Сайтууд оны онцлох үйл явдлыг нэрлэсээр байна
Бичсэн: Administrator   
2012-12-27, Пүрэв

Image 

Гого.мн сайт өөрсдийн үзэл бодлоор өнгөрч буй 2012 оны онцлох үйл явдлыг тодорхйолсныг танилцуулъя:

Н.ЭНХБАЯРЫН БАРИВЧИЛГАА:

2012 оны 4-р сарын 13: Бор оймсыг “брэнд” болгохоо шахсан Н.Энхбаярын баривчилгаа энэ жилийн онцлох үйл явдалд багтаж байна. 

Авлигатай тэмцэх газрынхан Н.Энхбаярын гэрт очсоноос хойш сэтгүүлчид болоод цагдаагийнхан гэрийнх нь гадаа бараг өнжсөн. Гэтэл баривчилгаа өглөөний 06:40 цагт болж, гурав дахь ерөнхийлөгчийг бор оймстой хөлийг нь гозолзуулан авч одсон билээ.

Энэ цагаас хойш удтал яригдаж, олон удаа шүүхдэж, цөөнгүй хүнийг “өлсгөж”, Н.Энхбаярыг суллахгүй бол МАХН засгаас гарна гарахгүйдээ хүртэл тулсан үйл явдал Н.Энхбаярт 2,6 жилийн ял оноосноор төгслөө. 

Гэвч “авлигын загалмайлсан эцэг” гэх сүржин хочтой түүнд оноосон хэрэг нь хууль бус хувьчлал төдий л байлаа.

 

 

СОНГУУЛЬ:

2012 оны 6-р сарын 28: Одоо хүртэл ангиа бүрдүүлж чадаагүй байгаа З.Энхболд тэргүүтэй парламентын бүрэлдэхүүнийг сонгох ажиллагаа зургадугаар сарын 28-нд болсон. АН 33, МАН 25, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” 10, ИЗНН 2, бие даагч гурван гишүүний төлөөлөлтэйгээр нийт 73 гишүүн ажиллаж байна.

Багагүй мөнгө зарж анх удаа автомат машинаар санал авч тоолсон нь “дахин тоолуулъя, гэхдээ хүнээр” гэх маргаан үүсгэж, онигоо болон хэсэг яригдав. Мөн иргэд анх удаа холимог тогтолцоогоор санал өгч, намуудын жагсаалтаар “акулууд” зовлонгүй гишүүн болсон. 

Хэдийгээр анхдугаар чуулган долоодугаар сарын 9-нд болсон ч МАН-аас парламентын үйл ажиллагааг сар гаруй тасалдуулсан. Хэсэг “томорсныхоо” балгаар бүлэггүй болохоо шахаж, арай гэж өдгөө бүлэгтэй болоод байгаа билээ.

Юутай ч дахин гурван гишүүний суудал эзнээ хүлээж буй парламентын үйл ажиллагаа өдгөө хэвийн явагдаж байна.

Орон нутгийн сонгууль анх удаа өвлийн улиралд болсон нь “хөдөө орон нутагт ирц дутаж магадгүй” гэх таамаглал төрүүлсэн ч эсрэгээрээ нийслэлчүүд “залхуу, идэвхигүй” гэдгээ батлав. Нийслэлийн таван дүүргийн хэсгийн хороодод дахин санал хураалт явагдаж багагүй зардал гаргалаа. 

Энэ удаа Ардчилсан нам УИХ-д болон Орон нутагт олонхийн санал авсан. Тиймээс дөрвөн жилийн дараа хариуцлагыг энэ намтай ярихад амар боллоо. 

 

ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР:

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг сонгогдлоо. Тэрээр АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын "Шударга ес" эвслээс бүрдсэн Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан юм. Энэ Засгийн газар 16 яамтай байхаас дөрөв нь ерөнхий чиг үүргийн, арван хоёр нь чиглэлийн яамтай ажиллаж байна. 

УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд олноор орж ажилласан, яамдын тоо нэмэгдсэн гээд шүүмжлэл дагуулсан ч Н.Алтанхуяг “Шинэчлэл өөрөө шинэ зохицуулалт, шийдэмгий ажиллагааг шаардах учраас дангаар томилогдсон Засгийн газрын гишүүдээс илүүтэйгээр давхар ард түмнээсээ мандат авсан Засгийн газрын гишүүд ажиллах нь илүү зүйтэй гэж үзлээ” хэмээн тайлбарласан. Юутай ч шинэчлэлийн Засгийн газар “Ард иргэдээ ажилтай, орлоготой болгох, Төрд бугшсан авлига, хээл хахуулийг устгаж,түмэндээ шударга ёсыг авчрах, Нийгмээ үүрэг, хариуцлага, хяналттай болгох” гэсэн гурван үндсэн зорилтыг бодлогоо болгон ажиллах юм.

 

НААДАМ:

2012 оны 7-р сарын 11-13: “Дараа жилийн наадам даанч хол байна” хэмээн наадмын маргаашнаас санааширч суудаг Монголчуудын хувьд наадмын бөхийн барилдаан хамгийн том сонин юм. 

Энэ жилийн хувьд Увс аймгийн Давст сумын харъяат Алдар спортын хороо, Дулааны IV цахилгаан станцын бөх, аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын заан Д.Рагчаагаар ес давж Монгол Улсын арслан болсон нь яах ч аргагүй онцлох үйл явдал байлаа. 

Наадмын нээлт үзэгчдийн олонхид тийм ч их таалагдсангүй. Наадам болдог стадионы яйжгар хэдэн сандал, шороотой хуушуур идсэн Монголчууд, жилээс жилд жижгэрсэн наадмын талбай гээд торойх шинэчлэлгүй хэвийн нэгэн наадам болсон.  Гэвч дараа жилийн наадам илүү сайхан болно гэсэн итгэлээр энэ наадмыг үдлээ. 

 

ОЛИМП:

2012 оны 7-р сарын 27: Олимпийн аваргатай 2008 оныг санагалзсан Монголчуудын хувьд медалийн тоогоороо урд хожид байгаагүй амжилтыг Лондонгийн олимпод үзүүлсэн. Олимпийн мөнгөн медалийн эзэд болсон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, МУГТ, Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт нар хүрэл медалийн эзэд болсон МУГТ У.Мөнх-Эрдэнэ, МУГТ С.Батцэцэг, МУГТ С.Ням-Очир нар Монголчуудын бахархал боллоо.

Тамирчид маань сүүлийн жилүүдэд амжилт арвин байгаа нь иргэдийн эрүүл амьдралын төлөөх биеийн тамирын үйлсэд их хувь нэмэр оруулж буй. Урд нь байгаагүй хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай олноор байгуулагдсан болон хаа сайгүй зохиогдох спортын наадмууд үүнийг гэрчилнэ.

Тиймээс засгаас олимпийн медальтнуудад сар бүр 1-4 сая төгрөгийн цалин өгч байхаар болсон билээ.

 

ЦАГДААГИЙН ЭКС ДАРГА НАР ЯЛ АВЛАА

2008 оны сонгуулийн будилаанаас үүдэлтэй “долдугаар сарын 1-ний” хэмээгддэг хэрэг хэдэн жилийн турш яригдсаны эцэст цагдаагийн экс дарга нар 2,6-3,6 жилийн ял авснаар хэсэгтээ намжлаа.

Цагдаагийн экс дарга нар буу бариад буудчихсан учраас биш, “бууд” гэдэг тушаал өгснөөс ч биш харин тэднийг эрх мэдэл бүхий албан тушаал хашиж байх үед нь хүний амь эрсэдсэн хэрэг гарсан тул тэд ял авлаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн хорих ял оноожээ.

Гэхдээ тэднийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан,цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийн зүйл ангийг өөрчилж Өршөөлийн хуульд хамруулсан юм.

