Монголын цагаан сар
Бичсэн: Administrator   
2016-01-29, Баасан

Image 

Ёс заншил, утга агуулга

Бидний монголчууд байгаль дэлхий ааш аяг зөөлөрч хаврын тэргүүн сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг  арга билгээр шинжин арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог ёс заншилтай үндэстэн юм. Энэ тойруулга нэгээс нөгөөд шилжихэд бүхнээ хүлээсэн шинэ он, цаг эхлэн монгол орон даяар газар сайгүй баяр хөөр болж энэхүү өгөөмөр үеийг цагаан сар хэмээн бултаар тэмдэглэн үндэсний ёс заншлаа дээдлэн, тэнгэр бурхандаа сүүн цацлаа өргөн улс үндсээрээ эв нэгдлийг бэлгэдэн золгодог уламжлалтай билээ.

Нар хаяалбараасаа улам дээшлэн мандаж, өдөр будайн чинээ уртсан хаврын урь орж хүн бүхний сэтгэл тэнийн урин цаг, улирал ирлээ хэмээн бэлгэшээдэг. Эдүгэ аргын тооллын 2014 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр  арвандолдугаар жарны ялгуулсан хэмээх модон морин жил гарах тул бүх морь жилтнүүдийн жил орно. Жил орох гэдэг энэ арван хоёр жилийн хэмнэлийг нэг бүтэн тойрч төрсөн жилдээ ирж буй хэрэг. Иймээс 13, 25, 37, 49, 61, 73.. гэх мэт  настны жил орно.  Морин жилд төрсөн хүүхдүүд нэг хий настай  хэмээн мөн жил орж буй. Ийнхүү ээлжлэн урсах он жил, сар өдөр, цаг мөч бүхэлдээ байгаль дэлхий орчлонтойгоо амин холбоотой агаад монгол хүний заяа төөрөг ямагт өөдөө, өсөн дэвжихийн батбэлгэдэл болсоор ирсэн юм. Хүлэг морио хань нөхөр мэт хүндлэн дээдлэдэг монголчуудын хувьд морин жил ээлтэй байдаг бөлгөө.

 

Энэ бэлэгт сайн өдрөө монголчууд ёс төртөй угтаж, амь нас, аж амьдрал, хувь заяагаа даатган тэнгэр бурхандаа залбирдаг. Цагаан сар бол өнө эртнээс өдгөө хүртэл өвөг дээдсээс маань уламжлан үлдсэн шашин, төрийн гүн утга агуулга, язгуур ёс заншил, өнгө төрх бүхий үндэснийхээ онцлогоо хадгалан үлдсэн монгол түмний цорын ганц баяр, бидний түүхэн уламжлал, ахуй соёлын маань үнэт өв юм. Эл бүгд нийлвээс улс үндэстний эв нэгдэл, туурга тусгаар монгол түмний өнө мөнхөд оршин тогтнохын үндэс суурь болно.

Бид бээр улаан залаат, хөх толбот монгол хүн шүү гэдгээ ямагт санаж, бид бол өрнө дорныхноос огт өөр, өөрийн гэсэн бичиг үсэг, хэл яриа, цаг тоолол, ахуй соёл, ёс суртахуун, зан заншилтай, энэ бүхнийхээ дагуу цагаан сар, баяр наадмаа хийдэг улс үндэстэн, бид бол бусадтай адилгүй, бид бол монголчууд гэдгээ илэрхийлж буй нэг том боломж юм. Хаана төрсөн нь хамаагүй ээ, удам угсаа нь, сэтгэл санаа нь би монгол хүн гэсэн эх оронч сэтгэхүй нь хамгаас чухал. Энэ нь хилийн чандад буй монгол гарал үүсэлтэй бүх хүмүүст хамааралтай гэсэн үг. Иймээс Цагаан сар Та бидэнд, дээрх бэлгэдэл бүхнийг өвч биедээ агуулсан ёс заншилт монгол хүн гэдгээ ямагт эргэн санах тэр мөчийг жилийн жилд авч ирдэг юм. Цагаан сарын баяр бол монгол хүний уужим ухаан, ариун цагаан сэтгэл, цог хийморийг бадрааж, гарч буй жилийн эхнээс зөв замаар замнахад нь зууч болох учиртай, жилдээ нэг тохиох бэлэгдэл чанарын маань агуулга нь юм.

 

Гадаад орнууд баярын  өмнө

Гадаад орнуудад иймэрхүү үндэсний чанартай том баяр болгоны өмнө нийтийн тээвэр, харилцаа холбоо, нийтийн өргөн зугаалга болон урлаг, спортын тэмцээн зохион байгуулж, нийтийн аюулгүй байдалд онцгой анхаарч байдаг. Баярын өмнөх өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд  үнийн хямдрал зарлан уртатгасан цагаар ажиллаж, үзвэрийн газруудад үндэснийхээ соёл урлагын түүхэн бүтээлүүд, үндэсний дуу хөгжим, ёс заншлын болон ардын урлаг хуучны наадгай тоглоом зэргийг өргөн дэлгэр гаргаж  иргэд  олон бүгдээр баярын уур амьсгалд сэтгэл тэнүүн ордог.

 Дэлгүүрүүд ингэж үнээ хямдруулах гэрээг анхнаас хийн үйлчилгээнийхээ зөвшөөрлийг авч бүр заншсан байдаг. Ийм гэрээгүй бол үйлчилгээний зөвшөөрөл олгодоггүй. Шинээр орон сууц барих компаниуд мөн ялгаагүй тодорхой хувиар бага орлоготой гэр бүлийг хөнгөлттөй үнээр суулгахаар гэрээлж эрх авдаг. Нийт иргэд баярын хямдралд зориулж хадгалсан мөнгөөрөө хэрэгцээт эд зүйлсээ, хүүхдүүд мөрөөдсөн бэлгээ авах өргөн боломж нээгддэг тул оны эхнээс онцгой ихээр хүлээдэг үйл бол энэхүү үнийн хямдрал ажгуу. АНУ-д хамгийн том үнийн хямдрал жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлчээр тэмдэглэдэг “Талархалын баяр” болон Шинэ жилийн  өмнө болдог. Иргэд энэ өдрүүдийг анаж байгаад үр хүүхэд, ах дүү төрөл садан, амраг ханидаа өх бэлэг сэлт, гол хэрэглээний зүйлээ хямдралтай авч баяр хөөр болж сэтгэл нь сэргэж баярын урам нь улам нэмэгдэнэ. Дэлгүүрүүдэд хямдрал зарлаж хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоом бэлэг,  бүсгүйчүүдэд гоёлын барааны болон төрөл бүрийн хямдралын купон, карт гаргаж хүмүүс баярын уур амьсгал дунд ид бужигнаж байдаг. Гэх мэт бүгд сарын өмнөөс реклам гаргаж үнээ хямдруулж эхэлдэг. Зарим хүмүүс тодорхой хэмжээний мөнгөн агууламжтай цахим  карт өгч түүнийг авсан хүн дуртай бэлэг дурсгал болон бүх зүйлийг ямарч дэлгүүрээс чөлөөтөй авч болдог.

Манайд ч гэсэн цагаан сар болон бусад нийтлэг баярын өмнө ийм үнийн хямдрал зохион байгуулвал буянтай үйл  болох нь дамжиггүй. Баярын өмнө бараа, хүнсний үнэ тэнгэрт хадаж, иргэдийнх нь авдаг цалин, олдог орлого нь хэрэгцээндээ хүрэхгүй бол яаж сэтгэл дүүрэн баярлаж чадахав дээ. Иймийг үндэсний хэмжээний баяр гэхэд учир дутмаг байхаа. Гэсэн ч манайхан “Сар шинэдээ сайхан оров уу?”, “Сайхаан” гээд л амны бэлэгтэй золгоцгоодог юм. Сар шинэ болон бусад нийтлэг баярын өмнө иймэрхүү хямдрал үзүүлвэл энэ нь жинхэнэ үндэсний баяр болно. Үүнийг зохион байгуулах нь гар дээр бэлэг тавихгүй, бүсээ чангал хэмээн уриалахаас илүү өгөөжтөй зүйл болно. Уул нь бүсээ чанагалахаас өмнө бид ханцуйгаа шамлахыг л уриалсан нь дээр л дээ.

