Монгол Улс оросуудын хувьд ардчиллын үлгэр дууриал
Бичсэн: Administrator   
2013-01-09, Лхагва
Image 
 
Бидний монголчууд Ленин багшийн заасан замаас гажих эрхгүй явсаар хөгжлийн замдаа шулуудсан. Гэтэл өнөөдөр орос ах нар маань монголчуудаас үлгэр дууриал авч, хөгжлийн жишиг улс мэтээр үзэж хэлэлцдэг болоод байна.

Саяхан ОХУ-ын “Московский kомсомолец” эх сурвалжид гарсан дуулиант нийтлэлд Орос улс хөгжлөөрөө Америктай ана мана үзэлцдэг байсан сайхан цаг нэгэнт ард хоцорч, өмнөд хөрш Монголд гүйцэгдэх болсныг өгүүлжээ.

Олон улсын авлигын рейтингээр энэ жил арван шат ахиж, Гондурастай эн зэрэгцэж ирсэн нь ОХУ-ын эрх баригчдын хувьд бахархаж, хөөрөх шалтаг болоод байна. Амжилтаа тэмдэглэх улстөрчдийг түр орхиж, хамар дорх Монголтой Орос орныхоо хөгжлийг харьцуулж үзье.

Оросын эх оронч үзэлтнүүдийн дунд алдартай А.Паршев өөрийн номдоо “Яагаад Орос Америк биш гэж” хэмээн асуулт тавьсан нь олны дунд шуугиан дэгдээсэн байдаг. Тэрбээр өөрийн асуултандаа хариулахдаа цаг агаарын эрс тэс уур амьсгал, газарзүйн онцлог нь АНУ-тай өрсөлдөх ОХУ-ын боломжийг боогдуулж буй хэмээн тайлбарласан. Тэгвэл хилийн чанадын АНУ-тай биш хөрш зэргэлдээ Монголтой харьцуулж үзье.
 

Монголын цаг агаар ОХУ-нхаас дор байна уу гэхээс дээрдэхгүй, эдийн засаг, дэд бүтцийн хувьд төстэй юм. Уудам нутагтай, цөөн хүн амтай монголчууд феодализмаас шууд социализмд шилжин, социализмаас мал аж ахуй, уул уурхайд түшиглэсэн чөлөөт эдийн засагт шилжсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын хүн ам 26 хувиар өссөн бол тус улстай залгах Сибирийн орчмын хүн ам 12 хувиар хорогджээ. Оросын ДНБ 2000-2011 оны хооронд 80 хувиар өссөн бол энэ хугацаанд Монголынх 3 дахин өсчээ. Хэтэрхий өчүүхэн зүйлтэй өөрийгөө жишин доошоо орох дэмий ч тэр өчүүхэн зүйл нь удахгүй тэнгэрт гарах нь тодорхой болоод байна. Монголын эдийн засгийн өсөлт 14-16 хувьтай байгаа бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 5100 ам.долларт хүрч байхад Сибирийн өсөлт 3-4 хувьтай байгаа аж.

Оросын алс Дорнодын хүн амын нягтаршил /ам км талбайд 1.1 хүн/ Монголынхтой /ам км талбайд 1.7 хүн/ ойролцоо ч эдийн засгийн өсөлтийн хувьд эрс ялгаатай байгааг харж болохоор байна. 1991-2010 оны хугацаанд ОХУ-ын нүүрсний олборлолт есөн хувиар, зэсийн олборлолт зургаан хувиар буурч, алтны олборлолт 20 хувиар нэмэгдсэн бол Монголын нүүрсний олборлолт 2.6 дахин, зэсийн олборлолт 4.2 дахин, алтны олборлолт 3.7 дахин өссөн гэсэн тооцоог гаргажээ. Энэ мэтээр ОХУ-ын уруудсантай зэрэгцээд Монголын өсөн дэвжсэн жишээг ар араасаа урган гарсаар байгаа юм.

Энэ бүгдээс үүдэн дэлхийн орнуудын сүүл мушгиж байсан Монгол чухам ямар арга замаар хөгжлийн үлгэр дууриал болж, “Азийн баруудтай” эн зэрэгцэх болсон бэ гэсэн асуулт урган гарах нь зүйн хэрэг. Оросын удирдлагууд улс төрийн гэмт этгээдүүдийг Монгол руу цөлж, зарим нэг албан тушаалтныг дэвшүүлэн зайлуулах зорилгоор Монголд Элчин сайдаар томилдог байсны нэг тод жишээ болгон В.Молотовыг дурдаж болно.

