Өмөөрөхөөсөө өмнө тунгаая
Бичсэн: Administrator   
2012-09-24, Даваа
Image 
 
Зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх хотын даргын захирамжийг баалах хүн олон байна. “Коммунистууд л нураадаг”, “Ганц амбаар барьж үзээгүй хүн нураах тухай ярихад амархан”, “Барилга барих нь хүнд гэмт хэрэг биш”, “Бүтээн байгуулалт, осол хоёрыг ялгаж салгах хэрэгтэй” гээд л. Эрдэнэт хүний амь эрсэдсэний дараа хариуцлагагүй нөхдийг чихдэж авчраад “ял” асуу гэж байсан хандлага өөрчлөгдөж, салхи эргэчихэж. Зарим барилгын компанийн эзэд өөрсдийгөө өмөөрсөн, их л зовлон бэрхшээл тоочсон ярилцлага хүртэл хэвлэлд өгч байна. Барилгын зөвшөөрөл авах гэхээр авлигачин албан тушаалтнууд саад болдог,  тэгээд л цаг хугацаанд шахагдаад барилгын ажлаа эхэлчихдэг, дараа нь зөвшөөрлөө зохицуулахаас аргагүйд хүрдэг юм байх, тэднийхээр. Зах зухаас нь та лав сонссон байх.

Асуудал аль аль талдаа байсан, байгаа нь мэдээж. Барилгаа нураалгаж мэдэх байдалд орсон барилгын компанийн эздийн бухимдлыг ойлгохоос аргагүй. Зөвшөөрөл өгөх эрхтэй төрийн албан тушаалтнуудын хүнд суртлыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ хэдэн хүний амийг авч одсон осол аваар барилгын салбарт нүүрлэсэн гажгийг засах сануулга болж, зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авах хотын даргын захирамж энэ ажлын эхлэл гэдгийг хүссэн ч хүсээгүй ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
 
Хоёр жилийн өмнө барилга барьж ашиглалтад оруулах хүртэл 118 гарын үсэг цуглуулдаг байж. Харин “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд энэхүү гарын үсгийн тоо 56 болж буурсан. Зөвшөөрөл авахад зарцуулдаг хугацаа, зардал хоёр дахин багассан гэсэн үг. Магадгүй 56 гарын үсгийг ч цөөлөх шаардлагатай байх. Харин үүнд барилгын салбарынхны өөрсдийн оролцоо чухал. Ийн хэлэх учир нь, авлига нэхэхээр өгдөг, эсвэл өөрсдөө хууль зөрчиж зөвшөөрөлгүй барилга барьчихаад дараа нь зөвшөөрөл авах гэж ямар ч хамаагүй арга сүвэгчилдэг байсан нь асуудал ингэтлээ бугшихад хүргэсэн бус уу.

Тиймээс зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх тухай Улаанбаатар хотын даргын захирамжийг баалах биш дэмжиж хүлээн авах ёстой юм. Энэ захирамж хэрэгжсэнээр барилгын салбарт аль хэдийнэ анивчиж, аюулын харанга дэлдээд байсан улаан гэрлийг унтраах ажлын эхний алхам болно. Зүгээр ч нэг хэдэн барилга нураагаад өнгөрөх хэмжээнд биш асуудлын урхагийг олж, шийдвэрлэх гарцыг харин хамтдаа тодорхойлох учиртай байх.

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа хотын төвд сүндэрлэж буй барилгуудын захиалагчид нь мэргэжлийн бус, мөнгөтэй нөхдүүд байдаг тухай дурджээ. Ашигтай салбар, мөнгөө гурав нугалж олно гээд л бийлэгжүү бүхэн барилга руу хошуурсны балаг гэдгийг ч хатуухан хэлж. Мэргэжлийн бус нөхөр бариулж байгаа барилга дээрээ хөдөлмөрийн аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхдээ гар татдаг, аль болох хямд ажиллуулахыг хичээдэг, хүн амьдрах орчныг тооцох биш алга дарам ч гэсэн газарт арван хэдэн давхар орон сууц барьж ашиг олохоо боддог зэргийг бас шүүмжилсэн байна лээ. Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлнө, за тэгээд хөөрхий хүний хөрөнгө юм чинь гээд зөвшөөрөлгүй баригдсан 12 давхар барилгыг нураахгүй өнгөрлөө гэхэд дараа нь учрах хохирол нийслэлийн зүс царай, нэг хүний өмчөөс хэд дахин илүү гэж аргагүй л мэргэжлийн хүний байр сууринаас сануулжээ.

Нээрээ л түүний хэлснээр дур мэдэн барилга барьчихаад дараа нь гонгинох хэрэггүй юм. Хууль дүрмийг яах гэж гаргадаг юм. Хэрэгжүүлэх гэж. Гэтэл мөнгөтэйд нь хэрэгждэггүй хуулийг мөрд гэж шаардах ч боломжгүй. Тэгээд ч хотын дарга захирамж гаргахдаа зөвшөөрөлгүй 80 барилгыг юу юугүй нураачихна гээгүй. Асуудлын шалтгаан нь юунд байв, зөвшөөрөл аваагүйн буруутан нь хэн юм, өнөөдөр үүссэн нөхцөл байдал, маргааш учрах эрсдэл гээд олон зүйлийг нягталсны дараа нураах хүртэл арга хэмжээ авна гэж буй.

Тэгэхээр барилгын захиалагч компанийн эздэд хандаж зөвлөхөд, та нарт л алергитээд барилгыг чинь нураах гээд байгаа юм шиг хандахаасаа өмнө бидэнд ямар буруу байв гэдгээ нэг бодох юм биш үү. Яаран өөрсдийгөө өмөөрөх бус харин ч энэ эгзэг дээр барилгын салбарт тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг хамтдаа хайх хэрэгтэй байна. Улаанбаатарт өрнөх бүтээн байгуулалт зөвхөн та бүхний зөвшөөрөлгүй барьсан 80 барилгаар хязгаарлагдахгүй. Бас нийслэлийн сая давсан оршин суугчийн амьдрах эрхийг мөнгөтэй хэдэн компанийн өмчтэй харьцуулж үнэлэх ямар ч боломжгүй юм.


Д.Элбэрэлт

time.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2012-10-04, Пүрэв )