 

Өмнөх бэлтгэл

Хахир хатуу өвлийг давж хүсэн хүлээсэн урин дулаан хаврын улирлыг цагаан сар тээн ирж, хүн бүрт нэг нас, аз хийморь, санаж мөрөөдсөн үйлс нь бүтэх тэр өгөөмөр цагийг ургах нартай хамт золгуулдаг билээ. Хавар бол малчин монголчуудын их найдлагын улирал. Өвөл нь онд мэнд орж урин хавар ирэхэд цагаан идээ дэлгэрч, байгаль цагийн ивээл дор бусад нь болно, бүтнэ хэмээн монголчууд бэлгэшээн ярьдаг. Иймээс цагаан сар болох хугацааг эртнээс тогтоож өмнөх намраас эхлэн эсгийгээ хийж, арьсаа элдэж, гурилаа тээрэмдэн, идээ цэгээгээ базаан, өвөлжөө бууцаа сэлбэн, идшээ хийж, сар шинийн өмнө гол ажлаа нугалан орон гэрээ тохинуулдаг.

Өвлийн шөнийн тавиунд үлгэрч, туйлчдаа тойрон сууж бууз баншаа чимхэж, өдрийн сайнд ул боов хийж ууц чанана. Үйлэнд уран бүсгүйчүүд нарийн хурган дотор эгнүүлж торгон дээлийн өнгөнд товч шилбийг нь тааруулана. Эрчүүд өвлийн адаг сарын сүүлчээр унах морьдоо нар дагуулан уяж хааяа хөлөргөж, дэлийг засч хуурай өтөг бууцанд дээр сойж, оёсон дээлээ гадаа дэлгэж дотрыг нь сэргээдэг. Сойгдож шавхарсан морьд нүд нь гэрэлтэн, арьс нь өнгө орж чилгэр болоод дөрвөн хөл дээрээ тэгш зогсох агаад энэ үед дэлийг нь засч уран товруу хазаар, улаан дэвстэй мөнгөн тоногтой эмээлээ тохиод харахад монгол морины үзэсгэлэн сая тодрох ажгуу. Энэ үеэр гүү морь унахгүй, гүзээ мах идэхгүй гэж ярьдаг байлаа.

 

Сүсэг ба дом

Цэвэрлэгээ хийхдээ гэрийнхээ үүдийг их анхаардаг. Энэ нь үүдэн сахиус болон үүдээр орох зочин, буян хишгийн замыг бодолцож буй хуучны дом юм. Энэ орой хонгор халзан луус унаж гарынхаа хурууг имрэх агшинд дэлхий ертөнц, гурван мянган орчлонг нэгэнтээ тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэн ум сайн бүхнийг агаар салхи лугаа адил түгээж явдаг Балданлхам бурхны унааг услах мөс баруун хатавчиндаа, тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавьж, буруу бүслүүртээ буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн харгана хавчуулдаг заншилтай байв. Луусыг шарын шашны номлолд хүч, хурд, тэвчээр бүхий сайн хүлэг буюу бурхны унаа хэмээн үздэг аж.

 Малаа хотлуулж, бурхан тахилаа сэргээн зул өргөнө. Зул өргөх нь  битүү харанхуйд бурхныхаа өмнө асаасан бишрэл дотоод сэтгэлийн гэрэл юм. Галаа түлэхдээ галын бурхнаа сүсгээр дээдлэн тахина. Эртний энэ ёс бол айл бүхний гал голомтод тэр гэр бүлийн бүрэн бүтэн буян заяа орших агаад галаа дээдлэн тахиж эцэг эхийнхээ гал голомтыг мөхөөлгүй залгуулах нь овог удмаа мөнхрүүлж тэрхүү буян заяаг тогтоох амин чухал нигууртай билээ. Гал тахина гэдэг нь галын Маранзад бурхандаа зул барьж, өргөл өх утгаар галдаа шар тос хийж арц хүж уугиулан “Хаан эцгийн цахисан, хатан ээжийн бадраасан гол дүрэлз, дүрэлз” тарни уншиж, шинэ гэр бүл голомт залгуулах хүүтэй, галаа манах охинтой болохын өлзийтэй ерөөл хэлдэг. Энэ зан үйл бол эр нь гал залгуулж, эм нь түүнийг нь хөгжөөн бадраах гэсэн утга дор энэ айлын  цаашид өсөн дэвжих замыг засч буй хуучны дом юм.

 

Битүүн

Битүүний орой бол өвлийн адаг хөхөө сарын гучин буюу үдэж байгаа оны эцсийн үдэш, энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болох агаад бууз банш, эрүүг нь заагаагүй толгой зэрэг битүү хоолыг битүүртлээ иднэ хэмээснээс битүүлэг гэдэг нэр үүссэн тухай хөгшчүүл хуучилдаг. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, бухандаа зул өргөж, эмэгтэйчүүд өмсөж зүүх хувцас хунар, үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авахад тэнгэр үүлээ хөөн

Үсээ самнасан авгай нэг цэмцгэр

Үнсийг нь авсан тулга хоёр цэмцгэр

Үүлээ хөөсөн тэнгэр гурван цэмцгэр гэж ертөнцийн гурван цэмцгэр бүрддэг хэмээн аав ээж маань сургадаг байлаа.

Битүүний орой битүүртлээ иднэ гэдэг нь шинэ оныг гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мөн хэвээр байна хэмээх зөн бэлгэдлийг агуулсан эртний заншил юм. Битүүний энэ оройд зориулж бэлдсэн идээ, чанасан мах, банш жигнэсэн бууз цадатлаа иднэ. Гэр бүлийн хэмжээнд банш буузандаа гурван цагаан буюу мөнгө, цагаан идээ,  цагаан будаа тэргүүтнийг нууж хэн таарсан хүнд эд мөнгө, идээ цэгээ, будаа тариа элбэгийг бэлэгдэнэ. Ингэж ирж буй оны босгон дээр сэтгэл тэнүүн болж, өглөө гарах, ирэх зүг мөрийг тогтоосноор сар шинийг угтах гол бэлтгэл ажил дуусдаг. Хуучин цагт энэ орой сар шинийн өглөөг хүлээн шагай таалцах, няслах, шүүрэх, алаг мэлхий өрөх, хорол даалуу наадаж, үлгэр, таавар, ертөнцийн гурвыг хэлцэж, оньсого таалцаж хөгжилдөж хононо. Манай аав ээж нар маань бидэнд 

-За ертөнцийн гурван хоосон юу вэ?  гэхэд хариуд нь бид

Барин тавин байвч зүүд нэг хоосон

Барайж торойж байвч зэрэглээ хоёр хоосон

Бахирч хашгирч байвч цуурай гурван хоосон

-Гурван улаан юу вэ? гэхэд хариуд нь бид

Жаргалтай хатны хацар нэг улаан

Жавартай тэнгэрийн хаяа хоёр улаан

Жалагт ургасан сухай гурван улаан гэх мэтээр хариулана. Ертөнцийн гурав бол Монгол түмний аман зохиолын онцгой уран агаад оньч мэргэн ухааных нь увидас юм. Оньсого таалгахдаа “Зуундарийн зургаан цагаан ямаа зуданд үхээгүй атлаа зун үхлээ” тэр юу вэ? гэнэ. “Марал мичид” хэмээх зургаан од өвөл гарч энгийн нүдэнд үзэгдээд зун харагдахаа болидог. Энэ оньсогыг хүүхэд нэг л удаа сонсоод эдгээрийн тухайд анхны ойлголттой болох агаад хүүхдийн санаанд насан туршид нь үлддэг юм. Хэрэв хэлсэн оньсогыг нь тайлж чадахгүй бол худалдана. Худалдахдаа дайрал үгээр:

