АНУ-ын визийн журам
Бичсэн: Administrator   
2015-11-11, Лхагва
Image 
 
САНАМЖ: АНУ-ын Төрийн департамент, Иргэний харьяалал, цагаачлалын алба болон МУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудсан дахь мэдээллийг эх сурвалж болгон доорх мэдээллийг бэлтгэсэн бөгөөд олон нийтэд ерөнхий ойлголт өгөх зорилготой болно.

Америкийн Нэгдсэн Улсад (АНУ) зорчих хүсэлтэй гадаадын иргэн зорилгоосоо хамааран цагаачлалын бус богино хугацааны, эсвэл удаан хугацаагаар оршин суух цагаачлалын виз мэдүүлдэг. АНУ-д визгүй зорчих шалгуур хангасан орны иргэд Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд АНУ-д визгүй зорчих боломжтой хэдий ч зорчихоосоо өмнө Зорчих Зөвшөөрөл Олгох Цахим (ESTA) Системээр орж зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

Тухайн иргэнд виз олгосон хэдий ч энэ нь түүнийг АНУ-д нэвтрэх баталгаа гэж үзэж болохгүй. АНУ-ын хилийн Цагаачлалын албаны байцаагч уг иргэнийг АНУ-д ямар хугацаагаар нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэдэг гэж ойлгох нь зүйтэй.
 
Цагаачлалын бус виз
Цагаачлалын бус визийг Америкийн Нэгдсэн Улсад тодорхой хугацаанд, тодорхой зорилгоор зорчих хүсэлтэй жуулчид, бизнес эрхлэгчид, оюутнууд, эсвэл мэргэжлийн ажилчдад олгоно. АНУ-ын визний тухай хууль тогтоомжийн дагуу цагаачлалын бус виз мэдүүлэгчдийн ихэнх нь өөрийн эх оронтойгоо нягт холбоотой, АНУ-д зорчсоныхоо дараа буцаж ирэх зайлшгүй шалтгаантайгаа АНУ-ын Элчин сайдын яам /Консул/-нд нотлох шаардлага тавигддаг.
 
 
Цагаачлалын виз
Цагаачлалын виз нь АНУ-д байнга оршин суух иргэдэд зориулагдсан бөгөөд АНУ-ын иргэншил авахад дөхөм болдог. Ихэнх тохиолдолд цагаачлалын визийн өргөдлийг АНУ-ын иргэн, эсвэл АНУ-д хууль ёсоор байнга оршин суугч нь гэр бүлийн гишүүн-цагаачлахыг хүсэгчийн нэрийн өмнөөс АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албанд (USCIS) эсвэл гадаадад суугаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс/-нд хүсэлт гаргадаг. Мөн АНУ-ын ажил олгогч байгууллага тодорхой, байнгын ажлын байранд гадаадын харьяатыг авч ажиллуулах сонирхолтой талаар хүсэлт гаргаж болдог.

АНУ-д зорчих зорилгодоо нийцүүлэн хэрхэн зөв ангиллын виз мэдүүлэх болон АНУ-ын ЭСЯ-наас гаргасан бусад зөвлөгөө, дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас үзнэ үү.
 
 
Оюутны виз:
Оюутны виз мэдүүлэхийн тулд юуны өмнө тухайн сургууль, сургалтанд албан ёсоор бүртгүүлж тэнцсэн байх ёстой. Элсэлт авсан боловсролын байгууллага элсэгч бүрийг оюутны виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтаар хангана.

F-1 виз: Энэ бол оюутны визийн хамгийн түгээмэл ангилал юм. Хэрэв АНУ-д итгэмжлэгдсэн сургууль, коллеж, их дээд сургууль, хувийн дунд сургууль, Англи хэлний сургалтанд хамрагдахыг хүсч байвал F-1 виз мэдүүлэх шаардлагатай. Мөн бусад төрлийн сургалт долоо хоногт 18 цагаас дээш бол F-1 виз мэдүүлэх хэрэгтэй.

M-1 виз: Хэрэв АНУ-д техник мэргэжлийн сургалт, дадлагад хамрагдах бол M-1 виз мэдүүлэх бөгөөд эдгээр виз болон АНУ-д суралцах боломжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Боловсролын цахим хуудаснаас үзнэ үү.
 
 
Улсын сургууль (Public Schools)
АНУ нь хуулиар төрөөс санхүүждэг бага сургууль (цэцэрлэгээс 8-р анги хүртэл) болон насанд хүрэгчдэд зориулсан боловсролын сургалтанд гадаадын иргэдийг хамруулдаггүй. Иймд эдгээр сургуулиудад суралцах F-1 виз олгодоггүй.

