I-601A – өргөдлийг АНУ-д шийдвэрлэх болсон талаар
Бичсэн: Administrator   
2013-02-24, Ням
Image 
 
2013 оны 1-р сарын 3-нд АНУ-ын Дотоод Аюулгүй Байдлын Яам тус улсын хилээр бичиг баримтын хяналт, гаалийн шалгалтаар оролгүй нэвтэрсэн хууль бус гадаадын иргэд I-601A өргөдлөө АНУ-д байхдаа өгч шийдвэрлүүлж болох тухай шинэ журам гаргалаа. Журмын гол агуулга нь хилийн хяналтгүйгээр нэвтэрсэн хууль бус цагаачид хэрэв АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон, эсвэл АНУ-ын иргэний гэр бүлийн гишүүн бол байнга оршин суух эрх авах нөхцлийг хөнгөлөхөд оршиж буй. Шинэ журам  2013 оны 03-р сарын 04-нөөс эхлэн үйлчилж эхлэнэ.
 
Өмнө нь хилийн хяналтаар ороогүй хууль бус цагаач статусаа өөрчилж ногоон картанд өргөдөл гаргахад тухайн хүнийгэхлээд АНУ-аас гарч явахыг шаарддаг байсан.

Улмаар I-601 өргөдлийг өөрийн эх орондоо буй АНУ-ын консулын газраар дамжуулан цагаачлалын албанд гаргадаг байсан нь олон сар жилээр хүлээгдэх, улмаар тус цагаачтай гэр бүлийн холбоотой АНУ-ын иргэн давхар хохирох явдал түгээмэл байв. Шинэ журмын дагуу цагаач иргэн I-601A-ийн хариуг АНУ-аас явахаасаа өмнө цагаачлалын албанаас авах бөгөөд улмаар өөрийн орон дахь АНУ-ын элчин сайдын яамнаас харьцангуй бага хугацаанд байнга оршин суух эрхээ авч АНУ-д эргэж ирэх боломжтой болж байна.

 

Дараахь түгээмэл асуултууд энэхүү шинэ журмыг ойлгоход  тус болно.

1.    Шинэ журмын дагуу ямар шалгуурыг хангасан цагаач хүн I-601 өргөдлийг АНУ-д байхдаа цагаачлалын албанд гаргаж болох вэ?

Цагаачлалын албанд өргөдөл гаргах хууль бус статустай цагаач нь 17 насанд хүрсэн, АНУ-ын иргэний гэр бүлийн гишүүн (эхнэр/нөхөр, хүүхэд, эсвэл эцэг/эх) бөгөөд байнга оршин суух эрх авах I-130 өргөдөл нь цагаачлалын албаар зөвшөөрөгдсөн байх ёстой.

Эцэг, эхийн хувьд спонсорлож буй хүүхэд нь 21 нас хүрсэн байна. Харин эцэг эх хүүхдээ спонсорлохын тулд тус хүүхэд 21 нас хүрээгүй байх ёстой.

Цагаачлалын хуулийн дагуу I-601A өргөдлийг гаргаж буй хууль бүс хүнтэй гэр бүлийн холбоотой АНУ-ын иргэн нь тус хууль бус цагаачид байнга оршиг суух эрх олгоогүйгээс болж АНУ-ын иргэн өөрийн амьдрал ахуйдаа ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч буйгаа нотлох учиртай.

Цагаачлалын хуулиар тооны квот тогтоосон гэр бүлийн ангилал, мөн ажлын байраар дамжуулан ногоон карт хүсч буй иргэдэд энэ журам хамаарахгүй.

2.    АНУ-г орхиж явсан тохиолдолд тус улс руу буцаж орох эрх нь тодорхой хугацаагаар хаагдах цагаачдын тухайд?

