“Барайсан” хийгээд Брайсон
Бичсэн: Administrator   
2013-03-21, Пүрэв
Image 
 
-шинжлэх ухааныг хүн төрөлхтөнд-

Хэдэн жилийн өмнө болсон явдал. Хотын захын дүүргийн нэгэн сургуульд хэдэн комьпютер гардуулах юм болов. Шинэ сонин техникийг сониучирхсан багачууд хошуурч,  таних мэдэх хүсэл бадарч, энд тэнд нь ямар нэг товх ч болов дараад үзэх хорхой ассан хүүхдүүд биднийг бүчин авлаа. Захиралаа харсан хүүхдүүд эрх биш биеэ барин алсаас харна. Бод унагасан боохойг л жижиг амьтан, шувууд ийнхүү алсуур, хорхойсон хүрээлж, тэвчээр заангаа  ангаа орхих эгзэгтэй мөчийг нь анахдаа л ийм байдаг болов уу гэмээр.

Энэ бүхнийг анзаарсан захирал  санаа зовсон уу яасан, мөнөөх комьпютеруудыг хүүхдээс хамгаалах, бараг л салхи оруулахгүй нандигнаж ариглахаа амлаж гарлаа.  Бид захирлаас санаанд оромгүй нэгэн зүйлийг хүслээ
-Энэ бүхэн хүүхдийн гараар зүйл дуусах нигууртай юм шүү. Сурагчдаас харамлаж хав дарах юм бол бидний өгсөн авсны хэрэг бүтэхгүй шүү. Хүүхдүүд танин мэдэхүйд дурлаж, цахим ертөнцийн нууцад татагдаж л байвал  “энэ комьютер эвдэрвэл эвдэртүгэй” гэсэн шүү юм захилаа.
 

Өгсөн, бэлэглэсэн юмаа сайн хадгалаарай гэхийн оронд бушуухан зүйл дуусгаад өгөөрэй хэмээн гуйж буй хүн анх удаагаа харсан захирлын царай ёжтой болж “тэрэн шиг амархан юм байхгүй дээ” гэх бичиг нүүрэн дээгүүр нь гүйнэ...

...Бүр олон жилийн өмнөх явдал. Манай сургуулийн хоёр давхар дүнзэн байшингийн нэлээд хэд анги танхимд төрөл бүрийн үзүүлэн, нууцлаг шил сав, үл таних багаж, амьтны чихмэл, ургамлын хатаамал, тэр бүү хэл бөөрөн дээр нь сониуч нэгний гаргасан үүдэн шүдний оромтой лааван алим хүртэл байлаа. Шилэн нүүртэй  шүүгээ савнуудад тэдгээрийг хадгалаад шинжлэх ухааны биднээс харамлах мэт дангинасан цоож цуурга зүүнэ. Хөдөө сумын сургууль гэхэд шинжлэх ухаан, түмэн бодисыг таниулах хангалттай бааз суурьтай байж. Гэвч тэрнээс үзүүлнэ гэж гонж.

Ахлах ангид ороод кабинетийн журмаар хичээллэх болж илүү олон, урьд өмнө үзээгүй багаж хэрэгслэл нуусан шкаав, шүүгээтэй газар үзэж, юун хичээлдээ анхаарах вэ, харинч санаа хоёрдож “Тэрийг онгойлгохоор яадаг бол” , “харагдаад байгаа тагийг сөхөхөөр юу харагдах бол” , “Ямар гээч амьтны яс ийм байдаг хэрэг вэ” гэхлэнг тааж ядсаар нэг л мэдэхэд хонх дуугарсан нь нэг бус.

Хотоос шилжиж ирсэн нэг хүүхэд химийн хичээл дээр үздэг лакмусын цаас гэдгийг гараар барьсан, үнэхээр хүчил, шүлтэд өөр өөр өнгө үзүүлж байхыг харснаа яриад бидний хүндэтгэлийг хүлээж байсан гээд бод доо.