F-1 визийг төрөөс санхүүждэг дунд сургуульд (9-12-р ангиуд) суралцах хүсэлтэй гадаадын иргэнд олгож болох боловч сурагч тухайн сургуульд дээд тал нь 12 сар л суралцах боломжтой. Тус сургууль I-20 маягтанд оюутан холбогдох сургалтын зардлаа төлсөн, төлбөрийн хэмжээний талаар тусгасан байх ёстой.

F-1 визний шалгуурын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн Департаментын цахим хуудаснаас үзнэ үү.

Харин A, E, F-2, G, H-4, J-2, L-2, M-2 болон бусад цагаачлалын бус визтэй иргэний ийм төрлийн визтэй хүүхэд төрөөс санхүүждэг бага болон дунд сургуульд элсэн суралцах боломжтой.
 
 
Гэр бүлийн гишүүд
АНУ-ын визтэй иргэнийг АНУ-руу дагалдаж явах эхнэр/нөхөр эсвэл 21 нас хүрээгүй гэрлээгүй хүүхдүүд F эсвэл M виз авах ёстой. Харин F эсвэл M визтэй иргэний эцэг эхэд энэ ангиллын виз олгохгүй. Гэр бүлийн гишүүд нэг дор виз мэдүүлэх нь дээр гэж үздэг боловч эхнэр/нөхөр эсвэл хүүхэд нь тусдаа хожим виз мэдүүлэх тохиолдолд оюутны визтэй гэр бүлийн гишүүнийхээ паспорт, визний хуулбар болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг (жишээ нь гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ г.м) ярилцлагад орохдоо авч очих ёстой.

Гэр бүлийн гишүүд нь АНУ руу тухайн F-1 визтэй оюутныд зөвхөн амралтын журмаар түр хугацаагаар зочлох тохиолдолд жуулчлалын (B-2) виз мэдүүлэх шаардлагатай байдаг.

Оюутны эхнэр/нөхөр, гэр бүлийн бусад гишүүд F эсвэл M визээр АНУ-д байх хугацаандаа ажил хийх эрхгүй. Хэрэв ажил хийхийг хүсч байвал тэд тусгайлан ажлын виз авах ёстой.
 
 
Мэргэжлийн дадлага (OPT)
F-1 визтэй иргэн сургуулиа төгсөх бүх шаардлагыг хангасан эсвэл сургуулиа төгссөн (дипломын ажил болон түүнтэй адилтгах ажил орохгүй) бол АНУ-д 12 сарын хугацаагаар мэргэжлийн дадлага хийх боломжтой. Мэргэжлийн дадлага гэдэг нь хичээлээс тусдаа зүйл бөгөөд дадлагын хугацааг оюутны сургалтын хөтөлбөр болон сургалтын хугацаанд голдуу тусгадаггүй. Дадлага хийхээр АНУ-ын ЭСЯ-нд F виз мэдүүлж буй оюутан сургууль төгсөх хугацаа нь өнгөрсөн ч I-20 маягт мэдүүлж болно. Гэхдээ I-20 маягтад сургалтын хөтөлбөр дууссанаас хойш дадлагын хөтөлбөрт оролцох зөвшөөрөл олгосон сургуулийн албан тушаалтны тэмдэглэгээ байх ёстой. Үүнээс гадна, оюутны дадлагын хөтөлбөрийг USCIS-аас зөвшөөрсөн эсвэл зөвшөөрөл хүлээгдэж байгаа гэдгийг нотолсон баримт- Ажиллах Зөвшөөрлийн Карт эсвэл зөвшөөрөл хүлээгдэж байгаа гэдгийг нотолсон I-797 маягт байх ёстой.
 
 
Хичээл завсардсан оюутнуудын визний нөхцөл
Таван сараас илүү хугацаагаар хичээл завсардсан оюутнууд буцаж сургуулиа үргэлжлүүлэхийн тулд дахин F-1 эсвэл M-1 оюутны виз мэдүүлэх шаардлагатай.
 
 
АНУ-д сурч буй оюутнууд
Цагаачлалын хуулийн дагуу сургууль, сургалтаа сольж буй оюутан таван сарын дотор дараагийн сургуульдаа элсээгүй бол оюутны (F-1 эсвэл M-1) статусаа алдаж болно. USCIS нь оюутны статусыг сэргээдэггүй ба оюутны статусаа алдсан тохиолдолд тухайн F эсвэл M визээр АНУ руу зорчих боломжгүй болно. Нэмэлт мэдээлэл болон Цагаачлалын бус Статусыг Сунгах/Өөрчлөх Мэдүүлгийн I-539 өргөдөл гаргаж статусаа дахин сэргээлгэх хүсэлт гаргах зааварчилгааг цахим хуудаснаас үзнэ үү.
 