Тайлаг тайлаг тэмээнээс

Таван атга шорооноос

Гунжин гунжин үнээнээс

Гурван атга шорооноос

Сэтэрхий зүүнээс

Сэмэрхий хадагнаас гээд... л наргиан болгон дуудаж гарна даа. Үлгэр бол бидний дуртайяа сонсдог зүйлийн нэг байлаа. Үлгэрт үргэлж шудрага үнэн, муу муухайг ялж төгсдөг. Өнөөдөр ч гэсэн бид өдөр тутмынхаа амьдралдаа үлгэрт гардаг тэр шудрага үнэнийг үргэлж мөрөөдөж эрж хайсаар л байгаа. Иймээс ирэх шинэ он цагийн өнгөнд шудрага үнэн амьдралын бодит хэрэглүүр болоосой хэмээн өөдрөг сэтгэлээр сар шинээ угтая.

Бүтүүнд хэсэхгүй, айлд хонохгүй, хэрүүл хийж, амны бэлэггүй юм  ярихгүй, бүх цэвэрлэгээ дуусч шинийн өглөө ус барих, юм угаах,оёх, хог үнс асгах, мал нядлах, хүүхэд, амьтан загнаж зодох, үс засах, түлээ хөрөөдөх гэх мэтийг хийхгүй, эд мөнгө зээлэх, хэрэлдэх, өр төлбөртөй онд орохыг цээрлэдэг. Сар шинийн өмнө бүх муу үйлийг дуусгаж ирэх шинэ цагт сүр сүлд тэнгэрлэг, аж амьдрал өөдлөн дээшлэхийг бэлгэдэн ирээдүйд итгэн найдаж буй бишрэл бөлгөө. Ингээд таван мэдэрхүйдээ сайн сайхны бэлгэдэл болгож нүдээрээ зул, чихээрээ дуу хуурын аялгуу, амаараа амтад идээ, хамраар арц хүжийн үнэр, биедээ шинэ хувцас өмсдөг нь сар шинийн өмнө саар бүхнийг гээн бие, хэл, сэтгэлийг ариусгаж, бодол санаагаа цэгцлэж буй  өөдрөг санааны илрэл юм.

 Өөдрөг сэтгэл, баярын урамтай айл гэрийн голомтод дуу хуурын эгшигт гэрийн жавар арилан жаргалтай дэлгэр бүрдэж нэгээс нөгөөд дамжин өрх гэрээрээ, айл хотлоороо, улс түмнээрээ өгөөмөр тэнүүн уур амьсгал ордог ажгуу. Энэ орой монголчууд морин хуурынхаа жаврыг гарган цэнгэнэ.

 Моринд дуртай монголчуудын зөн совин, уянга ярууг өөртөө шингээдэг морин хуур хэмээх энэ уран эгшиглэн монгол хүний дотоод сэтгэлийн гүн мэдрэмжийг хөглөн огшоодог увдистай бөлгөө. Хуурын хоёр чавхдас дөрвөн цагийн өнгийг хөг аяндаа багтаан хүний хэлээр ярьж, шувуудын дуугаар донгодон, хүлгийн үүрслээр янцгаана. Уртын дууны аялгуу нь зөвхөн энэ хөгжмийн уянгатай нийлж хөдөө талын нүүдэлчин амьдралын аясд хэмнэлд идээшин дассан монгол хүний сэтгэлийн дөлийг бадраадаг билээ.

 

Сар шинийн идээ шүүс

Тавгийн идээний гол сүнс нь ул боов юм. Таваг засахдаа идээний боовыг 3,5,7,9 гэх мэтээр сондгой үеэр жаргал зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг заншилтай. Есөөс дээш үеэр идээ өрөхгүй. Гурван үе идээг залуу гэр бүл хориос гучин насны, таван үеийг гучаас тавин насны  гэх мэтээр үеийн тоо нь өсч явсаар далаас дээш настан есөн үе идээ тавих учиртай. Иймээс айл болгон  заавал есөн үе боов өрөх шаардлагагүй гэсэн үг. Дээр нь цагаан идээ, еэвэн, ёотон, чихэр зэргээр чимдэг. Цагаалга хэмээн цагаан будаа агшааж бэлдэнэ. Үүнээс гадна цагаан сараар хүүхдэд өх самнай, жижиг дугуй боов хийдэг. Гол идээний нэг бол хонины ууц юм. Ууц гэж ер нь юу юм бэ, заавал түүнийг айл бүр тавих ёстой юу гэдэг асуудал өнөөдөр гарч байна. Ууц гэж хонины нуруу бүхлээрээ сээрээс хойш ахар сүүл хүртлэх хэсгийг хэлнэ. Монголчууд зөвхөн халуун хошуут хонин сүргийнхээ дундаас хүч тарга сайтай эрийг сонгож ууц тавидаг. Эртнээс уламжилж ирсэн монгол зон олны гүн хүндэтгэлийн энэ идээ шүүсийг голдуу төрийн хүндэтгэл, шашны баяр болон олон нийтийг хамарсан том хэмжээний баяр наадам ёслолын үед л хэрэглэдэг байлаа.

Хөдөөний малтай айл бол ууц тавихад нэг их хүндрэл гарахгүй байхаа, хотынхонд бол ямар нэг гэр бүлийн баяр, насны ой, хурим зэрэг онцгой тэмдэглэлт үйл явдал давхцсан үед л тавихаас бусад үед бол заавал ууц гэх шаардлагагүй. Бусад үед гар доорхи идээгээр цагаан сарыг тэмдэглэх нь зохистой. Өнөөдрийн нийгмийн гол давхрага болсон жирийн иргэдэд маань өндөр үнэтэй ууц тавих боломж хомс тэгээд ч орчин цагийн хүмүүсийн хандлага нөхцөл байдлаас шалтгаалан энэ бүхнийг өөрчлөх шаардлага зайлшгүй урган гарч байгаа юм. Иймээс айл бүр ууц тавих гэж улайран хөөцөлдөх шаардлагагүй, боломжтой нь тавиг боломжгүй бол гарын дор байгаагаараа л тэмдэглэцгээе.

 Ууцыг бүхлээр тавихад дээд голд нь толгой, дээд хаа талд зургаан өндөр хавирга, доод сүүл талд нь хонготой шагайт чөмөг, цээжин талд нь сээр, хүзүүг амьд хонинд байдаг байршил, дарааллаар нь өрж толгой тал нь гэрийн хоймор зүгт  чиглэнэ. Далны маяа, хавирганы бураа талыг харцага буюу их бие өөд харуулан өрдөг. Өвчүү чанавал өехийд дал, дөрвөн өндөр хавирга, шаант богтос зэргийг тавьж болно.

 

Шинийн нэгэн ба овоонд гарах ёс

ImageХуучин цагт шинийн нэгний өглөө эртлэн гарын алганы хээ харагдах үеэр барамжаалан босдог байв. Өнөөгийнхөөр бол үүр хаяарч эхлэх  6.50 -7.00 цагийн үе юм уу даа. Өглөө 8 цаг гэхэд нар мандана. Битүүний энэ орой лам нар шөнөжин Цэдэрлхам хурж энэ бурхны тахилгыг дуусгаж хоноод өглөө нь Очирдарь бурхандаа мөргөж ерөөл тавьж өлзий хутаг оршооно.

