Монголд ирээд төрсөн сэтгэгдлүүд (1р хэсэг)
Бичсэн: Administrator   
2011-02-26, Бямба
Image 
 
Утаандаа угаартхаас өмнө, бөглөөндөө бухимдхаас өмнө, шинээс хуучин, соргогоос гөлийрөлд шилжихийн өмнө Монголд ирээд төрсөн сэтгэгдлүүдээ сийрүүлэн бичихээр сэтгэл шулуудав. Нэгдүгээр бүлэг. Улаанбаатарыг дотор гадаргүй шинжин ажих аваас. Нисэхээс гэр хүрэх зам яг хуучин янзандаа, утаан дундуур бараан хувцастай хүмүүс дааран бээрэн алхаастай. Замын донсолгоонд ойн бууж, хажуугаар нь гэрийнхэнтэйгээ буу халах гэж их зүдрэв.Хэг ёг нөгөө хэн эгч сайн биздээ дип дап хэхэ.
 

Маргааш өдөр нэг л их сүрхий аялалаар яваа хүн шиг хотын гудамжаараа алхаж өглөө. Хэдэн шинэ гял цал болсон байшингуудаас өөр өөрчлөгдсөн юм ер нь харагдана уу гэсэн янзтай явж байтал, ажаад байхад гэрээс авахуулаад төв хүртэлх зам дээр замын цагдаа ах нар бараг эгнээгээрээ зогсож, мөн хөдөлгөөнт эргүүлийн хөдөлгөөнтэй машинууд хаа сайгүй явж харагдаж байсан нь үнэхээр сайшаалтай санагдлаа (болоо шүү дээ).

Харин нөгөө бөглөрөө, там зам, утаа униар улам л ихссэн үү гэхээс биш багассан юм алга хөөрхий (болъё оо). Дээрээс нь урд талд байнга 5,6 том автуус сүлжээстэй (урд цагт өлбөн шар, микро хоёр хотын замд ноёрходог байсан бол одоо цагт бахь автобусуудын эрин үе ирсэн болтойдог оо). Тэгээд зүгээр ч сүлжээд явахгүй, мөрөөрөө явж байгаа намайг хоёр талаас бахь шиг хавчих гээд л, нэг үзүүр нь шар (автобус), нөгөө үзүүр нь ногоон (автобус) тийм бахь төсөөлөгдөж байна билээ.

За харин бүсгүйчүүдийн арааны шүлсийг асгаруулам олон том дэлгүүрүүд нээгдсэн байна хөөш. Нэг орчих юм бол төөрчихөөр, тэнгэрээс үнээ тогтоосон болтой, бөөний худалдааны гээд л тоймгүй их болжээ (болоо шүү дээ). Дэлгүүрт орохдоо машинаа кармаалж оролтой нь биш зогсоол гэдэг юм чинь ёстой нүдний гэм. Ана мана ач тач үзэж байж хорооллын тэнд зогсондоо. Нэг орчихвол ард машинаа тавиад сайхан тав тавиад өгнө дөө. Цонхоор нь харвал хүн байхгүй, арай л өөрөө очоод машины хойно зогсчоогүй байлтай гэж хүртэл бодогдоно. Тэгээд нэг их хүнлэг хүн шиг жолоочийг нь яасан юм бол ийсэн юм бол гээд л араас нь санаа зовоостой хэхэ.

Шөнө болно оо, найзуудтайгаа ганц хоёр шар айраг уух санаатай дэлгүүрт ортол харин худалдагч овоо ширүүхэн манайх 12-оос хойш архи, пиво зардаггүй ээ гэж зандарч байна билээ. Нэг ч биш, ер нь нийтдээ энэ журмаа бол хэрэгжүүлээд байх шиг байна шүү(болоо шүү дээ).

Цэцэг жимс хотхон, Америк, Япон дэнж, Нарны, Сарны, Маршал Жанжин хороолол гээд хотоос жаахан зайдуудуу баахан орон сууцнууд баригдсан байна. Бүүр цаашлаад дархан цаазат газар дархан цаазтай оршин суугч нар хүртэл их олширчээ. Энэ одоо сайшаалтай гэхээс илүү болъё оо гэсэн хэсэгт л ормоор байна даа. За ингээд түр өндөрлөе, санаанд яг одоо орсон нь энэ. Та бүхэн сэтгэгдэл дээр үргэлжлүүлж бичээрэй. Магад миний хараахан ажаагүй зүйлийг та анзаарсан л байгаа.

Нэг зүйл сануулж хэлэхэд би аль нэг талыг барьж, айхтар сүрхий гадаададжсан хүн шиг юм бичихийг урьтал болгосонгүй, зүгээр л яг тэр үед төрсөн бодит мэдрэмжээ үгчлэн буулгалаа.

 

http://www.tsegmee.com

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2011-03-11, Баасан )