 
Гадаадаас АНУ руу буцаж ирэх оюутнууд
АНУ-д сурч байх хугацаандаа хичээлээсээ өөр ажлаар эх орондоо болон гадаадад таван сараас илүү хугацаагаар зорчиж хичээл завсардсан тохиолдолд оюутан визний F-1 эсвэл M-1 статусаа алдана. Оюутан АНУ-аас эх орон болон гадаад руу сургууль, сургалтын шугамаар зорчихын өмнө аялал нь албан ёсоор хичээл сургалттай холбоотой эсэхийг сургуулийн холбогдох албан тушаалтнаас тодруулж, баталгаажуулах нь зөв юм.

Оюутан АНУ-д сурч байх хугацаандаа эх орондоо буюу гадаадад оюутны бус статусаар таваас илүү зорчвол хугацаа нь дуусаагүй F-1, M-1 визтэй ч АНУ руу нэвтрэхэд хилийн боомт дээр Гааль, хил хамгаалах албаны (CBP) ажилтнууд уг визийг хүчингүйд тооцож нэвтрүүлэхгүй байх магадлалтай. Иймд аргагүй байдлын улмаас хичээлээсээ таваас илүү сараар хичээлтэй холбоогүй ажлаар АНУ-аас гарч завсардсан оюутнууд АНУ руу зорчихдоо АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс/-нд дахин виз мэдүүлэх нь зүйтэй.

Цагаачлалын бус визээр тухайлбал, жуулчны (B1/B2) визээр АНУ-д хууль ёсоор нэвтэрсэн, уг цагаачлалын бус виз хүчинтэй, визний нөхцөлийг зөрчөөгүй, хууль бус үйлдэл хийгээгүй тохиолдолд АНУ-д байх хугацаандаа I-20 маягт бөглөж сургуульд элсэн визээ оюутны виз болгон өөрчлөх хүсэлт гаргаж болно.

F визтэй үндсэн оюутнууд сургуулийнхаа хотхонд долоо хоногт дээд тал нь 20 цаг ажил хийж болно. Оюутны статусаа нэг жил хадгалсны дараа АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албанаас оюутны хотхоноос гадуур ажиллах зөвшөөрөл хүсч болно.
 
 
Ажиллах зөвшөөрөл (Employment Authorization Document-EAD):

АНУ-д ажил эрхлэхийн тулд хууль ёсны ажиллах зөвшөөрөл авсан байх ёстой. АНУ-д хууль ёсоор ажиллагсдыг Түр ажиллах (цагаач бус) ажилтан, Байнга ажиллах (цагаач) ажилтан гэж ангилдаг. Харин гадаад оюутан, солилцооны хөтөлбөрөөр суралцагч сургуулийн эрх бүхий ажилтан зөвшөөрсөн тохиолдолд тодорхой цагаар тухайн сургуулийн зарласан ажлын байранд ажиллахыг зөвшөөрдөг.

Ажлын төрөл ангилал бүр өөр өөрийн тавигдах шаардлага, оршин суух хугацаагаараа харилцан адилгүй байдаг. Иймд тухайн ангиллын визийн нөхцөл, хязгаарлалтыг зөрчихгүй байх нь чухал юм.

Түр ажиллах ажилтан буюу цагаачлалын бус визтэй хүмүүсийг а) АНУ-д түр ажиллах цагаач бус иргэн б) АНУ-ын тодорхой ажил олгогчийн ажлын байранд ажиллах цагаач бус иргэн в) АНУ-д ажиллах зөвшөөрөл хүсэх цагаач бус иргэн гэж 3 ангилдаг байна. Цагаач буюу байнга оршин суугчийн эрх авахаар хүсэлт гаргасан бөгөөд шийдвэр хүлээж буй иргэн, түр ажил эрхлэх визтэй ирсэн ажилтны гэр бүлийн гишүүн гэх мэт дээр дурдсан ангиллын 1 болон 3 дахь ангилалд хамаарах хүмүүс нь ажил эрхлэхийн өмнө зайлшгүй ажиллах зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Харин байнга оршин суугч, эсхүл анх ирэхдээ түр ажиллах зорилго бүхий ангиллын визтэй ирсэн иргэн ажиллах зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Ажиллах зөвшөөрөл буюу EAD-ийг ихэвчлэн 1 жилийн хугацаатай олгодог бөгөөд зохих маягтыг (Form I-765) бөглөн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө зөвшөөрлөө сунгуулах шаардлагатай. Зөвшөөрөл хүчингүй болохоос 120-иос дээш хоногийн өмнө буюу эрт сунгуулах хүсэлт гаргахыг зөвшөөрдөггүй бөгөөд алдсан, үрэгдүүлсэн, өргөдөл гаргагчийн буруугаас мэдээлэл нь зөрүүтэй хэвлэгдсэн бол дахин зохих маягтыг бөглөн үйлчилгээний хураамжийг төлж нөхөн авна. Харин олгогч байгууллагын буруугаас болж мэдээлэл нь зөрүүтэй хэвлэгдсэн бол маягт болон үйлчилгээний хураамж төлөх шаардлагагүй зөвхөн алдаа бүхий картаа эх хувиар нь алдаа гарсан тухай тайлбарыг нотлох баримтын хамт олгосон байгууллагад хүргүүлэхэд хангалттай.