Балданлхам бурхан орчлон дэлхийн тойрон явсаар газарт бууж ирдэг хэмээн энэ өглөө түүнд зориулан Цэдэрлхам хурж хоносон лам нар золгоцгоож залгуулаад сүсэгтэн мөргөлчин олон ирж оролцдог уламжлалтай. Зурхайч нар ирж байгаа жилийн өнгө төрхийг тодорхойлж шинийн гуравнаас эхлэн цагаан сарын их ерөөл, шинийн арван дөрвөнд хамгийн том хурал болж энэ үеэр монголчууд өргөнөөр ирж бурхан болоочдынхоо хойноос буяны ерөөл, хурал ном хуруулж, суудал юугаа салгуулж энэ жилийнхээ заслыг хийлгэдэг. Шинийн эхний арван тав хоног бол бурхан багшийн их дүйцэн өдөр агаад ид хувилгаан үзүүлж хийсэн буян аривжих тул хүмүүс өргөнөөр сүм хийдэд ирж мөргөл үйлддэг. Нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр суудал нийлсэн байж болзошгүй тул суудлаа салгуулах дом хэмээн өмнөх битүүний орой мөлжиж орхисон хонины толгойн эрүүг нь хамтдаа зааж салгадаг домтой. Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагаа, сэтгэл санааны ариунаар их бэлэг  дэмбэрэлтэй өдөр болгодог нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай дом юм.

Монголчууд мандаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморилог зүйл хэмээн үздэг. Шинийн нэгний өглөө ургах нартай уралдан эрчүүд ойролцоох уулын орой дахь овоонд сүүтэй цай, цагаан идээнийхээ дээжийг тэнгэр, хангайдаа өргөж, хийморийн зүг гарч хишгийн зүгээс ирнэ. Өндөрлөг газрыг тэнгэр газрын зааг хэмээн үзэж хоёр гараа дээш өргөн хурайлж тэнгэр хангайдаа хурайлан залбирдаг хуучны нэгэн дууг:

Цагаан сарын шинийн нэгэндээ

Цагаан идээгээр гэрээ  дүүргээд 

Цагаан эсгийгээ гаднаа дэвсээд

Тэнгэр бурхандаа мөргөмүү... хэмээн монголчууд эртнээс дуулж ирсэн түүхтэй юм. Эрт дээр цагаас эцэг хан тэнгэр, эх хатан дэлхий хэмээн биширч ирсэн монголчуудын хувьд овоо бол дээд хан тэнгэрт ойртох өндөрлөг гэсэн утгатай. Овоон дээр гарна гэдэг нь тэнгэр бурханд улам ойртуулах өндөрлөг газар, уулын оройгоос шүтэх боломжийг илүү бүрдүүлж буйн нэг илрэл агаад монгол хүний ирээдүйн зам мөр, хагацал, учрал, гүн сүсэг бишрэл агуулагдсан дотоод сэтгэхүйн орон зай дахь сүсэг бишрэлийн нэг оргил юм.  Энэ өглөө монголчууд наран гарах зүг нарыг тойрон эргэлдэх газар дэлхийтэйгээ хамт тэмүүлэн ургахын улаан нарнаар их эзэн тэнгэр бурхандаа залбирч хурайлдаг бөлгөө. Ингэж монголчууд эрт дээр үеэс сар шинийг дорноос ургах өглөөний улаан нарнаар угтан бүх хүн амьтан бүр нэг нас нэмж өвлийг өнөтөй даван урин дулаан хаврын тэргүүн барс сартай золгодог нь европ болон баруун зүгийн шинэ жилээс эрс ялгаатай юм.

Их хүрээний монголчууд Богд уулын ар хормой дахь Эрдэнийн овоо хэмээх намхан довцог болон Тасганы овоонд сар шинийг угтан гарсаар ирсэн уламжлал, заншлаа өнөөг хүртэл хадгалсаар иржээ. Миний багад шинийн нэгний өглөө манай нутгийнхны гарч заншсан уул бол Эрдэнэтолгой гэж намавтар толгой байв. Энэ уулын орой дээр морьтой явган яаж ч гарахад хялбар, настай буурлууд морин тэрэгтэйгээ хүрчихдэг юм. Аав маань намайг дагуулж гараад л гэр бүлийнхныхээ мөр зүгийг гаргадаг байж.

Иймээс хүмүүс овоог сонгохдоо гэрт ойр, нар харагдах, гарахад нам байдлыг харгалзах ба алс хол тэртээд өндөр оргилд барагтай л бол гардаггүй байж. Хийморийн зүг гарч, буян хишгийн зүгээс ирж гэрийн эзэн бусдыгаа төлөөлөн мөрөө гаргаад гэртээ буудаг ёс ч бий. Шинийн өглөөний наран мандахыг харах нь их зөн бэлэгдлийн  чанартай хүний сэтгэлд ямагт нэгийг бодогдуулдаг эрхэм зүйл байдаг. Хэдийгээр би аавтайгаа байх тэр үед бага балчир байсан ч тэр өглөөг урьд өдрүүдээс нь эхлэн онцгой өндөр сэтгэгдэлтэйгээр хүсэн хүлээж байсан нь өнөөг хүртэл санаанаас минь  гардаггүй юм. Ингэж надад энэ заншил уламжлан үлдсэнийг дагаж сүсэглэн явсаар өдгөө хүрчээ. Хот суурин газрын хүмүүст ийм боломж ховорч хүүхэд багачуудаа заавал сар шинийн биш ч өглөөний наран мандахыг, арван тавны болон шинийн сар гарах, хаврын шувууд ирж цэцэг навч дэлгэрэхийг нэг ч удаа атугай харуулж эх байгалийн бусад уран үзэгдлүүдийг тайлбарлаж мэдрүүлэхийг хичээгээрэй. Нүдээр үзэж биеэр мэдэрсэн зүйлийг хүүхэд амьдралдаа мартахгүй байгалийн сайхныг шүтэж хайрладаг  болно. Овооноос бууж гэртээ ирээд бурхандаа залбирч үр хүүхэд нь эцэг эхдээ, дүү нь ахдаа золгосны дараа өөрсдийн настангуудад, дараа нь айл саахалтаар өргөн золголт болж сар шинэд сайн орсныг тэмдэглэнэ. Сар шинэд нэг гэрийн эр эм хоёр золгодоггүй учир бол тэндийг бие сэтгэл нэг хэмээн үздэгт оршино. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золговол хүүхдийн хүйс солигдоно хэмээн цээрлэдэг байжээ. Нас сацуу хүмүүс хоорондоо гар зөрүүлэн золгох ба хэрэв хэн нэг нь түрүүлж гэрлэсэн бол нөгөөх нь түүнд хүндэтгэл үзүүлж тохойг нь түшиж золгодог. Энэ өдрүүдэд нэг гэрийн эр эм хоёр ам зөрөхийг муу ёр хэмээн цээрлэдэг.

Хөөрөг зөрүүлэх нь угаас зөвхөн монголчуудын нэгэн өвөрмөгц заншил, зөрүүлсэн хүнд итгэл хүндэтгэл үзүүлж, цаашид сайн харилцаатай байхын бэлэгдэл буюу харгүй цагаан, хараалгүй зөв санаа агуулж буйн баталгаа юм. Хөөргийг нас тогтсон хүмүүс голдуу хэрэглэх ба хэрэв залуу хүмүүст хөөрөг баривал ахмад нь түүнийг эрийн цээнд хүрч буйг нь хүндлэн үзэж буйн  илрэл болно. Хөөргийг гардан авч үнэрлээд буцаана.