 

БАТААРЫН ЯС

Монголын хил гаалиар бүхэл бүтэн динозаврын ясыг аваад гарчихдаг юм байна гэдгийг удтал яригдсан “Батаарын яс” баталлаа. 

Монголын говиос өөр хаанаас ч олддоггүй энэ ховор олдворыг АНУ-д дуудлага худалдаанд оруулахаа шахсаныг Монголын Улсын Ерөнхийлөгч идэвхи санаачлага гарган таслан зогсоож, тэр ч бүү хэл эх орондоо буцаан авчруулахаар болсон билээ.

Илрүүлсэн нь энэ хэрэг болохоос энэ мэт хэчнээн ховор олдвор, урлагийн сор болсон бүтээлүүд хил гаалиар гадагш гарсныг, гарч буйг бид мэдэх аргагүй нь харамсалтай.

 

ХОТЫН ДАРГА Э.БАТ-ҮҮЛ, ШӨХТГ-ЫН ДАРГА О.МАГНАЙ НАР ШУУГИУЛАВ

Нүдээ олсон томилгоо гэдэгт энэ жил хотын дарга Э.Бат-Үүл, ШӨХТГ-ын дарга О.Магнай нарыг нэрлэж болохоор юм.

Дөчин мянгатын уугуул иргэн Нийслэлийн захирагч болж хотынхныг баярлууллаа. 

Дугаарын ялгавартай замын хөдөлгөөнд оролцох, автобус нэгдүгээр эгнээгээр зорчих, хууль бус газрын наймааг дэлгэх, хууль бус барилгуудыг нураах зэрэг урд хожид байгаагүй шийдвэрүүд гарсан.

О.Магнай ч бас нефть импортлогчид болоод сонгууль дөхөхөөр л үнээ нэмдэг НИК, “хууль үйлчилдэггүй” гэгддэг АПУ, гар утасны операторуудын ярианы алхмыг өөрчлөх, сүү, жүүс үйлдвэрлэгчид “худал залахгүй” байх гэх зэргээр бас л огт дуулддаггүй байсан төрийн шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн. 

Нэг их удалгүй хэвлэлүүдийн хуудаснаа “тусгай зөвшөөрлийг цуцлана, хураана, хаана” гэх мэдээллүүд ар араасаа гарах болсон нь хэдийгээр сүрдүүлэг мэт сонсогдохоор болоод байгаа ч яалт ч үгүй ингэж “номонд нь оруулах” цаг хэдийнээ болчихсон байжээ гэдгийг харуулна. 

 

БАРИЛГЫН САЛБАРЫНХНЫ БАЛАГ

2012-09-03: Ээжийнхээ гараас хөтлөн, шинэ хичээлийн жилийнхээ сонин сайхныг шулганан явсан 12 настай бяцхан охины дээрээс барилгын кран унаж амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарснаар барилгын салбарын далд байдаг балгууд олны өмнө ил болж эхэлсэн.

Ар араасаа шил даран болсон ослуудын талаар МХЕГ болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “ер нь л жилд 10 гаруй хүн барилгын салбар дахь үйлдвэрлэлийн ослоор амиа алддаг шдээ” хэмээн жишимгүй мэдээлж байлаа. Уг нь тус газар краны хяналтаас эхлээд барилгын бүх үйл ажиллагааг хянадаг байцаагч нар ажилладаг. Тэр хүмүүс ажлаа хийж чадахгүй байна уу гэхээр “манай хүн хүч хүрэлцдэггүй” гэх жижүүрийн хариултыг хэлж байлаа. 

Барилгын салбар үүсч хөгжөөд 86 жилийн ой болж байгаа ч өнгөрөгч онд гэхэд 19 хүн энэ салбарт амиа алдсан бол 2007 онд 40 хүн барилгын ослоор амиа алджээ.