Дараах ангиллын виз бүхий хүмүүс ажиллах зөвшөөрөл хүсэх боломжтой:
 
• Дүрвэгч, орогнол хүсэгч болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд
• АНУ-тай тусгай хэлэлцээр бүхий улсын иргэн (Маршалын Арлын улс, Микронежиа, Палау)
• Оюутан болон солилцооны хөтөлбөрт хамрагдагч
• Гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын болон НАТО-ийн ажилтны гэр бүлийн гишүүн
• Цагаачлалын бус визтэй ажил олгогчийн болон АНУ-ын иргэний хувийн үйлчлэх ажилтан, АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан зарим улсын хөрөнгө оруулагч болон гэр бүлийн гишүүн
• Байнга оршин суух хүсэлт гаргасан АНУ-ын иргэнийн сүйт залуу/бүсгүй
• Байнга оршин суух хүсэлт гарган шийдвэр хүлээж буй иргэн
• Хууль тогтоомж болон цагаачлалын шүүгчийн шийдвэрээр албадан буцаахыг түдгэлзүүлсэн иргэн

АНУ-ын ажил олгогч нь иргэнийг ажилд авахдаа ажиллах зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж тодруулах үүрэгтэй бөгөөд тусгай маягт (Form I-9) бөглүүлэн холбогдох баримт бичгийн хуулбарын хамт 3 жилийн хугацаанд Цагаачлалын албаны болон холбогдох бусад эрх бүхий байгууллагын байцаагчийн шалгалтанд үзүүлэх зорилгоор хадгалах үүрэгтэй.

Ажиллах зөвшөөрлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас үзнэ үү.
 
 
Байнгын оршин суугч буюу ногоон карт:
Энэ нь АНУ-д ажил эрхлэх, удаан хугацаанд амьдрах, сурч боловсрох боломж олгодог харьцангуй давуу талтай цагаачлалын визийн төрөл юм. Энэхүү ногоон карт буюу байнга оршин суугчийн статусыг 10 жилийн хугацаатай олгодог ба ийм статустай иргэн эх орондоо буюу гадаадад 1 жилийн хугацаагаар зорчихыг зөвшөөрдөг бөгөөд түүнээс хэтрэхээр бол хилээр гарахаас өмнө буцаж орох зөвшөөрөл урьдчилан авсан байхыг шаарддаг.

Энэ статусыг дараах төрлөөр олгодог байна. Үүнд:

1. Гэр бүлийн хамаарал: Энэ нь дотроо 4 ангилалтай ба байнга оршин суугчийн эрх олгох эсэхийг шийдвэрлэх явц харилцан адилгүй байдаг.
 
1.1. Хэрэв та АНУ-ын иргэний эхнэр нөхөр, 21 хүртлэх насны гэрлээгүй хүүхэд, эсхүл 21 насанд хүрсэн АНУ-ын иргэний эцэг эхийн аль нэг бол шууд хамааралтай гэр бүлийн гишүүн гэдэгт тооцогдох бөгөөд байнга оршин суух зөвшөөрлийг хүсэлт гаргасан үед нь олгодог байна.

1.2. Хэрэв та АНУ-ын иргэний 21-ээс дээш насны боловч гэрлээгүй, эсхүл аль ч насны гэрлэсэн хүүхэд, 21-ээс дээш настай АНУ-ын иргэний төрсөн ах, эгч, дүүгийн аль нэг бол гэр бүлийн бусад гишүүнд тооцогдох ба энэ ангилалд хамаарах цагаачдын тоог АНУ-ын Төрийн демпартаментаас жил бүр тогтоодог тул хүлээх шаардлагатай болдог.