 Энэ үе бол ахмад буурлууд төрөл садантайгаа уулзаж, хүүхэд залуус нь удам угсаа, ураг овгоо хэлцэн мэдэж авах чухал завшаан болдог. Ахмад буурлуудаасаа эхлэн онцгой хүндэтгэл үзүүлж золгохдоо хөгшид өтгөс, өөрсдийн эцэг эх, төрөл садангийн ахмад хүмүүст хадаг барин, задгай нугалаа бүхий ам талыг золгох хүн рүүгээ харуулж дэлгэсэн алган дээр нь эрхий хуруунд тулгаж тавих ба ахмадуудад хадгаа үлдээх ч ёс бий. Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз, өнгө ба монголчууд ахмад настан болон эцэг эхдээ урт наслахын билэгдэл, хүний дүрстэй, цэнхэр Аюуш хадгаар голдуу золгодог. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвэхээд хүндтэй газар тавина. Хөх хадаг төрөл саданд, цагаан хадаг эх хүнд, шар хадаг сүм хийд лам нарт гэх мэт өнгөөр ялгах ба найман тахилт хадгаар хүндэтгэлийн золголт хийдэг ёс бий. Энэ өдөр олныг хамарсан үйлс,  хөгжөөнт тоглоом, шагай, хорол, шар нохой гүйлгэх, сээр хуга шаах, шагайт чөмгийн шагайг эрхийгээр мулт дарах, унасан морьтойгоо бооцоотой уралдах, адуу шургуулж уургалах зэргээр наадна.

Элдэв сонин хачин үйл явдал, үлгэр, оньсого хэлж, тоглоом наадмаа үргэлжлүүлж энэ оройг бүгдээр цэнгэн  өнгөрөөнө.

 

Хуучны хүмүүжил ба өнөөгийн хандлага

Цагаан сарын үеэр ахмад буурлууд маань хүүхэд залуусдаа сургаал үгээ хүргэх илүү их боломжтой болдог. Ахмад үеэ хүндлэн дээдлэх явдал бол монголчуудын нэг онцгой зан чанар бөгөөд нүүдэлчин удамтай бидний хойч үеийн ухамсар, ухаанд шингэж үлддэг зүйл юм. Хүн урт наслах тусмаа ухаан тэлж, нүд тайлж амьдралын арвин туршлага хуримтлуулдаг. Тэр арвин их туршлага, мэдээлэлтэй амьдралын амьд сурах бичгийг өвч биедээ агуулсан настнуудаа бид зөвхөн цагаан сараар ч бус үргэлж хүндэлж, биширч явах ба энэ уламжлал нь үр удамдаа өвлөгдөн очихдоо тэдний цаашид ямар хүн болох зан төлвийнх нь  тодорхой хэсгийг бүрдүүлэх учиртай юм. Ингэж зөв хүмүүжсэн хүүхэд цаашид ямар ч өндөр хөгжил, соёл дунд орсон ч багаас нь суулгасан зан заншил, ёс суртахуунаа гээхгүй, хүмүүжилд нь элдэв муу юм холилдохгүй унаган зан төрх нь эвдрэхгүй тул хүн чанараа үл алдах дархлаатай болдог.

Аав ээж, ахмадууд маань өсвөр үеэ шууд тэг, ингэ гэж тулган сургадаггүй өөрсдөө хэлсэндээ хүрч, хийж бүтээж, хүүхдүүдэдээ хал үзүүлж, ажилд шамдуулж буй нь тэдэнд өөрийн чадавх, хүч хөдөлмөрөөр зүг чигээ олж амьдрах итгэл суулгадаг юм. “Хайр нь дотроо хал нь гаднаа” хэмээх хуучин үгийн амин  сүнс нь энд оршино. Ингэж ухаант буурлууд маань өсвөр үеэ амьдралд дөрөөлөх дөрөөг нь бөхөлж, гарыг нь ганзганд хүргэснээр тэднээсээ юуны өмнө монгол ёс заншилтай хүн гаргаж авч байжээ. Энэ бол эрдэм мэдлэгийн дээр зан заншил, ёс, жудаг, хүмүүжил бүхий зөв хүн бий болгох хуучны философи юм. “Хүний сайн хүүхдээсээ” гэж ... Зөв хүн болох эхлэл бага наснаас тавигддаг. Иймээс багаас нь зөв хүмүүжил олгох нь юунаас чухал. Гол нь зан төлөв, хүнлэг ёс жудаг, шудрага, бүтээлч амьдралын хандлага, нийгмийн харилцаанд хэрхэн оролцох ба эцэг эх ,ахмад хүмүүсийг хүндлэх тухайд анхаарах нь зөв гэж бодном. Энэ бүгд хүмүүжил гэх  нэг том агуулга дор багтана. Хүнтэй мэндлэх, харьцахаас эхлээд олон нийтийн газар биеэ авч явах, бусад хүмүүст хүндэтгэл үзүүлэх гэх мэт хамгийн энгийн зүйлээс эхлээд төлөвшил, нийгмийн харилцаанд оролцох, амьдралын сонголтоо хэрхэн яаж хийх цаашид ар гэрээ, үр хүүхдээ хэрхэн өсгөж авч явахад нь хэрэг болдог. Эдгээр маш энгийн ч маш чухал зүйлийг бид анзааралгүй явсаар харамсах үе ч хааяа тохиодог. Иймээс эцэг эхчүүд бүр тэвчээртэйгээр энэ бүгдийг хойч үедээ уйгагүй зааж сурган дадал хэвшил болгох шаардлагатай. Ингэж бид залуусынхаа ёс суртахуун, хүмүүжлийн үзэл баримтлалыг зөв суулгаж ийм тогтолцоог нийгэмд бий болгосноор ухаалаг түвшин иргэдийг нийгэмдээ, ирээдүйдээ бэлдэж өгч байгаа юм шүү дээ. Эндээс бидний хүсч мөрөөдөж буй “ухаалаг төр” бүрдэнэ. Эх оронч үзэлгүй, өөрийн гэсэн үндэсний соёл, ёс заншил, хүмүүжилгүй, мянган хүний дунд нэг жирийн хүн ороход тэр дороо уусч өөрчлөгдөх аюултай. Мянган гадны иргэдийн дунд орсон нэг монгол хүн мөн л адил уусна. Ийм нийгэм байх нь улс орон гаднаас бус дотроосоо үндэсний аюулгүй байдлаа аюулд өртөөх замыг нээж өгдөг. Үүнээс улс орноо хамгаалах гол арга нь иргэд нь эх оронч, өөрийн гэсэн үзэл бодол, өв соёл, хэв заншил, ёс жудагтай байж түүгээр дамжиж бэхжсэн үндэсний үзэл баримтлалтай байх явдал юм.

Хэдхэн үгийн солион дээр тэр хүний ямар шүү хүн бэ гэдгийг ахмад буурлууд маань баримжаалж чаддаг. Иймээс биеэ зөв авч, хүмүүстэй зөв харьцан, ярьж хэлснээсээ буцахгүй байж хүний итгэлийг даах бол хүмүүс Танд хариу итгэнэ. Амласан л бол умарталгүй байж хэрэв биелүүлэх боломжгүй бол эргэж заавал мэдэгдэх нь ёс зүйд нийцэнэ. Маргааш гэж амлаад маргааш нь өөрөө ор сураггүй болчихож огт болохгүй.

 Залуус, хүүхдүүд ахмад хүмүүстэй цуг байх бол ахмадаас түрүүлж ам уралдан үг яриаг нь таслан дундуур нь орж эрээ цээргүй юм ярих, идээ будаанд ахмадаас түрүүлж хүрэхийг тэвчих нь ёс зүйд нийцэнэ. Энэ бол монголчуудын уламжлалт хүмүүжлийн язгуур агаад залуус нь зөв, хүнлэг нөхөрсөг, өтгөсөө хүндлэж бусдад тусалж сурах эхлэл болдог байлаа. Зөв хүмүүжсэн хүүхэд амьдралаа зөв авч явна. Энэ бүхэн тэдэнд амьдралын замдаа өөрсдийн дур хүслийн дагуу чөлөөтөй зөв сонголт хийж, хань ижлээ сонгоход нь, өөртөө итгэлтэй байхад нь, бие дааж цаашид хөгжиж дэвжихэд нь гол үндэс суурь нь болно. “Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу”... гэж багад нь хүүхдээ хэтэрхий эрхлүүлж даруулгагүй өсгөснөөс эцэст нь өөрсдөө харамсах тохиолдол амьдралд бас тохиодог.

