Монголын "Boyband"-үүдээр сонин юутай
Бичсэн: Administrator   
2011-12-23, Баасан

Image 

"КАМЕРТОН" хамтлаг

Д.БОЛД: АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ШИНЭ ОНОО УГТАЦГААЯ

Төрийн шагналт дуучин Д.Болдыг “Супермен” гэж өргөмжилье. Хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулбал ямар амжилтад хүрдгийг тэрбээр харуулсан. Залуу үеийнхэн ч түүнийг дуурайдаг. Сайныг дагавал сарны гэрэлд хүрэх нь дамжиггүй. “Би үнэхээр завгүй явна. Шинэ жилийн урилга олон ирж байна. Бас хөдөө орон нутаг руу явна. Миний хийж буй ажил олны нүдэнд ил байдаг болохоор ийм тийм гэж дурдах нь илүүц биз. Шинэ шинэ уран бүтээлтэй, ажлын амжилттай бүгдээрээ шинэ оноо угтацгаая.”

Л.ГАН-ЭРДЭНЭ: БИ ГУРВАН ЖИЛД 100 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛСОН

Дуучин Ганаа 100 гаруй мэргэжилтэй болоод гурван жил гаруй болж байна. “NTV” телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан тэрбээр энэ ажлынхаа амтанд оржээ. “Маш сонирхолтой ажил. Гурван жил гаруйн хугацаанд хэчнээн ч олон ажил, мэргэжилтэй болов. Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой, үнэхээр гайхамшигтай. Түр завсарласан ч бид хамтарч сайхан уран бүтээл хийх сэтгэл нэгтэй явдаг” гэлээ.

 

Г.МЭНД-АМАР: ХАГАС ЖИЛ ОРЧИМ ҮЗЭГЧИДТЭЙГЭЭ ХАМТ БАЙХ БОЛНО

Хамтлагаасаа насаараа хамгийн бага нь Мээдээ. Урд ургасан чихнээс, хойно ургасан эвэр урт гэгчээр тэрбээр уурхайн “СИ ТИ ЭР” компанийн захирлын ажлаа хийгээд тун завгүй. Өрхийн тэргүүн болсон Мээдээ үрийн зулай үнэрлэх хугацаагаа гэр бүлийн нууц гээд илчилсэнгүй. Харин хамтлагийнхаа хийж буй ажлыг бидэнд дэлгэсэн юм. “Камертон”-ынхон зав багатай ч “Боловсрол” телевизтэй хамтарч шоу нэвтрүүлэг хийх гэж байгаа аж. Ирэх долоо хоногт нэвтрүүлгийнх нь реклам цацагдах аж. 

Б.ЭРДЭНЭБАТ: МИНИЙ БАЗ ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТСЭНД ИХ БАЯРЛАСАН

Эба, Болд хоёр баз гэдгийг бүгд мэднэ. Уран нугараач охиныг эргүүлсээр нэг л өдөр ээж болгосон Эба хамтлагийнхныгаа гайхшруулж орхижээ. Учир нь нялх үрийг нь харсан камертончууд “Эбагийн жижигрүүлсэн хувилбар, яаж ийм адилхан төрдөг байна аа” хэмээн уулга алдсан гэдэг. Эба газар тариалангийн салбарт хүч үзэн Сэлэнгэ аймгийн нутгаар явж, тариаланч нартайгаа уулзаад завгүй яваагаа дуулгав. Зогсоо зайгүй дуугарах түүний утас руу ажил хэргийн холбоотой хүмүүсээс гадна шинэ жилийн захиалга, гуйлга тасрахгүй ирэх аж. “Манай хамтлагийн ахлагч, миний баз Төрийн шагнал хүртсэнд би үнэхээр их баярласан. Бид дор бүрнээ ажил, амьдралаа хөөгөөд завгүй байгаа ч уран бүтээл хийе л гэвэл хэзээд нэгдэх сэтгэлтэй хүмүүс" гэв.

 

"НОМИН-ТАЛСТ" хамтлаг

 

Г.БАТСҮХ: ДӨРВӨН САРД ШИНЭ CD-ГЭЭ ГАРГАНА

Нэрт хуульч С.Нарангэрэлийн хүргэн Г.Батсүх дуулахын сацуу МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг дүүргэсэн. Түүний өвөө нь сайн хуульч байсныг хадам аав нь мэдэх учир “Чи чадах ёстой. Өвөөгийн цус хаачих вэ” гэснээр хүргэн хүү хүчээ үзэж, сургуулиа амжилттай төгсчээ. “Номин талст”-ынхан хамтарч уран бүтээл хийгээгүй түр завсарласан ч саяхнаас шинэ CD хийх ажилдаа орсон гэнэ. Ирэх оны дөрөвдүгээр сард фэнүүддээ бэлэг барихаар шийдэн ажлаа эрчимтэй хийж байна. Урлагийнхан шинэ жилийн өмнө маш завгүй байдаг ч өөрийг нь өвчсөн мэт адилхан хүү, хайртай ханьтайгаа шинэ оноо угтах дуртай гэнэ.

