Фото Агшин

bay2008basketball_075


Холбоотой

Сайтад: 2 зочид холбоотой байна


Үйл Явдалууд

Одоогоор ямар нэгэн үйл явдал төлөвлөгдөөгүй байна!
Шуугиан дагуулсан “Путины ярилцлагууд”-ын эхний ангийг толилууллаа
Бичсэн: Administrator   
2017-06-13, Мягмар

Image 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найруулагч Оливер Стоунд аавынхаа тухай, залуу үеийнхээ болон Төрийн аюулгүй байдлын зөвлөлд (КГБ) ажиллах хүсэлтэй байсан тухайгаа ярьсан байна.

Горбачев, Ельцин нарын тухай болон ЗХУ-ын задрал, Ельцины түүнд Ерөнхий сайд болох санал тавьсан тухай ч ярьжээ.

“Путины ярилцлагууд” дөрвөн ангит баримтат киноны эхний анги Оросын төрийн тэргүүн өөрийнхөө болон гэр бүлийнхээ тухай ярьснаар эхэлжээ.

Эцэг эхийнхээ тухай ярихдаа Путин үйлдвэрт механикчаар ажиллаж байсан аавынхаа тухай онцолсон байна. Түүний хэлснээр аав нь дайн эхлэх үеэр тусгай ангид алба хашиж байсан ба аавыг нь Ленинградын фронтын хамгийн аюултай хэсэг рүү илгээж байжээ.

 

Путин, “Би хожуу төрсөн хүүхэд. Надаас өмнө тэд хоёр ч хүүхдээ алдсан. Нэгийг нь дайны үеэр, нөгөөхийг нь Ленинград хотын бүслэлтийн үеэр” хэмээн ярьжээ.

Хүүхэд насныхаа тухай ярихдаа Путин ихэнх цагаа гудамжинд  өнгөрөөдөг байсан гээд “Жүдогоор хичээллэсэн цагаас миний  амьдрал сайн тал руу эргэсэн. Ленинградад дунд сургуулиа төгсөөд л шууд Ленинградын их сургуулийн хуулийн сургуульд элссэн.” гэжээ.

КГБ буюу Төрийн аюулгүй байдлын зөвлөлд ажиллах болсон талаараа тэрээр Зөвлөлтийн үед их дээд сургууль төгсөгчдийг дээрээс ажилд хуваарилдгийг онцлон, “Их сургуулиа төгссөн таныг дээрээс хаашаа очиж ажилла гэнэ тийшээ л орж ажилладаг. Намайг тийш нь явуулсан. Би ч тэнд ажиллахыг хүсч байсан. Төрийн аюулгүй байдлын зөвлөлд ажиллахын тулд л хуулийн сургуульд элссэн гэдгийг хэлэх хэрэгтэй.” хэмээн ярьжээ.

 

ЗХУ-д өөрчлөлт хэрэгтэй байсан тухай

Ерөнхийлөгч Путины хэлж байгаагаар ЗХУ-д өөрчлөлт хэрэгтэй байсан ч улсын удирдлагууд үүнийг хэрхэн явуулах талаар ойлголтгүй байсан гэнэ.

Тэрээр, “Горбачев ч тэр, түүнийг тойрон хүрээлж байсан хүмүүс ч улсад ямар нэг өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэйг ойлгож байсан. Тэд яг ямар өөрчлөлтийг, яаж хийхээ мэдэхгүй байсан гэдгийг би итгэлтэй хэлж чадна. Эдгээр нь Горбачевын санаанууд байгаагүй. Энэ бол дээр үеийн францын утопи социалистуудын санаа байсан юм. Горбачев үүнд ямар ч хамаагүй. Тэрээр өөрчлөлт хэрэгтэйг мэдэрсэн гавъяатай. Тогтолцоог өөрчлөх гэж оролдсон ч санаа нь явцгүй байсан. Улс орон дахь нөхцөл байдал, тогтолцоог өөрчлөхийн хажуугаар улсаа хэрхэн хадгалж үлдэх вэ? Үүнийг Горбачев ч, өөр хэн ч олж мэдээгүй учраас улс задарсан.” хэмээн дурсан ярьсан байна.

Үүний уршгаар нийгмийн хамгааллын тогтолцоо нуран, эдийн засгийн томоохон салбарууд бүхлээрээ зогссон талаар Путин, “Эрүүл мэндийн тогтолцоо бараг нуран унасан, армийн салбар гамшгийн хэмжээнд очсон. Хамгийн гол нь сая сая иргэг ядууралд автсан.” хэмээн онцолжээ.   