Цагаан сараар хүн бүр үндэсний гэгдэх нандин юм, эдлэл болгоноо гарган хэрэглэж, шинэ дээл хувцасаа өмсөн, үгийн сайныг тунгааж, эвийн сайныг шүүж, сайн сайхан, бэлэг дэмбэрэлтэй юм ярьж, элдэв муу үг хэлэх, хэрэлдэхийг цээрлэдэг. Гаднаас орж ирсэн хүн эхэлж мэндчилж нэр усаа хэлж, хүний нэрийг бүтнээр нь дуудах агаад үг хэл яриандаа цэгцтэй байж цэвэр сайхан ярьж бусдын яриаг таслалгүй сонсох ба тэр үеэр өөр зүйлд анхаарал хандуулах нь зохисгүй. Гэрийн эзэн хариу мэндчилж зочин  хаана суухыг заана, идээ будаанд гэрийн хүмүүс зөвшөөрсний дараа хүрнэ.

Монгол хүмүүс уулзангуутаа л ажил хэрэг, арилжаа наймаа, авгай хүүхэн яриад эхэлдэггүй. Мэндлэхдээ аажуу тайвуу хүндэтгэлтэй хандахыг эрхэмлэдэг заншилтай. Жишээ нь: “Та амархан сайн байна уу”, “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу” хэмээн  хариуд нь “Амар сайн байнаа”, Сар шинэдээ сайн орлоо” “Та сар шинэдээ сайн оров уу” гэх мэтээр мэндчилж яриа эхлэнэ. Энэ бүхэн харилцан хэн хэнээ хүндэтгэн үзэж буй илрэл юм. Иймэрхүү л байдлаар өмнө үед өсвөр үеэ хар багаас нь л төлөв даруу, мөс жудагтай хүн болгох ул суурийг тавьж байжээ. Юу байна?, Юутайв? гэж мэндлэх нь монгол ёс биш. Багаас зөв хүмүүжиж өссөн хүүхэд цаашдаа өөрийгөө зөв авч явах бүрэн чадвартай болоод энэ суурин дээр боловсрол мэдлэгээ дээшлүүлж байлаа. Ийм хүн жинхэнэ мэдлэг чадвартай зөв хүмүүжил, ёс жудагтай болдог гэж үздэг байв. Иймээс ахмад буурлууд маань хүмүүжлээр нь дамжуулж өсвөр үеэ хөгжүүлж шинэ үе, шинэ үзэл санааг тээгч бүтээлч, чадварлаг иргэн болгох гэсэн далд санаа нь энд агуулагдаж буй.

Миний багад аав ээж маань малын зүс, нас,  яс, үе мөч болгоныг асууж зааж сургадаг байлаа. Энэ нь тэр үед хүүхэд залуус малчин монгол хүний амьдрал, ахуй соёлын нэн чухал зүйлийг сургах суурь байж нэрлэж мэдэхгүй, асуух нурууг нугалахад хэлэх хэлц үгийг ойлгохгүй, орон гэрийнхээ ханын амыг эвлүүлж сураагүй, “нохойн амаар нийлүүдэг” бол тийм хүн олны элэг доог болдог байлаа. Асуух нурууг мөлжсөн хүн асуух нурууг нугалах уу? хэмээн гэрийн эзнээс асууж байж нугалдаг хуучны заншил л даа. Асуух нуруу бол хүн болон сээр нуруутан амьтны ар биеийн гол тулгуур болох нурууны хэлхээ ясны эцэс бөгөөд ууцны ястай нийлж буй адгийн нуруу юм. “Нохойн амаар нийлүүлэх” гэдэг нь гэрийн ханыг дугуйлахдаа буруу эвлүүлснээс унь өлгөх онигүй болгохыг хэлнэ.

ImageХотоос хөдөө очисон хүнд ийм зовлон багагүй тохиолддог тухай бид яахан мартах билээ. Нэгэн залуу эмэгтэй хөдөө хадмындаа очиход бэрээ зочны ёсоор хүндлэн орой нь өвчүү, сүүж чанаж өглөө нь шинэхэн бүрсэн элгэн таргаар дайлж дараа нь шарга морь унаж хадмын хамт малд явж гэнээ. Тэрээр буцаж гэртээ ирээд нөхөртөө ингэж ярив. Надад орой сайхан мах чанаж өгсөн нөгөө олон хуруутай юу билээ тэрийг бас дундаа нүхтэй юу билээ тэрийг чанаж өгсөн, өглөө нь уушгин тараг уусан тэгээд дараа нь нэг шар морь унаад хадамтайгаа мал цуглуулахаар явсан гэж ярьсан гэдэг. Ийм байдалд орохгүйн тулд монгол ёс заншлын холбогдолтой иймэрхүү зүйлийг орчин цагийн хүмүүс ч мэдэж байхад илүүдэхгүй буйзаа. Энэ бол тэр үеийн амьдралын шаардлага орчин нөхцөл нь байж. Энэ бүхэн тухайн үеийн ахуй амьдралын хэрэглүүр болж байсан хуучны зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Цаг үе нийгмийн хөгжил дэвшлээ дагаад энэ бүхэн өөрчлөгдөж буйг бид мэдэрч байгаа. Энэ бол зүй ёсны өөрчлөлт эндээс бид үр хүүхдээ өнөөгийн амьдралд нь бэлдэх зайлшгүй шаардлага өмнө буйг санаж сургамж авах нь л бүхнээс чухал.

 

Зочид ба дайллага

Монголчууд ирсэн зочдоо юу байгаагаараа дайлж цайлдаг сайхан заншилтай тул биднийг дэлхий даяар зочломтгой, цайлган монголчууд хэмээдэг юм. Холын аянд яваа хүн оройтож ядарсан үедээ замд тааралдсан айлд үнэ хөлс гэлгүй хоноод хөсөг унаагаа засч, амраад явдаг хэвшил талын малчин монголчуудаас өөр хаана ч байхгүй. Энэ бол монгол хүний умартаж боломгүй зан заншлынх нь нэг онцлог нь. Одоогийн хэллэгээр бол хүн чанарынх нь бренд гэсэн үг. Үүнийгээ бид орчин цагийнхаа нөхцөл байдалдаа тохируулан хэрэглэж байна.

Ирсэн зочдыг шуурхай үйлчлэхэд хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс монголчууд цагаан сарын өмнө банш ихээр хийж хөлдөөдөг. Хийхдээ хуучин цагт алт мөнгийг хадгалдаг ембуу хэлбэртэй болгодог нь элбэг баян оршино хэмээн үздэг. Зочин ирмэгц нохойгоо хорин тосч авах ба явахад мөн энэ маягаар үдэн гаргаж өгнө. Айлд зочилон очиж буй хүмүүс бие хувцасаа тохинуулж, өөрийн биед хянамгай байж, товч задгай, хувцас уранхай, малгай хазгай, бүс алдуул, бие хөлчүү байхыг цээрлэх ба төв түвшин, тэнүүн өгөөмрийг эрхэмлэн цай, идээ, бэлэг сэлтийн авахдаа хоёр алгаа дэлгэн эсвэл баруун гараа зүүн гараар яльгүй түших маягаар авдаг учиртай. Аяганы амсраас чимхэж барихгүй, мах буруу тийш зүсэхгүй, ширээнд тавьсан зүйлийн байрыг өөрчлөх, өөр зүйл гэрийн эзнээс нэхэхгүй байх зэрэгт эцэг эхчүүд хүүхдүүдэдээ зааж сургахад илүүдэхгүй.