Юуны түрүүнд эдийн засгийн оновчтой, тэнцвэртэй бодлогод суурилан гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, улс төрийн ардчилсан бодлого нь Монголын үсрэнгүй хөгжлийн нууц гэж үзэж байна. Ардчилсан тогтолцоо, ил тод байдал, эрх чөлөөт нийгэм, бизнесийн шударга нээлттэй өрсөлдөөний талбарыг цогцлоож чадсаны ачаар гадаадын хөрөнгө оруулагчдыг соронз мэт татаж, дотоодын эдийн засгаа хөгжүүлжээ. 1995 оноос хойших 15 жилийн хугацаанд Монголын гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-тэй харьцуулахад 12-39.2 хувь хүртэл нэмэгдсэн. Зөвхөн 2011 онд гэхэд энэ үзүүлэлт 69 хувьтай байлаа. Энэ бүхнээс дүгнэхэд Монголын уул уурхайн баялагт төвлөрсөн гадаадын хөрөнгө оруулагчид нь хөгжлийг хөдөлгөх гол хүч болсныг харуулж байна.

Түүнчлэн умар өмнөд хөрш болон томоохон гүрнүүдээс том асуудал үүсдэг гэсэн зарчмын дагуу Канадын Ivanhoe Mines, Entree Gold, SouthGobi Energy, Их Британийн Rio Tinto болон Австралийн BHP Billiton, Ausmelt зэрэг компаниудтай түншилсэн нь үр дүнгээ өгчээ.

Эдийн засаг, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого, улс төр, хууль эрх зүйн таатай орчин эрс өөрчлөлтийг авчирсан. Монгол Улс 1988 онд батлан хамгаалахын төсөвт ДНБ-ний 9.36 хувийг зарцуулж байсан бол 2010 онд дөнгөж 0.98 хувийг зарцуулсан байна. Хүн амын лундаж наслалт 1988-2010 оны хугацаанд 60-69-д хүрч, хүн амын өсөлт жилд 1.5 хувьтай байна. Харин ОХУ-ын хувьд цагаачлагчдын тоо эрчимтэй өсч байгаа ч хүн амын өсөлт буурах хандлагатай байгаа билээ.

Улс төрийн тэнцвэрт байдлын үндсэн дээр хөгжил цэцэглэлт ирж байгааг Монголын туршлага харуулж байна. Гэтэл манай Оросын эрх баригчид эсрэгээр нь бодож байгаа нь харамсалтай. Монголын улс төрийн замнал дардан байгаагүй, тэмцэл, өрсөлдөөний талбар байсаар ирсэн. Социалист дэглэм нуран унасан ч коммунистууд төрийн эрхэнд байсаар байв. Улмаар ардчилсан сөрөг хүчнийхэн хүчирхэгжиж, алхам алхамаар урагшлахын хэрээр улс орныхоо олон улс дахь нэр хүндийг өсгөж буй.

Тийм ээ, монголчуудын хувьд өнөөдөр хүндрэл бэрхшээл мундахгүй байна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, дэлхийд хаана ч байхгүй эрс тэс уур амьсгалтай, хот суурингууд нь хэдэн мянган км-ээр алслагдсан, далайд гарцгүй энэ орны хувьд хөгжлийн талаар ярихад бэрх санагдаж байлаа. Гэвч эдгээр бэрхшээлийг үл харгалзан хөгжиж болдгийг Монгол харуулж байна. Монгол саяхан Doing Business рейтингэд 12 байраар урагшилж, 76-д жагссанаар бизнесийн таатай орчныг бүрдүүлж, улам их хөрөнгө оруулагчдыг уриалан дуудсаар буйг нотоллоо. Мөн олон улсын Transparency International байгууллага Монголын төр засаг нийгмээ авлигаас ангижруулахад дорвитой алхам хийснийг тэмдэглэн үнэлж, 26 байраар ахиулж, 94-д жагсаасан нь хөрөнгө оруулагчдын урам зоригийг улам бүр бадраасан нь тодорхой.

Иймээс оросууд бид цаг агаар, газарзүйн онцлог зэрэгт буруугаа чихэж, хий хоосон шалтаг заахын оронд улс төрийн тогтвортой орчин, эрүүл ардчилсан тогтолцоог бүрдүүлэх тал дээр өмнөд хөршөөсөө суралцах ёстой.

Эх сурвалж:http://www.mk.ru/politics/article/2012/12/18/788856-pochemu-rossiyanemongoliya.html

 

time.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2013-02-11, Даваа )