Путин, “ЗХУ задарсанд намайг харамсдаг гэж хүмүүс шүүмжилдэг л дээ. Нэн түрүүнд ЗХУ задарснаар оросын 25 сая иргэн нэгхэн шөнийн дотор хилийн цаана үлдсэн. Энэ бол 20-р зууны хамгийн том гамшгуудын нэг. Эдгээр хүмүүс нэг улсад амьдарч байхдаа хоорондоо ураг төрлийн харилцаатай, ажил төрөлтэй, орон гэртэй, бүгд нэг ижил эрхтэй байсан. Ганц хормын төдийд тэд өөр улсын иргэн болж, эхлээд дөнгөж шинж тэмдэг бүхий байсан асуудал томорсоор иргэний дайн үүссэн.” хэмээн ярьсан байна.

 

Горбачев болон Ельцины талаар

Путин ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Горбачев, ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин нарын ажлыг дүгнэх боломжгүй гэжээ.

“Би Горбачев болон Ельцин нарын ажилд дүн тавих эрхгүй. Ельцинд бид бүгдийн л адил асуудлууд байсан ч хүчирхэг, сайн талууд ч байсан. Тэр хэзээ ч хариуцлагаас зайлсхийдэггүй байсан. Хэзээд хариуцлагаа хүлээхэд бэлэн.” хэмээн дурссан байна.

 

ПУТИН: БИ ЗӨВХӨН ХҮҮХДҮҮДЭЭ ХААНА НУУХ ВЭ Л ГЭЖ БОДСОН

1999 онд Борис Ельцин түүнд Ерөнхий сайд болох цаашид ОХУ-ын төрийн тэргүүн болох санал тавьсныг тэрээр шууд хүлээж аваагүй гэнэ. Үүнийг зөвшөөрөх хэцүү байсан. Ялангуяа хүүхдүүдээ бодохоор бүр хэцүү санагдсан гэжээ.

Тэрээр, “Би Ленинградаас Москвад ирэхэд намайг энд дэмжих, харилцаа холбоотой  хүн бараг байгаагүй. Ельцин яагаад намайг сонгосныг мэдэхгүй. Гэхдээ анх надад санал болгоход би зөвшөөрөөгүй. Тэр намайг шууд өрөөндөө урьж оруулаад Ерөнхий сайдаар томилмоор байгаагаа, дараа нь намайг Ерөнхийлөгчид нэр дэвшээсэй гэж хүсч байгаагаа хэлсэн.

Хариуд нь би энэ бол маш том хариуцлага, миний амьдралыг тэр чигээр нь өөрчилнө, бэлэн биш байна гэж би түүнд хэлсэн.” Гэжээ.

Америкийн найруулагч Оливер Стоун Путинээс яг юу өөрчлөгдөх байсныг лавлан асуухад тэрээр, “Төрийн албан хаагч, тэр дундаа том албан тушаалтай албан хаагчийн амьдралаар амьдрах нэг хэрэг. Нөгөө талаар айлаар зочилж, кинотеатр, театрт үзвэр үзэж, найзуудтайгаа чөлөөтэй уулзаж ярилцаж, улс оронд болж буй зүйлсэд болон сая сая иргэдийн өмнө ийм том хариуцлага үүрэхгүйгээр  энгийн иргэний амьдралаар амьдрах өөр хэрэг. Тэр үеийн Орос орны өмнө хариуцлага үүрнэ гэдэг маш хэцүү ажил байсан. Илэн далангүй хэлэхэд Ерөнхийлөгч Ельцин цаашид миний талаар ямар төлөвлөгөөтэй байсныг би мэдэхгүй байсан.

 Би хэр удаан тэр ажил дээр байхаа ч мэдээгүй, яагаад гэвэл хэзээ ч хамаагүй нэг хүн ирээд л та одоо хэрэггүй, чөлөөтэй гэж хэлж магадгүй учраас тэр үед би зөвхөн хүүхдүүдээ хаана нуух вэ л гэж бодсон.” хэмээн ярьжээ.

Оливер Стоун, “Үнэхээр үү?” хэмээн гайхан асуухад Путин, “Тэгэлгүй яахав, та юу гэж бодоов?

Намайг ажлаас минь чөлөөллөө гээд төсөөл л дөө. Ямар ч хамгаалалтгүй, юу ч үгүй болно. Яаж амьдарч, хэрхэн гэр бүлээ хамгаалах вэ? Тэр үед би дотроо хэрэв хувь тавилан ингэж шийдсэн юм бол эцсээ хүртэл явах хэрэгтэй гэж бодсон. Тэр үед би Ерөнхийлөгч болох үгүйгээ 100 хувь мэдэхгүй байсан, хэн ч надад тийм баталгаа өгөөгүй.” Хэмээн ярьжээ.

 

www.tass.ru

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2017-09-29, Баасан )