Америкийн тэмдэглэл – 3
Бичсэн: Administrator   
2008-05-09, Баасан

Image 

Ялгаа

Монголд Дэлхийн яруу найргийн конгресс хуралдан олон улсын найрагчид ирж санал бодлоо хуваалцахуй дор нэг ийм яриа өрнөжээ. Тайван, Япон зэрэг далайн улсаас ирсэн найрагчдаас Монгол яруу найрагч Л. Өлзийтөгс ийн асууж.

 

“Хязгааргүй их далайн өмнө зогсоход та нарт энэ их усны өмнө юу ч биш мэт бодогддог уу?”
“Яг тийм”
“Хязгааргүй их талыг саравчлан зогсохдоо Монгол хүн харин энэ их талын эзэн нь юм шүү гэж мэдэрдэг юм”
“Wow”

Хоолны тухай дуу

Эхнэр бид хоёр нэг америк оюутанд Монгол хэл заадаг байв. Нэг өдөр оюутан маань надаас “Элэг” гэж юу гэсэн үг вэ? гэж асууж байна.
Liver.
Тэгвэл “халуун” гэж Hot мөн үү?
Мөөн мөн.
Мань эр жаахан бодолхийлснээ “Танай эхнэр маргааш надад хоолны тухай дуу заах нь дээ” гэж байна. Гэртээ ирээд эхнэрээсээ маргааш юун хоолны тухай дуу заах гэж байгааг нь асуутал “Халуун элгэн нутаг” гэж билээ.

Эхнэрээ төрүүлсэн минь

Хөл хүнд гэргийн маань нярайлах хугацаа болж бид эмнэлэг явлаа. Энэ улст нэг сайхан юм нь нөхөр нь хамт орж төрөхөд нь гарыг нь барин, сэтгэлийн дэм үзүүлж болно гэнэ. Хоёр хүүгээ төрөхөд дэргэд нь байж үзээгүй би бээр эхнэрээ тайвшруулан, дэм болохоор төрөх рүү хамт оров. “Миний хайрт тайван л байдаг юм шүү, төрж үзээгүй биш” гэсэн гарыг нь барьж байснаа санадаг юм. Гэнэт л баахан эмч нар тойрч гүйгээд л “Push, More” хэмээн хашгиралдан, хөөрхий эхнэрийн маань судас нь гүрийж, царай нь чинирэн, дэлгэц дээрх даралтны тэмдэглэгээ учиргүй дээш, доош болохыг харж байснаа нүд бүрэлзээд ирдэг байгаа. Гүнзгий амьсгаа аваад жаахан ухаан ортол, эхнэр маань төрөхөөр хүчлэнгээ гарыг минь чанга чанга атган “Зүгээр ээ, Саруул аа, хүн чинь ингэж л төрдөг юм шүү дээ” хэмээн намайг тайвшруулж байв. Эмнэлгээс гарсан хойноо Нараа “Монголд бол өөрөө яваад, мөлхөөд, тааваараа өвдөх бас чиг амар байдаг юм. Энд харин орон дээр огт хөдөлгөөнгүй дээш харуулаад хэвтүүлчихээр өвдөх нь их хэцүү байдаг юм байна. Гэхдээ би төрдгөөрөө төрж л таарна. Харин чиний царай сонин болоод ирэхээр би ч чамайг л уначих вий гэж айж байлаа” гэж ярьж билээ. Үүнээс хойш хаа нэгтээ эх нярайлж байвал “холуур гацаж явах минь”.

Царай муутай байхын зовлон

Удтал хүссээр охинтой болов. Улаан нялзрай, үрчгэр амьтан санаа дагаад ч юм уу надтай адил харагдах аж. Эмнэлгийн утасаар хадам эгч ярьж байна.
Төрчихлөө
Хүү юу, охин уу?
Охин
Ээ гялай, хэнтэй адилхан юм?
Надтай
Одоо яана аа... яана аа гэнэ ээ, баяр хүргэе!
Хожим нь Блүүмингтоныхоо Монголчуудтай уулзлаа. Эрдэнэчимэг гэж манай 6-р сургуулийг төгссөн эгч “За охинтой болсонд баяр хүргэе. Тэгээд хэнтэй адилхан юм бэ дээ?” гэж асуув. Хашрахгүй “надтай” л гэлээ. “Өө, хөөрхий... Хөөрхий ч юу байхав дээ, хөөрхөн юм аа тээ?”      