Манай ангийн Сэр-Од бид хоёр нэгэнтээ шинжлэх ухаанд дурлах  сониуч сэтгэлээ  барьж дийлэлгүй шкаавны шилний хагархайгаар бяцхан термометр сугалж авч үзлээ. Дотроо улаан шингэнтэй тэр зүйлийг амсгаагаараа төөнөхөд заалт нь дээшээ гүйнэ. Салхивчээр гаргаад барихад эргээд бууна. Нөхөр Шинжлэхухаантай анх нүүр тулж, танин мэдэхүйн баяр хөөрийг амсаж догдолсон маань тэр байлаа. Ямар сэтгэгдэл төрж байсан гээч. “Үнэн байна. Багш үнэн хэлсэн байна” . Бид хоеулахнаа ч биш, манайхан ангиараа багшийн заасан зүйлс, термометрийн тухай хэсэг үнэн болохыг харж үнэмшлээ.

Гэвч бидний танин мэдэхүйн баяр хөөр удсангүй барайсан юм боллоо. Гарт баригдаж, нүдэнд үзэгдсэн “шинжлэх ухаан” маань бидний туршилтын аяыг даасангүй хагарчихлаа.

-Хэн ингэсэн гэсэн багшийн асуултад хүүхдүүд  хэн нэгний нэрийг хоороороо уншдаг нас эрх биш өнгөрч байсан тул дуугарах хүн гарсангүй. Харин багш маань бидний нүүрэн дээгүүр нэг гүйлгэж хараад л хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиурыг олчихож байгаа юм чинь.

Ингээд бид хоёрт тулгагдсан олон гэмт хэргүүдээс социалист өмч сүйтгэсэн зүйл анги тунаж, сургуулиас хөөгдөх, хүүхдийн колонид явуулах тэргүүтэй олон шийтгэлээс өмчийн үнийг төлж, улсыг хохирогүй болгох явдал үлдлээ. Тэр үеийн журам горимоор бол социалист өмчийг эвдэлсэн, үрэгдүүлсэн этгээд гурав нугалж төлдөг журамтай байсан. Ингээд  дансны үнэ нь 3 төгрөг байсан тэр термометрийг гурав нугалан 9 төгрөгөөр төлсөн удаатай.

Манай багш нар шинжлэх ухааныг биет үзүүлэнгээр бус, хийсвэр төсөөллөөр заах дуртайдаа тэгж байсан юм биш ажээ. Ганцхан манайд ч бус орон даяараа л тийм байсан юм билээ. Учир нь багш нар өөр өөрийн хариуцсан эд зүйлс, үзүүлэнг өмч талаас нь хариуцна. Тэгээд эвдэх юм уу, дутаавал мөнөөх “гурав нугалан төлөх”  учиртай болно.  Базарваань гэж, социалист өмчийг их хэмжээгээр дутаавал цаазаар хүртэл авч байсан социализм шүү дээ.

Багшийн үзүүлэлт нь хүүхдэд юу сургаснаар хэмжигдэхээсээ илүү хариуцсан өмч, эд хогшлоо хэр зэрэг нандигнан хадгалснаас хамаарна. Ийм тохиолдолд багш нар багачуудын хийсвэрлэн дүрслэх сэтгэхүйд найдан “За хүүхдүүд ээ, одоо цөмөөрөө нүдээ аниад лакмусын цаас гээчийг төсөөлцгөөе. Тэгээд өмнө нь төсөөлсөн байсан хүчилтэй савандаа түүнийг дүрсэн гэж бодъё. Өнгө нь яаж хувирсныг хэн хэлэх вэ” гэхчлэнгээр заахаас өөр яах билээ?

1980 аад оны эхээр байхаа манай сургуулийн дүнзэн барилга шатаж, мөнөөх хориотой үзмэрүүд шинжлэх ухааны мянга түмэн нууцыг элгэндээ тэвэрсээр утаа болон одсон гэсэн. Яг л “Нууц товчоо”-нд “хараацай шувууны жигүүр болон одов” гэж гардаг шиг.

Тэнд байсан ургамлын гербариг нухлан байж ирээдүйн батоникч гараагээ эхэлж, хожмоо шинэ шинэ үлэг гүрвэлд өөрийнхээ нэрийг зүүх хувьтай палеонтологич  болох нэгэн хиймэл араг ясыг эвлүүлж, салган гайхширч суусансан бол сайхнаа гэж заримдаа боддог юм. Гэхдээ систем тогтоц нь тийм байсан болохоор эрдмийн замд чадах ядахаараа хөтөлсөн багш нараа муулах хэрэг ч бас алга.