Т.ДЭЛГЭРМӨРӨН: МИНИЙ УРАН БҮТЭЭЛИЙГ СОНСДОГ АРД ТҮМЭНДЭЭ БАЯРЛАЛАА

Хөвгөл мөрний хөвөөнд төрсөн хүүдээ аав, ээж нь Дэлгэрмөрөн хэмээх нэр хайрласан гэдэг. Дээгий залуу насны аагаар алдаж эндсэн ч уран бүтээл хийх сэтгэл нь хэвээр гэдгээ харуулсаар байгаад фэнүүд нь талархаж явдаг. Эх оронч дуучин Дээгий хуурай ах “Харанга”-ын Лхагваа , “Хар сарнай” хамтлагийн Амараа нартай хамтран “Ах дүү гурав” цомог гарган уран бүтээл арвинтай байна. “Шинэ жилийн баяр дөхсөн болохоор зав муутай. Яг одоо ярилцлагад орох гэж байна. Миний уран бүтээлийг сонсохыг хүсэж буй ард түмэндээ би хайртай. Олон байгууллагаас урилга ирж авсан. Би уран бүтээлээсээ өөр зүйл хийгээгүй л байна. Энэ жил нэг онцлог зүйл болох гэж байгааг дуулгая. Монголын эстрад урлагийн академи байгуулагдсан. Рок попын бүх хамтлаг, гишүүд хамтарч энэ жилийн хамгийн сүүлийн өдөр Соёлын төв өргөөнд гала тоглолт хийнэ.

А.ХАЯНХЯРВАА: ГЭР БҮЛЭЭРЭЭ ШИНЭ ОНОО УГТАХЫН ТӨЛӨӨ ЗААВАЛ ЗАВ ГАРГАДАГ

Рок попынхноос нийгмийн идэвх сайтай, улстөрийн ажилд гар бие оролцдог дуучны нэг нь Хаянаа. Социализмын үед “Эгч дүү гурав” гэдэг нэрээр алдаршсан дуучин охидын отгоныг гэргийгээ болгосон тэрбээр өдгөө хүү, охин хоёртой. Хаянаа дуулахын хажуугаар МАНын нарийн бичгийн дарга Л.ОюунЭрдэнийн соёл урлагийн зөвлөхөөр ажилладаг. “Уг нь хийж буй ажлынхаа тухай ярих ёстой юм байна. Гэхдээ шинэ жил дөхсөн болохоор баярын тухай ярихгүй байж болохгүй нь. Би завгүй байсан ч гэр бүлээрээ шинэ оноо угтахын тулд заавал зав гаргадаг. Шинэ CD хийж байгаа тухай хүмүүс дуулсан байх. Арав гаруй дуутай CD-нд хуучин дуунаас гурав нь орж байгаа. Гэхдээ хөгжмийн найруулга нь өөрчлөгдсөн. Шинэ ондоо ажлын амжилтаар дүүрэн байхыг хүсье”.

Т.ХАНГЭРЭЛ: ГЭР БҮЛТЭЙГЭЭ ЭХ ДЭЛХИЙ ДЭЭРЭЭ АМЬДРААД Л БАЙНА ДАА

Хаазаа чухам ямар ажил хийж буйгаа нэг их дэлгэсэнгүй. “Эх дэлхий дээрээ энх тунх амьдраад л байна даа. Хоёр настай өхөөрдөм хөөрхөн охинтойгоо, хайртай ханьтайгаа шинэ оноо угтах нь миний аз жаргал. Бид шинэ уран бүтээл хийгээд эхэлчихсэн. Шинэ жилийн захиалга гээд бас зав муутай. Миний хувьд шинэ жил хамгийн сайхан баяр. Хүн бүхэн хуучин оноо сайхан үдэж, шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай”.

 

"FREEZONE" хамтлаг

 

“Freezone” хамтлагийн ахлагч Г.Энхтөр Англид амьдраад олон жил болж байна. Хамтлагийнхантайгаа ч цөөн холбогддог тэрбээр сурангаа, бас ажиллаж байгаа гэсэн. Саяхан Бэкэтэй интернэтээр холбогдсон Төрөө эх орон , элгэн саднаа санаж буйгаа хэлээд“ Очиж байгаад сайхан уран бүтээл хийнэ ээ” гэжээ.

П.БИЛГҮҮДЭЙ: ХОЁР ХҮҮХДЭЭ ХАРАХААР АЗ ЖАРГАЛ УНДРАХ ЮМ

Бэкийн утсанд холбогдлоо. Хүүхдүүд нь шуугилдаад, аавыгаа утсаар яриулахгүй нь. “Дүү нь хүү, охин хоёртой болсон. Хүү маань саяхан нэг нас хүрсэн. Энэ хоёрыгоо харахаар аз жаргал ундрах шиг болдог юм. Хүүхэд гэдэг ямар хөөрхөн байдаг юм бэ. Одоохондоо гэр бүлийнхээ ажлыг амжуулаад зав муутай л байна. Гэхдээ уран бүтээл хийх тухай Төмрөөтэйгээ ярилцалгүй яах вэ. Шинэ жилийн захиалга тасрахгүй зав муутай” гэв. Бэкээ гэр бүлийнхээ хүнтэй хамтарч Замын-Үүдэд барилга барьж дуусгажээ.

Г.БАТТӨМӨР: ДҮҮ НЬ ЯГ ОДОО МОСКВАД БАЙНА

Рок попод хүч үзэн яваа ах дүү хоёрын нэг нь Төмөрөө. Ах Батсүхтэйгээ хамтарч уран бүтээл хийх боломж түүнд байсан ч тэрбээр өөрийн уран бүтээлээ дагнан хийж “Freezone” хамтлагтай нийлсэн. Төмөрөө онгоцны тасалбар борлуулах “Airticket” компани байгуулан ажиллаж байна. “Уран бүтээлч хүн ажлаасаа хөндийрч чаддаггүй юм билээ. Дуу дуулж, фэнүүдтэйгээ уулзахыг байнга хүснэ. Дүү нь яг одоо Москвад байна. Шинэ жилийн сайхан нэвтрүүлэг хийгээд удахгүй очно. Ер нь телевизийн шоу нэвтрүүлэг хийх бодолтой байгаа шүү. Хүмүүсийн алжаал тайлах нэвтрүүлэг дутагдалтай мэт санагддаг.

 

inet.mn

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2011-12-28, Лхагва )