“iPhone 5” дийлэнх хэрэглэгчийг гонсойлгов
Бичсэн: Administrator   
2012-09-13, Пүрэв
Image 
 
“Apple” компани өнгөрсөн оны сүүлчээр “iPhone 5”-ыг худалдаанд гаргах байсан ч оронд нь  “iPhone 4S”-ийг танилцуулсан юм. Үүнээс хойш “iPhone 5”-ын тухай бараг л домог болон яригдаж, сайтуудаар түүний технологийн тухай олон зуун таамаглал нийтлэгдсэн билээ.
 


Өчигдөр Сан Францискод “Apple” компани шинэ гар утсаа албан ёсоор танилцууллаа. “ iPhone 5”-ын сүлжээ 4G LTE, 4 инч торлог бүрхэвч, 1136х640 пиксель дэлгэцтэй, 112 гр жинтэй, iOS-6 үйлдлийн системтэй, 8 мегапиксель LED flash камертай (нүүрний камер нь НD 720 пиксель) юм. Багтаамжийн хувьд 16, 32, 64 GB аж.


Компанийн удирдлагуудын тайлбарласнаар “iPhone 5” нь тасралтгүй найман цаг ярих боломжтой бөгөөд LTE сүлжээнд мөн ийм хугацаанд ажиллах боломжтой. Энэхүү утас нь өмнөх загвараа бодвол 0.5 инчээр том дэлгэцтэй юм. Мөн шинэ загварын жин нь багасаж, хэмжээ нь томорсон байна.

Гар утас, таблет компьютерийн бүтээгдэхүүнийг шинжилдэг “Аналитикс” байгууллагын мэргэжилтэн Уиткинс Двейн “Их хүлээлт байсан учраас “iPhone 5”-ын талаарх хэрэглэгчдийн төсөөлөл эсрэгээрээ эргэлээ гэхэд хилсдэхгүй. Мэдээж шинэ гар утсанд олон давуу тал байна. Загвар нь илүү сайжирсан. Техникийн үзүүлэлтийн хувьд “Samsung Galaxy S3”-тай өрсөлдөхүйц хэмжээнд байж чадна. Гэхдээ тийм ч олон сая хувиар борлогдохгүй болов уу” гэжээ.

“iPhone 5”-ыг мэргэжилтнүүд царайлаг, хурдан, хөнгөн, өргөн, өндөр гэж тодорхойлов. Өөрөөр хэлбэл эдгээр зүйлсээр л “iPhone 4S”-ээс энэхүү гар утас ялгарч байгаа юм. Шинэ загвар 16GB-тай нь 199, 32GB-тай нь 299, 64GB-тай нь 399 ам.долларын үнэтэйгээр энэ сарын 21-нээс эхлэн АНУ, Канад, Их Британи, Франц, Герман, Австрали болон Японд худалдаанд гарах гэж байна. Энэ оны сүүлчээр гэхэд дэлхийн 100 улс 240 албан ёсны гэрээт борлуулагчаар дамжуулан худалдаална.


“Apple” компанийн маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Филип Шиллер өчигдөр AFP-д өгсөн ярилцлагадаа “Бид шилдэг технологийг цаашид нэвтрүүлсээр байх болно. “iPhone 5”-ын хамгийн сүүлийн үеийн iOS 6 үйлдлийн систем нь өмнөх загварууд шиг гацалт өгөхгүй. Өндөр хурдны 4G сүлжээг ашиглах явцад утаснаас шалтгаалах гацалтыг iOS 6 үйлдлийн систем мэдрүүлэхгүй” гэжээ.


Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн мэдэгдсэнээр шинэ гар утасны эх биеийн 18 хувийг сайжруулсан хөнгөнцагаан эзэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “iPhone 4S”-ийн эх биеийн хөнгөнцагаанаас 20 хувиар илүү юм.


Тим Күүк “Дөрвөн инч (10 см) дэлгэц нь одоогийн гар утаснуудын хувьд яг тохирсон хэмжээ юм. Том, жижиг биш энэ бол дундаж хэмжээ. Хэрэглэгч гартаа барьж кэйбордыг ашиглахад илүү нарийн мэдрэгчийг “iPhone 5”-д суулгасан. А6 процессор нь вэб сайт руу нэвтрэхэд илүү хурдан болгосон” гэв.

Олон улсад нэр хүндтэй “Морган стенли” компанийн шинжээч Кэти Хуберти мэдэгдэхдээ “Шинэ гар утас худалдаанд гарсан даруйдаа 8-10 сая ширхэг борлогдох төлөвтэй байна. Ирэх онд гэхэд 266 сая ширхэгт хүрэх магадлалтай. АНУ-ын зах зээлд “Apple” компани ноёрхлоо тогтоохоор ажиллаж байна” гэжээ.


Дийлэнх шинжээчийн ярьснаар “iPhone 5”-ыг үнэхээр бусдаас онцгой технологийн дэвшил харуулаагүй. Тиймээс зөвхөн энэхүү гар утасны байнгын хэрэглэгчдэд л шинэ бүтээлийн дэвшилтэт чанарууд таалагдаж байгаа гэнэ. “Apple”-ийнхэн анх удаа тус компанийн гар утсыг ашиглах хүмүүсийн сэтгэлийг татаж чадсангүй бололтой.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр
time.mn
 
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2012-09-22, Бямба )