Атаархал сайн уу муу юу
Бичсэн: Administrator   
2013-12-30, Даваа
Image 
 
Атаархал хэрхэн яаж бий болдог юм бол. Бүр жаахан байхдаа л надад байхгүй тоглоомоор айлын хүүхэд тоглохыг харчихаад “Аав, ээж хоёр надад авч өгнө гэсэн юм чинь” гээд хээв нэг хэлээд зогсож байснаа санаж байна. Харин өсөж том болохын хэрээр үеийнхээ найзуудтай харьцуулан “Болороо нэг минутад 100 үг уншиж байгаа юм бол би 120- ыг уншина” гэж шаралхаж, бас өөрийгөө хурцалдаг болсон. Гэхдээ цагаан атаархал хэмээн нэрлэгдэх энэ мэт шартай занг эс тооцвол хүмүүс ерөнхийдөө атаач хүмүүст дургүй. “Энэ их атаархуу зантай”, “За чи хүнд битгий атаарх”, “Атаа жөтөө сөнөтүгэй, хор шар мандтугай” хэмээн ярина. Гэтэл атаархдаггүй хүн хорвоод хэр олон бол. Ямар үед атаархал сайн зүйл болон хувирч, ямар үед мууд уруу татдаг юм бол. “Би, чи, та” энэ удаа атаархлын тухай мэргэжлийн сэтгэлзүйч Б.Тунгалаг хэрхэн дүгнэснийг хүргэж байна.
 

Нийгмийн адилтгалын онол

Атаархлыг тайлбарлах, түүнийг хэрхэн зохицуулах талаар тунгаахын тулд нийгмийн адилтгалын онолыг мэдэх учиртай. Хүмүүс амьдралынхаа тухай дүгнэлтийг бусадтай харьцуулсны үр дүнд хийдэг. Эргэн тойронд тань хөөрхөн охид байхгүй бол та өөрийгөө хөөрхөн эсвэл сайхан эмэгтэй олон бол та өөрийг өө царай муутай гэж бодно. Бусад хүн таниас илүү гэдгийг ажигласан үедээ дээш чиглэсэн харьцуулалт, эсрэгээрээ та бусдаас өөрийгөө илүү гэж бодож байгаа бол доош чиглэсэн харьцуулалт хийдэг.

“Айлын хүүхдүүд онц сураад байхад чи одоо яачихдаг байна аа” эсвэл “Энэ Доржийн хүүхэд шиг л ингэж явж болохгүй юм шүү” гэсэн яриаг анзаарч сонсоорой.

Хэрэв та олон баян хөрштэй бол өөрийгөө ядуу гэж үзнэ. Харин таны хөршүүд тааруухан амьдралтай бол та өөрийг өө илүү сайнаар мэдэрнэ. Тэгэхээр хэнтэй найзалж, ямар хүмүүс таныг хүрээлж байгаа нь өөрийгөө болон амьдралыг харах өнцөгт нөлөөлдөг.

Энэ энгийн нэгэн хандлага нийгмийн харилцаанд сорилт, тэмцэлдээнийг бий болгодог. Бодоод үз дээ. Хүмүүст сайн, сайхнаар үнэлүүлэхийг хүсдэггүй хүн гэж байдаг бил үү. Онц сурлагатныг урамшуулж, томоотой хүүхдийг магтаж, хөөрхөн охин руу хөвгүүд хошуурдаг учраас ийм хандлагад хэн ч буруугүй. Олон нийт, найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсаддаа өөрийгөө хэр чадвартай, ухаантай, боловсролтой, сайхан сэтгэлтэй гэдгийг харуулахын тулд хүмүүс янз бүрийн үйлдэл хийдэг. Бидний амьдралын сонголтууд буюу байр, машин, ажил, боловсрол, хувцаслалт нь үүний нэг хэсэг нь юм.

Аз жаргалтай, баяртай мэдээгээ бусадтай хуваалцаж тэд ч энэ үйл явдлыг тэмдэглээсэй гэж хүснэ. Тухайлбал олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк хуудаст хүмүүс ихэвчлэн чамин, гоё гэж хэлж болох зургаа тавьж далд утгаараа “намайг хараарай, би ийм сайн байна” гэсэн зурвас илгээж байдаг. Амралт зугаалгаар явсан, үзэж харсан сайхан бүхнээ гайхуулж, албан тушаал ахиж, шинэ машин авч, байртай болсноо мэдээлдэг. Ийм үйлдлийн үр дүнд ойр дотны хүмүүс болон танилууд нь дээш чиглэсэн харьцуулалт хийж эхэлснээр атаархал бий болно.

Дээш чиглэсэн харьцуулалт тухайн хүмүүст таагүй мэдрэмж төрүүлбэл харилцаанд сөргөлдөөн бий болно. Атаархал нэгэнт бий болсон бол таны сайн мэдээнд тэд хариу үйлдэл тэр бүр үзүүлэхг үйгээс гадна таныг эзгүйд энэ тухай ярилцаж асуудал улам л даамжирна.

Атаархуулмааргүй байвал...

Атаархлаас холдохыг хүсвэл та ухаалаг байх ёстой. Харилцаагаа сайнаар авч үлдэхийн тулд дээш чиглэсэн харьцуулалт хийх боломжийг багасгаарай. Мэдээж энэ нь хялбар биш. Та байгаагаараа л байхад бусад хүн тантай өөрийгөө харьцуулаад атаархаад байж болно шүү дээ. Зарим тохиолдолд хүмүүс муу мэдээгээ бусадтай хуваалцаж дээш чиглэсэн нийгмийн харьцуулалтыг бууруулдаг. Энэ нь тийм ч оновчтой шийдэл биш ч гэсэн харилцаагаа хэвээр хадгалж болох нэг гарц юм. Хамгийн ойр дотны хүм үүс тань таныг аз жаргалтай амьдарч, баяр баясгалантай байхыг харахдаа таатай л байх болно. Тиймээс өөрийг тань сайн мэддэг хүмүүст өөрийг өө бүрэн ойлгуулж байхад болно. Гэхдээ нөгөө талаас “Энэ хүн харьцуулалт хийх боломж гаргаад байгаа болохоор л би атаархаад байгаа юм” хэмээн өөрийгөө зөвтгөн хэн нэгэнд бүү хорсоорой. Учир нь та атаархсаар, сэтгэл дотроо үргэлж өөрийгөө доош чиглүүлэн үнэлж дүгнэсээр л байх юм бол ямар ч амжилтад хүрэхгүйг санаарай. Атаархуу нүдээр харвал танаас дээр байгаа шатны гишгүүр нэг нэгээр нэмэгдсээр саранд хүрчихэж ч мэдэх юм.

Та бүхэн сэтгэлзүйн зөвлөгөө авахыг хүсвэл bichita@ mongolnews.mn хаягаар захидал бичээрэй. Бид мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг таны захидлын хамт дараагийн дугаартаа нийтлэх болно.


С.Сэргэлэн

Өнөөдөр сонин

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2014-01-24, Баасан )