Америк очиж хар ажил хийж амьдралаа дээшлүүлнэ гэх өчүүхэн зорилготой ирээд ч хэрэггүй
Бичсэн: Administrator   
2016-09-18, Ням

Image 

Америкт анх ирсэн хүн болгонд миний анзаарснаар соёлын, нийгэмшлийн шокны ялгаанаасаа гарах гэж их уддаг санагддаг.Монголд бид хамаатан садан найз нөхөд маань ирлээ гэхэд ажлаасаа дуртай цагтаа чөлөө аваад л ,эсвэл өвчтэй гэж худлаа хэлээд л болчихдог бол Америкт тийм бишээ.

Таныг дагуулаад байр сав, ажил төрөл хайж өгөхийн тулд таны танил нэг бол ажлаа алдан байж ,үгүй бол ганцхан олдсон амралтынхаа өдрийг танд зориулах хэрэгтэй болдог.

Уг нь тэр хүн ганц олдсон амралтынхаа өдрөөр дэлгүүрээс хүнсээ цуглуулах, юмаа угаах, эмнэлэгт болон өөр хувийн ажлуудаа хөөцөлдөх, хүүхэдтэйгээ юм үзэх, монгол уруу ар гэрийнхэндээ хамаатан садандаа ачаа явуулах гэх мэтийн ажлуудаа төлөвлөсөн байдаг ч танд туслахын тулд тэр бүгдээ хойш тавих болдог юм.

 

Тэгээд ядахад ганц дагуулж яваад л бүх зүйл бүтчихдэг гэж ч юу байхав. Харин Монголоос ирээд удаагүй байгаа хүн бол үүнийг огтоос ч ойлгодоггүй бөгөөд юун сүртэй юм, ямар сүйдтэй тусалсан ч биш гэж бодох. Америкт ажилгүй 7 хоногт болоход л хамаг төлбөрүүд овоорчихдог. Түүнийхээ дороос гарах гэж бас л нэлээн юм болдог юм даа.

За тэгээд дундуур нь гэнэт бие өвдөх, ажилгүй болох, ажил хайж 3,4 сар болох энэтэр бол байдаг л эрсдэлүүд. Америкт Монголдоо байдаг шигээ ахындаа, эгчийндээ, аав ээжийндээ очоод дуртай цагтаа хэвтчихнэ гэсэн ойлголт байхгүй.

Анх намайг ирэхэд л айлын хажуу өрөө 250- 350 $ байсан бол одоо 400-500 $ болчихсон байх жишээтэй. 8,9 жилийн өмнө хүн харах ажил язагнаж байдаг байсан Чикагод гэхэд л одоо хүн харах ажлын зар гэхэд л бараг үл харагдах болсон байх.

Америкт ирэнгүүтээ баяжчихна , Америкт удсан юм чинь мөнгөтэй байгаа гэж боддог бол найзуудаа үгүй дээ гэж хэлье. Магадгүй гэр орон түрээслэж хүний ёсоор амьдрахгүй, хардаг эмээ өвөөгийнхөө гэрээр гэр хийж, эсбөгөөс нэг өрөө байрыг хоёул гурвуулаа нийлж түрээслэн, хажуу хавиргандаа таних танихгүй хүмүүс авч хамтран амьдарч мөнгөө хуваалцаж төлөлцөх энэ мэтээр амьдарч байж л жаахан илүүчлэн хураах буйзаа.

Мөнгө хурааж чадсан нэг нь түүнээ үнэхээр өөрийн эсвэл үр хүүхдийнхээ боловсролд зориулж чаддаг нь хэд бол ??? Үнэхээр л үр хүүхдүүдийнхээ төлөө л ингэж явна гэх үгийг амнаасаа амархаан унагаж чаддаг бидний хичнээн нь үнэхээр үр хүүхдийнхээ боловсрол ирээдүйн төлөө зүтгэж түүнд олсноо зарцуулдаг вэ ? ...