1.3. Хэрэв та АНУ-д байнга оршин суугчийн эхнэр нөхөр, эсхүл аль ч насны гэр бүл болоогүй хүүхдийн аль нэг бол Байнга оршин суугчийн гэр бүлийн гишүүнд тооцогдох ба энэ ангилалд орох цагаачдын тоог АНУ-ын Төрийн демпартаментаас мөн жил бүр тогтоодог тул хүлээх шаардлагатай болдог.

1.4. Гэр бүлийн тусгай нөхцөл байдлаар байнга оршин суугчийн эрх авч болдог байна. Тухайлбал, АНУ-ын иргэний болон байнга оршин суугчийн хүчирхийлэлд өртсөн эхнэр нөхөр, хүүхэд, эцэг эх бие даан өөртөө байнга оршин суугчийн эрх авах, АНУ-ын иргэний сүйт залуу/бүсгүй болон тэдгээрийн бага насны хүүхэд АНУ-ын хилээр К ангилалын цагаачлалын бус визээр орж ирснээс хойш 90 хоногт багтан гэрлэснээр, дипломат ажилтны АНУ-д төрсөн хүүхэд, V ангиллын цагаачлалын бус визтэй орж ирсэн байнга оршин суугчийн гэр бүлийн гишүүд дээрх 2 дахь ангилалд дурдсан эрхээ авахыг хүлээх зуур, эсхүл АНУ-ын иргэний бэлэвсэрсэн гэр бүлийн гишүүн зэрэг гэр бүлийн тусгай нөхцлийн үед энэ ангиллын ногоон картыг олгодог байна.
 
 
2. Ажил эрхлэлт: Энэ нь дотроо 4 үндсэн ангилалтай.

2.1. Байнгын ажлын байраар хангах ажил олгогчийн саналыг хүлээн авах замаар байнга оршин суугчийн эрх авч болдог. Энэ тохиолдолд ажил олгогч нь байнгын ажлын байрны гэрчилгээг Хөдөлмөрийн яамнаас урьдчилан авах, тухайн хүнийг тэрхүү зөвшөөрөлтэй ажлын байранд ажиллуулах тухай хүсэлт гаргах шаардлагатай.

2.2. Хөрөнгө оруулах замаар байнга оршин суугчийн эрх авч болдог. Энэ тохиолдолд хөдөө орон нутаг эсхүл ажилгүйдэл ихтэй салбарт 500 мянган ам. доллар эсхүл салбар, орон нутаг үл хамаарч 1 сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийнхүү хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч болон түүний эхнэр нөхөр, 21 хүртлэх насны гэрлээгүй хүүхдэд энэ ангиллаар ногоон карт олгох ба жил бүр 10000 хүртлэх хүнд олгох квот тогтоодог.

2.3. Онцгой авьяас, чадвартай эсхүл АНУ-ын Үндэсний ашиг сонирхлын /National Interest Waiver (NIW)/ үүднээс шаардлагаас чөлөөлж эрх олгогдсон хувь хүн өөрсдөө бие даан хүсэлт гаргаж ажил эрхлэх төрөлд суурилсан ногоон карт авч болдог. Энэ ангиллын ногоон картыг шинжлэх ухаан, урлаг, боловсрол, биеийн тамир, бизнесийн салбарын онцгой авьяас чадвартай хүнд өгдөг учраас маш цөөн тооны хүмүүс авдаг байна. Тухайлбал, Нобелийн шагналтан, дэлхийд үнэлэгдсэн тамирчин болон тухайн салбартаа онцгой амжилт үзүүлсэн хүмүүсийг хамруулж үздэг.

2.4. АНУ-ын тусгай хөтөлбөрт ажлын чиглэлээр байнга оршин суугчийн эрх авч болдог. Энэ нь тодорхой чиглэлээр ажиллах буюу тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлж буй хөтөлбөр төслийн хүрээнд ажиллах хүмүүст хамаарна. Тухайлбал, Афган, Ирак хэлний орчуулагч, Панамын сувгийн ажилтан, гадаад улс дахь Америкийн цэргийн хүчний алба хаагч, олон улсын телевиз, радиогийн зөвлөлийн ажилтан гэх зэрэг.
 
 
3. Орогногч, дүрвэгчийн статус: Хэрэв АНУ-ын хилээр анх орж ирэхдээ эсхүл АНУ-д байх үедээ орогногч, дүрвэгчийн статустай болсон бол орж ирснээс хойш 1 жил, эсхүл орогногч, дүрвэгчийн статус авснаас хойш 1 жилийн дараа ногоон карт авахаар хүсэлт гаргах эрх нээгддэг байна.
 