Номын нэр

Үүнийг бичигчийн ангийн анд, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа шүлгийнхээ анхны түүврийг “Зүрх, тархи, цус” хэмээн нэрийдэхээр шийдсэн байсан юм. Учир нь тэр түүвэрт нь зүрхний угаас шаналж бичсэн шүлэг, тархины гүнээс сэтгэж бичсэн шүлэг, цусны эснээс шатан гарсан шүлэг аль аль нь орсон байлаа. Тэгж бодвол муу нэр ч бас биш. Тэр түүвэр дэх ихэнх шүлэг хэрхэн төрснийг би мэднэ. Нэг өдөр Буянзаяа маань “Би ерөөсөө номоо огт өөрөөр нэрлэхээр боллоо” гэсээр урам муутай орж ирдэг юм байна. Юу болсныг асуувал тэрбээр Бадарч гуай бил үү, Бавуугийн Лхагвасүрэн бил үү, нэгэн дээр нь очоод “Зүрх, тархи, цус” гэдэг ном гаргахаар боллоо гэтэл өөдөөс нь “Ямар цувдай биш дээ” гэсэн гэнэ. Буянзаяагийн шилдэг шүлгийн түүүвэр уншигчдад “Залуугийн бадгууд” нэрээр хүрсэн билээ.

Хэнийг гуайлах, хэнийг үл гуайлах вэ?

Оюутан байхад миний хүргэн ах, хэл шинжээч Ч. Чимэгбаатар Монголч эрдэмтдийн талаар ярихдаа дан гуайлж ярьдаг байсан нь чихэнд хоногшсоноос нэгэн семинарын хичээл дээр би Ринчен гуай, Дамдинсүрэн гуай, Владимирцов гуай гэхчлэн ярив. Энэ нь ангийнханд маань содон сонстсон бололтой. Баярмаа гэж охин дор нь сурчихсан дараачийн цаг болох Гадаадын уран зохиолын хичээл дээр босоод, Есенин гуай, Блок гуай гээд яриад унаж билээ.

Америк үхрийн сүүлэн дээр хутга хугардаг уу?

“Үхрийн сүүлэн дээр хутга хугарна” гэсэн үгийг нэг америк оюутанд тайлбарлаж өгөх боллоо. “Үхэр шулаад дуусч яваад яг сүүлэн дээр нь хутга нь хугарчихвал хэчнээн харамсалтай байх билээ” гэтэл цагаан хоолтон тэр хүүхэн ойлгох шинжгүй, харин ч бүр “хөөрхийг алаад яах нь вэ дээ” гэсэн байдалтай, зүйр сэцэн үгний маань үхрийг өрөвдсөн сууна. Хэд хэдэн жишээ аваад нэг л бууж өгөхгүй байх шиг болохоор нь сүүлдээ “энэ америкчууд юмаа эртнээс төлөвлөдөг, яв цав улс. Арай үхрийнх нь сүүлэн дээр хутга хугардаггүй юм биш байгаа” гэж хүртэл бодов. Тээр жил манай хэл шинжээч С. Галсан гуай “Монгол хэлэнд совесть гэж үг байхгүй. Уяир нь Монгол хүнд совесть байдаггүй” гэж байсан билээ. Тэгээд хамгийн сүүлд Германаас хөлөөр нь машин зөөж явсаар 22-ын товчоон дээр мөргөлдсөн түүхийг ярьж өгтөл ашгүй нөгөөх маань ойлгов бололтой, энэ мөн үү гээд нэг түүх ярьж өгдөг юм байна. Түүний өссөн хот болох Шинэ Орлеанд нэг жил нэг ч хүн усанд живээгүй, бахдам амжилт гарчээ. Ингээд яг тэр он дуусах 31-ний орой хотын аврагчид том усан санд баяраа тэмдэглэсэн байна. Тэр баяр дээр харамсалтай нь нэг аврагч живчихсэн гэнэ. Сүүлэн дээр нь хутга хугарах дээрээ тулбал монгол, америк үхэр ялгаагүй аж.

