд хэлсэн үү?
-Геофизикийн тойм судал­гаа­гаар энэ газруудад нүүрстэй байна гэдэг үндсэн дээр хайгуулын ли­цен­зээ авсан юм билээ. Ингээд нарийвчилсан судалгаа хийх бай­сан. Түүнээс биш өдий төдий хэм­жээ­ний нүүрстэй гэж хэлээгүй л дээ. их нүүрстэй газар гэж байсан. Ер нь манай хуучцуул өвгөчүүл энэ хавийг хар тарвагатай их нүүрстэй гэж ярьдаг байсан.

-Тэр хүмүүс энэ ажлынхаа ирээдүйн талаар ярьсан уу?
-Хэрвээ энэ газар нүүрсний нөөц нь тогтоогдоод манай ажил­лах шаардлагын хэмжээнд хүрээд ашиг­ладаг юм бол цахилгаан станц байгуулж бүтээгдэхүүнээ экспортлох тухай ярьж байсан. Бид байгалийн баялгаа дараад хэвтэх биш ашиглах ёстой. Заавал тэр Заамар шиг, Онгийн гол шиг болгох биш юм. Байгальдаа халгүй, орчин үеийн техник технологиор байга­лийн баялгаа ашиглах ёстой гэж бодож байна.

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-01-14, Даваа )