 
4. Бусад: Байнгын оршин суугчийн статусыг ихэнхдээ дээр дурдсан шалтгаан, нөхцлөөр авдаг хэдий ч АНУ-ын холбооны зарим хөтөлбөр, хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн дагуу ногоон карт олгох явдал байдаг. Тухайлбал, жил бүр 50000 орчим визийн эрх олгодог Олон үндэстний цагаачдын визийн хөтөлбөр буюу ногоон картны сугалаа (Diversity Visa Program), шашны байгууллагын ажилтан (Religious Worker), Цагаачлал, иргэний харьяаллын тухай хуульд орсон LIFE (Legal Immigration Family Equity) Act-ын өөрчлөлт гэх мэтийг дурдаж болох юм.

Байнга оршин суугчийн эрхийг хугацаа дуусахаас 6 сарын өмнө сунгуулах ёстой. Байнга оршин суух статустай иргэн эх орондоо буюу гадаадад түр хугацаагаар оршин суух эрхтэй бөгөөд АНУ-д буцаж ирэх тохиолдолд паспорт, бусад биеийн байцаалтаас гадна хүчин төгөлдөр байнга оршин суугчийн карттай байх ёстой. Энэ нь АНУ-ын хилээр шууд нэвтрүүлнэ гэсэн хэрэг бас биш бөгөөд хилийн ажилтан тухайн хүнийг нэвтрүүлэх эсэхийг АНУ-ыг байнга оршин суух газраа болгох сонирхолтой эсэхийг тогтоосны эцэст шийдвэрлэдэг. Ийнхүү тогтоохдоо гадаад улсад оршин сууж байсан нь түр зуурынх мөн эсэх, АНУ-д ажил эрхэлдэг эсэх, татвар төлсөн эсэх, шуудангийн хаягтай эсэх, жолооны үнэмлэхтэй эсэх, бизнес эрхэлдэг эсэх, банкинд харилцах данстай эсэх, мөн хөрөнгө эзэмшдэг эсэх гэх мэт шалгуурыг харгалзан үздэг байна.

Хэрэв эх, орондоо болон гадаадад 2 жилээс дээш хугацаагаар амьдарч байгаад буцаж АНУ-д ирэх тохиолдолд зайлшгүй хилийн чанад дахь АНУ-ын Элчин сайдын яам /Консулын газар/-наас буцаж ирж буй оршин суугчийн виз (returning resident visa) авах шаардлагатай. Түүнчлэн 6 сараас дээш хугацаагаар АНУ-д оршин суугаагүй байх нь АНУ-ын харьяат болох (naturalization)хүсэлт гаргагчдын хувьд тус улсад байнга оршин суух шаардлага хангаагүй гэх үндэслэл болох юм.
 
 
Байнга оршин суугчийн эрх ба үүрэг:

АНУ-д байнга оршин суугч нь АНУ-д хууль ёсоор удаан хугацаанд оршин суух, хууль ёсны ажил хөдөлмөр эрхлэх, АНУ-ын хууль тогтоомжоор хамгаалуулах эрхтэй бол; АНУ-ын хууль тогтоомжийг сахин биелүүлэх, орлогын татвараа тайлагнах, ардчилалыг дэмжиж, засгийн эрхийг хууль бусаар авах аливаа оролдлогод оролцохгүй байх, 18-25 насны эрэгтэй бол цэргийн албаны тоо бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээдэг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Иргэний харьяалал, цагаачлалын албаны болон МУ-д суугаа АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас үзнэ үү.

Статус өөрчлөх:

АНУ-ын Цагаачлал, иргэний харьяаллын тухай хуулиар (Immigration and Naturalization Act) цагаачлалын бус визээр АНУ-д ирээд хууль ёсоор оршин сууж буй, хүсэлт гаргасан гадаад улсын иргэнд хэрэв тухайн ангиллын визийн шаардлагыг хангаж байвал цагаачлалын виз буюу байнга оршин суугчийн эрх олгохыг зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн АНУ-д байх хугацаандаа цагаачлалын бус визийнхээ хугацааг дуусахаас өмнө өөр ангиллын цагаачлалын бус визээр солих боломж бий. Тухайлбал, жуулчны визээр ирээд оюутан болж суралцах хүсэлтэй бол холбогдох маягтын дагуу хүсэлтээ гаргаж статусаа өөрчилж болно. Гэхдээ АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албанаас статус өөрчлөх зөвшөөрөл авах хүртэл анхны визийн нөхцөл журмаа зорчихгүй байх ёстой. Жишээ нь: жуулчны визээр ирсэн бол зөвшөөрөл ирэхээс нааш сургуульд элсэж болохгүй ба жуулчны визийн нөхцөлийг зөрчихгүй байх хэрэгтэй.