Бидний дийлэнх нь хэлтэй , дипломтой л бол боловсролтой, гэж ойлгогсод бодогсод дүүрэн.
Хэрэглэхгүй хэл, олигтойхон компанид орж чадахгүй дипломоор бид яах вэ, гэртээ хадгалах уу.
Өөрийн бизнес эрхлэж байгаа хүмүүс ч бас тийм амархан зовохгүй мөнгө олчихдог гэвэл бас л том эндүүрэл.
Америкт нэг том зүйл бол хураамж. Та олсон орлого цалингийнхаа хэмжээгээр улсад татвараа төлөх ёстой.
Өнөөдөр төлөхгүй,яаж ийгээд нууж хаагаад өнгөрлөө ч дараа мэдэгдэх аваас айхтар том асуудал үүснэ шүү дээ.
Анх ирж байсан үеийг бодвол Монголчууд бид улам л их мэдээлэлтэй болж буй ч Монгол хүн Монгол хүнтэйгээ таараад баярлах биш барайдаг нь бол өөрчлөгдсөнгүй.
Миний хамгаас ихэд санаа зовнидог зүйл бол нэг байрны гадаа тоглож буй 8 Монгол хүүхдийн 6 нь Монголоор " А " ч байхгүй. Ийм л Монгол Нэрнээс цаашгүй Америкийн Монгол хүүхдүүд өсөж торниж байна.

Ийм Монгол хүүхдүүдийг та бид өсгөж байна.Тэдний буруу биш ,бидний буруугаас тэд төрлөх Монгол хэлээрээ ганц үг олигтой хэлж чадахгүй торниж байна.
Бидний үр хүүхэд Америкт пицца зөөгч, хумсны салон, том машины жолооч, эмээ өвөө асрагч болох гэж биднийг дагаж ирээгүй.

Бидний энд төрүүлсэн хүүхдүүд, авчирсан хүүхдүүд бусдаас дутахгүй бүүр илүү яваасай гэж хүснэ.
Эх эцгийнхээ сонголтоор сонгосон Христийн болон өөр бас бус олон шашны өөрөө хүсээгүй " бишрэгч" дагагч бүү болоосой. Бид тэдний ирээдүй, шашин шүтэх эс шүтэх эрхийг, тэдний сонголтоо өөрөө хийхийг хааж боогдуулах ёсгүй, тийм эрх ч уг нь үгүй юм.

Ядаж л 7 хоногт нэг удаа хичээллэх энэ Чикагод гэхэд л хоёр ч Монгол сургуульд хүүхдээ явуулж чадахгүй байх ч гэртээ Монголоороо ярьж хүүхдийнхээ чихэнд төрлөх Монгол хэлийг нь нааж байхсан.

Эх эцгүүд нь хүүхдүүдтэйгээ гэртээ Монголоор ярихгүй ээ.Айхтар англи хэлтэй англиар л ярих улсууд байх .За тэгээд дийлэнх эх эцгүүдийн аялга энэтэр бол бид ч хэцүү дээ хэцүү.
Гэтэл энд Мексик, Энэтхэг эх эцэгтэй хүүхдүүд гэртээ төрлөх хэлээрээ тачигнатал ярих.Учир нь ээж аав нь чи Энэтхэг хүн, чи Мексик хүн учир хэлээ мэддэг бай гэж өөрсдөө төрлөх хэлээрээ хоорондоо ярих жишээтэй.

Монгол хүн , Солонгос хүн хоёрын том ялгааг гэхэд л би энд нүдээрээ хараад үнэхээр өөрсдөөсөө ичдэг.
Солонгос ээж / өөрөө туранхай ээж шүү дээ/ махлаг охиноо тураах гэж өглөө бүр эрт босож хамтдаа гүйж, алхаж байгаа бол Монгол махлаг ээж махлаг охиндоо
- Би чиний насан дээр туранхай байсан, тураач чи гэж амаараа хэлээд л сууж байх .
Миний танил Солонгос ээж гэхэд л олсон бүх мөнгөө хүүхдийнхээ боловсролд зориулж элдвийн секц дугуйланд явуулдаг бол Монгол ээж ( мэдээж бүгд биш )нар хүүхдүүдээ хумсны салонд, эсбөгөөс пицца зөөлгөх ажил хийлгүүлж байх .
Болоогүй энийгээ " Ажил хүнийг голох оос, хүн ажлыг голохгүй " гэх цээжилсэн үгээрээ хайцайлах.
Олдсон юу ч хамаагүй ажлыг биш ,олигтойхон ажлыг хийж нийгэмшиж амьдрахад сурсан сургууль, харьцаж үзэх хүмүүс гэдэг асар их нөлөөтэй.

