Apple iPod шинэчлэгдлээ
Бичсэн: Administrator   
2010-09-06, Даваа
 Image
 
Анх 2001 онд Apple компани дижитал хөгжим тоглуулагч iPod-ыг дэлхийн зах зээлд танилцуулснаас хойш нийт 275 сая гаруй хувь iPod зарагджээ. Харин өнөөдөр Apple компани дэлхийн зах зээлд хит бүтээгдэхүүн болж чадсан iPod-ны гэр бүлийг өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсноо зарласан байна.

iPod Shuffle-ын шинэ загвар нь хоёр дахь хувилбартайгаа гадаад үзэмж болоод товчлуурын хувьд ижил, харин дуугаралтын хувьд гурав дахь хувилбартайгаа адил юм. Баттерейны хүчин чадлыг 15 цаг орчим хэмээн тодотгож байна. iPod Shuffle-ын дөрөв дэх удаагаа шинэчлэгдэн гарч буй энэ загвар нь хоёр дахь загвараас хэмжээний хувьд яльгүй жижиг, таван өөр өнгөний сонголттой аж. 2GB багтаамжтай iPod Shuffle 79 ам.доллараар худалдаалагдах гэнэ.
 
Харин iPod Nano нь мэдрэгчтэй дэлгэц бүхий өхөөрдөм жижиг хөгжим тоглуулагч юм. Өмнөх загвартай харьцуулахад, 46 хувиар жижиг, мөн 42 хувиар хөнгөн бөгөөд баттерейны хүчин чадал 24 цаг ажээ. Харин үнийн тухайд 8GB багтаамжтай нь 149 ам.доллар, 16GB багтаамжтай нь 179 ам.доллар юм байна.

Шинээ танилцуулсан сүүлийн загвар нь iPod Touch юм. Өмнөх бусад загваруудтай харьцуулахад хавьгүй нимгэн болсноос гадна дотоод техник хангамжийн хувьд iPhone4-тэй ижил төвшинд үйлдвэрлэгджээ. Баттерейны хүчин чадлын хувьд тун гайхалтай, 40 цаг цэнэгээ барих юм. 8GB багтаамжтай iPod Touch 229 ам.доллар, 32GB хувилбар нь 299 ам.доллар, мөн 64GB хувилбар нь 399 ам.долларын үнэтэй ажээ.

 
С.Цэлмэг
news.mn
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-10, Баасан )