Англи боловсролыг голсон Монгол инженер
Бичсэн: Administrator   
2014-08-10, Ням
Image 
 
Англид цөөнгүй жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн Н.Нацагням хэмээх залуу 2013 онд “NaNyam-AX12” нэртэй цахилгаан станцын автомат тохируулга бүтээснээ зарласан нь олны анхааралд өртөж билээ. Тэрээр удалгүй дээрх бүтээлээрээ “Монгол Улсын Төрийн соёрхол” хүртэж, 100 сая төгрөгөөр шагнуулсан юм. Ихэвчлэн урлаг соёлынхон хүртдэг “Төрийн соёрхол” инженер хүнд очсон нь их л содон үйл явдал.  

Түүний шинэ бүтээлийг цахилгаан станцуудад суурилуулснаар олон сая доллар гадаад руу урсгадаг импортыг орлох төдийгүй манай эрчим хүчний систем ОХУ-аас хараат бус болж, бие даах ба осол гарах, хүчдэл хэлбэлзэх үед эрчим хүчний систем найдвартай ажиллана гэдэгт Нацагням итгэл төгс байна.
 
Нацагнямын шинэ бүтээл, амжилт нь улс орны аж үйлдвэрийн салбараас гадна, монгол хүүхэд, залуус инженерийн сургуульд сурах эрмэлзэлтэй болоход тус болсон байж ч магад. Нацагням ч өөрөө инженерийн боловсролын нэр хүндийг өндөрт өргөхийг хүсч явдаг хүн ажээ.  

Сонирхолтой нь, Нацагням дунд ангийн сурагч байхдаа инженер болоход тун хэрэгтэй физикийн хичээлд дургүй нэгэн байв. Гэхдээ, энэ нь түүний физикийн багштай холбоотой байсныг тэрээр хожим ойлгосон гэнэ. Түүний физикт дургүй байсан шалтгаан нь багш  хичээлээ тун тааруу заадагт байв.

Гэвч, түүнийг 8 дугаар ангид орох үед шилжиж ирсэн шинэ багш түүнд физик заажээ. Энэ хүн түүний ажил, амьдралын замд хамгийн том эргэлт болсон байж ч мэднэ. Нацагням шинэ багшийнхаа ачаар физикийн хичээлд дуртай болжээ. Нацагням яваандаа физикт зүгээр нэг дуртай биш, бүр дараагийн хичээл хэзээ орох бол гэж хорхойсдог нэгэн болж хувирчээ. Нацагням тэр ачит багшийнхаа тухай нэгэн сонинд ингэж дурссан юм:  

“Багш маань хичээлээ гоё заана. Хамгийн түрүүнд үзүүлсэн нэг хүүхэд онц авна” гэхээр үзүүлэх гэж яардаг, хичээл орох бүрт онц авдаг болсон. Мөн шинэ жилээр сүлд модон дээр таван хошуу зурахад, минийх л хамгийн түрүүнд дүүрчихнэ. Гэхдээ, би тэр үед дүнгийн төлөө явдаггүй. Физикийн хичээлдээ хамаг ухаан санаагаа зарцуулчихсан тийм л хүүхэд байсан. Энэ үеэс инженер болохоор эргэлт буцалтгүй шийдсэн.”

Нацагням 1995 онд ШУТИС-ийг эрчим хүчний инженер мэргэжлээр төгсчээ. Тэрээр хэсэг хугацаанд ажиллаад, 1999 онд Английг зорив. Энэ нь түүний амьдралын бас нэг чухал үе болсон юм. Нацагням Манчестрын их сургуульд магистрын зэрэг эзэмшээд, Англид үлдэж эрчим хүчний компаниудад есөн жил ажилласан байна. Тэр Английн компаниудад ажиллахдаа тэдний технологийн давуу талуудыг сурч авчээ.

Харин, Нацагням Английн боловсролыг нэг их үнэлдэггүй юм билээ. Английн технологийн нууц нь хувийн компаний өмч тул үүнийг дээд сургуулиудаас нь сурах боломжгүй гэнэ. Иймд, Английн эрчим хүчний компаниудад ажиллахад Монголдоо сурсан мэдлэг нь түүнд хамгийн их тус болжээ.  