Зарим хязгаарлалтыг эс тооцвол, цагаачлалын бус визээр АНУ-д хууль ёсоор нэвтэрсэн, уг цагаачлалын бус виз хүчинтэй, визийн нөхцөлийг зөрчөөгүй, хууль бус үйлдэл хийгээгүй тохиолдолд АНУ-д байх хугацаандаа зохих маягт бөглөж өөрийн визийг өөр ангиллаар өөрчлөх боломжтой гэж ойлгож болох юм. <:5> Хэрэв АНУ-д бизнесийн визээр (B-1) нэвтэрсэн бөгөөд уг визийн хугацаа дуустал жуулчнаар (pleasure) байх хүсэлтэй бол жуулчны визээр (B-2) солиулах шаардлагагүй.

Дараах ангиллын цагаачлалын бус визтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүн (эхнэр/нөхөр, хүүхэд) АНУ-д байх хугацаандаа суралцах хүсэлтэй бол цагаачлалын бус визээ суралцах ангиллын визээр солиулах шаардлагагүй юм.

Үүнд:
• Дипломат буюу гадаад улсын төрийн төлөөлөгч, ажилтан (A)
• ОУ-ын худалдаа, хөрөнгө оруулагч (E)
• ОУ-ын байгууллагын төлөөлөгч, ажилтан (G)
• Түр ажилтан (H)
• Гадаадын хэвлэлийн төлөөлөгч (I)
• Солилцооны хөтөлбөрт оролцогч (J)
• Компани хоорондын сэлгэн ажилтан (L)
• Академик болон мэргэжил дээшлүүлэх оюутан (F, M) Үүнд зөвхөн бага, дунд, ахлах сургуульд суралцах тохиолдол хамаарах бөгөөд коллеж болон түүнээс дээш түвшинд суралцах бол статус өөрчлөх хүсэлт гаргах ёстой.
 
Хэрэв АНУ-д дараах ангиллын визээр орж ирсэн бол цагаачлалын бус визийн ангиллаа өөрчлөх хүсэлт гаргах боломжгүй. Үүнд:

• Визийн шаардлагаас чөлөөлдөг Хөлгийн багийн гишүүн (D)
• АНУ-аар дамжин өнгөрөгч (V)
• АНУ-аар визгүй дамжин өнгөрөгч (TWOV)
• АНУ-ын иргэний сүйт залуу/бүсгүй, түүний асрамжинд байх гишүүн (K)
• Терроризм, зохион байгуулалттай гэмт хэргийн мэдээлэгч, гэр бүлийн гишүүн (S)
 
Хэрэв мэргэжил дээшлүүлэх оюутан буюу M-1 визээр ирсэн бол академик буюу F-1 оюутны виз болон түр ажилтны H ангиллаар солих хүсэлт гаргах боломжгүй.
 
ОУ-ын солилцооны хөтөлбөрт хамрагдагч (J-1) дараах тохиолдолд хамаарах бол статус өөрчлөх хүсэлт гаргах боломжгүй байдаг. Үүнд:

• Хэрэв шаардлагаас тусгайлан чөлөөлөөгүй бол АНУ-д анагаахын чиглэлээр дээд боловрол эзэмшихээр ирсэн
• Хэрэв шаардлагаас тусгайлан чөлөөлөөгүй бол гадаад улсад тодорхой хугацаанд байх шаардлага бүхий солилцооны хөтөлбөрт хамрагдагч
 
Энэ тохиолдолд зөвхөн дипломат (A ангилал) болон ОУ-ын байгууллагын төлөөлөгчийн (G ангилалын) визийн ангилалаар солиулах хүсэлт гаргаж болно.

Харин цагаачлалын буюу байнга оршин суугчийн эрх авах хүсэлт гаргахыг статус тохируулах (adjustment of status) гэж үздэг. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрт оршин суух шаардлага хангасан иргэн эх орондоо буцалгүйгээр байнгын оршин суугч болж ногоон карт олгодгоор давуу талтай. Харин АНУ-аас гадна буй иргэдийн хувьд хилийн чанад дахь АНУ-ын консулын албаар дамжуулан уг эрхийг авдаг.
 
 
Статус тохируулах үйл явц нь дараах үе шатуудтай:

1. Цагаачлах үндэслэлээ тодорхойлох: Энэ үе шатанд ямар шалтгаанаар байнгын оршин суугч болох хүсэлтэй байгаагаа сайтар тооцож зөв үндэслэлээ гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал, ажил эрхлэлт, тусгайлан үзэх цагаач (дүрвэгч, орогнол эрэгч г.м.), хүмүүнлэгийн хөтөлбөрт хамрагдах үндэслэлийн аль тохирохыг сонгоно. Өөрийн нөхцөл байдалд тохирохгүй, хангалттай нотолгоо байхгүй тохиолдолд статусыг өөрчлөх боломжгүй юм.