Ерөөл үү, хараал уу?

Манай Блүүмингтоны Магнай гэж оюутан зун амралтаараа Монголд очоод байхдаа хоёр найз нь хоорондоо гэрлэн, хуримлаж байхтай таарчээ. Баяр дээр үг хэлж хундага өргөх ээлж иртэл багаас орос дунд сургууль, америк их сургуулиар явсан тул баахан балмагдан, дотроо “You guys will live happily. I will definitely see this” гэж бодоод орчуулж хэлсэн нь “Та хоёрыг жаргалтай явахыг би харна аа...”

Өрөвдөх үү, уурлах уу?

Блүүмингтонд манай доод давхарт нэг хятад эмээ сууна. Манайхныг харахаараа л учиргүй хятадаар яриад унах нь тээртэй. Бид хятад биш ээ хэмээн англиар, монголоор, дохио зангаагаар ч хэлээд нэмэргүй, яриад л байна. Яасан дээрэнгүй байна аа гэж уур хүрдэг байв. Гэтэл зөвхөн биднийг бус япон, солонгосчуудыг хүртэл харахаараа тийн яриад унадаг, нутагтаа тосгоноосоо ч гарч үзээгүй, харь газар уйдсан эмээ болохыг нь мэдээд өрөвдөх ч шиг болов. Номинчимэдийнхийг ноднин энэ байранд байхад бас л тэгдэг байсан гэнэ. Ази хүн л бол өөрийнх нь хэлийг ойлгох ёстой гэдэгт бат итгэлтэй. Тосгонд нь тийм л байсан биз. Орой салхилахаар гарахад мань эмээ ч хятадаараа бурж өгнө дөө. Харин би уурлая уу, өрөвдье үү?  

Шилдэг зохион бичлэг

Соросын сангийн семинараар хөдөө явж байгаад Өмнөговийн хоёрдугаар ангийн нэг хүүхдийн зохион бичлэгийн тухай багшаас нь сонсч билээ. “Миний ээж” гэсэн зохион бичлэгтээ тэр хүүхэд ердөө гурван өгүүлбэр бичсэн нь: “Би ээждээ хайртай. Ээж минь ямаа саав. Ямааны ноолуур үнэтэй”. Өнгөц уншихад “Ууж иднэ гэдэг учир жанцантай – Жанцан гэдэг нь манай өвөө” гэдэг шиг хадуурсан, инээдтэй мэт боловч жаахан гүнзгий бодвол энэ бяцхан зохион бичлэгээс тэр айлын амьдрал, ерөөс өнөөгийн говийн айлын амь зуулга, ээжийнх нь эрхэлж буй хөдөлмөр гээд их олон юм харагдах аж. Би л хэрэв багш нь байсан бол шууд л онц тавимаар санж.

Аймшгийн бэлэг

Сая дээр дурдсан хүүхэд хэн нэгнээс хуулалгүй, яг үнэнээсээ бичсэн байна. Гэтэл сайхан үг хайгаад, буруу газраас будаа идвэл юу болдгийг жишээлбэл, Дорноговь аймгийн нэг багш хоёрдугаар ангийн сурагчаасаа багш нарын баярын бэлгэнд нэгэн ном авчээ. Хөөрхий жаал хаанаасаа ч хуулсан юм, номынхоо хавтас дээр ихэд хичээнгүйлэн бичсэн нь “Хайрт багш таны гэгээн дурсгал үүрд мөнх”.

 

P.S. Зарим сэтгэгдэл бичигч шиг Юу хэлэх гээд байгаа юм бэ, чи! хэмээн бүү бухимдаарай. Юу ч хэлэх гээгүй, зүгээр л тэмдэглэлийнхээ дэвтрээс л танаа сонирхуулж байна.

 

М.Саруул-Эрдэнэ ( \n Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it )

Даяар Монгол Сонин

 

Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн altan, 2011-08-24
Sain bna uu? Bagsh aa Bi UBIS-iin togsogch bna. Taniig amerikt bgaa gej sonsson. Hew shinjit yariltslaga shuumjiig tani haij bgaad ene saitiig olloo. Bichsen zuiluudiig tani dandaa unshij bh bolnoo.
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy