Арменийн алс бөглүү тосгон дахь МОНГОЛ ГЭР БҮЛ
Бичсэн: Administrator   
2015-11-07, Бямба

Image 

Монгол Улсаас ирсэн Оюунчимэгийн Баяндолгор (Баянаа) нь 2 хүүхдийн хамт Армени улсын Гехаркуник мужийн Антарамеж тосгонд амьдардаг. Тэрээр 14 жилийн өмнө Улаанбаатарт барилгачнаар ажиллаж байсан Арменийн иргэн Храхат Ерицянтай гэр бүл болсон бөгөөд тэдний хүүхдүүд болох Варсик болон Аршак нар нь Монгол Улсад төржээ.

Храхат зүрхний өвчтэй байсан учир эмч нар түүнийг Монголын өндөрлөг газраас илүү нам дор газар амьдрахыг зөвлөжээ. Ингээд тэдний гэр бүл 2011 онд Армени улс руу нүүж очсон байна. Храхат нь  нутагтаа ирэн Антарамеж хэмээх тосгон дахь хуучин байшинг шинэчлэн засч гэр бүлийн хамт нүүн оржээ. Харамсалтай нь Храхат Ерицян энэ жил зүрхний шигдээсний улмаас өөд болсон байна.

 

Антарамеж бол Гегам уулын бэлд орших 163 хүн амтай бяцхан тосгон юм. Оршин суугчдын ихэнх нь хөрш Азербайжан улсын армени үндэстэн голлон амьдардаг Шамкир районоос 1988-1989 онуудад дүрвэж ирсэн хүмүүс. Тэд мал аж ахуй болон газар тариалан эрхлэн амьдардаг.

Далайн төвшнөөс дээш 1575 метрт байрлах Антарамеж тосгонд хүрэх замын нөхцөл муу учир бид машинаа солих шаардлагатай болов. Бидэнд газарчилж байсан Антарамеж тосгоны оршин суугч Артзроун “Монголоос ирсэн гэр бүлийн түүхийг манай Чамбарак районы бараг бүх хүн мэднэ” хэмээв. Баянаа ганцаараа ой руу явж хэрхэн мод бэлтгэж илжгэндээ ачин гэртээ буцаж ирдгийг тосгоны оршин суугчид бүгд мэддэг.

Баянаагийн гэр хүрэх замд цэцгийн талбай тааралдана. Гэрийн гадаа ирэхэд илжиг нь модонд уяатай байх бөгөөд дэгдээхэйнүүд шат болон тагтан дээгүүр гүйлдэнэ. Ойртон ирж буй машины дууг сонссон Варсик болон Аршак нар гадаа гүйн гарч ирлээ. Алс холоос бидний амьдралыг сонирхон зорьж ирсэн хүмүүс хэн болохыг Баянаа мэдэхийг хүсч байв. Огтхон ч армени төрхгүй Баянаа болон түүний хүүхдүүд армени хэлээр чөлөөтэй ярьж ирсэн зочдыг гэртээ урьлаа.

 

Image

 

Баянаа хэлэхдээ хүүхдүүд нь армени хэлээр түүнээс хамаагүй илүү ярьдаг гэв. Эхний хоёр жил тэрээр нөхөртэйгээ зөвхөн орос хэлээр ярилцдаг байснаа дурсав. “Би энийг юу гэж хэлэх вэ гэж нөхрөөсөө асуун, халбага, сэрээ, баярлалаа... гэх мэтээр бага багаар армени хэл сурч эхэлсэн. Тосгоны арменичууд манайд зочилж ирэхэд би тэднээс бас үг сурдаг байсан” хэмээн өгүүлэв. 