Хэвлэлийнхний ажлын үр дүнд барилгын салбарын далд бүхэн ил болж, улмаар нийслэлийн захиргаанаас хууль бус барилгуудыг нураах шийдвэрийг гаргасан. Хэл ам багагүй дагуулсан энэ шийдвэр гэвч барилгын салбарт цаашид ч шийдэх ёстой олон асуудал байгаагийн ердөө эхлэл төдий байлаа.

 

ҮХЛИЙН ӨӨДӨӨС ЗОРИМОГ ТЭМЦСЭН Ч АЛБАН ТУШААЛТНУУДЫН ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСДСӨН ЭЭЖ ХҮҮ ХОЁР

Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэн мөсөн голд аврал эрж байхад “дарга сэрээлээ гээд уурлаад байдаг юм” гээд “үхвэл үхэг” гэсэн шиг хаясан хүмүүс бол Сэлэнгэ аймгийн Онцгой байдлынхан байлаа.

Энэ үйл явдлын дараа тус аймгийн онцгой байдлын дарга ажлаасаа халагдсан.

Гэвч... Эх, үрийг аврахын тулд нисгэчих ганц ч нисдэг тэрэггүй улс орон гэж үү, эсвэл энэ улсад хүний амь юу ч биш болчихсон хэрэг үү гэх асуулт үлдэнэ. Үнэг буудахад, сонгуулийн сурталчилгаа хийхэд ашигладаг нисдэг тэрэгнүүд хаачив. Сэлэнгэ аймгийн удирдлага, Онцгой байдлын ерөнхий газар, Засгийн газар гээд холбогдох өндөр албан тушаалтнуудын хэнд нь ч ээж, хүү хоёрыг аврах сэтгэл байгаагүй нь харамсалтай. 

Дайны үед герман цэргүүд өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэйг буудан хороож буй дүрсийг жигшин зэвүүцэн үздэг. Харин хүний амь нас үнэгүйдсэн энэ цагт өлгийтэй үрээ тэвэрсэн эмэгтэй голын мөсөн дээр “амь авраач” хэмээн эцсийн хүчээрээ орилж байхад эвэртэн туурайтнууд халуун хөнжилдөө шургалж байсан нь дээрхээс нэг их ялгарахгүй үйл явдал боллоо. Гэвч тэгсгээд энэ үйл явдал намжсан нь Монгол улсад иргэн хүн цаг бусаар амиа алдах нь жирийн үзэгдэл болжээ гэдгийг илэрхийлэх мэт харуусал төрнө.

 

МОНГОЛБАНКНЫ ИНФЛЯЦИАС ГАРНА ГЭХ ӨӨДРӨГ БОДЛОГО

Өдгөө 15 хувьтай байгаа инфляцийг ирэх онд 8 болгоод түүнээс цааш ч бууруулна гэх зорилтыг Монголбанк гаргасан. Азийн хөгжлийн банк болон бусад мэргэжилтнүүд үүнийг “биелүүлэхэд хүндрэлтэй зорилт” хэмээсэн. 

Тэдний бодлогын магтууштай тал нь инфляцийг хөөрөгдөж буй салбаруудтай шууд тулж ажиллах өөрөөр хэлбэл мах худалдаалагчид, гурил үйлдвэрлэгчид гээд инфляци өсөхөд гол нөлөө үзүүлдэг бараа бүтээгдэхүүний үнэнд шууд анхаарлаа хандуулахаар болсон. 

Хэрэв мах, гурил зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурвал нийгмийн дунд болон доод давхаргад цохилт өгдөг инфляцийн нөлөөлөл буурах юм. 

Гэвч Монголбанкны зорилтыг биелүүлэхийн тулд Засгийн газар “чих зөөлөнтэй” байж, элдэв халамжинд бэлэн мөнгө тараах зэрэг “ухаангүй” бодлогоос зайлсхийж, хамтын ажиллагаагаа уялдуулан сайжруулах шаардлагатай. 