2. Хүсэлт гаргах: Байнга оршин суугчийн эрх авах хүсэлтийг ихэнх тохиолдолд АНУ-д хамааралтай иргэн гаргадаг. Тухайлбал, гэр бүлийн хамаарлаар байнга оршин суугчийн эрх авах тохиолдолд АНУ-ын иргэн хүн, ажил эрхлэх шалтгаанаар бол АНУ-д ажил олгогч этгээд хүсэлт гаргана. Харин шууд хамааралт гэр бүлийн гишүүн нь визээ хүлээлгүйгээр АНУ-д хамааралтай иргэний хүсэлттэй зэрэгцэн хүсэлтээ / I-485 маягт бөглөж хүргүүлэх/ гаргаж болдог.

3. Виз хүлээх: Тухайн төрлийн цагаачлалын виз олгохоор тогтоосон тоон хязгаараас виз олгох хугацаа хамаарна. АНУ-ын Төрийн департаментаас жил бүр байнга оршин суугчдад олгох визийн тоог улс орноос нь хамааран хуваарилдаг ба жилд АНУ-д гэр бүлийн хамааралтай 226000 иргэдэд, ажил эрхлэх үндэслэлээр жилд 140000 иргэдэд цагаачлалын виз олгохоор хязгаарладаг байна.

4. Өргөдөл гаргах: Визийн нөхцөл хангасан эсхүл дараалал нь болсон тохиолдолд статусаа өөрчлөх хүсэлтээ I-485 маягтаар гаргахдаа маягтад заасан холбогдох бичиг баримтуудыг хавсаргах шаардлагатай. Мөн хүсэлтээ өөр маягтаар гаргах шаардлагатай визийн ангилал байдгийг анхаарах хэрэгтэй.

5. Өргөдлийн төвд очих: Өргөдөл мэдүүлсний дараа хурууны хээ, зураг, гарын үсэг зэрэг биеийн давхцахгүй өгөгдлийг биеэр ирж өгөх тухай мэдэгдэл ирнэ. Эдгээр өгөгдлүүдийг өргөдөл гаргагчийн талаар тодруулж (background check) шалгах, ажиллах зөвшөөрөл, ногоон карт олгоход тус тус хэрэглэдэг.

6. Ярилцлагад орох: Ярилцлагад орох шаардлагатай иргэнд АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албанаас мэдэгдэл хүргүүлдэг. Энэ тохиолдолд өргөдөл гаргагч (виз мэдүүлэгч, түүнийг хариуцан хамаарагч) өөрийн биеэр очих ба өргөдөл гаргахдаа хавсаргасан барим бичгүүдийг эх хувиар авч очих шаардлагатай.

7. Шуудангаар хариу хүлээн авах: Шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлсэн, биеийн давхцахгүй өгөгдлөө өгсөн, ярилцлагад орсон, бусад тавигдсан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын алба гаргасан шийдвэрээ бичгээр шуудангийн хаягаар илгээнэ. Иймд шуудангийн хаягийн өөрчлөлтийг тухай бүр нь мэдэгдэж, өөрчлөлтийг хийлгэж байх шаардлагатай.

Байнга оршин суугчийн эрх авах өргөдлийн шийдвэрлэлтийн явцыг АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албаны утсаар (1-800-375-5283) болон цахим хэлбэрээр тодруулж, шалгах боломжтой байдаг.

Хэрэв өргөдөлд татгалзсан хариу өгсөн бол давж заалдах боломжтой эсэх, давж заалдах эрхийн талаар хариунд тусгасан байдаг. Ихэнх тохиолдолд татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас 30 хоногийн дотор давж заалдах хүсэлтээ гаргах эрхтэй. Түүнчлэн давж заалдахгүйгээр дахин хянуулах буюу дахин үзэх хүсэлт гаргах боломжтой. Давж заалдах болон дахин хянуулах хүсэлтийг I-290B маягтаар мэдүүлнэ.

Цагаачлалын асуудлаар болон цагаачлалын албанд саатуулагдсан иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгдөг хуульч нарын жагсаалтыг цахим хаягаар орж үзнэ үү.
 
 
 
МОНГОЛ УЛСААС АНУ-ЫН САН ФРАНЦИСКО ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
http://sanfrancisco.consul.mn
2015-10-16
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2015-12-24, Пүрэв )