Өнөөдөр олон юм өөр болоо биз, бас зарим нь хэвээрээ л байгаа ч биз. Харин багшгүй, үзүүлэнгүй тийм орчинд ч гэсэн шинжлэх ухаант хүнийг татаж чадах нэгэн сайхан бүтээл монголоор гарлаа. Энэ бол Билл Брайсон: Шинжлэх ухааны товч түүх” ном юм.

Шинжлэх ухааны эрин зуунд амьдарч байна. Хөгжил дэвшил зөвхөн шинжлэх ухаан дээр тогтож байна гэж хаа сайгүй ярих боловч түүнийгээ хүнд, хүүхдэд ойлгуулах тал дээр хаа сайгүй маруухан л байдаг аж. Үзүүлэнтэй бол үзүүлэнтэй, хүсвэл цөмийн дэлбэлэлтийг ч дадлагын хичээл дээр харуулчих боломжтой америкийн сургуулиар боловсорсон тэр зохиогч бидэнтэй адилхан сэтгэл дундуур явдаг нэгэн байж. Юундаа дундуур гэхээр, нэг талаас шинжлэх ухааныг танин мэдэх хүсэл нь санаанд хүртэл биелж өгдөггүй. Нөгөө талаас шинжлэх ухааныг ой тойнд ортол хэлээд заагаад өгөх, санаанд хүрсэн багш, ном олддоггүйд тэр.

Эрдэмтэд өөрснөө юмыг ойлгоод байвч тэрнийгээ энгийн байтугаа хүнд ойлгуулах чадвар муутай байх энүүхэнд. Геологийн ухааныг бараг үндэслээд хаясан нэг хүн олон боть ном туурвисан боловч түүнийг нь ганцхан эрдэмтэн л ойлгож. Тэр ганц эрдэмтэн уг суут бүтээлийг өөрийнхээ ойлгосон байдлаар дахин бичиж байж сая бусад эрдэмтэд хийгээд хүн төрөлхтөнд ойлгогдох жишээний.

Дээр нь хүмүүст юмыг ойлгуулах, таниулах чадвартай төрсөн зарим нь эрдэмтдийн бүтээлийг ойлгож өгдөггүй нөгөө нэг гачлан бас бий. Брайсан энэ бүхнийг өөрчлөхөөр шийджээ.

Танин мэдэхгүйг чөдөрлөж хүний өөдөөс “барайсан” шинжлэх ухааны нүүр царайд мишээл тодруулах хамгийн лут, хамгийн амжилттай оролдлогыг Билл Брайсон хийж чадсан юм. Хүн бүхэн боловсролын түвшнээс үл хамаараад шинжлэх ухааныг хүртэх, танин мэдэх аугаа эрмэлзэлтэй. Нарны соронзон шуургыг тооцоолж суудаг судлаачаас эхлээд нар зүүн уулын цаана нэг шөнийн турш бүтэж бүрэлдээд өглөө мандаж, орой баруун гүвээний цаад руу унаад мөхдөг байх гэж боддог хүн ч гэсэн нарны тухай мэдэж болох бүхнийг таних тэгш эрхтэй. Чухам энэ эрхийн төлөө л гайхамшигтай хөдөлмөрлөж бүтээн туурвисан хүний нэг бол Брайсон. Тэр шинжлэх ухааныг ардчилагч. Бид бишүүрхэж, биеэ чамлаж, эсвэл сайн тайлбар олоогүйгээсээ болоод дөлдөг байсан шинжлэх ухааны гайхамшигт ертөнцийг тэр танайд авчирлаа. Үзэж, танин мэдэж, цэнгэцгээ...нэгэн үеийн “Газрыг тариачдад, малыг малчдад” лоозон өнөөдөр "Шинжлэх ухааны танин мэдэхүйг хүн төрөлхтөнд” болон шинээр цуурайтаж байна.

 

http://tsenddoo.niitlelch.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2013-03-24, Ням )