ВАШИНГТОН ХОТНОО МОНГОЛ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛОВ
Бичсэн: Administrator   
2016-05-30, Даваа

Image 

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ дээр 2016 оны 5 дугаар сарын 13-14-нд Монгол судлалын олон улсын 10 дугаар Бага хурал амжилттай болж өндөрлөв.

Энэхүү Бага хурлыг Монгол Улсын ЭСЯ, АНУ дахь Монгол соёлын төв хамтран 2007 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирлээ. Элчин сайд Б.Алтангэрэл Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол судлалын бага хурал уламжлалт арга хэмжээ болон өргөжиж, эдүгээ 10 дахь жилдээ зохиогдож байна гээд Монгол, Америкийн өргөн хүрээтэй харилцаа, түншлэлийг хөгжүүлэн бэхжүүлэхэд ардын дипломат ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүний тодорхой жишээ нь Вашингтон хотноо бидний хамтран зохион байгуулдаг монгол судлалын олон улсын бага хурал юм. Монголын баялаг түүх, хэл, соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулах, улмаар хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд энэ хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж” байгааг тэмдэглэв.

 

Бага хурал Монголын шашин, уламжлалт анагаах ухаан, цаг тооны бичиг, зурхай, түүх архив, хэл уран зохиол, соёл боловсрол гэсэн сэдвээр өрнөлөө. Тухайлбал, МУИС-ийн багш, доктор Ж.Урангуа “ХХ зууны эхэн үеийн Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал”, Индианагийн Их сургуулийн профессор, доктор Кристофер Этвүүд “Найманчуудын хил хязгаар”, Пенсилванийн Их сургуулийн Зүүн Азийн тэнхимийн багш, доктор Нэнси Штейнхард “Ляогийн барилгын онцлог: Монголоос Солонгос хүртэлх дурсгалууд”, АУИС-ийн профессор, доктор Д.Цэрэндагва “Монголын уламжлалт анагаах ухааны сургууль, жаяг”, Доктор Б.Мөнх-Очир “Монголын цаг тооны бичгийн уламжлал”, Нью Йорк дахь Хазар Монголчуудын Академийн судлаач Ишхак Мухамеди “Хазар Монголчууд ба гарал, түүх, соёлын хэлхээ холбоо” зэрэг илтгэл тавьсан бөгөөд Монголын дуу хөгжим, яруу найраг, орчуулга, өнөөгийн боловсролын тогтолцооны талаар эрдэмтэн судлаачид  нийт 15 илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Түүнчлэн Бага хуралд оролцогчид Конгрессын Номын санд зочилж, Монгол номын үзүүлэнтэй танилцав. Конгрессын номын сан дээр доктор Этвүүд Монгол, Америкийн архивын тогтолцооны талаар хийсэн харьцуулсан судалгаагаа  танилцуулж, асуултад хариулав. Өдгөө АНУ-ын Конгрессын номын санд Монголын холбогдолтой 600 гаруй ховор ном, 10300 орчим бүтээл хадгалагдаж байгаа гэж тус Номын сангийн Түвд-Монголын тасгийн мэргэжилтэн хатагтай Сюзан Майнхард ярилаа.

АНУ дахь Монгол соёлын төв нь байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд Монголын соёлыг сурталчлах чиглэлээр хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь энэхүү Монгол судлалын бага хурал бөгөөд зуны цагт Америкт аж төрдөг монгол хүүхдүүдэд зориулсан зуслан ажиллуулж байна. Элчин сайд сүүлийн жилүүдэд Монгол Улсын төр, засаг монгол судлалыг олон улсын түвшинд идэвхжүүлэх, гадаад дахь монгол судлалыг хөхиүлэн дэмжих, монгол судлаачдын шинэ үеийг бэлтгэх, Монгол үндэстний хэл, соёлын дархлааг бэхжүүлэх зэрэг алсыг харсан бодлого зорилт тавин хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, Монголын түүх, хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих, Монгол Улсыг монгол судлалын төв болгох, Монголын соёлын өвийг хамгаалах зэрэг хариуцлагатай зорилтыг хэрэгжүүлэхэд Бага хурлыг зохион байгуулагчид, оролцогч эрдэмтэн судлаачдын оролцоо, үйл ажиллагаа нэн чухал гэдгийг онцолж, талархал илэрхийлэв.
 
 
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ
http://mongolianembassy.us
 
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-08-12, Баасан )