Эмгэн өвгөн асарч эсбөгөөс хумсны салонд суучихаад бид боловсордог уу, үгүй дээ, бид баяждаг уу ,бас л үгүй .
Монгол хүний Америк сэтгэхүй одоо болтол өөрчлөгдсөнгүй. Америкт өөрсдөө бид хар ажил хийж яваа ч үр хүүхдийнхээ ирээдүйг бидний дийлэнх нь харлуулсаар .
Олон хүүхдүүд коллеж төгсөж буй ч дийлэнх нь сургуулиа төгсчихөөд хумсны салон, хоолны газар ажиллаад явж буйг харахаар элэг зүрх минь урагддаг.
Монголчууд Америкт хөл тавиад ердөө 25 хан жил болж байгаа. Монголчууд бид юмыг маш хурдан сурдаг, бас их амархан аливаад дасан зохицох чадвартай.
Хүн өөрийн мэдэхгүй, тэгтэл мэдрээгүй зүйлийг мөрөөдөж ч мэддэггүй.

Өнөөдөр бидний дийлэнх олонхийн туулсан туулж буй Америк амьдралын хар бор ажлуудын мэдээллээр бус дэлхийтэй энэ зэрэгцэн алхаж ,сурч эзэмшиж болох тийм л том боломжуудыг хайж Америкт ирцгээгтүн.
Америкт ажиллах гэж биш , суралцах гэж сурах сурахдаа нэртэй ,төртэй сайн сургуульд нь яаж суралцаж болох вэ ,ямар боломж тэтгэлэг байна вэ гэж хайцгаагтун , эрж сурцгаагтун эхлээд энд ирэхээсээ өмнө. Энд ирээд хэл сурнаа гэж биш , сурчихаад ирвэл Монголчууд минь илүү цаг мөнгө ,хэмнэх асар өөр боломжтой.

Түүнээс биш хэн нь ч үл мэдэх нэр төдий коллежид хүүхдээ сургасан болж , сурч байгаа гэж найдан зарим нь энд өвс татаж цаг нөгцөөж ямар ч зорилгогүй мөнгө ,залуу насаа үрж буйг харахаас элэг эмтрэх.
Залуу сайхан охид хумсны салонд азтон үнэрлэж , хэдэн цаасны төлөө хамаг сайхан насаа бүү үрээсэй гэж хүснэм.

Монголчууд минь үүргэвчээ үүрээд Америк зоримоор байвал сур , сур сурахдаа заавал гайгүй сайн сургуульд сурсан шиг сурч хэний ч өмнө, хэнд ч үл гологдох гоочлуулахгүй Монгол хүн мундаг гэдгийг харуулах тийм цөстэй , тийм зүтгэлтэй, том зорилготой Америкийг зоригтун.
Боловсрол сургууль, мэргэжил шиг мэргэжил гэдэгт сайн , үсчин ,гоо сайханч , тогооч , зурагчин, гээд олон сайхан мэргэжил хамаарна шүү дээ. Нөгөө л нэг өөрсдийнхөөрөө ямарч хамаагүй дээд сургууль төгссөн болох гэдэг дипломын гол болгох гэдэг сэтгэхүйгээсээ салах цаг хэдүйн болсон.

Хүн ажлыг голохгүй, ажил л хүнийг голдог ч гэх шиг энэ балай хуучин дэмий үгийг мартах хэрэгтэй.
Ажлыг сонгож хийхийн тулд толгойндоо эрдэм боловсрол хураа, том тэмц, зорь.
Ямарч ажил мэргэжил эзэмшсэн байна сурсан шиг сурч, хийсэн шиг хийж чадахгүй л юм бол бид хэн ,яах гэж амьдраад байгаа юм бэ???

Монгол хүнд дайчилж, ухаарч, зүтгэж чадвал чадамж чадвар хангалттай бий.
Америкт л ирэхээр хүүхдүүд өндөр боловсролтой болчих мэт ойлгодог өчүүхэн сэтгэхүйгээ халах хэрэгтэй. Америкт үнэхээр сурах гэж тэмцэж, сурсан шиг сурч чадсан нь л өөр орчинд хүн шиг амьдрах боломжтой.
Түүнээс зүгээр нэг аясаараа бөмбөрсөн хүүхдүүд аанай л бидэн шиг Америкийн нийгэмд түм бумаараа есөн шидээрээ орших хар ажилчдын эгнээнд л элсэж орно шүү дээ.

Хатуухан хэлчихэд Америк очиж хар ажил хийж амьдралаа дээшлүүлнэ гэх 10, 20 жилийн өмнөх иймхэн өчүүхэн зорилготой, бодолтой ирвэл ирээд ч хэрэггүй, ээдээ их л олон зүйлийг алддаг юм даа хожим бодоход.

 

Яруу найрагч Хулганайн Тэргэл Чикаго хот 2016

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-11-13, Ням )