Эхлээд цай, цагаалга, идээ барьж дараа нь ууц тавина. Ууц таллах нь эртнээс тогтож хэвшсэн учир начиртай. Ууцанд зөвхөн гэрийн хүний зөвшөөрөлтөйгөөр хүрэх ба гэрийн эзэн ууцаа харцгаар нь зочны зүг тавих агаад зочдоос ахмад нь эхэлж толгойн хамар дээрээс хуйх эсвэл ууцны сүүлнээс нимгэлэн авч галд өргөөд дараа нь ууцыг зүүн гараар хажуу сүврэг талаас барьж баруун гараар өөхөн намилхай хэсгээс хутгаа зөвхөн өөр рүүгээ дагуулан нимгэн өөгүй зүсэх ба гадагш, хөндлөн зүсэхгүй. Дараа нь хөл махны бугалга талаас барьж зүсч ёслох ба өөрсдийн дагуулж яваа хүмүүст хувь хүртээж болно. Орчин цагийн сонголтод ногоо, жимс болон цагаан идээг өргөн хэрэглэх нь зочны таалалд нийцэх буйзаа.

Айлд зочилж очиод бусдын тухай муугаар ярих, хэрүүл маргаан үүсгэх, хэл ам, атаа жөтөө болж, хов жив хэлэлцэхийг цээрлэн урьд өмнө муудалцсан хүмүүс, хөөрөг зөрүүлэн тайлдаг учиртай. Урдын муу үйл дээр, сайн үйл, буян хишиг тогтохгүй гэж үздэг. Архийг бүгдээр тэвчвэл сайн үйл болно.

 

Бэлэг ба гар цайлгах ёс

Өнөө цаг цагаан сарыг шинэлэг хэлбэрээр тэмдэглэх санаачлага гаргаж зардал чирэгдлийг багасгахыг уриалж байна. Гол нь хүн болгоны гар дээр бэлэг тавьдаг тэр сэтгэхүйгээ болицгооё л гэж байгаа. Мэдээж өвлийн хүйтэнд ханиад томуу ихтэй үед айл айл дамжин хэсэхийг хавтгайруулахгүй байх тухай асуудал. Шинэлэг гэж буй нь хуучин уламжлалаа мартах тухай биш байх. Уламжлалт ёс заншлаа орхивоос цагаан сар хэмээх улс үндэстнийхээ энэ баярыг орон даяар тэмдэглэх утгаа алдана. Олон ястан үндэстэн бүхий монгол түмэн өөр өөрийн онцлог ёс заншилтай бөгөөд тэд өөрсдийнхээ уламжлалаар сар шинээ угтах  нь зүй буйзээ.

 Хуучин цагт хүний алгыг тэнийлгэж гар цайлгах ёсон гэж байсан нь өнөөгийн бэлэг биш юм. Энэ нь цагаан идээ, хэвийн боов,амттан гэх мэт гарын дор нь л байсан зүйлээрээ л хувь хүртээхийг хэлэх ба голдуу л хүүхдүүдэд өгнө. Орчин цагт бэлэг буюу оймс саван болж өөрчлөгдсөн нь мөн л гарын дор байгаа зүйл нь байх. Гар цайлгах гэдэг нь нийтлэг, бэлэг бол гэр бүлийн хүрээнд л байх ялгаатай зүйл юм шүү. Уул нь уг үзэгдэл нь адил боловч нэг нь бэлгэдлийн чанартай, нөгөө нь материаллаг болж ирсэнд л байгаа юм. Материаллаг гэхээр л бэл бэнчин, дэв зиндаа, ядуу баяндаа тулж эцэст нь өрсөлдөөн болдог. Гэхдээ орчин цагийн өнгөнд орж огт үгүйсгэж яаж болохов дээ. Монгол хүний нэг гол  шинж бол өглөгч зан чанар юм. Харамч хүнд яснаас дургүй. Хүний гарыг цайлгаж алгыг тэнийлгэхийг буян хэмээн үздэг. Бэлэг барих гэдэг бол гэр бүл үр хүүхэд садан төрлийн хүрээний асуудал шүү дээ. Иймээс бэлэг өх нь зөвхөн гэр бүл, садан төрлийн л дотор. Түүнийгээ гэр бүлийнхээ дунд хэрхэн шийднэ тэр хэмжээндээ л болох байх. Гол нь ахмад настнуудаа хүндлэн амар мэндийг нь асууж, төрөл саднаа мэдэлцдэг, хүүхэд багачуудаа баярлуулж урамшуулахад л чиглэсэн байх учиртай. Бэлэг бол ямарч хүнд баярын урам нэмж сэтгэл сэргээн хүсэн хүлээж байдаг өдөр тутмын амьдралд ховор тохиодог баярт мөч, сайхан үйл байдаг. Иймээс хүүхэд багачууд, өтгөс хөгшид, ойр дотнын хүндээ бэлэг баривал тэд санаа сэтгэгдэл өндөр, баярын урамтай сар шинээ угтах болно. Цагаан сар бол эвлэрлийн баяр, бүгд өөдрөг, хийморилог, цог жавхаатай байж, санаа сэтгэлээ ариусган гэгээлэг зүйлийг мөрөөдөж, бэлэг дэмбэрэлтэй үг ярьж, ойр дотны хүмүүстээ бага гэж басахгүй, баян гэж бялхахгүй ч бэлэг авч байгаа хүний сэтгэл санаанд нь нийцэх зүйл байх нь л тохиромжтой. Хүнд бэлэг барихдаа онцгой ач холбогдол өгч, гоё чамин боож баглан, сайн сайхныг хүссэн ерөөлийн үг хэлж, бичиж үнэн санаанаасаа өхийг хичээх нь улам баярын урам нэмнэ. Гар цайлгах хэмээх боловч гол агуулага нь сэтгэл цайлгахад оршдог аж. Хүнд хэрэггүй юмаар, нэр зүүх байдлаар бэлэг бүү барь, үнэтэйдээ гол нь биш бага ч гэсэн хүнд тохирсон, чамин, хөөрхөн, хөгжилтөй зүйл байг гэж л хэлмээр байна.

 