“Биднийг Арменид ирэхэд эхэндээ жаахан хүндрэлтэй байсан. Гэхдээ ямар ч тохиолдолд тосгоны хүмүүс намайг  ойлгодог байсан”  хэмээн нэмж хэлэв. Нөгөөтэйгүүр түүний хүүхдүүд болох Варсик болон Аршак нар Монгол хэлээ бага багаар мартаж байна. Баянаагийн хэлснээр тэрээр хүүхдүүддээ ачаалал өгөх хүсэлгүй байгаа бөгөөд эхлээд армени хэлээ сайн сурчихвал дараа нь монгол хэлээ сэргээн сайжруулах боломжтой гэж үзэж байгаа аж. 9 настай Аршак болон 11 настай Варсик нар тосгоны сургуульд явдаг бөгөөд онц сурдаг. “Ээж хамаатнуудтайгаа утсаар ярихдаа монголоор ярьдаг.  Би ойлгохыг хичээдэг боловч хэтэрхий хурдан ярьдаг учраас заримдаа яриаг нь ойлгож чаддаггүй” хэмээн Аршак хэлэв. 

Баянаа Монгол дахь хамаатнууд болон найз нөхөдтэйгээ интернэт ашиглан ярилцдаг. Утсаар яривал минут нь 520 драм (арменийн мөнгөн тэмдэгт) бөгөөд өндөр үнэтэй учир ашигладаггүй. Түүний хамаатнууд зочилж ирэхийг хүсдэг боловч зардал нь маш үнэтэй тусдаг байна. Гэр бүлийнх нь бүх түүх нэгэн улаан албомьд багтсан бөгөөд Варсикийн хэлж буйгаар энэхүү альбом ээжиинх нь хувьд маш нандин зүйл. Альбом дотор Баянаагийн тайзан дээр дуулж буй олон зураг байв. Баянаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байхдаа дуучин байсан бөгөөд одоогийнх шиг газар тариалан, мал аж ахуй эрхэлдэггүй байснаа өгүүлэв.

“Би анх энэ байшинг хараад шууд орхиод гүймээр санагдсан. Гэвч аажмаар нөхөр бид хоёр энэ байрыг босгосон. Бид хоёр усанд орох халуун усны байр барихаар төлөвлөж байсан боловч дуусгаж амжаагүй” хэмээн Баянаа өгүүлэв. Тэрээр тосгоны ажлыг хэрхэн хийх талаар нөхөр болон хөршүүдээсээ асууж суралцжээ. Одоо бол тосгоны бусад оршин суугчдын адилаар жимс ногоо хураан авч савладаг. Баянаа малын саравчаа засан дараа жилээс үхэр, хонь тэжээх бодолтой байгаа аж.

“Хичээл зүтгэлээ алдахгүй байж гол нь эрүүл энх байх нь л чухал” хэмээн Баянаа хэлэв. Түүний хүүхдүүд ээждээ чадах чинээгээрээ туслахыг хичээдэг. Жишээлбэл, Аршак заримдаа ээжтэйгээ хамт өвс, мод бэлтгэхээр ой руу явдаг бол Варсик гэртээ үлдэж дэгдээхэйнүүдээ харж ханддаг.   

“Манай аав хэрвээ Аршак бид 2 хичээлээ сайн хийвэл дугуй авч өгнө гэж хэлдэг байсан. Бид хоёр хичээлээ сайн хийж сурсан боловч аав маань дугуй авч өгч амжаагүй. Аав маань бидэнтэй хамт байхгүй, бурхны оронд очсон ч гэсэн бид хичээлдээ шамдаж илүү амжилт гаргахыг үргэлж хичээдэг” хэмээн Варсик хэлэв.

Аршак болон Варсик нар сургуульдаа онц сурдаг тул Баянаа хүүхдүүдээрээ маш их бахархдаг. Аршак бүх хичээлдээ, түүний дотор зургийн хичээлд илүү сонирхолтой. Эгчийгээ бодвол тэрээр илүү ичимхий, дуу цөөтэй. Тосгонд анх ирэхэд эгч Варсик нь хамгийн түрүүнд найзуудтай болсон аж. Одоо Аршак эгчтэйгээ хамт хөршүүд рүүгээ зочлон хүүхдүүдтэй нь байнга хамт тоглодог. “Эхлээд тэд чи монгол хүн юм уу гэж асуудаг. Дараа нь намайг армени хэлээр ярьж эхлэнгүүт, өө чи армени хүн байсан байна ш дээ гэж хэлдэг” хэмээн Варсик өгүүлэв.