Уг журам зөвхөн “хууль бусаар” АНУ-д байгаа цагаачдад хамаарна. Хэрэв цагаач иргэн АНУ-ыг орхин явбал АНУ руу дахин орох эрхээ 3, эсвэл 10 жилээр хасуулах нөхцөлд байх ёстой. Тус улсаас гарч явбал эргэж орох эрхээ “бүрмөсөн” хасуулах нөхцөлд байгаа цагаачдад энэ журам хамаарахгүй. Ийм нөхцөлд байгаа цагаачид тус улсаас гарч яваад дор хаяж 10 жил болж байж өргөдөл гаргаж болох учир тус журам үйлчлэхгүй юм. Мөн залилан, гэмт хэрэгт холбогдсны улмаас цагаачлалын хуулийн бусад заалтаар АНУ руу эргэж орох эрх нь хаагдсан цагаачдад энэ журам хамаарахгүй.

3.    Хэрэв цагаач АНУ-ын гадна байгаа буюу цагаачлалын виз хүсэхээр консулын ажилтантай цаг товлосон байгаа бол яах вэ?

Энэ тохиолдолд журам хамаарахгүй.

4.    Хэрэв тухайн цагаач АНУ-аас албадан гаргах процесст байгаа бол?

Тухайн цагаач I-601A өргөдөлгаргах өдрийн байдлаар албадан гаргах хэрэг нь хаагдсан, хэргийг нь дахин хэлэлцэх ямар нэг шүүх хурал товлогдоогүй байгаа бол энэ журам хамаарна. Deferred Action – д өргөдөл гаргасан хүмүүст цагаачлалын албанаас зөвшөөрсөн хариу ирсэн бол, мөн дээр дурьдсан бүх шалгуурыг хангаж байгаа бол энэ журам хамаарна.

5.    2013 оны 01-р сарын 03-наас өмнө АНУ-н гадна өөр улсад АНУ-ын консулын газар цагаачлалын визний цаг товолсон боловч ярилцлагандаа очоогүй хүмүүсийн тухайд?

Тэдгээр цагаачдад ерөнхийдөө энэ журам хамаарахгүй. Гэхдээ зарим тохиолдолд бидэнд хандаж болно.

6.    I-601A өргөдлийг хэр хурдан шийдвэрлэх вэ?

Ерөнхийдөө цагаачлалын алба 4-6 сарын дотор уг төрлийн өргөдлийг шийдвэрлэдэг. Гэхдээ ажлын ачааллаас хамаарч үүнээс илүү их хугацаа орж болно.

7.    Хэрэв тус журмын дагуу өргөдөл гаргаад цагаачлалын албанаас татгалзсан хариу сонссон бол давж заалдаж болох уу?

Үгүй. Гэхдээ дахин шинээр өргөдөл гаргаж болно.

8.    Тус журмын дагуу өргөдөл гаргасан хүмүүс АНУ-аас албадан гаргах цагаачдын жагсаалданд орох уу?

Цагаачлалын алба тус журмын дагуу өргөдөл гаргаад татгалзсан хариу сонссон хүмүүсийг АНУ-аас албадан гаргахыг гол зорилгоо болгохгүй байгаа. Гэхдээ тухайн цагаач хэрэв гэмт хэрэг үйлдсэн, мөн олон нийтийн болон үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болно гэж Дотоод Аюулгүй Байдлын Яам үзвэл албадан гаргаж болно.

9.    Шинэ журмын дагуу өргөдөл гаргавал цагаачлалын албанаас зөвшөөрсөн хариу өгөх болов уу?

Мэдээж хүн болгоны кейс өөр байна. Гол нь өргөдөл гаргагч хууль бус цагаачид ногоон карт олгоогүйгээс болж түүний гэр бүлийн гишүүн АНУ-ын иргэний амьдрал ахуйд ихээхэн хүндрэл, бэрхшээл учирч болзошгүй гэдгийг нотлох ёстойг анхаарна уу.


Жич: Энд бичигдсэн зүйлс нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд албан ёсны хуулийн зөвлөгөө биш болохыг анхаарна уу. Хэрэв та тус журамтай холбоотой хуулийн зөвлөгөө авахыг хүсч буй бол Хуульч Жозеф Кимтэй 571-249-9967 утсаар холбогдоно уу. Баярлалаа.

orloo.com

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2013-03-21, Пүрэв )