Баярын наадгай

Битүүн болон шинийн нэгний үдэш халуун ам бүлээрээ цугларч өдөр хоногийг тоолон хүлээж бэлдсэн бууз, банш, чанасан мах тэргүүтнээ зооглон олныг хамарсан хөгжөөн наргиантай тоглоом наадаж өнгөрөөдөг зан үйл өвөг дээдсээс маань уламжлан үлдсэн юм. Эрчүүд адуу шургуулж уургалах, бооцоотой уралдах зэргээр наадна. Эмэгтэйчүүд хүүхдүүд  шагай шүүрэх, няслах, таалцах, алаг мэлхий өрөх, хорол даалуу наадах зэрэг тоглоом наадгай болдог байлаа. Тэр дундаас “Шар нохой гүйлгэх” гэж гэж хөгжилтөй тоглоом миний санаанаас гардаггүй юм.  Шар нохой гүйлгэхэд оролцогсод хоёр тал болоод нэг тал нь “нохойгоо” |шагай байж болно| нууж нөгөө тал нь олно. Олсон тал нь шан авах агаад түүнд нь шар цаас, шаант чөмөг, үзэмтэй будаа байх жишээтэй. Шар цаас гэдэг нь тэр үеийн нэг төгрөг-эд баялагыг, шаант чөмөг нь мал сүрэг өсөхийг, үзэмтэй будаа нь гэр бүл өнөр өтгөн байхыг бэлэгдэх аж. Нэг тал гарын алгаа өмнөө цээж рүүгээ харуулан тэнийлгээд зэрэгцэн суухад бүх хүмүүсийн тэнийлгэсэн гар хана  мэт зааггүй хасаа мэт завсаргүй нийлж “шар нохой гүйлгэх” хүн алган талаар нь “шар нохой” хэмээх шагайг нөгөө талд харагдахаар ил барьж хүн бүрийн араас алганд нь хүргэн явахдаа нохойгоо гүйлгэх хэлц үгийг урнаар шүлэглэн урсгаж эсрэг талынхны анхаарлыг сарниулж байгаад хэн нэгнийх нь атганд нууна. Алгаа дэлгэн суусан хүмүүс “шар нохой гүйлгэх” хүнийг алганд нь хүрмэгц алгаа хумина. Ингэж хэд дахин явсны эцэст шар нохойг хэн нэгний гарт нуухад эсрэг тал таана. Энд шар нохой нуух явцад хэлэх  хэлц үгийг айл бүр өөрийн онцлогт тохируулан өөрсдөө шүлэглэн зохиож хэрэглэж байвал бүр ч хөгжилтэй болдог тул та бүхнээ өөрсдөө хичээ хэмээн зөвлөе. Таасан тал шан авна, таагаагүй бол баалуулана. Дараа нь талууд солигдож нууж таасаар чухам ямар шан авснаар тэр жилийн өнгө аясыг бэлэгшээнэ. Ер таагаагүй буюу гүйлгэсэн нохой нь үргэлж баригдвал тэр тал нь үхрийн сүүл мушгиж гадаа малынхаа хашаа хороог эргэх, өвс тэжээл тавих шинийн нэгний өглөө мал билчээрт гаргах зэргээр нөгөө талынханд баалуулдаг байлаа.

 Сар шинийн идээ шүүсийг шинийн эхний долоо хоногт хурааж ууцыг  үе үеэр нугалж хөлдөөдөг ба ирсэн хүнд халааж өгдөг байв. Дээр миний өгүүлсэн зүйл бол цагаан сарыг өсвөр багад минь тэмдэглэж байсан хуучны ёс заншил, өнөөгийн хүмүүс үүнийг бүгдийг ёсчлон дагах албагүй, зөвхөн санаа авахад чиглэгдсэн бөгөөд утгаа алдсан саарыг нь орхиж сайныг нь улам төгөлдөржүүлэн үр хүүхдүүдэдээ зааж тайлбарлан үлдээх нь л Танд хүргэх миний гол санаа юм. Энэ бүхэн цөм бэлгэдлийн чанар агуулагатайг уншигч Та ажиглаж мэдсэн буйзаа.

Цагаан сарын ёслолыг орчин цаг үе, хүмүүсийн сэтгэлгээг дагаж эгэл олонд чирэгдэлгүй, энгийн төсөр болгон шинэчлэх шаардлага монгол түмний суурин иргэншил, хот суурин газрын амьдралаас урган гарч байгаа асуудал яах ч аргагүй мөн. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Ус ундаргад буян хэмжээнд гэж өөрийн бэл боломжид тааруулах нь яаж ч бодсон дээр, бүх зүйлээ энэ  өдрүүдэд дуусгалгүй дараагийн сар шинэ хүртэл 365 хоног ард хүлээж буйг бодолцох нь зөв байх.

Гадаадад суугаа монголчууд бид цагаан сарыг чухам яаж тэмдэглэх нь зөвхөн өрх гэрийн гишүүдээс л шалтгаалана. Шинийн нэгний өглөөний нар АНУ-ын зүүн эрэгт Монголоос 12 цагийн дараа мандахыг санах нь зөв байх. Цаг зав багатай гадаадад цагаан сараар монголын амралтын хууль үйлчлэхгүй тул энэ өдөр ажлын өдөр тааралдаж болох бөгөөд тийм үед арга буюу ажилдаа явах л болно.

 Ийм нөхцөлд бүх юм авсаархан, товчхон байх агаад өмнөх орой нь өөрсдийн дуртай хоол хүнсээ хийж идээд өглөө нь золгох хүмүүстэйгээ золгож ажилдаа явахдаа мөр зүгээ гаргая гэвэл гэр бүлд нэг нь бусдыгаа төлөөлөн өөрийнхөө мөр зүгээ гаргахад харшлах зүйлгүй. Харин бусад хүний өмнөөс мөрийг нь гаргадаггүй. Заавал ууц, олон давхар тавгын идээ энээ тэрээ гэх огтхон ч шаардлагагүй, өөрсдийн гарын дор байх идээ будаагаар битүүлж цагаалахад хангалттай болно. Харин ямар нэг монгол  хувцас байвал зүгээр. Хэрэв бүрэн хувцас үгүй бол малгай, цамц, оймс бүр үгүй бол энгэр, хүзүүний монгол зүүлт байж болно. Гол нь хүн бүхэн сэтгэл санаа хиргүй тунгалаг, өгөөмөр тэнүүн байх учиртай. Бие, хувцас цэвэрхэн ч сэтгэл нь бохир бол буян хишиг өнгө үзэмж төдийд үлдэхээс агуулгад үл шингэнэ. Иймээс сэтгэл санаагаа ариун байлгаарай. Нутаг орондоо байгаа өөрсдийн эцэг эх, төрөл садандаа утас мэйлээр амар амгаланг эрэн, сар шинийн мэнд дэвшүүлж гэр орондоо өөрсдийн дуртай зүйлээ хийж хүүхэд хөгшдөө баярлуулж энэ хүрээнд цомхон тэмдэглэх нь өлзийтэй. Хэлбэрээс агууллагыг мөнөө эрхэмлэн нэгэнт үеэ өнгөрөөсөн зарим зүйлийг үндэсний эв нэгдэл, зан суртахуун, амьдрал ахуйдаа тохируулан шинэчлэхэд харшлах, айх зүйл ер үгүй.

 Нутгийн зүгт залбиран, ууц тавьж боов өрөх боломжгүй тул жижигхэн авсаар идээ бэлдэж болох юм. Хамгийн гол нь өөрсдөө сэтгэлээр ариун, сэтгэгдлээр өндөр, хүн бүрийн хийморь, баяр баясгаланг гийгүүлдэг энэ өгөөмөр өдөр зөн бэлгэдэл, ёс суртахууны ариун чанар шингэсэн жинхэнэ монгол үндэстний зан заншил, үндэснийхээ соёлын гүн утга агууллагыг хадгалан үр хүүхдүүдэдээ ярьж заан үлдээх явдал юм. Хойч үе цаашдаа хүний ёс жудаг шингэсэн өвөг дээдсийнхээ захиасыг ямагт санаж залгамжлуулж явах нь дамжиггүй. Энэ бол хэзээ ч огоорч үл болох эрхэм нандин зүйл юм шүү. Ингэж бид өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өөрийн гэсэн өнгө төрхтөй байснаар монгол хүн монголоороо үлдэж улс үндэстэн бүрэлдэн, оршин тогтнож ирсэн үүх түүхтэй бөлгөө. Үүнийгээ бид хэзээ ч огоорч үл болно

Өчүүхэн галын дөл байвчиг түнэл харанхуйг гэрэлтүүлдэг. Тэр гэрэл гэгээ орон гэрт тань, сэтгэл зүрхэнд тань өнө мөнхөд гийгүүлж байх ерөөл дэвшүүлж дэлхийн олон улс оронд ажиллаж, амьдарч, сурч буй улаан залаат, хөх толбот монгол түмэн, өргөн олон уншигч Танаа амар мэндийн цэнхэр хадгаа дэлгэн  “Монголын цагаан сар” хэмээх энэ өгүүллээ  өргөн  баръя.

Хүндэт Уншигч Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Н.Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ

dayarmongol.com

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-02-17, Лхагва )