 

Image

 

Армени хэлнээс гадна тэд сургуульдаа орос, франц хэл үздэг. Сургуульд нь англи хэлний багш байхгүй учраас англи хэл сурч чадахгүй байгаадаа Варсик сэтгэл дундуур байдаг. Сургуульд нь олон ном байхгүй ч тосгоны оршин суугчдын нэг нь хувийн номын сантай бөгөөд Варсик долоо хоног бүр очиж ном авч уншдаг.

“Манай ээж хэлэхдээ эхлээд нимгэн ном уншаад дараа нь яваандаа зузаан ном унших хэрэгтэй гэсэн. Гэвч би зузаан ном унших дуртай. Би арменийн түүхийн номнуудад маш их дуртай.  Яг одоо Геворг Марзпетунийн номыг уншиж байна”  хэмээн Варсик хэлэв.

Антарамеж тосгоны иргэд эмнэлэгт очихын тулд Чамбарак, Севан эсвэл Ижеван тосгон руу явах шаардлагатай болдог. Зөвхөн орон нутгийн эмчид үзүүлэхийн тулд л гэхэд 8 км зам туулж хөрш Дпрабак тосгон луу очих ёстой. Эм тариа болон бусад хэрэгтэй зүйлсээ авахын тулд тосгоноос гадуур явж байгаа хүмүүст захих шаардлагатай зэрэг нь Антарамеж тосгоны оршин суугч Баянаагийн хувьд  тулгарч буй хүндрэлтэй асуудлуудын нэг байдаг байна. 

Энэ оны гуравдугаар сард Баянаа ерөнхийлөгч Серж Саргсянд захидал илгээн хүүхдүүдийнх нь эцгийг зөвшөөрч улмаар тэдэнд иргэншил олгох хүсэлтээ уламжилсан байна. Түүний Храхат Ерицянтай гэрлэсэн гэрлэлтийг Монгол Улсад бүртгээгүй бөгөөд учир нь тэд Храхатыг өөр хүнтэй гэрлээгүй болохыг баталсан бичиг баримтыг Армени улсаас авч чадаагүй байна. Тухайн үед Армени улсаас Монгол Улсад суух дипломат төлөөлөгчийн газар огт байгаагүй аж.

Варсик болон Аршак нарын төрсний гэрчилгээг  Монгол улсаас авахын тулд Арменийн Хууль Зүйн Яамнаас өөрийн улсын Гадаад Хэргийн Яамандаа хандсан байна. Арменийн ГХЯ нь Казахстан улс дахь (Монгол Улсад хамгийн ойр) ЭСЯ-аараа дамжуулан авахаар хөөцөлдсөн боловч одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

Ямартай ч Арменийн паспорт болон визний асуудал хариуцсан цагдаагийн хэлтсээс Баянаад нөхрийнхөө нас барсны гэрчилгээ болон хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж өгч асуудлыг судалж шийдвэрлэх, цаашид арга хэмжээ авахад нь туслахыг хүссэн захидал илгээсэн байна. Баянаа бичиг баримтуудыг хүсэлтийн дагуу илгээсэн бөгөөд одоогоор хариугаа хүлээж байгаа аж. 
 
Баянаагийн хүүхдүүд одоохондоо Армениас явах бодолгүй байгаа. Энд тэд гэртээ байгаа юм шиг л байдаг. Тэд удахгүй Арменийн иргэншил авна гэж найдаж байгаа бөгөөд ингэснээр ирээдүйд дээд боловсролтой болох, ажил эрхлэх зэрэгт дөхөм үзүүлнэ гэж үзэж байгаа аж.

“Би одоохондоо нутаг буцах талаар бодоогүй байгаа. Хүүхдүүд маань дөнгөж 4,5-р ангид сурдаг. Хэрвээ би одоо буцвал монгол хэл сайн мэдэхгүй байгаа хүүхдүүд маань бүхнийг эхнээс нь эхлэх шаардлага гарна” хэмээн Баянаа өгүүлэв.

Бичлэгийг ЭНДЭЭС сонирхон үзнэ үү?

 

ikon.mn
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2015-12-24, Пүрэв )