Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо
Бичсэн: Administrator   
2015-01-01, Пүрэв
Image 
 
Энэ оны эхний өдрөөс эхлэн гадаадын улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар нэвтэрч байгаа шуудангийн илгээмжийг гол төлөв гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс эзэлж байдаг. Гэтэл эдгээрээс гаалийн албан татвар нэхэж байгаад байнгын гомдолтой байдаг бөгөөд улмаар энэ байдал нь шуудангийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч хүндрэлтэй байдаг байна.
 
Тухайлбал, шуудангийн байгууллагуудад тавьдаг хэрэглэгчийн гомдол, саналын 30 хувь нь гаалийн татвартай холбоотой байдаг бөгөөд үүнийг иргэд шуудангийн байгууллага төлбөр нэхдэг хэмээн ойлгох нь түгээмэл байна.Ийнхүү нэг талаас иргэдийн хувийн хэрэглээг дэмжих, нөгөө талаас энэ боломжийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор дээрх төрлийн барааны үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж буй ажээ.

Ийнхүү улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1 920 000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй үнийн дүнтэй илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр хүлээн авах боломжтой боллоо. Энэхүү үнийн дүнг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтэд үндэслэн тогтоосон байна.

Жич: Хуулийн заалтыг доор хавсаргав.

Д.ЦЭЭНЭ


МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН
ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 38.1.15 дахь заалт нэмсүгэй:

“38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

З.ЭНХБОЛД

 

news.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2015-02-16, Даваа )