Түүнийг Английн “Алстом” компанид ажиллаж байхад инженерүүд нь түүний юу сурсаныг гайхдаг байсан гэнэ. Түүний хэлснээр, “Английн дээд сургуулийн багш нар тийм ч мэдлэгтэй биш. Хичээлдээ ч их зүйл заадаггүй... Англид хамгийн чадвартай инженерүүд нь үйлдвэрт, чаддаггүй нь дээд сургуульд профессор хийдэг”.

Английн дээд сургуулийн нэг, хоёрдугаар курст манай дунд сургуулийн физик, математик, харин гуравдугаар курсээс эхлэн манай нэгдүгээр курст үздэг хичээл үзээд төгсөж буйг Нацагням өөрийн нүдээр хараад ихэд гайхжээ. Тэрээр “Би бакалаврын хичээлд нь суутал гуравдугаар дамжаанд батт метр, амфер метрийн ялгааг зааж байсан. Бид энэ хичээлийг арван жилдээ үздэг. Үнэхээр гайхсан. Хичээл тарсны дараа оюутнуудаас нь “Та нар нэг, хоёрдугаар курстээ юу үздэг юм бэ” гэж асуухад “Квадрат тэгшитгэл” гэсэн хариу сонсож билээ хэмээн дурсжээ (квадрат тэгшитгэлийг манай 10 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангиас үздэг байв).

Нацагням харь оронд есөн жил ажиллаад Монголдоо иржээ. Тэр Англид харьцангуй амархан ажил хийгээд сарын 7-8 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний цалин авдаг байв. Гэвч, өндөр цалинтай ажлаа орхиж, Монголдоо ирсэн Нацагням цалингүй дөрвөн жил зүтгэн ажилласан байна. Тэр эх нутагтаа ирж, ингэж ажилласан зорилгоо “Монголд хардвер, софтвер зохион бүтээдэг ажлын орон тоо байхгүй, тиймээс би энэ ажлын байрыг монголд бий болгох” хэмээсэн байдаг.

2013 оны шилдэг бүтээлийн мөнгөн шагналыг инженер Нацагнямд гардуулж өгөх үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бидэнд ганцхан Нацагням байна. 10, 20 Нацагнямтай болчихвол бид хөгжлөө” гэж хэлжээ. Харин, Нацагням “Энэ бол буруу. Энд сурч байгаа оюутнуудад би хоёр гараа өгөхөд тэд надаас илүү болно. Тэд надаас илүү ухаантай... [тэд] миний хийсэн төхөөрөмжийг судалж өөр төхөөрөмж бүтээх боломжтой” хэмээн хэлсэн байдаг юм.

“Төрийн соёрхол”-т Нацагням инженер эх орондоо ажиллаж, ихийг бүтээх чин эрмэлзэлтэй ч, Монгол дахь өнөөгийн тогтолцоо, ялангуяа төрийн байгууллагуудын ялзралд сэтгэл дундуур явдгаа нуулгүй илэрхийлэх болжээ.

Тэрээр нэгэн ярилцлага өгөхдөө “яам агентлагуудын хийж байгаа бүхэн нь буруудаж байна. Бүх яам дээр очоод тагнуулдаад үз. Ашигтай төсөл байна уу гэдгийг нь. Дандаа үр дүнгүй, хоосон, мөнгө угаасан, салхинд цацсан байдаг байхгүй юу. Нэг зүйлийг солиод, дараа нь болохгүй бол өөр нэг зүйлээр сольж тавьдаг, дахиад авч эхнийхээ зүйлийг тавьдаг л зүйл хийдэг” хэмээн яггүй шүүмжилжээ.

Түүний хэлснээр, Монголд цүнх барьсан тэнэгүүд л томорч байна.
 
Ч.Номун
www.gashuun.mn
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2014-08-27, Лхагва )