Монголбанктай холбоотой бас нэгэн шуугиан бол 26 настай “жаалхүүг” Төв банкны дэд ерөнхийлөгч болгосон явдал байлаа. Ийнхүү Э.Батшугарыг томилсон нь ёстой л албан тушаалын ил цагаан наймаа болсон юм.

 

ЗАСГИЙН ГАЗАР БОНД ГАРГАЛАА

Нийт 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах хөтөлбөрийн хүрээнд эхний үе шат болгож 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг Засгийн газар амжилттай арилжааллаа.

Арван жилийн хугацаатай гаргасан энэхүү бондын хүү жилийн 5.125 хувиар тогтоогдсон. 

Энэ мөнгө төсвийн алдагдал, зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагдахгүй, хөгжлийн шинж чанартай төслүүд рүү шууд хөрөнгө оруулалт байдлаар зарцуулагдах юм. Тэгэхээр засгийн газрын зарцуулалтанд хяналт тавих олон нийт, төрийн бус байгууллагуудын ажил чухал. Харамсалтай нь Засгийн газар эхнээсээ ахмадуудын 340 мянгыг бэлнээр тараахад бондын мөнгийг зарцуулж эхлэхээр болжээ. 

Монгол Улсын Засгийн газрын бондыг “Finance Asia” сэтгүүлээс  “Засгийн газрын шилдэг бонд, Монгол Улсын бондын шилдэг арилжаа-2012” шагналыг олгосон. 

Хэдийгээр Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлж байна гэх шүүмжлэлийг дагуулж байгаа ч “Finance Asia” сэтгүүлд тэмдэглэснээр “Монгол Улсын хувьд энэ нь Засгийн газрын анхны бонд бөгөөд олон улсын зах зээл дээр нэг удаагийн гаргалтаар 1.5 тэрбум ам долларын хөрөнгө босгож чадсан нь том амжилт юм. Энэ нь 60 тэрбум ам долларын эдийн засагтай, хэд хэдэн удаа олон улсын зах зээлд бонд гаргаж байсан, харьцангуй туршлагатай зээлдэгч болох Шри Ланк улсын 2007 онд анх гаргасан бондын хүүнээс доогуур байгаа нь маш амжилттай үзүүлэлт” гэсэн байдаг. 

 

ОРИФЛЭЙМЧНИЙ “ДЭЛХИЙН СҮЙРЭЛ”

12-р сарын 21: Орифлэймийн бизнес эрхэлдэг Оюунгэрэл хатагтай “дэлхийг харанхуй нөмрөх гэж байна. Лаа, шүдэнзтэй хүн амьд үлдэнэ” гэсэн мэдэгдлийг хийж, лаа, шүдэнзний бизнес эрхлэгчдийг ганц баярлуулсан нь яах аргагүй энэ жилийн онцлох явдал мөн юм.

Урд өдөр нь эрүүлжүүлэх “дэлхий сөнөх нээ” гэж гунихарсан хүмүүсээр дүүрч, 21-ний өдөр хийх байсан шинэ жилээ байгууллагууд цуцалж, Нарантуул зах хүнээр дутаж, зарим сургууль, цэцэрлэгийн ирц 50 хувьдаа ч хүрээгүй мэдээлэл бий. 

Энэ нь манай иргэдийн дийлэнх нь хүлээн авч буй мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, зөв бурууг ялгаж салгаж чаддаггүй зэрэг тал дутуу байгааг харуулсан явдал боллоо.

Болчимгүй мэдээлэл хийж олон нийтийг багагүй сандаргаад авсан Оюунгэрэл хатагтайг Энэтхэг рүү хэл ам дарагдтал явж одсон гэх мэдээлэл ч гарсан. 

Юутай ч хоол унд, лаа шүдэнзээ бэлтгэж, зуслан, хөдөө, гэр хороолол руу “дүрвэж” хэд хоносон иргэдийн хөдөлмөрийг талаар болгосон 21-ний нар манддагаараа мандаж, 22-ний шөнө болдгоороо болсон билээ.

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2013-01-09, Лхагва )